Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1620

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01142 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 164 665 төгрөг гаргуулах,

Хариуцагч Б.Энхтүвшин нь нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир, Т.Дуламжаргал,

Хариуцагч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40 мянгат гудамж, 3 дугаар байр, 32 тоотод оршин суугч Б.Энхтүвшин нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 164 665 төгрөгийн хэрэглээний төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Түүнд төлбөрийг төлөх тухай удаа дараа мэдэгдэл хүргүүлэн сануулж байсан ч одоог хүртэл төлөлгүй байгууллагыг хохироож байгаа тул хэрэглэгч Б.Энхтүвшингээс 164 665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эрчим хүч хэрэглэсний төлбөрийг жил жилээр нь 2 удаа төлсөн бөгөөд ээжийндээ амьдардаг болсон тул тухайн байр эзгүй, хоосон байсан. Сүүлийн үед сар сараар нь тогтмол төлөх болсон ба сарын 10-ны өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй байж үзээгүй. Төлөгдөөгүй төлбөр надад байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би байрны болон эрчим хүчний төлбөрөө тогтмол төлдөг журамтай, үйлчлүүлэгч байхад 2015 оны 09 сараас эхлэн одоо хүртэл хүний нэр алдрыг гутааж, ор үндэсгүй тооны мөнгө нэхэж, хаалга үүдэнд мэдэгдэл шаардлага олон удаа цавуудаж нааж байсан тул хохиролд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.Энхтүвшин нь цахилгаан эрчим хүчний төлбөрөө урьдчилан болон сар сараар төлж байсан нь харагдаж байгаа ч бичилт орлогыг харьцуулан үзэхэд зөрүү гарсан буюу үлдэгдэл 164 665 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт үлдсэн байна. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу манай байгууллага иргэн Б.Энхтүвшинтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан.

Гэрээний 4.8-д хэрэглэгч цахилгаан эрчим хүчний төлбөрөө урьдчилан төлж болно гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.9-д цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглаж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, хэрэглэгч төлбөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 3 өдрийн дотор хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн заалтыг зөрчиж хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.5-д зааснаар хэрэглэгч цахилгаан эрчим хүчний төлбөр, нэмэлт төлбөр, үйлчилгээний хураамж, нөхөн тооцооны төлбөрөө төлөөгүй, хангагчийн шаардлага, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалтыг биелүүлээгүй бол төлбөрөө төлөхийг албан ёсоор шаардах, сануулах түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх эрхтэй гэж заасны дагуу мэдээллийг мессэжээр болон хуудсаар илгээсэн болно. Байгууллага иргэний нэр алдрыг гутааж, ор үндэслэлгүйгээр цахилгаан эрчим хүчний төлбөр нэхэмжлээгүй. Хариуцагч Б.Энхтүвшингийн нэхэмжилж буй 3 000 000 төгрөгийн хохирол ямар шалтгааны улмаас хэн үүсгэсэн эсэх нь тодорхой үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Б.Энхтүвшингээс 164 665 төгрөг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэл, Б.Энхтүвшингийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 990 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээс сүлжээ ТӨХК нь хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 164 665 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, нэр, алдрыг гутаасан гэм хорын хохиролд 3 000 000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасныг, зохигчид, харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан, хариуцагч уг гэрээний дагуу сард дунджаар 10 000-15 000 төгрөгийн цахилгаан эрчим хүчээр хангагдаж, гэрээний 4.8-д зааснаар төлбөрийг жилээр болон сараар урьдчилан төлж байсан үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

Түүнчлэн зохигчдын тайлбар хэрэгт авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзвэл хариуцагчийг гэртээ байгаагүй хугацааны хэрэглээг тоолуурын бус заалтаар тооцон гаргаснаар өр болсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Б.Энхтүвшин сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ эрчим хүч хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд болон урьдчилан төлсөөр байтал энэ үүргээ биелүүлэх мэдэгдэл, шаардлагыг хаалганд наах, хаягаар ирүүлэх, утсанд захиа үлдээх зэргээр нэр алдар гутаасны хохирол гэх агуулгаар 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.9-д зааснаар хэрэглэгч нь төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд 3 өдрийн дотор хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, 4.11, 6.4.6-д зааснаар удаан хугацаагаар эзгүй байх үед хангагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагыг хэрэглэгч Б.Энхтүвшингийн нэр алдарт зориуд халдсан, үүний улмаас түүнд сөрөг нэхэмжлэлээр шаардсан хэмжээний гэм хор учирсан гэж үзэхгүй.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-д зааснаар шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолд дурдаагүй боловч мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА