Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 349

 

С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагч Г.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0557 дугаар магадлалтай, С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шижирбаатарын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0557 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт нь суманд ажиллах байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх асуудалд алдаа гарч байна. /Үндэсний аудитын газрын харьяа Хэнтий аймгийн аудитын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 224 тоот албан бичиг/

Төсвийн шууд захирагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт болон аймгийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамжаар батлагдсан "Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, дүрэм"-ийн 2.7.4 дэх заалтыг үндэслэн сумдад ажиллах байгаль хамгаалагчдыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар ажилд томилсон.

Гэвч Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Шижирбаатар нь "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" /ажилд томилсон захирамж/ Б/31 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд сумын Засаг даргын захирамж гаргуулан эгүүлэн томилуулах тухай" нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу холбогдох шүүхээс С.Шижирбаатарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч холбогдох шүүхээс БОАЖГ-ын даргын байгаль хамгаалагч С.Шижирбаатарыг томилсон 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажилд томилох тухай" 01 тоот тушаалыг хүчингүй болгоогүй юм.

Иймд төсвийн шууд захирагч БОАЖГ-ын дарга 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр "Ажлаас чөлөөлөх тухай" 45 тоот тушаалыг (БОАЖГ-ын даргын тушаалаар томилогдоогүй албан хаагчид цалин олгох нь төсвийн тухай хуулийг зөрчинө гэж үзэж мөн шүүхийн шийдвэрийг үндэслэн) гаргаж С.Шижирбаатарт БОАЖГ-ын цалингийн сангаас цалин олгохыг зогсоосон. Харин сумын Засаг даргын захирамжаар байгаль хамгаалагч С.Шижирбаатар нь ажил үүргээ гүйцэтгэж, төрийн албан хаагч хэвээр үлдсэн. /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсгийн дагуу/

Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Шижирбаатар нь БОАЖГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот тушаалыг хууль бус болохыг нь тогтоолгож, хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч нь БОАЖГ-ын дарга биш сумын Засаг дарга хариуцагч гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан боловч үүнийг үл харгалзан 2016 оны 07 дугаар сарын 04-нд 12 тоот шүүхийн тогтоол гарч уг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн БОАЖГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоосугай гэх шийдвэр гарч С.Шижирбаатарын ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шйидвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохыг Хэнтий аймгийн БОАЖГ-т даалгасан.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу БОАЖГ-ын дарга давж заалдах шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 22-ны 176 тоот бичгээр нэхэмжлэл гаргасны дагуу давах шүүх хурал 2016 оны 08 дугаар сарын 24-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан байна.

Иймээс байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтын дагуу сумын Засаг даргын захирамжаар томилогдсон байгаль хамгаалагчид төсвийн тухай хуулийг зөрчин БОАЖГ-ын цалингийн сангаас цалин олгох нь зөв эсэх талаар МУ-ын Үндэсний аудитын газраас тайлбар авах хүсэлтайг 2016 оны оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 171 тоот албан бичгээр хүргүүлсний бөгөөд дээрх газар нь харьяа байгууллага Хэнтий аймгийн аудитын газарт уг хүсэлтийг уламжилсны дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "Хүсэлтэд хариу хүргүүлэх тухай" 224 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Уг албан бичигт:

1.     Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсэгт "байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэпг заасан норматшын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга байгаль хамгаалагчийг томилж, чөлөөлнө гэж заажээ. Гэтэл   БОНХАЖСайдын 2015 оны А/76 тоот тушаалаар баталсан "Аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын үлгэрчилсэн дүрэм"-ийн 2.2.9-д газрын даргын эрх үүргийг "сум дүүрэгт ажиллах байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу томилох, чөлөөлөх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж ажиллана" гэж заасан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

Мөн аймгийн Засаг даргын 2015 оны Б/18 дугаар захирамжаар "Аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын үлгэрчилсэн дүрэм" бүтцийг баталж, дүрмийн 2.4-т "суманд ажиллах байгаль хамгаалагчдыг сумын Засаг даргын санал, ТАЗ-ийн шийдвэр, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн томилж, чөлөөлөх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж ажиллах" гэсэн нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийн "тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батална" гэж заасан бүрэн эрхтэй нийцэж байна.

2.     Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д "аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байна" гэж заасан бөгөөд төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох эрхийг төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх (хуулийн 16.2)-д тусгаагүй харин төсвийн шууд захирагчийн бүрэн эрхэд (хуулийн 16.5,3)-д хамааруулсан байна. Иймд аймгийн БОАЖГ-ын дарга сумын Засаг даргын томилсон албан тушаалтанд цалин олгох нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчихөд хүрч байна ... гэж дурджээ. Иймд:

1. Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагч С.Шижирбаатарын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүхэд хамтран хариуцагчаар татагдсан БОАЖГ-ын асуудлыг шийдвэрлээгүй,

2. Сумын Засаг даргын байгаль хамгаалагчийг ажилд томилсон захирамжийг шүүхээс хүчин төгөлдөрт тооцсон боловч БОАЖГ-ын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байгаль хамгаалагч С.Шижирбаатарыг ажилд томилсон 01 тоот тушаалыг хүчингүйд тооцоогүй;

3. БОАЖГ-ын даргын байгаль хамгаалагчийг ажилд томилсон 2015 оны 01  тоот тушаал шүүхээс хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тул төсвийн шууд захирагчийн тушаалаар томилогдсон албан хаагчийг өөрийн тушаалаар чөлөөлөх эрхийн   хүрээнд  болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэн гаргасан БОАЖГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай” 45 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн тогтоолыг,

4. Байгаль  хамгаалагч  С.Шижирбаатарыг  БОАЖГ-аас чөлөөлсөн  ч  сумын  Засаг даргын захирамжаар ажилд томилогдож төрийн албан хаагч хэвээр байгаа, ажил үүргээ үргэлжлүүлэн хийж байгааг харгалзахгүй байгааг,

5. Төсвийн захирагч БОАЖГ-ын даргын тушаалаар томилогдоогүй албан хаагчид БОАЖГ-ын цалингийн сангаас цалин олгохыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг /сумын Засаг даргын томилсон албан хаагчид БОАЖГ-ын цалингийн сангаас цалин олгох эрх зүйн акт байхгүй/;

6. Үндэсний аудитын газрын харьяа Хэнтий аймгийн Аудитын газрын 224 тоот албан бичгээр хүргүүлсэн хариу албан бичгийг тус тус үндэслэн Хэнтий аймгийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргаж байна. Шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаал, Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар С.Шижирбаатарыг тус аймгийн Өмнөдэлгэр суманд байгаль хамгаалагчаар тус тус томилсон, тэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгаль хамгаалагчаар ажилладаг, талууд уг үйл баримттай маргаагүй, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тушаалаар С.Шижирбаатарыг ажлаас чөлөөлсөн, хариуцагч уг тушаалын үндэслэлээ “... нэг орон тоон дээр нэг хүнийг хоёр өөр төрийн байгууллагын албан тушаалтан тушаал гарган томилох үндэслэлгүй, ... /түүнийг/ сумын Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй болохыг шүүх тогтоосон” гэж, нэхэмжлэгч “... чөлөөлөх эрхгүй албан тушаалтан “ажлаас чөлөөлөх” тушаал гаргасан” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын дарга, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нарын хэн аль нь С.Шижирбаатарыг сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилсон тушаал, захирамж гаргасан, түүнийг “үүрэгт ажлаас ажлаас чөлөөлсөн” сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/130, “ажилд томилсон захирамжаа хүчингүй болгосон” мөн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр захирамжуудыг тус тус “хууль зүйн үндэслэлгүй” болохыг Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/01 дүгээр дүгнэлт, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр тогтоосон, ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4/-т заасныг баримталж,  “байгаль хамгаалагчийг сумын Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй” гэж дүгнэсэн, эдгээр дүгнэлт, шийдвэр болон С.Шижирбаатарыг байгаль хамгаалагчаар томилсон Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар захирамж хүчинтэй байна.

Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга бөгөөд Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны Б/13 дугаар захирамжаар  нэхэмжлэгч С.Шижирбаатарыг байгаль хамгаалагчаар /эгүүлэн/ томилсон, уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа, Засаг дарга ийнхүү томилох, чөлөөлөх эрхтэй болохыг С.Шижирбаатарын “хүсэлт”-ээр шүүх тогтоосон, нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй тул байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрхгүй этгээд болох Хэнтий аймгийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 45 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

Тодруулбал, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалаар С.Шижирбаатарыг байгаль хамгаалагчийн албан тушаалд томилсон боловч уг албан тушаалд С.Шижирбаатарыг томилох эрхгүй этгээд болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, С.Шижирбаатар уг асуудлаар маргаагүй тул “...эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр илт хууль бус”, анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Хэнтий аймгийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 45 дугаар тушаалыг “...илт хууль бус /эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр/” гэж дүгнэхдээ ажилд томилсон “илт хууль бус” шийдвэрийн улмаас үүсэх үр дагавар буюу цалин хөлсийг нөхөж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг засалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болжээ.  

Иймд, Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2015 оны Б/13 дугаар тушаалаар байгаль хамгаалагчийн үүрэг ажилд томилогдсон нэхэмжлэгч С.Шижирбаатарын “төрийн албанд хөдөлмөрлөх” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь “…шийдвэр гаргах эрхгүй” этгээд болох аймгийн Байгаль орчны газрын даргын “ажилд томилсон” болон “ажлаас чөлөөлсөн” аль ч шийдвэрийн улмаас хөндөгдөхгүй, хариуцагчийн “...шүүхийн шийдвэрийг үндэслэж, өөрийн хууль бус тушаал гаргаснаа /засаж/ хүчингүй болгосон” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0557 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Шижирбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА