Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Хохирогч Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Ц-од холбогдох 1921005900024 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг “...............” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэн, мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ........... овогт Ц /РД: ........................./.

Шүүгдэгч Ц нь ******* хамтран 2019 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд машин механизм буюу “Чансаа” маркийн мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан-Өндөр” гэх газар бэлчээрт байсан хохирогч Г-ийн адуун сүргээс 35 тооны адуу хулгайлж 21.900.000 /Хорин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ц нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө машин механизм буюу “Даюун” маркийн улсын дугаартай мотоцикл ашиглан Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газар бэлчээрт байсан хохирогч А-ы адуун сүргээс 9 тооны адуу хулгайлж 6.750.000 /Зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд машин механизм буюу “Чансаа” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газар бэлчээрт байсан хохирогч Т-ын адуун сүргээс 24 тооны адуу хулгайлж 52.400.000 /Тавин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгөөр хохироож, өөрөө нийгмээс тусгаарлагдсандаа маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ харамсаж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээсээ болоод залуу насандаа нийгмээс тусгаарлагдаж байгаадаа маш их харамсаж байна” гэв.

Хохирогч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би энэ хэргээс маш их хэмжээний хохирол амссан. Бүтэн азарга адуугаа алдаж, хойноос нь явсан зардлыг нэхэмжлээгүй. Угшил, удмаар нь үнэлүүлэхгүйгээр хохирол 21,900,000 төгрөг болсон. Ц хохирол барагдуулах сэтгэл гаргаагүй. Эдний ар гэрийнхэн Ц-ыг мал хулгайлсныг бүгд мэднэ. Өөрсдийнхөө тамгыг дарж, 6 дугаар сард борооноор уруудаж ирсэн гэж ярьсан хүмүүс. Хохирлыг төлсөн бол надад шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй. Би гомдолтой байна...” гэв.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд манай бор азаргатай нийт 34 тооны адуу худгаас ус уугаад урагшаа гарсан байдаг. Тэр өдрөөс хойш адууны эрэлд Өвөр урт, Улаан өндөр, Шанага, Баянбулаг, Их Уул орчмын газар нутгаар нутаглаж байгаа айлууд, Хөлөнбуйр сумын захын айлууд, Сүхбаатар сумын айлуудаар явсан. Манай алдагдсан адуу нь хүрэн, өсгий цагаан хонгор, ухаа халзан, сартай цавьдар, хээр, хар дэлтэй цагаан хонгор, ухаа зүсмийн гүү, шаргал, хонгор халзан, халиун, бор халзан, хээр, шодон цоохор морь, ухаа, хонгор шүдлэн, хонгор байдас, хээр зүсмийн 2 тооны шүдлэн, хүрэн, хонгор зүсмийн охин, хонгор халзан охин, хонгор халзан эр, хонгор эр, хул эр, хээр охин, хонгор эр унага гээд нийт 8 тооны унага байсан ба дээрх адуунууд нь бүгд ижил нум суман тамгатай. Бор зүсмийн азарга гурван нүдний чандмань тамгатай, хамар цагаан хонгор гүү, хонгор гүү, хүрэн морь зэрэг нь нэмэх тамгатай, 2 тооны хээр зүсмийн морь, ухаа халзан морь зэрэг нь хос арвай тамгатай, хээр зүсмийн үрээ нар саран тамгатай, ягаан халзан морь хас тамгатай. Алдагдсан гэх 35 тооны адууны 25 адуу нь миний өөрийнх, 10 тооны адуу нь төрсөн дүү Дархижавынх байгаа юм. Дүү маань Солонгос улс явсан бөгөөд гурван жилдээ ирэхгүй. Тиймээс намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилуулахаар хүсэлт өгсөн. ...Миний болон манай дүүгийн адуунд уралдаж байсан, хурдалсан адуу байхгүй. ...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр аймгийн төвөөс 20 гаран км зайтай Ц-ын өвөө Жуков гэх хүний адуунаас 2 тооны даага олсон бөгөөд хуучин нум суман тамгатай байсны дээр өөр тамга дарсан байсан. Иймд үлдэгдэл 21,500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ, өөр нэхсэн хохирол байхгүй, маш их гомдолтой байна...” гэжээ. /2хх-ийн 46-51/

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр адуугаа услаад ертөнцийн зүгээр баруун урагш гаргасан. Ингээд маргааш өглөө нь адуугаа хураахад цагаан бор, сартай хээр, өсгий цагаан хар, ухаа зүсмийн морь, улаан буурал хязаалан үрээ, хээр алаг хязаалан зэрэг 2 талын гуян дээрээ хэвтээ зуузай тамгатай, саарал зүсмийн шүдлэн үрээ кирил Г үсгэн тамгатай, хээр зүсмийн байдас, хээр зүсмийн ширээтэй гурван нүдний чандмань тамгатай байдас зэрэг 9 тооны адуу байхгүй байсан. ...Адуу алдагдсан газрын бэлчээр дээр очиход мотоциклоор адуу туусан хүмүүс ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү явсан ба тухайн үед мөрийг нь хөөгөөд 10 орчим километр яваад Халхголын замд оруулаад мөрийг нь алдчихсан. Айрагдаж хурдалж байсан морь байхгүй. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ. /2хх-ийн 48-52/

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр манай адууг маллаж байсан ******* гэх залуу утсаар залгаад адуугаа олохгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хайгаад олохгүй байна гэхээр нь бензин түлшний мөнгө явуулсан. Нийт 33 тооны адуу алдснаас шаргал гүү, цавьдар үрээ буюу хоёр тооны адуу буцаж ирсэн. Цагдаагийн байгууллагаас халиун унагатай шаргал гүү, хар унагатай хээр гүү, хар гүү, 3 нүдний чандмань тамгатай 2 тооны хээр даага буюу 7 тооны адуу хүлээлгэж өгсөн. ...Анх 2019 оны 04, 05 дугаар сарын хооронд эрлийз хээр азаргатай 24 тооны адуугаа алдсан. Уг 24 тооны адуу алдсан талаар 2019 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Харин хээр азаргатай 24 тооны адуугаа олж аваагүй боловч 6 тооны адуугаа олсон. Уг 6 тооны адуунд шаргал гүү адуундаа гүйж ирсэн. Мөн хар гүү, хээр гүү, 2 хар сарваа нь байсныг айлын адуунд байхад олж авсан. Ер нь Ц нь 24 тооны адууг хулгайлж, 18 тооны адууг нядалж зараад 6 тооны адууг нядлаагүй үлдээснийг олж авсан. Одоо Ц-оос 18 тооны адуугаа нэхэмжилж байна. 24 тооны алдагдсан адууны зүс, угшлын талаар дэлгэрэнгүй баримт бичиг гаргаж өгсөн...” гэжээ. /1хх-ийн 30-33, 3хх-ийн 219-223/

 Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санаж байна. Т-ын адуунаас эрлийз хээр азаргатай 24 тооны адуу алга болсон бөгөөд эрэл сурал хийж явахад тухайн азарга адууны талаар сураг чимээ гараагүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган сумын төвд айлын адуунд нэг гүү нь нийлчихсэн байсан бөгөөд тухайн гүү нь хазаарын оромтой байсан талаар адуучин Гантөмөр ярьсан...” гэжээ. /1хх-ийн 35-36/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр 20-ноос хойш миний маллаж байсан Т-ын эзэмшлийн 6 азарга адуунаас эрлийз 50 хувийн цустай хээр азаргатай нийт 24 тооны адуу бэлчээрээс алдагдсан ба миний бие Булган, Хөлөнбуйр, сумдын газар нутаг, Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын баруун болон хойд захын айлуудаар эрэл сурал хийж эзэн Ттой байнга холбоотой байсан боловч огт сураг гараагүй. ...Эрлийз хээр азарга, 4 тооны шаргал гүү, 2 тооны хар гүү, халиун байдас, 6 тооны хонгор гүү, халиун шүдлэн, 2 тооны хээр даага, хүрэн гүү, дарам хар хязаалан, зээрд морь, бор морь, хээр морь, зээрд үрээ, хул морь гээд нийт 24 тооны адуу хүрээтэй Т үсгэн тамгатай, мөн гурван нүдний чандмань болон сартай гурван нүдний чандмань тамгатай байсан...” гэжээ. /1хх-ийн 61-62/

 Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр хөдөө гэртээ адууныхаа хашааг янзалж байхад Ц ирээд аймаг руу 4 тооны адуу ачаад өгчих, түлшний мөнгийг чинь өгье гээд гарал үүслийн бичиг харуулсан. Ингээд би хашаагаа янзалж дуусаад өөрийнхөө эзэмшлийн Портер машинаа унаад Ц-ын өвөө Жуковын өвөлжөөнөөс 2-3 км, зуслангаас 1 км орчимд зайд байх оковны шорооны баруун талд очиход Ц 4 тооны адуу төхөөрөөд махыг нь салгаад арьсан дээр нь тавьсан байсан. Тэгээд тэр махыг ачаад аймгийн төв явсан бөгөөд нисэхийн тэнд байдаг мал махны төвд адуугаа өгөөд Ц миний машинд 100,000 төгрөгөөр түлш хийж надад 100,000 төгрөг бэлэн өгсөн. ...Дараа нь миний санаж байгаагаар 2019 оны 06 дугаар сарын орчим ах бид хоёр Цын 7 тооны адууны махыг ачиж өгсөн. Тэгэхэд Ц 7 тооны адууг саравчныхаа ард төхөөрөөд мөч мөчөөр нь салгаад арьсан дээр нь тавьсан байсан. Уг махаа өмнө мах өгдөг мал махны төвд өгсөн. Ц надад 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Ахад мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй. Тэр үед Ц Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Ажилчны хороололд гэрийнхээ гадаа буугаад үлдсэн. ...Уг адуунууд ямар тамгатай, ямар зүсмийн адуу байсныг би анзаарч хараагүй. Гарал үүслийн бичигтэй байсан бөгөөд ямар ч байсан мал махны төвд арьс ширтэй нь хамт өгсөн...” гэжээ. /1хх-ийн 57-58/

 Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4, 5 сарын үед байх хөдөө гэртээ очоод байхад Жуков гуайн зээ хүү Ц гэх залуу ирээд дүү нь хэрэгт холбогдоод хохирлоо барагдуулах болоод байна, адуу ачих гэсэн юм гээд малын бичиг үзүүлэхээр нь итгээд Жуков гуайн гэр рүү очиход гэрийнх нь гадаа арьсыг нь дэлгэж дээр нь тавьсан 5-6 адууны толгой, мах байсан. Тэдгээр махыг дүү ******* тээврийн хэрэгсэлд ачаад аймгийн төвд ирсэн. Ц авчирсан адууныхаа махыг зүүн захын мал мах авдаг газарт өгсөн. Миний дүү ******* мөнгө төгрөг өгсөн байж магадгүй би замдаа ачиж ирсэн учраас мөнгө төгрөг яриагүй...” гэжээ. /1хх-ийн 59-60, 64-65/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны өвөл /яг хэдэн сард гэдгийг тодорхой санахгүй байна/ манай ах Ц нэг өглөө миний морийг унаж яваад бор азаргатай нум суман тамгатай 30 орчим тооны адуу баруун хойд зүгээс хөөж ирсэн ба надад хэлэхдээ 2 хоногийн дараа эзэн нь ирж авна, намайг харж бай гээд надад үлдээгээд өөрөө аймаг явсан. Тухайн бор азаргатай адууг бүгдийг нь сандаагаад заримыг нь нядлаад маханд өгөөд заримыг нь хүнд өгөөд байсан.  ...миний бие 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цэрэгт явсан ба явахаас хэд хоногийн өмнө манай ах Ц эрлийз хээр азаргатай, хүрээтэй Т үсгэн тамгатай, мөн сартай гурван нүдний чандмань тамгатай 20 гаран тооны адууг баруун хойд зүгээс мотоциклтой хөөж ирсэн ба намайг хүний адуу харж байгаарай гэсэн. Тухайн адууны талыг нь буюу 10 орчим тооны адууг нь хээр азаргатай нь махлаад аймаг руу авч явсан. Яг ямар хүнд зарж борлуулсныг мэдэхгүй. ...2018 оны 12 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байхад нэг өглөө Ц ах 9 тооны адуу тууж ирээд адууны хашаанд хашсан. Би юун адуу вэ гэхэд хүнээс авсан юм гээд надаар бариулаад өөрөө хөтлөөд аваад явсан. ...манай адуунд байгаа ухаа зүсмийн 2 даага бол Ц ахын 2019 оны 02 дугаар сарын эхээр бор азаргатай 30 гаран тооны нум суман тамгатай адуунаас үлдсэн. Хавар унага тамгалах үеэр Ц ах үхрийнхээ тамгаар давхарлаж дарсан юм...” гэжээ. /1хх-ийн 63, 66, 2хх-ийн 19-20, 109-110/    

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сард шиг санаж байна. Цыг танихгүй байсан. Зах дээр машинтайгаа зогсож байхад нэг залуу ирээд “Хорийн толгой” гэх газраас адуу ачуулъя гээд 60,000 төгрөг өгөөд замаа заагаад явсан. Би заасан замаар нь явж очиход нөгөө залуу ганцаараа байсан. Ингээд миний машинд адууны 8-9 тооны мах арьс ширтэй нь бүгдийг ачсан. Би юуны мах болох талаар асуухад өвөө, эмээгийн адуу, зээлээ төлөх гэж байгаа юм, гарал үүслийн бичиг байгаа, санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд уг махаа Бунхан толгойн ойролцоо складад буулгаж өгсөн. гэх ченжид зарах шиг болсон...” гэжээ. /2хх-ийн 16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Тоогий /Ц/ гэх хүнийг танина. Надад би өвөө эмээ дээрээ өссөн, Шорвог гэх газар нутагладаг, 370 орчим тооны адуутай, би адууны мэдэлтэй хүн гэж байсан. ...Тоогий гэх залуу надад хэдэн удаа мал мах өгч байсныг тодорхой сайн санахгүй байна. Тухайн хүн нь голдуу адуу амьдаар нь мөн махаар нь өгдөг байсан. Би мал махыг худалдан авахдаа мал эмнэлгийн ариун цэврийн болон гарал үүслийн бичигтэй нь зах зээлийн ханшаар худалдан аваад болон мал махны бөөний төвд бичигтэй нь хамт өгчихдөг. Би 2018 оны 12 дугаар сард амьд адуу болон адууны мах худалдан авсан ба яг хэдэн тооны адуу, адууны мах авснаа тодорхой сайн санахгүй байна...” гэжээ.  /2хх-ийн 17-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний санаж байгаагаар 2019 оны 02 дугаар сард /хэдний өдөр болохыг тодорхой санахгүй байна/ Ц-той хамт хулгай хийхээр тохиролцоод ойролцоогоор 3-4 хоногийн дараа Ц-ын улаан өнгийн мотоциклтой Хөлөнбуйр сумын чиглэлд явж Булган сумын баруун урд захаас бор зүсмийн азаргатай адууг мотоциклоороо туугаад сумын 3 дугаар багийн нутаг “Дунд шорвог” гэх газарт хөөж авчирсан. Тэгээд Ц намайг “Хорийн толгой” гэх газарт буулгаад өөрөө адууг туугаад явсан. Тэгэхдээ би маргааш мал нядлах хүн аймгийн төвөөс авчраад сувай гүү, морьд зэргийг нядлуулчихна, чи гэртээ юу ч болоогүй юм шиг байж бай гэж хэлээд буулгасан ба би Х.Баттөмөр ахын гэр рүү алхаад очсон. ...Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа намайг аймгийн төвд байхад Ц бид хоёр утсаар ярьж уулзаад тэр надад 500,000 төгрөг тоолж өгсөн. ...Бор азаргатай нум суман тамгатай 30 орчим тооны адуу байсан. ...Ц аймгийн төвөөс Портер машин хөлсөлж ачуулсан гэж надад ярьж байсан...” гэжээ. /2хх-ийн 105-106/ 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 онд иргэдэд олгосон малын гарал үүслийн бичгийг шүүж үзэхэд Ц 2 удаа надаас малын гарал үүслийн бичиг авсан байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 тооны адууны бичиг авсан ба уг бичигт халтар зүсмийн давхар сартай дөл тамгатай адууг Приус 10 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 4 тооны /хүрэн, ухаа байдас, бор гүү, хээр шүдлэн бүгд онгин тамгатай/ адуунд гарал үүслийн гэрчилгээ авсан байна. Уг бичигт ДОА дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж “Ундарга” төвд өгнө гэж тэмдэглүүлсэн байна. Би малыг харж тулгаагүй. Ц надаас бичиг авахдаа малаа ачиж авчраагүй, би Ц-ыг юунд бичиг авч байгаа талаар асуухад “Өвөө Жуковын адуунд бичиг авч байгаа юм” гэж байсан. ...Ц-ын өвөөг малтай өрх гэдгээр мэднэ...” гэжээ. /2хх-ийн 116-117/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие байнгын хяналтанд байдаг. Адуу малд нэг их яваад байдаггүй тул өөрийн адуугаа ч бүрэн гүйцэд танихаа больсон. 2019 оны 05 дугаар сарын дундуур манай адуунд нум суман тамгатай ухаа халзан, ухаа гээд нийт 2 тооны даага, сартай чандмань тамгатай хар гүү, хээр гүү, шаргал гүү, халиун даага, хээр даага байсан тул би Ц-оос гадны тамгатай адуунууд юун адуу вэ, хэний адуу вэ гэж асуухад хуримын бэлэг болох адуунууд байгаа юм, хулгайн адуу байхгүй гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би илүү дутуу юм бодолгүй халиун, хээр унагыг өөрийн давхар сартай сэрээ тамгаар тамгалсан юм...” гэжээ. /2хх-ийн 111-112/         

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 209 тоот дүгнэлтэд:

1.Хонгор халзан өсгий цагаан даага, сартай хонгор зүсмийн дааган дээр давхарлан дарагдсан тамга нь малчин Жуковын хөх зүсмийн эвэргүй үхрийн тамгатай ерөнхий шинжээрээ тохирч байна.

2. Хонгор халзан өсгий цагаан даага, сартай хонгор зүсмийн дааган дээр давхарлан дарагдсан задгай онги хэлбэрийн дүрслэл бүхий тамга нь шинээр дарагдсан байна. гэжээ. /2хх-ийн 121-123/

Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны сүүлээр шиг санаж байна. Би өөрийн Чансаа маркийн мотоциклтой Булган сумаас 3-4 км газарт гарч явахад хээр зүсмийн азаргатай 2-3 шарга гүү, 2 хээр гүү, 4-5 тооны сарваа /даага/, 3-4 тооны морьдтой, 20 орчим тооны хүрээтэй Т үсэг, гурван нүдний чандмань тамгатай адуу байхаар нь зүүн тийш хөөсөн. Адууг хөөгөөд явж байхад ухаа гүү, хүрэн даага хоёр явахаа больж үлдсэн. Бусад адууг нь “Дунд шорвог”-ийн хойд талд “Хорийн овоо”-ны тэнд орхисон. Ингээд маргааш нь нөгөө адуугаа гэрийн ойролцоо тууж авчраад 4 тооны морийг нь гэрийн хойно байх ухсан нүхэнд янзлаад Чинзоригийг гуйж машинд нь ачаад аймагт очиж Ундарга захад 2 сая гаран төгрөгт өгсөн. Үүний дараа мөн 7 тооны адууг нь нөгөө газраа янзлаад дахин Чинзоригийг гуйж машинд нь ачаад 2,300,000 төгрөгт өгсөн. Үүнээс хойш ганц нэгээр нь нядалж зарсан. ...2018 оны 12 дугаар сарын эхээр өөрийн Даюун маркийн мотоциклоороо Хэрлэн сумын 5 дугаар баг “” гэх газраас 11 тооны адууг тууж “Хорийн толгой” гэх газар орхисон. Маргааш өглөө нь эргэж ирээд 2 тооны даагыг нь орхиод 9 морийг нь өвөөгийн өвөлжөөнд хашиж барьж аваад нядалсан. Махыг Шүр захаас Портер хөлсөлж ачаад “Ундарга” захад малын бичгээр зарсан. ...2019 оны 01 дүгээр сарын 20-д гарсан байх үеэр өөрийнхөө Чансаа маркийн мотоциклоор Булган сумын нутаг “Туг” уулын баруун талд цоохор зүсмийн үрээтэй 30 гаран тооны нум суман тамгатай адуу байхаар нь зүүн тийш хөөж гэрийнхээ гадаа тууж авчирсан. Тэр адуунаас 11 тооны адууг аймгаас 2 хүн дуудаж нядлуулж зах дээрээс Портер машин хөлсөлж махаа ачиж ”Ундарга” төвд зарсан. ...үүнээс хойш үлдсэн адууг өөрийнхөө адуутай хурааж байгаад аймаг орохдоо нэг хоёроор нь нядалж өөрийнхөө суудлын машинаар зөөж зарсан. 24 дүгээр байрны зүүн талын махны газарт 1 гүү, махны цэгт 2-3 удаа 3-4 тооны адуу, “Хаан хүнс” ХХК-д 2 удаа 2 тооны адууны мах өгч нийт 27 тооны адууг махалж зарсан. 2 даага нь манай адуунд байгаа. Замд гурван даага, нэг гүү үлдсэн. Дараа нь явж байхад 1 даага нь үхсэн байсан. ...би ахыг хань болгож авч явсан. Би 11 тооны адуу зараад 500,000 төгрөгийг ахад өгч байсан. Адуу махалж зарсан мөнгөөр архидаж баар саваар явж байгаад дуусгасан...” гэжээ. /1хх-ийн 163-165, 2хх-ийн 22-23, 126-129, 3хх-ийн 6/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-28/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 29/

“Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, холбогдох баримтууд /1хх-ийн 69-124, 3хх-ийн 41-88, 3хх-ийн 229-239/

Мал, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 10, 52-55, 92-95, 164, 171/

Малын гарал үүслийн гэрчилгээ /3хх-ийн 229-234/

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 38-43/

Гэрч Н. мэдүүлэг /1хх-ийн 40/

Гэрч Б. мэдүүлэг /1хх-ийн 56/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /3хх-ийн 185-186/

Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 139/

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 143-148/

Ялын тооцооны хуудас /3хх-ийн 40/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 140/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ...... овогт Ц нь ******* хамтран 2019 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд “Чансаа” маркийн мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан-Өндөр” гэх газраас хохирогч Г-ийн 35 тооны адууг хулгайлж, 21,900,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө “Даюун” маркийн ...... улсын дугаартай мотоцикл ашиглан Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч А-ы 9 тооны адууг хулгайлж, 6,750,000 төгрөгийн хохирол, 2019 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд “Чансаа” маркийн мотоцикл ашиглан Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч Т-ын 24 тооны адууг хулгайлж, 52,400,000  төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г-ийн “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд манай 35 тооны адуу худгаас ус уугаад урагшаа гарснаас хойш алга болсон. ...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр аймгийн төвөөс 20 гаран км зайтай Ц-ын өвөө Жуков гэх хүний адуунаас 2 тооны даага олсон бөгөөд хуучин нум суман тамгатай байсны дээр өөр тамга дарсан байсан...” гэх, хохирогч А-ы “...өглөө нь адуугаа хураахад цагаан бор, сартай хээр, өсгий цагаан хар, ухаа зүсмийн морь, улаан буурал хязаалан үрээ, хээр алаг хязаалан зэрэг 2 талын гуян дээрээ хэвтээ зуузай тамгатай, саарал зүсмийн шүдлэн үрээ кирил Г үсгэн тамгатай, хээр зүсмийн байдас, хээр зүсмийн ширээтэй гурван нүдний чандмань тамгатай байдас зэрэг 9 тооны адуу байхгүй байсан...” гэх, хохирогч Т-ын “...анх 2019 оны 04, 05 дугаар сарын хооронд эрлийз хээр азаргатай 24 тооны адуугаа алдсан. Уг 24 тооны адуу алдсан талаар 2019 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн...” гэх мэдүүлгүүд, тэдгээрийн мэдүүлгийн давхар нотолсон гэрч *******, Б.*******,, *******, *******, *******, , , , , нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 209 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, мал, эд зүйлийн үнэлгээ, малын гарал үүслийн гэрчилгээ, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ц нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар эзэмшил, өмчлөлдөө авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгч Ц-ын үйлдсэн гэмт хэргийг тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлон бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ. Мөн түүнчлэн шүүгдэгч Ц нь хохирогч Г-ийн 35 тооны адууг ******* хамтран хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/18 тоот тогтоолоор шүүгдэгч Ц-од холбогдох хэргээс яллагдагч эд холбогдох хэргийг тусгаарласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ц-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц нь хохирогч Г-ийн адууг ******* хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа боловч түүний хувьд мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, нийт 68 тооны мал хулгайлж бусдад 81,050,000 төгрөгийн хохирол учруулсан зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв. Түүнчлэн шүүгдэгч Ц нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгүүлэхээс өмнө дээрх бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан ялын тооцооны хуудас /3хх-ийн 40/-аар шүүгдэгч Ц нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас биеэр 1 жил 1 сар 17 хоногийн ялыг эдэлж, шагналын 22 хоног авч, нийт 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг эдэлжээ. Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц-ын нийт эдлэх ялыг 6 жил 9 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 289 хоногийг элдэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ц-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй “Чансаа” маркийн болон улсын дугаартай Даюунмаркийн мотоцикл нь бусдын өмчлөлд байснаас гадна эвдэрч гэмтэн ашиглах боломжгүй болсон болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Цоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд  улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд хохирогч Г нь 35 тооны адуугаа алдаж, 21,900,000 төгрөгийн, хохирогч А 9 тооны адуугаа алдаж 6,750,000 төгрөгийн, хохирогч Т 24 тооны адуугаа алдаж 52,400,000 төгрөгийн    хохирол тус тус хүлээсэн байх бөгөөд шүүгдэгч Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйлгүй байна. Иймд хохирогч Гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 200,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 даагыг /тухайн үед унага байсан/ буцааж авсан байх тул түүнд учирсан хохирлын 21,900,000 төгрөгөөс буцааж авсан дааганы үнэ 400,000 төгрөгийг хасч үлдэгдэл 21,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц, яллагдагч нарт хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Ц-оос 10,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Гт олгох нь зүйтэй байна. Хохирогч А-ы тухайд буцааж авсан адуу байхгүй тул шүүгдэгч Цоос эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 6,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч А-д олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогч Т-ын тухайд гэмт хэргийн улмаас 24 тооны адуугаа алдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Харин хохирогч Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэлийнхээ талаар мэдүүлэхдээ “...тухайн эрлийз хээр азаргатай 24 тооны адуунаас 1 шарга гүү нь адуундаа гүйн ирж, хар гүү, хээр гүү, 2 сарвааг цагдаагаар дамжуулан олж авч, зээрд морийг айлын адуунд байсныг нь олж авсан. Иймд 6 тооны адуугаа хасаад 18 тооны адууны үнийг “Вендо” ХХК-ийн үнээр нэхэмжилж байна...” /3хх-ийн 219-223/ гэсэн байна. Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл: Мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “...халиун зүсмийн унагатай шаргал гүү, хар унагатай хээр гүү, хар гүү, 2 хээр даага нийт 7 тооны адууг эд мөрийн баримтаар тооцох” тогтоол /1хх-ийн 29/, хохирогч Т-ын “Би өөрөө Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд манай адуу Дорнод аймгийн Булган суманд байдаг. Манай адууг ******* гэх залуу хардаг. ...алдсан адуунаас шаргал гүү, цавьдар үрээ 2 буцаж ирсэн. Цагдаагийн байгууллагаас халиун унагатай шаргал гүү, хар унагатай хээр гүү, хар гүү, 2 хээр даага нийт 7 тооны адуу хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/, гэрч Н.Б-н “...баруун зүгт нэг шаргал зүсмийн бүдүүн гүү ганцаараа явж байсан. 2-3 хоногийн дараа сонсоход гэдэг хүний адуунаас алдсан шаргал гүү адуундаа гүйж ирээд унагалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40/, гэрч Д.Г-н “...ямар ч байсан 1 шаргал гүү адуундаа гүйж ирсэн. Сүүлд миний хүү цагдаагийн хамтаар хар гүү, хээр гүү, хээр даага, хар даага, унагатай шаргал гүү авчирсан. Авчирсан гүүнүүдийг алдах үед унагалаагүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67/ зэрэг нотлох баримтаар хохирогч Тын алдсан 24 тооны адуунаас шаргал гүү, зээрд /цавьдар/ үрээ буюу 2 тооны адуу гүйн ирж, цагдаагийн байгууллагаас шаргал гүү, хар гүү, хээр гүү /тухайн үед унагалаагүй байсан учраас унага оруулаагүй/, хар даага, хээр даага буюу нийт 5 тооны адуу буцааж авсан болох нь тогтоогдож байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээ /3хх-ийн 229-239/-ээр үнэлэгдсэн 24 тооны адуунаас 3 дугаарт бичигдсэн 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн хар гүү, 5 дугаарт бичигдсэн 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн шаргал гүү, 9 дугаарт бичигдсэн 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн хээр гүү, 11 дугаарт бичигдсэн 800,000 төгрөгөөр үнэлэгдсэн шаргал гүү, 18 дугаарт бичигдсэн 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн хээр даага, 19 дугаарт бичигдсэн 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн хар хязаалан, 23 дугаарт бичигдсэн 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн зээрд үрээг тус тус буцааж авсан 7 тооны адуунд тооцож хохирлоос хасч үлдэгдэл 17 тооны адууны үнэ 42,000,000 төгрөгийг шүүгдэгч Цоос гаргуулж хохирогч Т-т олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Вендо” ХХК-ийн үнэлгээнд эргэлзэж байна гэж байгаа боловч хохирогч Т нь алдсан адууны гарал үүслийн талаарх холбогдох баримт материалыг “Вендо” ХХК-д гарган өгч, түүнд үндэслэн гаргасан үнэлгээгээр хохирлын тооцож прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цоос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 59,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г-т 10,750,000 төгрөгийг, хохирогч А-д 6,750,000 төгрөгийг, хохирогч Т-т 42,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-од 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 9 сар 21 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цод оногдуулсан 6 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын цагдан хоригдсон 289 /хоёр зуун наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 59,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г-т 10,750,000 төгрөгийг, хохирогч А-д 6,750,000 төгрөгийг, хохирогч Т-т 42,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ  1,800,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА