Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 921

 

Ч.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/00180 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 718 000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Daewoo маркийн DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Оюунгэрэл нь Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нарт 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.4 хувийн алданги буюу 30 000 төгрөг төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж, 11 500 000 төгрөгийг гэрээ байгуулмагцаа бэлнээр хүлээн авсан. Гэрээ байгуулснаас хойш 2014 оны 7 дугаар сард нэмж 500 000 төгрөг зээлдүүлсэн ба хариуцагч нар надаас 12 000 000 төгрөг зээлдэн авсан. Зээлийн уг гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн хүүнд 7 234 000 төгрөг төлсөн, торгуульд 270 000 төгрөг, нийт 7 504 000 төгрөгийг төлсөн. Бид 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж 13 170 000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна гэж үзээд уг мөнгийг cap бүрийн 25-ны дотор хүүг, cap бүр үндсэн мөнгөнөөс хагаслан төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар мөнгөө төлөхгүй болохоор залилан мэхлэх гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад шалгуулсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж нэхэмжлэгчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Уг хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тиймээс 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгч буюу хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас зээлийн гэрээний үндсэн зээл болох 12 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны хүүг cap бүрийн 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч 1 сарын хүү 720 000 төгрөгөөр тооцон, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 34 сарын хугацааны хүү 24 480 000 төгрөг болж байгаа, үүнээс хариуцагч нар хүүнд 7 234 000 төгрөг төлсөн тул үүнийг хасаад 17 246 000 төгрөг зээлийн үндсэн хүүнд нэхэмжилж байна. Торгуульд өдөрт 30 000 төгрөгөөр тооцон 34 сард 12 410 хоног болж байгаа, нийт хоногоор тооцвол 372 300 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 12 000 000 төгрөгийн 50 хувь болох 6 000 000 төгрөг болж байгаа. Үүнээс торгуульд төлсөн 270 000 төгрөгийг хасаад 5 730 000 төгрөгийг торгууль болж байна. Бид торгуулийг улсын тэмдэгтийн хураамжид тааруулж нэхэмжилж байгаа тул 5 472 000 төгрөгийг торгуульд нэхэмжилж байгаа. Ингээд үндсэн зээл, хүү, торгуулийн хамт нийт 34 718 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дээрх хүмүүс миний өмчлөлийн 72-44 УНО улсын дугаартай DAEWOO, DV15T маркийн автомашиныг зээлийн барьцаанд байршуулсан дээрх автомашиныг миний эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Анх уг автомашин нь Д.Отгонбаярын машин байсан. Хариуцагч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлзэд надаас зээл хүсч “...бид нар “Сайн ломбард”-д автомашинаа тавиад алдах гээд байна” гээд надаас зээл хүссэн. Энэ хугацаанд энэ машинаараа маш их ажил хийсэн. Дам дамаа завсарт нь дунд хүнд түрээслэсэн. Энэ мөнгийг зээлээд барьцаанд нь уг автомашин Д.Отгонбаярын нэр дээр байсан машиныг миний нэр дээр шилжүүлээд Д.Энхтүвшин нь ашиглаж байсан. Гэхдээ нэг гэр бүл учир 2-уулаа ашиглаж байсан гэж тооцно гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч 17 000 000 төгрөгийг гаргуулах, хууль бус эзэмшлээс гаргуулж, бид нар уг автомашиныг 17 000 000 төгрөгөөр ломбарднаас чөлеөлүүлсэнтэй холбоотой асуудал яригдсан. Улсын тэмдэгтийн хураамжаа төлнө гэсэн боловч төлөөгүй. Өмнөх хуралдаанд автомашин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилсөн. Хариуцагч нар автоломбардны барьцаанд байсан өөрсдийн автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээр чөлөөлүүлсэн. Зөвхөн зээлийн баталгаа болгож шилжүүлсэн болохоос эд хөрөнгийг өмчлөлийн гэрээ хийгээгүй байдаг. Хариуцагч нар нь 11 500 000 төгрөгийг ХААН банкны 5720476858 тоот дансаар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 690 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 720 000 төгрөгийг 5099403838 тоот данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Энэ хүн өөрөө нотлох баримтаар дансны хуулгыг өгсөн. 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 5025159568 тоот данснаас 500 000, 6 дугаар сарын 25-ны өдөр 700 000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 60 000 төгрөг Д.Отгонбаяраас, 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн гэрт нь бэлнээр 800 000 төгрөгийг өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30 000 төгрөгийг, Д.Отгонбаяраас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 784 000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 30 000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 720 000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 30 000, 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Энхтүвшингээс 690 000 төгрөгийг бэлнээр, 11 дүгээр сарын 13-ны өдөр 30 000 төгрөг, 11 сарын 26-ны өдөр 690 000 төгрөгийг, 11 дүгээр сарын 28-ны өдөр 30 000 төгрөг, Д.Отгонбаяраас, 12 дугаар сарын 12-ны өдөр 30 000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүү н.Дашжамцад 690 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30 000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 60 000 төгрөг, 02 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдөр 30 000 төгрөг, 3 дугаар сарын 11-ний өдөр 30 000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр 650 000 төгрөгийг Д.Энхтүвшингээс, 7 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг н.Пүрэвсүрэн гэдэг хүнээс 5025663561 гэсэн данснаас, 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 900 000 төгрөгийг н.Пүрэвсүрэнгээс шилжүүлж өгсөн байдаг. Ингээд зээлийн гэрээний үүрэгт 13 964 000 төгрөг төлсөн. Хариуцагч нар уг зээлийн гэрээний үүрэгт 13 964 000 төгрөгийн төлбөрийг төлсөн. н.Пүрэвсүрэнгийн дансаар хариуцагч Д.Отгонбаярын хөл хугарсан байсан тул энэ хүний дансаар шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хүү н.Дашжамцад 690 000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. н.Энхбаяр гэдэг хүний мобайлаар мөн 650 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь үнэн гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хириуцагч Ч.Оюунгэрэлээс 11 500 000 төгрөг зээлж авсан. Хариуцагч Ч.Оюунгэрэл нь нэхэмжлэгч миний эзэмшлийн Daewoo dv15T маркийн УНО 72-44 улсын дугартай автомашиныг зээл төлөх хүртэл өөрийн нэр дээр түр бүртгүүлнэ гэсний дагуу 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ч.Оюунгэрэлийн нэр дээр түр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие Ч.Оюунгэрэлээс зээлсэн 12 000 000 төгрөгийг буцаан төлж нийт 13 964 000 төгрөг болгон төлж зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн байтал хариуцагч Ч.Оюунгэрэл нь миний эзэмшлийн автомашиныг өнөөдрийн өдрийг хүртэл буцаан шилжүүлэхгүй байгаагаар барахгүй тус дүүргийн шүүхэд Ч.Оюунгэрэл нь өөрийн өмчлөлийн автомашиныг хууль бус эзэмшигчээс гаргуулж зөрчигдсөн эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгч Д.Отгонбаяр миний бие Daewoo маркийн УН072-44 улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл гэдэг хүнд нэг ч төгрөг өгөөгүй бол би хариуцахад бэлэн байна шөнө хүртэл гэрт нь мөнгө аваачиж өгч байсан. Гэрч өгсөн мөнгийг аваагүй гэж байна. Тэгэхээр би энэ хүнд машин худалдах гэрээ хийж байгаагүй. Д.Отгонбаяр гээд гэрээ хийсэн нь миний гарын үсэг биш байна. Өөрийнхөө дур зоргоор харанхуй шөнө хүртэл сүүлдээ гэр бүлийн хүн н.Пүрэвсүрэн гэдэг хүнд 2 удаа мөнгө өгсөн. Тухайн үед өө тийм үү би өөр хүнтэй андуурсан би тийм байна гэж хэлж байсан. Би Ч.Оюунгэрэл гэдэг хүнээс үнэхээр айж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдахдаа хариуцагч тал 13 964 000 төгрөг төлж, үүргээ гүйцэтгэсэн гэж байна. Үүнтэй холбоотой хариуцагч тал cap бүр хүүгээ төлж байснаа хүлээн зөвшөөрсөн. 1 000 000 төгрөг шилжүүлсэн нь 700 000 төгрөгт хуваагаад хүүг 2 хувааж шилжүүлж байсан. Үүнтэй холбогдуулаад үндсэн зээлийн үүргээ огт биелүүлээгүй. Үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй байхад зээлийн барьцаанд байгаа автомашиныг шилжүүлэх боломжгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин уг автомашиныг нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хүсч байна. Би Д.Энхтүвшин гэдэг хүнтэй гэрээ хийж гарын үсэг зураагүй. Манай нөхөр бичиг үсэг мэддэггүй учир бүх юмыг би хариуцдаг. Тиймээс миний нэр дээр машин байдаг. Дараа нь Д.Энхтүвшин хөл нь хугархай уйлаад ирэхэд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээд өг гэхээр нь ямар ч бичиг үсэг мэддэггүй гэсэн. Гэхдээ намайг дарамталсан гэж байгаа. Би олон cap жилээр өвдсөн, нүдний даралттай би солонгосын эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тархи толгой муу удаан бичиг цаас харж чаддаггүй гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 718 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3 791 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 927 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар 106.1-д зааснаар хариуцагч Д.Отгонбаярын нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Отгонбаярыг Daewoo маркийн DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 17 000 000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нараао 71 006 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ч.Оюунгэрэлээс 150 000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Отгонбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00180 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, доорх хууль зүйн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг үнэлээгүй талаар

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж үлэмж хэмжээний хохирол учруулсан хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэнийг тогтоогдсон.

Харин 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн хуульд Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нар нь хамрагдаж 201625020469 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон боловч зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй болно.

Тухайн эрүүгийн хэрэг прокурор дээр шалгагдаж байх үед Д.Энхтүвшин, Д.Отгонбаяр нарын бичиж өгсөн 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн төлбөрийн талаар тооцоо нийлж бичиг үйлдсэн бөгөөд энэхүү өдөр үндсэн зээл 13 170 000 төгрөгийг төлөх бөгөөд үүнээс хойш cap бүрийн 25-ны өдөр хүүг төлөх бөгөөд хэрвээ хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног бүр 30 000 төгрөгийн торгууль төлнө. Үүнээс хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 12 000 000 төгрөгийн үндсэн зээлээ төлөөгүй, харин хүүгээ төлж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, мөн үндсэн зээлээ төлөөгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тогтоосон. Иймд нэгэнт үндсэн зээл болох 12 000 000 төгрөгөө төлөөгүй гэдгийг Прокурорын газраас тогтоосон байхад анхан шатны шүүх төлсөн мэтээр тайлбарлаж шийдвэрлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нарын бичиж өгсөн зээлсэн төлбөр төлбөр 13 170 000 төгрөгийг төлөх тухай тооцоо нийлсэн бичгийг нотлох баримтаар үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлдэгч тал нэгэнт зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 6 сарын үндсэн хүүгээс гадна 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн бичгээр үндсэн зээлээ төлж дуустал cap бүр мөн адил хэмжээний хүүг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч хүүгийн хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлт гарган сар бүр хүү төлж байснаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх талуудын мэтгэлцээгүй асуудлаар дур мэдэн шийдвэр гаргасан.

4. Мөн нэхэмжлэгч миний дансанд төрсөн хүүгээс өөр зориулалтаар өгсөн 665 000 төгрөгийг бас н.Пүрэвсүрэн гэх хүний өгсөн 2 900 000 төгрөгийг хүртэл зээлд төлсөн мэтээр шууд нэг талын худлаа тайлбараар дүгнэсэн явдал нь үнэнээс хэт зөрүү шийдвэр болж нэхэмжлэгч намайг хохироож байна.

5. Мөн шүүх хуралдаанд өдрийн 30 000 төгрөгийн торгуулийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэж тооцсон тухай тайлбарлсан байхад шийдвэртээ 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс тооцсон гэж тайлбарлсан тайлбарыг өөрөөр тайлбарлан дүгнэсэн.

6. Хариуцагчийн хүсэлтээр миний ХААН банкны дансны хуулгыг авахдаа зээлийн харилцаа үүссэн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс биш 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс авч миний хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж хайхрамжгүй хандаж байгаад маш их гомдолтой байна.

7. Мөн тухайн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хурал болоход гэрчийг асуух болон урд нь болсон шүүх хуралдааны тэмдэглэл, захирамж байхгүй, шүүх хуралдааны даргалагч шүүгчийг томилсон шийдвэр байхгүй, мөн шүүхэд нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахгүйгээр шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулан явуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул энэ хэрэг шударга үнэн зөв шийдэгдсэн гэхэд эргэлзээ төрж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00180 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг, эсхүл хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь хариуцагч Д.Отгонбаяр, Д.Энхтүвшин нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 34 718 000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байршуулсан Daewoo DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашиныг Ч.Оюунгэрэлийн эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Д.Отгонбаяр Daewoo маркийн DV15T маркийн УН072-44 улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 62 дугаар тал/

 

Уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/06420 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 30 минутад хийхээр товлосон боловч хариуцагч Д.Отгонбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийхээр хойшлуулсан ба уг өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах гэсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 40 минут хүртэл тус тус хойшлуулсан байна.

/хэргийн 58, 81-82, 103 дугаар тал/

 

Гэтэл шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримт, шийдвэрийг цахим санд байршуулах мэдэгдэх хуудас, хэргийг хөтлөх, эмхлэх тухай баримтуудад шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолж 180 дугаар авсан байх ба шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн огноо буюу өдөр нь засвартай болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон шүүхийн шийдвэр гардуулсан гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар товлосон хугацаанд шүүх хуралдааныг явуулаагүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

/хэргийн 79-89, 125-137 дугаар тал/

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР