Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Т.Г,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Гт холбогдох эрүүгийн 1706036900410 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Т.Г, 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан 8 дугаар баг, 17 дугаар хороолол .... тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан үйлдэлд 4 сарын баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан /РД:.../,

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-12 тоотод оршин суух Д.М орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Сони загварын зурагтыг хулгайлж 192.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 11-02 тоотод оршин суух Б.Г эзэмшлийн гэрийн цоожийг эвдэн орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг лсд зурагт, сони загварын  нотебүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлж  2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 16 дугаар гудамжны 323а тоотод оршин суух иргэн Ч.О эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Х бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гээс 2.550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г, 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н нарт тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т овогтой Г миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 170901836 тоот хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн тул уг хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс 2 хэрэгт нэмж шалгуулахаар байцаагч ирж байцаалт авсан. Өмгөөлөгч авах гэхээр мөнгөгүй. Улсаас Сайнбилэг гэж өмгөөлөгч ирж уулзсан боловч дахин ирж уулзаагүй...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Гт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад дээр хэлж байгаа үйлдлүүдээр шалгагдаж байгаа нь тогтоогдоогүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-12 тоотод оршин суух Д.М орон байранд нэвтэрч 32 инчийн Сони загварын зурагтыг хулгайлж 192.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 11-02 тоотод оршин суух Б.Г эзэмшлийн гэрийн цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Самсунг лсд зурагт, сони загварын  ноте бүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлж  2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 16 дугаар гудамжны 323а тоотод оршин суух иргэн Ч.О эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор буюу орон байранд нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Х бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэрэг 450.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 3. 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ггийн: “...Тэгээд өдөр 14 цаг 30 минут болж байх үед хуучин ажиллаж байсан байгууллагынхаа өндөр настан хүлээн авах арга хэмжээнд оролцоод орой 19 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна модон амбаарын цоожийг эвдсэн байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа нар ирэхэд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор мэдүүлэг өгөөгүй бас гэрээс ямар эд зүйл хулгайд алдсаныг мэдэхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь эд зүйлээ бүртгэж үзтэл манайхаас хар өнгийн 32 инчийн Самсунг маркын зурагт удирдлагтайгаа, 16-17 инчийн саарал өнгийн нотебүүк, цэнэглэгчийн хамт, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижигхэн хундаганы мөнгөн аяга 1 ширхэг, байгууллагын ойн болон хүндэт тэмдэгүүд, эхийн алдарт 2 одон, дээр үеийн бичлэг хийдэг камер зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан..” /хх-33/,

Хохирогч Б.Нгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай гэр 17-18 цагийн хооронд хүнгүй байсан буюу манай охин Ичинноров дүүгээ сургуулиас нь авахаар явсан хойгуур манай байшингийн зочны өрөөний вакум цонхоор хулгайч орж хананд өлгөөтэй байсан 42 инчийн скайворт маркийн хар өнгийн ЛСД зурагтыг гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалтаа хийгээд явсан юм...” /хх-12/,

Хохирогч Д.Мийн: “...хүү 10 цаг өнгөрөөд гэрээ цоожлоод түлхүүрээ гэрийн үүдэнд нууж тавиад усаа аваад 1-2 цаг орчим болоод ирэх хооронд нь гэрийн түлхүүрийг нь хүн олж онгойлгож ороод 32 инчийн сони загварын зурагтыг аваад явчихсан байна гэж хэлж байсан...” /хх-19/,

Гэрч Д.Хгийн: “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед найз Гтэй зурагтад уулзаад тэндээсээ автобусанд суугаад багшийн дээд буугаад гачууртын автобусанд дамжин суугаад гачууртад ирсэн. Автобусны жолоочоос гуйж байгаад Гачууртын МТ колонкийн хажууд буугаад колонкийн арын гудамжаар эзэнгүй хайгаад явж байхад Г нэг айлын хашаа даваад орсон. Би хашааны үүдэнд хүн хараад байж байсан. Ойролцоогоор 5-10 минут дараа Г 42 инчийн скайворт маркийн хар өнгийн лед зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд би дамжилж өргөлцөөд гудамны үзүүр дээрээс такси барьж 16 дугаар хороолол руу ломбарданд тавих гэтэл суурь удирдлага байхгүй байна гээд аваагүй. Тэгээд би найз Д руу залгаад зурагт авах уу гэтэл үзье гэхээр нь үзээд 200 000 төгрөг дансаар шилжүүлээд зурагтыг аваад үлдсэн...” /хх-17/,

Шүүгдэгч Т.Гийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хх-200-201/ мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7, 28-31, 98-100, 158-161/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-66/,

Хар өнгөтэй, доод хүрээнийхээ гол хэсэгт Sony гэсэн бичигтэй, баруун дээд буландаа Bravia гэсэн бичигтэй 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, доод хэсэгтээ FTA гэсэн бичигтэй, дээд булангийн улаан, саарал товчлуур, доод булангийн улаан, цэнхэр өнгийн 2 товчлуур нь үрэгдэж идэгдсэн байх удирдлага 1 ширхэгийг Т.Гээс хураан авч хохирогч Д.Мт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-101-102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны 1265 дугаартай гар мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан зурган үзүүлэлтүүд /хх-110-115/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн 42 инчийн Скайворт зурагт, дунд гарын шинэ цагийн хуучин мөнгөн аяганд үнэлгээ хийсэн үнэлгээний тайлан /хх-19-20/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн Б32-18-361 дугаартай Sony брэндийн 32 инчийн зурагт, 42 инчийн TCL брэндийн зурагтад үнэлгээ хийсэн тайлан /хх-139-140/,

Эд зүйлийн үнэлгээ /сони i5 зөөврийн компьютер, Самсунг 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга/ /хх-84/ ,

Шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73-74/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Гийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч Т.Гийн хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, ял шийтгэлийн хувьд хүнд биш байна.

 Шүүгдэгч Т.Г нь  “Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дахин хулгайн хэргээр шалгагдаж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгөх”-ийг  хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Түүний гомдолд дурьдсан үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаагийн дээр хэрэгт хяналт тавьсан прокурор Б.Эрдэнэбаатар нь “Т.Гийн хувьд өөр хулгайн хэрэг шалгагдаж байгаа талаар ямарваа байдлаар тогтоогдоогүй” гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ