Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,    

Нарийн бичгийн дарга Г.Номин,

            Хохирогч Б.Гүррагчаа, Б.Намжилмаа,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Төмөрийн Гандэлгэрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706036900410 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан 8 дугаар баг, 17 дугаар хороолол 12 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан үйлдэлд гэм буруутайд тооцож 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Т.Г, /регистрийн дугаар:/.

 

    

Үйлдсэн хэргийн талаар:

Т.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-12 тоотод оршин суух Д.Мөнхцэцэгийн орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Сони загварын зурагтыг хулгайлж 192.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 11-02 тоотод оршин суух Б.Гүррагчаагийн эзэмшлийн гэрийн цоожийг эвдэн орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг лсд зурагт, сони загварын ноте бүүк, мөнгөн аяга зэрэг алдагдаж 2.550.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 16 дугаар гудамжны 323а тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан авч 252.000 төгрөгний хохирол учруулсан

 

Д.Хүрэлтогоотой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Намжилмаагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгний үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох эрүүгийн 1706036900410 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

 Шүүгдэгч Т.Г нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд өдөр 14 цаг 30 минут болж байх үед хуучин ажиллаж байсан байгууллагынхаа өндөр настан хүлээн авах арга хэмжээнд оролцоод орой 19 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна модон амбаарын цоожийг эвдсэн байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

           

     Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хуучин ажиллаж байсан газраа очоод орой 7 цагийн үед гэртээ очиход юм хум замбараагүй болсон байсан тул шууд цагдаад дуудсан. Сони нотебүүк, 32 инчийн самсун гэдэг зурагт алга болсон, миний эцгийн цай ууж байсан болон жижиг мөнгөн аяга, одон тэмдэгүүд гэх мэт зүйл алга болсон.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай гэр 17-18 цагийн хооронд хүнгүй байсан буюу манай охин Ичинноров дүүгээ сургуулиас нь авахаар явсан хойгуур манай байшингийн зочны өрөөний вакум цонхоор хулгайч орж хананд өлгөөтөй байсан 42 инчийн скайворт маркийн хар өнгийн ЛСД зурагтыг гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалтаа хийгээд явсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр ажилтай байсан. Манай охин гэрээсээ гараад дүү нараа авах гээд гарах хооронд хулгай орсон байсан. Тэгээд би ирээд цагдаад дуудсан. Хохирлоо авмаар байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... хүү 10 цаг өнгөрөөд гэрээ цоожилоод түлхүүрээ гэрийн үүндэнд нууж тавиад усаа аваад 1-2 цаг орчим болоод ирэх хооронд нь гэрийн түлхүүрийг нь хүн олж онгойлгож ороод 32 инчийн сони загварын зурагтыг аваад явчихсан байна гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Д.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2017 оны 11 сарын 28-ны өдөр өглөөний 11 цагийн үед найз Гандэлгэртэй зурагтад уулзаад тэндээсээ автобусанд суугаад багшийн дээд буугаад гачууртын автобусанд дамжин суугаад гачууртад ирсэн. Автобусны жолоочоос гуйж байгаад Гачууртын Мт колонкийн хажууд буугаад колонкийн арын гудамжаар эзэнгүй хайгаад явж байхад Гандэлгэр нэг айлын хашаа даваад орсон. Би хашааны үүдэнд хүн хараад байж байсан. Ойролцоогоор 5-10 минутын дараа Гандэлгэр 42 инчийн скайворт маркийн хар өнгийн лед зурагт тэврээд гараад ирсэн. Тэгээд би дамжилж өргөлцөөд гудамны үзүүр дээрээс такси барьж 16-р хороолол руу ломбарданд тавих гэтэл суурь удирдлага байхгүй байна гээд аваагүй. Тэгээд би найз Дашдорж /88855878/-руу залгаад зурагт авах уу гэтэл үзье гэхээр нь үзээд 200.000 төгрөг дансаар шилжүүлээд зурагтыг аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07, 28-31, 98-100, 158-161/,

-Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн 42 инчийн Скайворт зурагт, дунд гарын шинэ цагийн хуучин мөнгөн аяганд үнэлгээ хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

-мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66/

-эд зүйл хүлээн авч, эзэмшигчид хүлээлгэн өгсөн “хар өнгөтэй, доод хүрээнийхээ гол хэсэгт Sony гэсэн бичигтэй, баруун дээд буландаа Bravia гэсэн бичигтэй 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, доод хэсэгтээ FTA гэсэн бичигтэй, дээд булангийн улаан, саарал товчлуур, доод булангийн улаан, цэнхэр өнгийн 2 товчлуур нь үрэгдэж идэгдсэн байх удирдлага 1 ширхэгийг Т.Гээс хүлээн авч хохирогч Д.Мөнхцэцэгт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 101-102/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны 1265 дугаартай гар мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан зураган үзүүлэлтүүд /хх-ийн 110-115/,

-Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно компанийн БЗ2-18-361 дугаартай Sony брэндийн 32 инчийн зурагт, 42 инчийн TCL брэндийн зурагтад үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 139-140/

-Эд зүйлийн үнэлгээ /сони i5 зөөврийн компьютер, Самсунг 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга/, хх-ийн 84/

 

Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“Дээрх хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт тухай бүрт нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ энэ талаар тодорхой мэдүүлсэн байгаа учир нэмж ярих зүйлгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавитаст хэргээс шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-74/, Т.Гийн зан байдал, суллагдлын тодорхойлолт /хх-ийн 128/ баримтыг шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаагаа илэрхийлсэн байна.

      

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Т.Г нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Гийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1-12 тоотод оршин суух Д.Мөнхцэцэгийн орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Сони загварын зурагтыг хулгайлж 192.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 11-02 тоотод оршин суух Б.Гүррагчаагийн эзэмшлийн гэрийн цоожийг эвдэн орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг лсд зурагт, сони загварын ноте бүүк, мөнгөн аяга зэрэг алдагдаж 2.550.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 16 дугаар гудамжны 323а тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор буюу орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 ичийн зурагт хулгайлан авч 252.000 төгрөгний хохирол учруулсан, Д.Хүрэлтогоотой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Намжилмаагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн скай ворт загварын зурагт, 120.000 төгрөгний үнэлгээ бүхий дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 450.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

           

Т.Гийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Гг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.

    

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гээс 2.550.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гүррагчаа /мж45101515/-д, 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Намжилмаа /нэ83062661/-д тус тус олгосугай.

  

    6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь хохирогч Д.Мөнхцэцэг, Ч.Отгонбаяр нарт төлөх төлбөхгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.




                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ