Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2018/00876/И |
Дугаар | 001/ХТ2019/00036 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2019/00036
М.Бы хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01348 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1750 дугаар магадлалтай,
Хүсэлт гаргагч: М.Б
283,633,083 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
М.Бы төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: М.Бы төлөөлөгч Ц.Батмэнд, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Буяннэмэх, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
М.Б шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: “2013-02-16-ны өдөр 00-10 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны гараашид орох үед автомашинаас гал гарч эхэлсэн. Автомашиныг гараашаас гаргах гэсэн боловч боломжгүй мөн гараашийн усны гидрант хоолой усгүй, галын дохио ажиллахгүй байсан тул гэртээ орж СӨХ рүү мэдэгдэн дуудлага өгч, гал гарч байгаа тухай мэдээлэл тараалгаж, гэрээс 20 литрийн баллонтой ус авчирсан. Энэ хугацаанд СӨХ-өөс хүн ирээгүй бөгөөд галын машин ирж галыг унтраасан. Уг хэрэгт 2013-03-11-ний өдөр эрүүгийн хуулийн 153.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2014-05-30-ны өдөр санал гаргаж 2014-06-30-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар 2014-09-16-ны өдрийн 1150 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх 2014-10-16-ны өдрийн 892 дугаар магадлалаар цагаатгасан, хяналтын шатны шүүх 2014-12-17-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор хэргийг буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалт хийсэн боловч прокурорын газрын 2015-03-13-ны өдрийн 17, 2015-11-30-ны өдрийн 444, 2016-07-22-ны өдрийн 743 дугаар тогтоолуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Би хууль зөрчсөн төрийн албан хаагч нарын улмаас 2013-03-11-с 2016-07-22-ны өдөр хүртэл 3 жил 4 сар 11 хоног гэмт хэрэгтэн нэр зүүж явсан. 2014-09-16-с 2014-10-16-ны өдрийг хүртэл 30 хоног анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн дагуу хорьж, бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013-04-11-ны 07-р тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013-09-01-с сард 192,000 төгрөгөөр тогтоосон, нэг өдөрт ногдох орлого /192 000:30 хоног/ 6400 төгрөг. Цагдан хоригдсон 30 хоногт ногдох орлогыг 192,000 төгрөгөөр тогтоож шаардаж байна. Тухайн үед би БНХАУ-ын Бээжин хотын Их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдсоны улмаас ирж очих онгоцны билетэнд 6,378,600 төгрөгийг зарцуулсан. Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэд 50сая төгрөг төлж хууль зүйн туслалцаа авсан. 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэгтний адил мөрдөн шалгагдаж 30 хоног цагдан хорьж эрхийг минь ноцтой зөрчсөн. Шүүх 3 жилийн хорих ял оноох хууль бус шийдвэрийг гаргаж 30 хоног цагдан хорихоор болсон тул хохирогч гэх А.Алтантуяад 195 сая төгрөг, М.Баясгаланд 8,242,483 төгрөг, Б.Цацралд 3,820,000 төгрөг төлсөн. Иймд онгоцны зардал 6,378,600 төгрөг, өмгөөллийн хөлс 50 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, А.Алтантуяад төлсөн 195 сая төгрөг, М.Баясгаланд төлсөн 8,242,483 төгрөг, Б.Цацралд төлсөн 3,820,000 төгрөг нийт 283,633,083 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Б 2013-02-16-ны өдөр эцэг Манлайбаатарын 00-10 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны гараашид тавих үед автомашинаас гал гарч тухайн гараашид байсан 3 иргэний машин шатаж СӨХ-ны гараашид онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл гарсан. Үүнд хуучин Эрүүгийн хуулийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад галын шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан. Галын дүгнэлтээр М.Бы унаж явсан автомашины урд талын хянах самбарын утаснаас гал гарч эхэлсэн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсан. Гал гарч эхлэхэд автомашинд галын хор байгаагүй. Мөн тухайн СӨХ-ны гараашид гал унтраах багаж, хэрэгсэл байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон ба 1, 2 дугаар галын шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байсан тул 3 дахь шинжээчээр галын дүгнэлтийг дахин гаргуулж хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс М.Быг гэм буруутай гэж тооцож ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх цагаатгасан, хяналтын шатны шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь хэргийг цагаатгах хэмжээнд нотлогдоогүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж буцаасан. 2012 оны 12 сард Нийслэлийн Онцгой байдлын газраас бүх авто гараашийн галын аюулгүй байдлыг шалгахад Грийн вилла СӨХ-ны гарааш хангалтгүй буюу гараашид усны шланк байгаа боловч даралттай ус ирдэггүй, наад захын гал унтраах багаж хэрэгсэл байгаагүй гэсэн зөрчил илэрсэн. Иймд тухайн СӨХ-г хэрэгт буруутай эсэхийг шалга гэж хэргийг буцаасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс нэмэлт ажиллагаа хийснээр яллах болон цагаатгах талын нотлох баримтад дүгнэлт өгч яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Энэ үндэслэлээр ЭХХШТХ-н 45-р зүйлд заасны дагуу гэм хор учруулсан хохирлыг шаардсаныг зөвшөөрөхгүй.Учир нь гал гарч иргэдийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд зайлшгүй Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай. Тухайн орон сууцны 6 давхарт гал гарсны улмаас дээшээгээ хөө тортог цохиж тухайн айлуудад засвар хийх шаардлагатай болж их хэмжээний хохирол учирсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу баримтжуулсан. Гэрч, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүх нотлох баримтын хүрээнд хэн нэгний нөлөөлөлд авталгүй хэргийг шийдвэрлэсэн. Онгоцны зардал болон 3 хохирогчид өгсөн төлбөрийг Иргэний журмаар тухайн СӨХ-с авах үндэслэлтэй. Учир нь тухайн СӨХ-д шалгалт хийх явцад галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илэрсэн. Нийслэлийн онцгой байдлын байдлын газраас СӨХ-д шаардлага хүргүүлж сарын дараа дахин шалгалтаар явахад тухайн зөрчлийг арилгаагүй байсан. Мөн өмгөөллийн хөлсний хувьд хэрэгт 2014-02-01-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн. 2014-09-17-ны өдөр 40,500,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. 40,500,000 төгрөгийг хэнээс шилжүүлсэн талаарх гүйлгээний утга нь тодорхойгүй, орлого гэж орсон байна. Иймд хүсэлтийг зөвшөөрөхгүй.” гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01348 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 16,570,600 төгрөг гаргуулан М.Бд олгож, 267,062,483 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1750 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна.
М.Бы төлөөлөгч хяналтын гомдолдоо: “Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруугүй болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй хэмээн дүгнэсэн атлаа 267 062 483 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153.1.1-р эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх болон цагаатгах тогтоол гаргасныг хяналтын шатны шүүх 2014-12-17-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор буцаасан. Мөрдөн байцаалтын явцад Прокурорын газрын 2016-07-22-ны өдрийн 743 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоосон. М.Быг мөрдөн байцаагч болон прокурор, шүүхийн зүгээс бүтэн 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллаж, 1 нас хоёр сартай хүүхдээс нь тусгаарлан, хууль бус шүүхийн шийтгэх тогтоолоор 30 хоног гэмт хэрэгтний адил хорьсоноос сэтгэл санаа болон эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. М.Бы зүгээс шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж А.Алтантуяад 195 сая төгрөгийн, М.Баясгаланд 8,242,483 төгрөгийн, Б.Цацралд 3,820,000 төгрөгийн, нийт 207,062,483 төгрөгийн хохирол төлсөн. Иргэний хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт тогтоогдсон үйл баримтын хүрээнд хохирогч нарт хохирол төлсөн байдал нь хуульд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэхэд хамаарахгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмгөөлөгчид гэрээний дагуу үйлчилгээний хөлсөнд 50 сая төгрөг төлснийг хэнээс шилжсэн, юуны төлбөр болох нь тодорхойгүй, уг гэрээ М.Бтай байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж хангахаас татгалзсан байна. ЭХХШТХ-н 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-р эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохирлын үр дагаврыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх (жич: шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд төрийг төлөөлсөн прокурор уг хохирлыг хүлээн зөвшөөрсөн)-өөр шаардсан болно. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс ИХШХТШХ-н 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 283,633,083 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Б 2018-03-09-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж, Монгол Улсын засгийн газраас 283,633,083 төгрөг шаардаж, үндэслэлээ “... 30 хоногт ногдох орлогын 192,000 төгрөг, БНХАУ-ын Бээжин хот руу ирж очих онгоцны зардал 6,378,600 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 50,000,000 төгрөг, хохиролд төлсөн нийт 207,062,483 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг...” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газраас “...30 хоног цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн орлого 192,000 төгрөг, онгоцны зардал 6,378,600 төгрөг, сэтгэл санааны хохирлоос 10,000,000 төгрөг...” нийт 16,570,600 төгрөг гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6., 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцах бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.
Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул шүүх сэтгэл санааны хохиролд мөнгө гаргуулсан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4.-т “...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй...” гэж заасан нь сэтгэл санааны хохиролд шаардсан 20,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь иргэний эрх зүйн маргааныг иргэний шүүх хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулдаг болно.
2. Шүүх өмгөөлөгчийн зардалд 50,000,000 төгрөг гаргуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дутагдалтай болжээ.
Хэргийн 10 дугаар талд буй баримт М.Б 40,500,000 төгрөгийг өмгөөлөгчид төлснийг нотлохгүй байх тул энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Харин “Өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх” 2013-02-27-ны өдрийн гэрээний 4-ийн 2-т өмгөөлөгчийн зардлын урьдчилгааг бэлнээр төлөхөөр талууд тохиролцсон, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шат шатны ажиллагаанд оролцсон нь тогтоогдож байх тул 50,000,000 төгрөгийн шаардлагаас 9,500,000 төгрөгийг гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3-р зүйлийн 1.6. –г зөрчихгүй гэж үзлээ.
3. М.Б 2013-02-16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны гарааш руу орох үед унаж явсан тээврийн хэрэгслээс нь гал гарч улмаар А.Алтантуяа, М.Баясгалан, Б.Цацралд нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон байна.
М.Б анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрийг давах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө сайн дураараа төлсөн байх тул шүүх хүсэлтээс энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 45.3-р зүйлийн 1.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. Өөрөөр хэлвэл, төрийн эрх бүхий байгууллага шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагааг явуулаагүй тул А.Алтантуяа, М.Баясгалан, Б.Цацралд нарт төлсөн нийт 207,062,483 төгрөг нь төрөөс нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй байна.
М.Б үндэслэлгүйгээр А.Алтантуяад 195,000,000 төгрөг, М.Баясгаланд 8,242,483 төгрөг, Б.Цацралд 3,820,000 төгрөг тус тус төлсөн гэж үзэж байгаа бол энэ талаар тухайн иргэдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул 207,062,483 төгрөг гаргуулах тухай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
4. Шүүх Монгол Улсын засгийн газраас “...М.Б 30 хоног цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн орлого 192 000 төгрөг, онгоцны зардал 6,378,600 төгрөг...” нийт 6,570,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул шийдвэр болон магадлалын энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын засгийн газрын нөөц сангаас 30 хоног цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн орлого 192 000 төгрөг, онгоцны зардал 6,378,600 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 9,500,000 төгрөг нийт 16,070,600 төгрөг гаргуулж М.Бд олгох, үлдэх 267,562,483 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, М.Бы төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1750 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...16.570.600 төгрөгийг...” гэснийг “...16.070.600 төгрөг...” гэж, “...267.062.483 төгрөгийн...” гэснийг “...267.562.483 төгрөгийн...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, М.Бы төлөөлөгч Ц.Батмэндийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Б.УНДРАХ