Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.А, Ч.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 877 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.А, Ч.О нарт холбогдох эрүүгийн 201725012215 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт М.А, 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Б овгийн Ч.О, 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь эхийн .... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:..../,

Яллагдагч М.А нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт FM-104.5 гэсэн хаяг бүхий байрны хойд гэр хорооллын гудамжинд 2017 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ч.О нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт FM-104.5-ын хойд гэр хорооллын гудамжинд 2017 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө иргэн Ч.Үг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.5 дахь хэсэгт тус тус заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “... энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрлэхээр заасан хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасны дагуу энэ хуульд заасан тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирсэн хэргийг энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянана гэсэн хуульд заасан ердийн журмыг баримтлана гэжээ.

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2-т “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж тус тус заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-т “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О “...хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ү “...тэрнээс хойш удалгүй төрсөн. ...Би том гэдэстэй даашинз өмссөн байсан. Манай нөхөр жирэмсэн хүн зодсон гээд машиныг нь явуулахгүй байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх138/, 7697 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх51/ зэргээр хохирогч Ч.Ү нь 5 сартай жирэмсэн байсан болон шүүгдэгч Ч.О хохирогчийг жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан гэдэг тогтоогдож байна.

Мөн хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 414 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Ч.Оы биеийн байцаалтыг зөрүүтэй, алдаатай бичиж тэмдэглэсэн болох хавтас хэрэгт авагдсан 414 дугаартай яллах дүгнэлтээр /хх149/ тогтоогдож байна.

 Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.5 дахь хэсэгт тус тус заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж, прокурорт хэрэг очтол М.А, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа  бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г тусгайлан журамлаж, нарийвчлан зохицуулж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ”,

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна”,

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянаж шийдвэрлэнэ”,

Мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”,

Мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасны дагуу Ч.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан дээрх үндэслэл журмын дагуу явуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Энэ нь тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэрэгт дээрх шүүгчийн захирамжид дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5-д заасан шаардлагыг хангах шаардлагагүй, заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тусгагдсан гэж ойлгогдохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд буюу 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байна.

Харин “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүхээс мөн зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол”-ын аль нэгийг гаргахаар зааж өгсөн боловч шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгчийн захирамжид: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг үйлдсэн”, 1.4-т “яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, гэж тус тус заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй гэх заалтууд нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтын явцад авагдсан хохирогч Ч.Үгийн “...намайг намхан нуруутай залуу нь боож унагаагаад миний цүнхний оосорноос зулгаагаад байсан...манай нөхрийг шар царайтай өндөр залуу бариад авчихсан...надад учирсан гэмтлийг намхан бор царайтай туранхай залуу л учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх28-30, 100, 139/

Хохирогч Б.Эын “...өндөрдүү нуруутай, шар зуйвандуу царайтай нь намайг нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Тухайн цохилт нь миний яг хөмсөг, хамран тус газарт хавсарч оносон...А гэх залууд цохиулаад газар унахдаа авсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг, /хх32-37, 98-99, 138/, Таньж олуулах ажиллагааны баримтууд /хх14-20/,

Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 7287, 7697 дугаартай дүгнэлт, /хх50,52/

Яллагдагч Ч.Оы “би хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хх122-124, 140/ мөн Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ү нь Ч.Оыг өөрт учирсан гэмтлийг учруулсан, М.А хохирогч Эад хөнгөн хохирол учруулсан, Ч.О хохирогч Ч.Үд хөнгөн хохирлыг тус тус учруулсан талаар хэн нь хэнд ямар хохирол учруулсан, хохирогч Ч.Үгээс нийт 296 000 төгрөг нэхэмжилж байгааг тодруулж, одоо 96 000 төгрөгийг хүлээж авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тодорхой тогтоогдсон байна.

Мөн захирамжид шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О “...хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ү “...тэрнээс хойш удаагүй төрсөн...би том гэдэстэй даашинз өмссөн байсан. Манай нөхөр жирэмсэн хүн зодсон гээд машиныг явуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх138/ , 7697 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх51/ зэргээр хохирогч Ч.Ү нь 5 сартай жирэмсэн болон шүүгдэгч Ч.О хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан нь тогтоогдож байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтанд хохирогч Ч.Үгийн “...миний араас 1 залуу боож унагаагаад цүнхний оосороос намайг чирсэн тэгсэн чинь манай нөхөр намайг унагаачихлаа гээд явуулахгүй гээд машины хамар дээр нь хэвтсэн чинь манай нөхрийг унагаачихаад явсан. Тэгэхэд нэг залуу нь эхнэр нь жирэмсэн юм байна  гээд зугатаасан...” гэх мэдүүлэг /хх29/,

Хохирогч Б.Эын “...эхнэрийг маань унагаагаад чирч байсан залуу  зугатаасан...би цохиулчихаад газар унасан чинь миний цаахан талд орилхоор нь сандраад бостол тэр залуучуудын нэг нь эхнэр нь жирэмсэн юм байна гэж хэлчихээд бид 2-ыг хаяад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх32,36/,

Харин прокуророос 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 414 дугаартай яллах дүнэлтэнд Ч.Оы биеийн байцаалтыг зөрүүтэй бичиж тэмдэглэснийг шүүхийн хэлэлцүүлгээр оршин суух хаяг, ам бүл, эрхэлсэн ажил, төрсөн он сарыг зөвтгөсөн бөгөөд улсын яллагчаас хурлын тэмдэглэлд биеийн байцаалтын хэсэгт шүүхээс залруулга хийсэн талаар дурьдаж зөрүүтэй бичигдсэн зүйлд тэмдэглэлээр засвар оруулсан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу М.А, Ч.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан тусгай журмаас гадна энэ бүлэгт заасан ердийн журмыг баримтлана” гэж заасныг үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4-т “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, тухайлбал Ч.О нь хохирогч Ч. Үг жирэмсэн эсэхийг мэдсэн, мэдэх боломжтой байсныг шалгах шаардлагатай гэж үзсэн нь мөн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна М.А, Ч.О нарын үйлдэлд өөр хүндрүүлэх бүрэлдэхүүн бий эсэх, өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд анхаарч зүйлчлэлийг зөв тогтоох хэрэгтэй.

            Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд дурьдсан ажиллагааг хийлгэхээр прокурор П.Болормаагийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын   эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 877 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ