Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 881

 

 

Зохигчийн эвлэрснийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би: Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 3-229 тоот хаягт оршин суух Т.Өлзийжаргалд холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Өлзийжаргалаас 270,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Т.Өлзийжаргалын төлбөрөөс алдангийн 100% буюу 90,000 төгрөгийг чөлөөлж, үлдэгдэл төлбөр 180,000 төгрөгийг 2017 оны 5 сарын 24-ний өдөр төлөх хүсэлтийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Өлзийжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Жи мобайл” ХХК нь Өлзийжаргал надаас 270,000 төгрөг нэхэмжилсэн. “Жи мобайл” ХХК-ийн төлөөлөгч М.Цогбадрахтай миний бие харилцан ярилцсаны үр дүнд “Жи мобайл” ХХК нь 90,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 180,000 төгрөгийг миний бие 2017 оны 5 сарын 24-ний өдөр төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Жи мобайл” ХХК нь Т.Өлзийжаргалаас 270,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 90,000 төгрөгийн алдангиас татгалзаж үлдэгдэл 180,000 төгрөгийг Т.Өлзийжаргал 2017 оны 5 сарын 24-ний өдөр  төлөхөөр тохиролцсон байна.  

Зохигч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123  дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи мобайл” ХХК нь 90,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж,  Т.Өлзийжаргал  нь  180,000  төгрөг /2017 оны 5 сарын 24-ний өдөр төлөх/-ийн хэмжээнд  зохигч эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  “Жи мобайл” ХХК-ийн  улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний 50% буюу 4.375 төгрөгийг  Т.Өлзийжаргалаас,  улсын орлогоос 4,375 төгрөгийг  гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг  Т.Өлзийжаргал сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид  зохигч тэдгээрийн төлөөлөгч,өмгөөдөгч  давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                  

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ