Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1290

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Г.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Д ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 30.421.599 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х , өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн ах Ганбаатар овогтой Хатантөмөр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайд ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан

Ах маань 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5 дугаар хорооллын 2 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцыг Голомт банкны ипотекийн зээлээр 48.400.000 төгрөгөөс 144 сар буюу 12 жилийн хугацаатай талөхөөр худалдан авсан байсан юм. Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гзрээний 3.1.6-д “...барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй” гэж заасны дагуу даатгалын гэрээ хийгдсэн байна. Дараа нь Голомт банк хамтран ажиллах даатгалын компаниа сольсон тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М Д  ХХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг шинэчлэн хийжээ Энэ гэрээний 8 дугаар зүйлд Гэнэтийн ослын даатгалын хамгаалалт гэсэн зохицуулалт байх бөгөөд даатгалын эрсдэлд “ Даатгуулагч бух төрлийн гэнэтийн осол өвчний улмаас нас барах..” гэж тодорхойлсон байна.Тэгээд орон сууцны зээлийг нь яах талаар ярилцаад банкнаас асуухад даатгалын компанид хандаарай гэж зөвлөсний дагуу М Д  компанид хандсан чинь ахыг минь өвчнөөр нас барсан тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй гээд нас барсан шалтгааны талаархи эмнэлэгийн шийдвэрүүдийг хууль бус гэж хүртэл шалгуулсан.

Талийгаач ах маань зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан,энэ өвчин нь хүний зүрх ,амьсгалын уйл ажиллагаа нь гэнэт зогсдог тул гэнэтийн өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул М Д  ХХК нь үүнийг даатгалын эрсдэлд тооцож талийгаач ахын маань баикинд төлөх ёстой зээлийн үлдэгдлийг нөхөн төлбөр гэж төлөх ёстой гэж үзэж байгаа юм

Иймд М Д  ХХК-иас ипотөкийн зээлийн үлдэгдэл 30.421.599 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний биө талийгаач ахынхаа өв залгамжлагч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасны дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Х ын нэхэмжлэлтэй М Д  ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийн төрсөн ах Г.Х ийг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зүрхний шигдээс өвчнөөр нас барсан учир М Д  ХХК-тай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд заасан даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үндэслэлтэй гэж үзэн 30.421.559, 87 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэхдээ Орхон аймаг дахь “Голомт банк”-ны салбартай 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ипотекийн зээлийн гэрээнд Г.Х  нь зээлийн гэрээний нэг хэсэг болох заавал даатгуулсан байх ёстой гэх үндэслэлээр даатгалын гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээгээр авсан үнийн дүн 48.400.000 төгрөг байгаа. Үүнийг зээлдэгч цаг тухайд нь төлж байсан. Үүний хажуугаар даатгалыг хураамжийг мөн төлж байсан. Ингээд тухайн хүн Орхон аймаг дахь ГОК-д ажиллаж байсан.

Энэ хугацаанд үйлдвэрийн дотоод журмын дагуу ажиллаж байх хугацаандаа орон сууц худалдаж авсан тохиолдолд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 8.000.000 төгрөгийг орон сууцны гэрээг үндэслэж өгдөг. 8.000.000 төгрөгийг орон сууцны зээлэнд төлсөн. Үүнийг заавал орон сууцанд төлсөн байх шаардлагагүй. Энэ хүн өөрөө ганцаараа амьдардаг, ар гэр ямар нэгэн мөнгөний гачигдал байгаагүй тул зээлэнд төлж, зээлийн үлдэгдлийг багасгасан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Үүнд Г.Х  нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барахад зээлийг 2 сарын 28-ны өдөр төлсөн. Ингээд төлөх хугацаа 3 дугаар сарын 30-нд байсан, тэр үлдэгдлээр тооцож нэхэмжилсэн.

Ингээд талийгаачийг нас барсны дараа Г.Х ийн отгон дүүг өв залгамжлагчаар тодорхойлж нотариатаар батлуулсан. Ингээд энэ хэрэгт нэхэмжлэл гаргах эрх нь шилжсэн. Үхлийн шалтгаан тогтоох тал дээр талийгаачийг нас барснаас хойш М Д  ХХК-д нэхэмжлэгч тал бичгээр өргөдөл гаргаж өгсөн. Орхон аймгийн салбарт бичгээр хүсэлт гаргаж нөхөн төлбөрийг гаргуулж өгөөч гэсэн боловч архаг хууч өвчтэй хүн байсан байна. Тиймээс боломжгүй гэх хариу ирсэн. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хандсан байна лээ.

Ингээд М Д  ХХК болон Санхүүгийн зохицуулах хороонд албан мэдүүлэг хүргүүлсэн байдаг. Үүнтэй Г.Х ын ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 30.1, Даатгалын тухай хуулийн 82.1-т зааснаар тус тус үндэслэн ИХ-ийн 439 дүгээр зүйлийн 439.4, орон сууцны зээлийн гэрээ, гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1-т заасны дагуу үүргээ биелүүлэх үндэслэлтэй байна. Тиймээс 2017 оны 09 дүгээр сарын 6-ны дотор хороонд эргүүлэн мэдэгдэнэ үү гэх албан мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Энэ шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Талийгаачид задлан шинжилгээ хийгээгүй, амьд байхдаа ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй гэх боловч эмч нарын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан. Эрдэнэт үйлдвэр жил бүр үзлэгт хамруулдаг. Хамруулахдаа Орхон аймагтаа номер нэг эмнэлгийн үзлэгт хамруулдаг. Энэхүү үзлэгийг мөн хавсаргасан байгаа. Гуравдугаар эмнэлгийн эмч нар хэрэгт цугларсан нотлох баримтыг сайн шинжлэн судалсан байна. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр илэрсэн шинж тэмдгүүдийг мөн тусгасан байгаа.

Өмнө нь дүгнэлт гаргасан н.Цэвэлмаа эмч маш тодорхой тайлбарласан байна. Зүрхний шигдээс гэдэгт баттай тайлбар хийсэн гэж үзэж байна. Бусад үхлийн шалтгаан явц үргэлжлэх хугацаа зэргээ өвчин гэж үзэх үндэслэлгүй байна. М Д  ХХК нь эмчийн буруу оноштой холбоотой зөрчлийн хэрэг нээлгэхээр хүсэлт гаргасан боловч үүнийг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон тогтоол байгаа. Үүнд 3-4 эмчийг асуусан эмч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, ар гэрийн асуумж, орчны үзлэг, тухайн хүний хэвтэж байсан байдал, нас барахаас өмнө биед илэрсэн шинж тэмдэг зэргээр зүрхний шигдээс байх үндэслэлтэй гэж Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд даатгалын гэрээний 3.1-т зааснаар М Д  ХХК-иас 30.421.599 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэнэтийн ослын даатгал нь гэнэт ямар нэгэн осол аваар, өвчний улмаас нас барахыг ойлгоно. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэнэтийн өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан гэж үзэх бүрэн боломжтой. Зүрхний шигдээс өвчин нь Эрүүл мэндийн газрын 2005 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн сайдын удирдамж баталсан байдаг. Үүнд эмнэл зүйн удирдамжид зүрхний шигдээс өвчнийг бүх өвчний илрэх байдал үргэлжлэх хугацаа зэргийг тодорхой заасан үүнийг судалж үзэхэд гэрч нар мэдүүлж баталсан байна.

Иймд гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэж М Д  ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. М Д  ХХК нь гэрээний 6.1.5, 6.1.8 гэж тайлбарладаг боловч үүнийг бид нар үгүйсгэхдээ мэдэгдээгүй гэх боловч цаг хугацаандаа мэдэгдээгүй гэдэгт маргадаггүй. Нэхэмжлэлийн үнийн дүнд маргадаггүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г.Х ын М Д   ХХК-иас 30.421.599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Г.Х  нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ нас барсан гэсэн. Гэхдээ даатгалын гэрээнд заасан эрсдэл учирсны улмаас хохирол учирсан болохыг тогтоох шинжилгээнд оруулаагүй. Г.Х аас тухайн үед утсаар тодруулж асуухад гэртээ сууж байгаад гэнэт таталт өгч нас барсан. Улмаар түргэн тусламж дуудсан ч эмч ирэх үед нас барчихсан байсан. Түргэний эмч зүрхний шигдээсийн улмаас нас барсан байна гэж хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл түргэн тусламжийн эмч ямар ч үзлэг шинжилгээ хийхгүйгээр зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх онош тогтоосон байсан.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Баярмаа зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байсан. Мөн энэхүү өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг үндэслээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал цогцолборын комисс нь нас баралтын шалтгааныг тогтоосон шийдвэр гаргасан байсан. Зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан тохиолдолд таталт өгөхгүйгээр гэнэт амьсгал хураадаг. Гэтэл даатгуулагч Г.Х ийн хувьд таталт өгч нас барсан гэх шинжилгээ байсан бөгөөд даатгуулагчийн хамгийн сүүлд хийгдсэн үзлэг шинжилгээний хуулбар нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй. Харин бөөрний архаг үрэвслийн улмаас нас барсан байж болзошгүй байсан.

Нас барсан шалтгаан тодорхойгүй байсан тул эдгээр эмч, эмнэлгийн байгууллагын онош үндэслэлтэй эсэхийг тодруулахаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт өргөдөл гаргаж тодруулсан. Өргөдлийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2/757 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Ийнхүү хариу ирүүлэхдээ өвчний түүх, шинжилгээг судлаад архаг бөөрний дутагдлын улмаас нас барсан байж болзошгүй гэж тодорхойлсон. Түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч Цэвэлмаагийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр задлан шинжилгээ хийгээгүй, бодит үндэслэл тодорхойгүй, хэргийн газар баримт байхгүй тул Г.Х ийн нас барсан шалтгааныг бүрэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нь захирамжийн 2.1 дэх асуултад хариулсан хариултад байгаа.

Мөн задлан шинжилгээнд оруулаагүй нас барсан хүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэдгийг дараах 3 шинжилгээний хариунаас тодорхойлно гэж 2.5 дахь асуултад хариулсан. Нэгдүгээрт амьд ахуйд нь авсан цусны сийвэнгийн пигментийн түвшин, титэм судасны шинжилгээ, зүрхний хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэргийг үндэслэж эдгээр өөрчлөлтийн улмаас зүрхний шигдээс болгох боломжтой эсэхийг тогтоодог. Амьд ахуйд нь авсан шинжилгээгээр зүрхний шигдээс болох өөрчлөлтүүд илрээгүй байсан.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зүрхний титэм судсанд гарсан өөрчлөлтүүдийг дүгнэх шинжилгээний хуулбар хавтаст хэрэгт байхгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна гэж хариулсан байдаг. Энэ нь дүгнэлтийн 2.6 дахь асуултын хамгийн сүүлд байгаа. Энэ нь манай 1603006137 тоот зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 6 дахь нөхцөл буюу нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдлын 6.1.5, 6.1.8-д заасан нөхцөл болж байгаа. Эдгээрийг тодруулбал дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагавар үүсэхэд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Даатгалын гэрээний 6.1.5-д даатгуулагч нь учирсан хохирлыг нотлох баримтыг нөхөн төлбөрийн хэмжээнд тогтоох шаардлагатай гэж үзэх бүрэн гүйцэт баримт бичиг, мэдээ мэдээллийг даатгагчид өгөөгүй тохиолдолд, 6.1.8-д хохирлыг нотлоход оролцоогүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн. Иймд манайх Даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д заасны дагуу буюу гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х  нь хариуцагч М Д  ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрт 30.421.399 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д зааснаар даатгуулагч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох шаардлагатай гүйцэт баримт бичиг, мэдээ, мэдээллийг даатгагчид өгөөгүй, хохирлыг нотлох болоlцоогүй тохиолдол гэж зааснаар үхлийн шалтгааныг нотолсон баримтыг ирүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Г.Х  нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г “Голомт банк” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь 48.400.000 төгрөгийг 144 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

            Худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор Г.Х  нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601006137 тоот гэрээ”-г “М Д ” ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 71.000.000 төгрөгөөр үнэлж, хураамжид 85.200 төгрөгийг, зээлийн үлдэгдлийг 31.743.837,8 төгрөгөөр тооцож, хураамжид 38.093 төгрөгийг тус тус төлжээ. /хх-ийн 9-10 дахь тал/

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээх тус тус хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн,  бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гэрээний хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр даатгуулагч Г.Х  нь гэртээ өвчний улмаас нас барснаар зээлийн даатгалын гэрээний 8-д заасан даатгалын тохиолдол бий болжээ.

 

Даатгуулагч Г.Х т Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  014/003382 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 69 дэх тал/

 

Нэхэмжлэгч Г.Хатанбаатар нь даатгуулагч Г.Х ийн төрсөн дүү болох төрөл садангийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан, бусад өвчлөгч нар өвийг хүлээн авахаас татгалзсан тул түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д зааснаар даатгуулагч Г.Х ийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч М Д  ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

 

Нэхэмжлэгч Г.Хатанбаатар нь даатгалын гэрээний тохиолдол бий болсон тул нөхөн төлбөр олгох ёстой байсан гэж зээлийн үлдэгдэл төлбөр 30.421.399  төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч М Д  ХХК нь Хариуцагч нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан “архаг хууч өвчин орохгүй” гэж заасныг үндэслэн даатгуулагч архаг хууч өвчний улмаас нас барсан байх магадлалтай задлан шинжилгээ хийгээгүй тул нас барсан шалтгааны нотлох баримт байхгүй тул даатгалын гэрээний 6.1.5, 6.1.8-д заасан үндэслэлээр даатгалын тохиолдлыг нотлох баримтыг бүрэн гаргаагүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

             Даатгуулагч Г.Х ийн нас барсны дараа задлан шинжилгээ хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Г.Х  нь  нас барсан шалтгаан нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан “архаг хууч өвчин”-нд хамаарахгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:

  1. Г.Хатанмөрийн нас барсны дараа 103 дуудлагаар очин, биед нь үзлэг хийсэн хүний их эмч Г.Бадамгаравын шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “...миний анхны үхлийн шалтгааны талаар тавьсан онош зүрхний шигдээс өвчин гэж тавьсан. Нас барсан хугацаа, цогцост илрэх шинж тэмдэг зэргийг харьцуулан тавьсан. Харин бөөрний архаг өвчин нь хурдан хугацаанд үхэлд хүргэдэггүй” гэх мэдүүлэг.
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эмнэлгийн комиссын шийдвэр “...Г.Х  нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан болохыг тодорхойлов” гэж 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 13/26 дугаар комиссын шийдвэр.
  3. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1003 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Р.Цэвэлмаагийн дүгнэлтийн 2.3-д Г.Х  ямар өвчний улмаас нас барсан гэх асуултад “...Миний үзсэн эмнэлгийн материалуудаас харахад талийгаач нь бөөрний түүдэнцэрийн түгээмэл үрэвсэлт өвчний даралт ихсэх хэлбэрээр  удаан хугацаанд өвдсөн. Энэ өвчний хүндрэл нь болж зүрхний булчин зузаарч зүүн ховдол тосгуур түлэгдэж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ бөөрний үйл ажиллагааны дутагдалд орж эхэлсний улмаас цусан дахь холестерин хэмжээ байнга өсөж байсан байна. Байнгын өндөр хэмжээнд байгаа холестерин цус цус өтгөрөлт, өндөр даралт зэрэг нь титэм судсыг бөглөж, том хэмжээний шигдээс болох шалтгаан болсон байх. Гэхдээ нас баралт нь архаг хууч өвчин болох бөөрний дутагдлаас болоогүй. Бөөрний дутагдлын улмаас нас барах нь аажуу удаан хугацаанд хордлогын улмаас бүх эрхтэн системийн дутагдалд орж төгсдөг жамтай” гэх дүгнэлт.
  4. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4181 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Улсын Гуравдугаар төв эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...2.2-д Үхэлд хүргэсэн шалтгаан тодорхойгүй тул архаг хууч өвчинд хамааралтай эсэхийг хэлэх боломжгүй. 2.6-д Талийгаач доорхи эмгэгүүдийн улмаас нас барж болно. Үүнд: Тархины давтан харвалт, Бөөрний дутагдлын хүндрэл, Зүрхний дутагдал, Архины хордлого, Зүрхний шигдээс зэрэг” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Даатгуулагч Г.Х ийн нас барсан шалтгааныг задлан шинжилгээ хийгээгүй тул тодорхой тогтоох боломжгүй, харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үзэхэд даатгалын гэрээний 8-д заасан “...өвчний...” улмаас нас барсан болох нь нотлогдож байх тул даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд Даатгалын гэрээний 6.1.5-д “даатгуулагч учирсан хохирлыг нотлох баримт, дүгнэлт, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох шаардлагатай гүйцэт баримт бичиг, мэдээ, мэдээллийг даатгагчид өгөөгүй” гэж, 6.1.8-д “хохирлыг нотлох бололцоогүй тохиолдол” гэж заасан даатгалын хохирлын хэмжээг  тодорхойлох талуудын тохиролцоо юм.

 

Даатгуулагч нас барснаар даатгалын тохиолдол шууд бий болно, харин даатгуулагчийн  нас барсан шалтгаан нь даатгалын хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарах эсэхийг тогтооход ач холбогдолтой.

 

Орон сууц,зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ нь даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр тооцох тул хохирлыг нотлох ажиллагаа хийх шаардлагагүй юм.

 

Даатгуулагч Г.Х  нь орон сууцны зээлийн гэрээний дагуу 30.421.399  төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь Голомт банк ХХК-ийн Орхон пирамид тооцооны төвийн тодорхойлолт, зээл эргэн төлөлтийн тооцоо зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /Талууд нөхөн төлбөрийн тооцоололд маргаагүй болно/.

 

Иймд хариуцагч М Д  ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 30.421.399  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х т олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан М Д  ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 30.421.399  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х т олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 310.060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР