| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0124/э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Э-ын Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000121 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Э.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хууль сахиулагч Б.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч Б.У-ыг 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр яг юу болсон талаар би сайн санахгүй байгаа, нэлээн согтсон байсан. Цагдаа “чи миний нүүр рүү цохичихлоо” гэж хэлсэн, цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.У-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим Э.Н гэж хүн шөнийн цагаар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсан иргэнээс 2.5л савтай пиво худалдаж авсан. Э.Н-ыг “худалдаж авсан пивоо зарсан хүнд нь өгөөд, мөнгөө аваад яв” гэдэг байдлаар харилцаа үүсгэсэн. Гэтэл тухайн иргэн намайг “лалар, пизда” гэж хараасан. Тэгэхээр нь “яагаад харааж байгаа юм бэ” гэхэд намайг барьж авсан, түүнтэй явж байсан хоёр эмэгтэй миний хоёр талаас бариад авсан. Энэ үед Э.Н надтай ноцолдож байхдаа нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, миний дух, ам руу тус бүр нэг удаа гараараа цохисон, дух хавдаж, доод уруул дотор талдаа язарсан. Мөн миний өмсөж явсан ногоон өнгийн хантааз урагдсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян”, “Төгөл” худалдааны төв орчим гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн ахлагч Б.У, олон нийтийн цагдаа С.Э нарын хамт эргүүлд гарсан. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим...бид нарыг зогсоол дээр ирж зогсох үед бид нарын урд цагаан өнгийн “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Гэтэл нэг эрэгтэй хүн тухайн тээврийн хэрэгслийн хойд талын цонхоор нь 2.5л савтай пиво өгөөд эргээд явсан. ...би пиво авсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч нь эрэгтэй хүн, түүний хажууд Э.Н, арын суудал дээр үл таних хоёр эмэгтэй хүн сууж байсан. Би тэд нар дээр очоод “яагаад хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж байгаа хүнээс пиво аваад байгаа юм бэ” гэсэн чинь Э.Н “би пиво аваагүй” гэсэн. ... “та буугаад ир” гэсэн чинь Э.Н буугаад ирсэн. Тэгэхээр нь түүнийг дагуулаад ахлагч Б.У-ны шалгаж байгаа иргэн дээр очсон чинь тэр хүн Э.Н-т “пиво зарсан” гэдгээ хэлсэн. ...Б.У, Э.Н-ын барьж байсан пивийг аваад зарсан хүнд нь өгөөд “та энэ хүний мөнгийг өг” гэж хэлсэн. Тэгэхэд Э.Н “лалар, пизда минь яаж байгаа юм бэ, ямар том юм бэ” гэж хэлсэн. Б.У “яагаад цагдаагийн алба хаагчийг “лалар, пизда” гэж байгаа юм бэ” гэсэн чинь Э.Н түүнийг заамдаж аваад тэр хоёр барилцсан. Э.Н-тай хамт явсан хоёр хүүхэн У-ны хувцаснаас барьчихаад хөдөлгөхгүй байсан. Олон нийтийн цагдаа С.Э бид хоёр нөгөө хүмүүсийг нь салгах гэж ноцолдоод дийлдэхгүй байсан. Э.Н ахлагч Б.У-ны нүүр лүү хоёр удаа гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Бид нар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа зардаг хүнээс пиво худалдаж авсан болохоор цагдаа нар бид нарт шаардлага тавьсан. Цагдаагийн алба хаагчийн шаардлага хууль ёсных байсан, Э.Н цагдаа нартай маргаагүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. ...хэн нь хэнийгээ яаж цохисныг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Б.Н, Э.Н бид гурав баарны үүднээс такси барьж “Төгөл” дэлгүүрийн гаднаас шагийн пиво авахаар явсан. “Төгөл” дэлгүүрийн гадаа ирээд Н /Э.Н/ машинаас бууж шагийн архи, пиво зардаг хүмүүсээс нэг ширхэг 2.5л “Сэрүүн” пиво авч бид хоёрт машины цонхоор өгчихөөд хариулт мөнгөө авахаар хүлээгээд байж байхад цагдаа ирсэн. ...Н гэх залуу “энэ пивийг өгчих, бид нарыг явуулчих” гэж байснаа “дүрэмт хувцас өмсчихөөд яагаад томроод байгаа юм бэ, хүний өмсдөггүй юм өмсчихсөн юм шиг” гэх үгээр цагдаатай маргалдаад мөчөөгөө өгөхгүй байсан. ...Н бид хоёр Н “цагдаа нарт өгч явуулахгүй” гэж тэр цагдаатай нь ноцолдож байхад Н-ай ноцолдож байсан цагдаа “яая, яагаад нүүр лүү цохиж байгаа юм бэ, нүүр лүү цохичихлоо” гээд байсан, ...цохиж байхыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Эргүүл хийж байхад нэг иргэн машиныхаа цонхоор шагийн архи зардаг хүнээс пиво авсан. Тухайн зөрчлийг хараад бид нар очсон, ахлагч Б.У пиво зарсан хүн дээр, дэд ахлагч Л.Т бид хоёр пиво авсан машин дээр очсон чинь жолоочийн эсрэг талын суудал дээр нэг залуу, хойд талын суудал дээр хоёр эмэгтэй сууж байсан. Б.У пиво авсан хүнд “худалдаж авсан пивоо авч ирж өгөөд, мөнгөө аваад яв” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд нөгөө залуу согтуу байсан болохоор хэлж, ярьж байгаа зүйлийг ойлгохгүй маргалдаж байгаад улмаар ахлагч Б.У ноцолдоод барилцаад авсан, тэр залууг салгах гээд намайг яг араас нь татаж байхад Б.У-ы нүүр лүү гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-31/,
Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө өөрийн найз бүсгүй болох Б.Н рүү утсаар яриад “хаана байна” гэсэн чинь “5 дугаар микрийн “найзууд” кафед найзтайгаа хамт байна” гэхээр нь ганцаараа яваад очсон чинь Б.Н, Г.М гэж найзынхаа хамт байсан. Бид гурав уулзаад хүний хоёр, хоёр шил пиво захиалж уусан. ...нэг ухаан орсон чинь “Төгөл” дэлгүүрийн хойд талын зам дээр машин дотор сууж байсан бөгөөд машин дотор 2.5л савтай нэг пиво байсан, би нэг хүнээс тамхи авах гээд ярьж байсан...нэг ухаан орсон чинь нэг цагдаа “чи миний нүүр лүү цохичихлоо шүү дээ” гэхэд би уучлалт гуйгаад машинд нь орж суусан. Тэр цагдаагийн биеийн аль хэсэгт хэдэн удаа юугаар цохисон талаараа санахгүй байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай “...Б.У-ны биед нүүрэнд цус хуралт, духанд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь ямар ч байрлалд байхад учрах боломжтой ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нүүрэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духны зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хх-43-44/,
Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-4/,
Цагдаагийн алба хаагч Б.У-ны илтгэх хуудас /хх-5/,
Цагдаагийн алба хаагч Л.Т-ын илтгэх хуудас /хх-6/,
Э.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/,
Э.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Засаг дарга М.Эрдэнэтуяагийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд /хх-63-64/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-85/,
Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялын төлбөрийг Э.Н 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Б-н 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21/84 дугаартай тогтоол /хх-87/,
Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Т-ын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-90-92/, энгэрийн камерын бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-96/,
Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-94/,
Хохирогч Б.У нь шүүгдэгч Э.Н-аас 150.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хх-142/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч Б.У-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг,
мөн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.У-ы “...2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 22.30 минутын орчим Э.Н гэж хүн шөнийн цагаар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсан иргэнээс 2.5л савтай пиво худалдаж авсан. ...Э.Н надтай ноцолдож байхдаа нүүр лүү хоёр удаа гараараа цохисон, миний дух, ам руу тус бүр нэг удаа гараараа цохисон, дух хавдаж, доод уруул дотор талдаа язарсан. ...мөн миний өмсөж явсан ногоон өнгийн хантааз урагдсан.” гэх,
гэрч Л.Т-ын “...нэг эрэгтэй хүн тухайн тээврийн хэрэгслийн хойд талын цонхоор нь 2.5л савтай пиво өгөөд эргээд явсан. ...Б.У, Э.Н-ын барьж байсан пивийг аваад зарсан хүнд нь өгөөд “та энэ хүний мөнгийг өг” гэж хэлсэн. ...Э.Н ахлагч Б.У-ны нүүр лүү хоёр удаа гараараа цохисон.” гэх,
гэрч Б.Н-ийн “...Бид нар хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа зардаг хүнээс пиво худалдаж авсан болохоор цагдаа нар бид нарт шаардлага тавьсан.” гэх,
гэрч Г.М-ийн “...Н /Э.Н/ машинаас бууж шагийн архи, пиво зардаг хүмүүсээс нэг ширхэг 2.5л “Сэрүүн” пиво авч бид хоёрт машины цонхоор өгчихөөд хариулт мөнгөө авахаар хүлээгээд байж байхад цагдаа ирсэн... Н бид хоёр Н “цагдаа нарт өгч явуулахгүй” гэж тэр цагдаатай нь ноцолдож байхад Набатай ноцолдож байсан цагдаа “яая, яагаад нүүр лүү цохиж байгаа юм бэ, нүүр лүү цохичихлоо” гээд байсан.” гэх,
гэрч С.Э-ын “...Эргүүл хийж байхад нэг иргэн машиныхаа цонхоор шагийн архи зардаг хүнээс пиво авсан. Тухайн зөрчлийг хараад бид нар очсон, ...нөгөө залуу согтуу байсан болохоор хэлж, ярьж байгаа зүйлийг ойлгохгүй маргалдаж байгаад улмаар ахлагч Б.У-тай ноцолдоод барилцаад авсан, тэр залууг салгах гээд намайг яг араас нь татаж байхад Б.У-ны нүүр лүү гараараа нэг удаа цохисон.” гэх,
Э.Н-ын “...нэг ухаан орсон чинь нэг цагдаа “чи миний нүүр лүү цохичихлоо шүү дээ” гэхэд би уучлалт гуйгаад машинд нь орж суусан.” гэх мэдүүлгүүдээр болон,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт, Зөрчлийн тухай тэмдэглэл, цагдаагийн алба хаагч Б.У, Л.Т-ын нарын илтгэх хуудас, цагдаагийн дэд ахлагч Л.Т-ын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг бүхий сиди, эрүүлжүүлсэн хүний бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Харин Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгчийн энэ үйлдлийг хоёр гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” гэсэн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хангах боловч “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн гэмт хэргийг тусгайлан хуульчилсан.
Шүүх шүүгдэгчийн “хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбоотойгоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг “хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Э.Н нь хохирогч Б.У-ыг албан үүргээ биелүүлж тавьсан “худалдаж авсан пивоо зарсан хүнд нь өгөөд, мөнгөө аваад яв” гэсэн шаардлагыг нь эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэн, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогч Б.У нь өөрт учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Н нь хохирогчид 150.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.У нь дээрх мөнгийг хүлээн авсан баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Э.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт 9 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Э.Н нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгөхийг хүсье” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч Э.Н-ын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон урьд ял шийтгэгдэж байсан боловч шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлж дуусгасан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,
шүүгдэгч Э.Н хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгч Э.Н-т хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт Э-ын Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Т овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,
мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Н-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу 250.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
6.Шүүгдэгч Э.Н-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
7.Шүүгдэгч Э.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долоо, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,
шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э