Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00056

 

Г.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1746 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Х

          Хариуцагч: “... даатгал” ХХК-д холбогдох

          30.421.599 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “...Миний төрсөн ах Г.Хатантөмөр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ил уурхайд ажиллаж байгаад 2017-03-19-ний өдөр зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан. Ах маань 2013-07-30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5 дугаар хорооллын 2 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцыг “Голомт банк” ХХК-ийн ипотекийн зээлээр 48,4сая төгрөгөөр 12 жилийн хугацаатай төлөхөөр худалдан авсан байсан юм. “Голомт банк” ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д ...барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй гэж заасны дагуу даатгалын гэрээ хийгдсэн байна. Дараа нь “Голомт банк” ХХК хамтран ажиллах даатгалын компаниа сольсон тул 2016-10-12-ны өдөр “... даатгал” ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг шинэчлэн хийжээ. Энэ гэрээний 8 дугаар зүйлд гэнэтийн ослын даатгалын хамгаалалт гэсэн зохицуулалт байх бөгөөд даатгалын эрсдэлд даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол өвчний улмаас нас барах гэж тодорхойлсон байна. Талийгаач ах маань зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан, энэ өвчин нь хүний зүрх, амьсгалын үйл ажиллагаа нь гэнэт зогсдог тул гэнэтийн өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул “... даатгал” ХХК нь үүнийг даатгалын эрсдэлд тооцож талийгаач ахын маань банкинд төлөх ёстой зээлийн үлдэгдлийг нөхөн төлбөр гэж төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Иймд даатгалын гэрээний 3.1-т зааснаар “... даатгал” ХХК-иас 30,421,599 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Гэнэтийн ослын даатгал нь гэнэт ямар нэгэн осол аваар, өвчний улмаас нас барахыг ойлгоно. Зүрхний шигдээс өвчин нь Эрүүл мэндийн газрын 2005-05-05-ны өдрийн сайдын удирдамж баталсан байдаг. Иймд гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэж “... даатгал” ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: “ ...даатгуулагч Г.Хатантөмөр 2017-03-29-ний өдөр гэртээ нас барсан гэсэн. Гэхдээ даатгалын гэрээнд заасан эрсдэл учирсны улмаас хохирол учирсан болохыг тогтоох шинжилгээнд оруулаагүй. Г.Хаас тухайн үед утсаар тодруулж асуухад гэртээ сууж байгаад гэнэт таталт өгч нас барсан. Улмаар түргэн тусламж дуудсан ч эмч ирэх үед нас барчихсан байсан. Түргэний эмч зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл түргэн тусламжийн эмч ямар ч үзлэг шинжилгээ хийхгүйгээр зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх онош тогтоосон байсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байсан. Өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг үндэслээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал цогцолборын комисс нас баралтын шалтгааныг тогтоосон шийдвэр гаргасан байсан. Зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан тохиолдолд таталт өгөхгүйгээр гэнэт амьсгал хураадаг. Гэтэл даатгуулагч Г.Хатантөмөрийн хувьд таталт өгч нас барсан гэх шинжилгээ байсан. Даатгуулагчийн хамгийн сүүлд хийгдсэн үзлэг шинжилгээний хуулбар нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй. Харин бөөрний архаг үрэвслийн улмаас нас барсан байж болзошгүй байсан. Нас барсан шалтгаан тодорхойгүй байсан тул эдгээр эмч, эмнэлгийн байгууллагын онош үндэслэлтэй эсэхийг тодруулахаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт өргөдөл гаргаж тодруулсан. Өргөдлийн дагуу 2017-09-18-ны өдөр 2/757 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Ийнхүү хариу ирүүлэхдээ өвчний түүх, шинжилгээг судлаад архаг бөөрний дутагдлын улмаас нас барсан байж болзошгүй гэж тодорхойлсон. Түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр задлан шинжилгээ хийгээгүй, бодит үндэслэл тодорхойгүй, хэргийн газар баримт байхгүй тул Г.Хатантөмөрийн нас барсан шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нь захирамжийн 2.1 дэх асуултад хариулсан хариултад байгаа. Мөн задлан шинжилгээнд оруулаагүй нас барсан хүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэдгийг дараах 3 шинжилгээний хариунаас тодорхойлно гэж 2.5 дахь асуултад хариулсан. Амьд ахуйд нь авсан шинжилгээгээр зүрхний шигдээс болох өөрчлөлтүүд илрээгүй байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зүрхний титэм судсанд гарсан өөрчлөлтүүдийг дүгнэх шинжилгээний хуулбар хавтаст хэрэгт байхгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна гэж хариулсан байдаг. Энэ нь дүгнэлтийн 2.6 дахь асуултын хамгийн сүүлд байгаа. Энэ гэнэтийн ослын даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д заасан нөхцөл байгаа. Эдгээрийг тодруулбал дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагавар үүсэхэд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Даатгалын гэрээний 6.1.5-д даатгуулагч нь учирсан хохирлыг нотлох баримтыг нөхөн төлбөрийн хэмжээнд тогтоох шаардлагатай гэж үзэх бүрэн гүйцэд баримт бичиг, мэдээ мэдээллийг даатгагчид өгөөгүй тохиолдолд, 6.1.8-д хохирлыг нотлоход оролцоогүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн. Иймд манайх Даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д заасны дагуу буюу гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.       

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан “... даатгал” ХХК-иас 30,421,399 төгрөг гаргуулж Г.Хт олгож шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1746 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал хяналтын гомдолдоо: “... Гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд “Даатгуулагч болон хариуцагч компанийн хооронд Иргэний хуулийн 431.1-т заасан даатгалын гэрээний үүрэг үүссэн байна. Г.Хатантөмөр нь өвчний улмаас гэртээ нас барснаар гэрээний 8-д заасан даатгалын тохиолдол бий болсон.  Г.Хатантөмөр 2017-10-27-ны өдөр гэртээ гэнэтийн өвчний улмаас нас барж, зээлийн даатгалын гэрээний 2.1-т заасан нөхцөл үүссэн байх тул түүний өв залгамжлагч гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй...” гэх боловч гэрээний 2-т эрсдэлийг  заасан байгаа. Үүнд: 2. Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал 2.1-т “Даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах”. Өвчин гэх ойлголт нь тодорхой шалтгааны нөлөөллөөр үүсч, тодорхой эмгэг жамаар хөгжиж, өвөрмөц шинж тэмдгийн цогцоор илрэх эрүүл мэндийн хэвийн бус байдал байдаг. Дэлхий дээр тоолж баршгүй олон нэр төрлийн өвчин эмгэг байдаг. Гэвч даатгалын гэрээгээр энэ бүх өвчний улмаас үүдэх хохирлыг хамгаалах боломжгүй тул ядаж гэнэт хүрэх өвчний улмаас үүдэх хохирлыг хамгаалахаар гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдэлийг авсан. Амь насаа алдах, үхэл гэх ойлголт нь амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргэлтгүйгээр зогсож, нэг биеийн амьдрал төгсөх байдлыг хэлэх бөгөөд янз бүрийн шалтгаан нөхцөл, өвчин эмгэгийн улмаас үүсэх боломжтой. Тэдгээр шалтгаан нөхцөлүүдээс зөвхөн гэнэтийн осол, гэнэтийн өвчний нас барах тохиолдол нь манай гэрээний эрсдэл болно. Харин гэнэт үхэх, гэнэт бус үхэх нь гэрээний шалгуур биш юм. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан эрсдэл, даатгалын тохиолдол учирсан байхын тулд гэнэтийн осол, өвчин байх шаардлагатай. Гэтэл шүүх шалтгаан нөхцөл нь хамаарахгүй гэнэт үхсэн байдал гэрээний эрсдэл мөн гэж үзсэн нь гэрээг Иргэний хуулийн 198.1-т зааснаар үгийн шууд утгаар тайлбарлаагүйтэй холбоотой байна. Давж заалдах шатны шүүх “...даатгуулагч гэнэтийн өвчний улмаас нас барж, гэрээний 2.1-т заасан нөхцөл үүссэн..” гэж дүгнэсэн үндэслэл ойлгомжгүй.Шүүх өөрийн үзэмжээр онош тогтоосон мэт харагдаж байна. Магадлалд “.. гэрээний 8-т заасан эрсдэлд архаг хууч өвчин орохгүй гэх боловч гэрээний 2.1-т амь насаа алдвал даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон тул нас барах шалтгаан болсон өвчний шинж буюу шинэ эсхүл архаг өвчин байсан эсэх нь нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй...” гэсэн ч   хариуцагчаас гэрээний 8-т заасан эрсдэлд архаг хууч өвчин орохгүй гэж маргаагүй. Харин нас барсан шалтгааныг тогтоогоогүй тул гэрээний 6.1.5, 6.1.8-р нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан. Учир нь 2018-04-05-ны 4181-р захирамжаар томилогдсон шинжээч эмч нарын  дүгнэлтийн 2.1 дэх “Г.Хатантөмөр нь ямар өвчний улмаас нас барсан эсэх?” гэх асуултад “Задлан шинжилгээ хийгээгүй, тухайн нас барах үеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг тодорхойгүй, хэргийн газрын баримт байхгүй тул Г.Хатантөмөрийг үхэлд хүргэсэн шалтгаан, өвчнийг тогтоох боломжгүй ” гэж хариулсан. Иймд нас барсан шалтгаан   тогтоогоогүй байхад тэр нь архаг өвчин учир олгохгүй гэж маргасан зүйлгүй. Түүнчлэн, шүүх   гэрээг буруу тайлбарласан. Нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй байдалд хүргэж, гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл үүссэн. Гэрээний 6.1.Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: 6.1.5-д “Даатгуулагч нь учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бүрэн гүйцэд, баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид өгөөгүй тохиолдол” 6.1.8-т “Хохирлыг нотлох бололцоогүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй” гэж зааны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Магадлалд “...нас барах шалтгаан болсон өвчний шинж буюу шинэ эсхүл архаг өвчин байсан эсэх нь нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй.” гэсэн нь Иргэний хуулийн 431.1-р байгуулсан даатгалын гэрээний тохиролцоог шүүх үгүйсгэж, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлийн улмаас хохирол үүссэн эсэх нь даатгалын гэрээний дагуу нөхөн  гол шалгуур болдог. Гэтэл нас барсан шалтгаанд бус нас барснаар л даатгалын тохиолдол үүссэн гэж үзсэн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.Х 2017-12-08-ны өдөр “... даатгал” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж Г.Хатантөмөрийн даатгалын нөхөн төлбөрт 30,421,599 төгрөг шаарджээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Г.Хатантөмөр 2013-07-30-ны өдөр “Голомт банк” ХХК-тай гэрээ байгуулж, 48.400.000 төгрөгийг 144 сарын хугацаатай, нэг жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601006137 дугаартай гэрээг хариуцагчтай 2016-10-12-ны өдөр 1 жилийн хугацаагаар /хх9/ байгуулж, орон сууцыг 71.000.000 төгрөгөөр үнэлж, зээлийн үлдэгдлийг 31.743.837,8 төгрөгөөр тооцож, 38.093 төгрөгийг хураамжид төлсөн үйл баримт тогтоогджээ. 

         Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээнэ.

         Шүүх “... даатгал” ХХК, Г.Хатантөмөр нарын хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцсэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг даатгуулагч, даатгуулагчийн өв залгамжлагч шаардах эрхтэй юм.  

          Г.Хатантөмөр 2017-03-19-ны өдөр нас барсан /хх 6,8/-р Г.Хатантөмөрийн дүү Г.Х даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

          Нэхэмжлэлийн үндэслэл болсон даатгалын гэрээний 2-ын 2.1; 1-ийн 1.2.17; 8 дахь заалтаас үзвэл, даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол, өвчний /архаг хууч өвчин орохгүй/ улмаас нас барсан тохиолдлыг гэрээний талууд даатгалын эрсдэлд хамааруулсан бөгөөд даатгуулагчийн бие махбодид гэмтэл учруулах, санаандгүй урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйл тохиолдохыг “гэнэтийн осол” гэж тодорхойлжээ.

         Даатгагч нь Г.Хатантөмөр нас барсан шалтгаан тодорхойгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан хэдий ч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

         Шүүх зохигч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх 28/, нэхэмжлэгч, хариуцагч тал шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй байна. 

         Хэрэгт авагдсан баримтаар, Г.Хатантөмөр нас барсан үед дуудлагаар очсон эмчийн тавьсан онош /хх 7/ болон Орхон аймгийн эрүүл мэндийн газрын 2017-09-18-ны өдрийн 2/756 дугаар албан бичигт “...материалуудыг үндэслэн Г.Хатантөмөр нь архаг гломерулонефриттэй, бөөрний дутагдлын улмаас гэнэт өвчний хүндрэлээр гэртээ зүрх зогсож нас барсан байж болзошгүй...” /хх35-36/ гэсэн тодорхойлолт, 2018-01-18-ны өдрийн 181/ШЗ2018/01003 дугаар захирамжийн дагуу /хх77-79/ томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “...нас баралт нь...архаг хууч өвчин болох бөөрний дутагдлаас болоогүй...бөөрний дутагдлын улмаас нас барах нь удаан хугацаанд хордлогын улмаас бүх эрхтэн системийн дутагдалд орж төгсдөг.../хх88/ гэж тусгасан, 2018-04-05-ны өдрийн 181/ШЗ2018/04181 дугаар захирамжийн дагуу /хх152-155/ томилогдсон шинжээч “...задлан шинжилгээ хийгээгүй, нас барах үеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг бодит үзлэг тодорхойгүй, хэргийн газрын баримт байхгүй тул Г.Хатантөмөрийг үхэлд хүргэсэн шалтгаан, өвчнийг тогтоох боломжгүй...архаг хууч өвчин үхэлд хүргэсэн шалтгаантай хамааралтай эсэхийг хэлэх боломжгүй...архаг хууч өвчингүй хүн зүрхний шигдээс өвчнөөр нас барах боломжтой...” гээд даатгуулагч нас барсан байж болох эмгэгд “зүрхний шигдээс”-г хамааруулсан /хх 165-167/ зэргээс үзвэл Г.Хатантөмөр 2017-03-19-ний өдөр гэнэт нас барсан нь тогтоогдсон байна.  

        Түүнчлэн, даатгалын гэрээнд заасан “нөхөн төлбөр олгохгүй байх” нөхцөл байдал үүссэн гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй бөгөөд Г.Хатантөмөрт задлан шинжилгээ хийгээгүй нь хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 9 дүгээр зүйлйн 9.1.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

         Даатгуулагч Г.Хатантөмөр орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 30,421,399 төгрөгийн үлдэгдэлтэй нь “Голомт банк” ХХК-ийн Орхон Пирамид тооцооны төвийн тодорхойлолт, зээл эргэн төлөлтийн тооцоогоор тогтоогдож байх тул шүүх даатгалын нөхөн төлбөрт 30.421.399 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Даатгалын тухай хуульд нийцжээ. 

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01290 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1746 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 310.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                               ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ