Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г..” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0660 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Г..” ХХК

Хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.А.., Д.Б... нар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, Д.А

Хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.А..

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

 

Хэргийн индекс: 128/2022/0396/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0660 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 11.19 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.13, 6.1.14, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.1, 50.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг тус тус баримтлан “Г..” ХХК-д шийтгэл ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг зөвтгөн шинээр гаргах хүртэл Хан-уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэн”шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж буй нөхөн ногдуулалтын НА-23210000201 тоот актын зөрчлийн тухайд:

1. НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн тэмдэглэх хэсгийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн тухайд

Нөхөн ногдуулалтын актад 2019 оны 8-11 саруудын 1,172,929,915.85 төгрөгийн борлуулалтыг НӨАТ-н ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги хүлээлгэснийг Маргаан таслах зөвлөл хянаж үзээд 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулсан. Нэхэмжлэгч нь тус зөрчилд холбогдох үлдсэн 143,444,988.51 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлээ дараах байдлаар гаргаж байна. Татварын улсын байцаагчид уг зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19.4 дэх заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19.4-т "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж зааснаас харахад энэ зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийн тулд хүн, хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байх хуулийн урьдчилсан нөхцөлтэй байна. Тус компани 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн ба мөн оны 8-11 саруудад НӨАТ-н суутган төлөгчөөр бүртгүүлээгүй байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гэрчилгээ олгосон буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн албан татварын суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулна. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх зарчим үйлчилдэг. Хууль зүйн үндэслэл нь холбогдох хуулийн заалтыг бичихийг шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтыг актын тогтоох хэсэг болон тус актын хавсралт ХШ06/02 маягтын 2 дугаар мөрийн хариуцлага тооцсон хуулийн заалт баганад Зөрчлийн тухай хуулийн 11.19.4 дэх заалт гэж маш тодорхой бичсэн байна.

Мөн тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д зааснаар тус компани 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэж, тус хуулийн 6.1-д зааснаар албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр багтаан гаргах, уг өргөдлийг тус хуулийн 6.1-д зааснаар харьяалах татварын алба хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох хуулийн зохицуулалттай. Татварын хуульд татвар төлөгчөөр бүртгүүлэхэд тодорхой хугацаа зааж өгсөн нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах бөгөөд энэ хугацаанд хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 110,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 151,800,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөгийн борлуулалт нь е-баримтад тусгагдсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ямар нэг зөрчилд тооцогдохгүй. Маргаан таслах зөвлөл 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг 110,000,000 төгрөгийн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн өдөр гэж үзэн зөрчлийн дүнг бууруулсан. “Г.." ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээтэй болох үүргээ зөрчиж, зөрчил гаргасан боловч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлж, №0061837 дугаар бүхий гэрчилгээтэй болсноор дээрх зөрчлийг арилгасан. Өөрөөр хэлбэл татвар төлөгч гаргасан зөрчлөө арилгаж, зөрчлийн шинжгүй болгосон. Нэгэнт энэ зөрчил нь зөрчлийн шинжгүй болсон бол 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн татварын хяналт шалгалтаар татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэхгүй байх нь Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцэх юм.

НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн тухайд.

“Г..” ХХК нь гахайн фермийн үйл ажиллагаа эрхэлдэг ба гахайн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж борлуулдаг. Тус компани зах зээлээ тэлэх зорилготой томоохон Ресторан, Сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилладаг. Энэ үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16-р зүйлд зааснаар НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тус бүтээгдэхүүнийг худалдан авдаг ресторан, нийтийн хоолны үйлчилгээ эрхчлэгч нарын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-р зүйлд зааснаар НӨАТ-с хасалт хийх эсэх талаар Татварын ерөнхий газраас тодруулахад бидэнд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3053 албан тоотоор тодорхой хариулт өгсөн.

Тухайлбал манай үйлчлүүлэгч болох ЮНА Күзин, Юна Рояал Кастл, Юна гранд, Юна дэликэйт, Юна прайм, Иная, Жэпойн, Ванкалби, Бага түшүү компанийн "Ү1ЖА” ресторанууд манай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг бөгөөд эдгээр компаниуд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу НӨАТ-ын худалдан авалтын хасалтаар бүртгэдэг байсан. 2020 оны сүүлээр Татварын ерөнхий газраас нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч этгээдүүдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтад хамаарахгүй байх чиглэл харьяа татварын албад руу гаргаж, холбогдох этгээдүүдийн НӨАТ-ын тайланд засвар оруулахыг шаардсан.

Энэхүү шаардлагын дагуу манай зарим нэг үйлчлүүлэгч НӨАТ-с чөлөөлөгддөг бүтээгдэхүүнийг заавал НӨАТ ногдуулж, падаан өгөхийг шаардаж, бид үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд тэдний хүсэлтийн дагуу манай компани 2020 оны холбогдох саруудын НӨАТ-ын тайлангуудыг засварлаж, НӨАТ-тай И-БАРИМТ-удыг нөхөж олгосон. Татварын албаны дээрх шийдвэрээс болж манай компани НӨАТ-ын чөлөөлөгдөх үйл ажиллагаанд НӨАТ ногдуулах хууль бус, аргагүй нөхцөл байдалд орсон нь татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй юм.

Татварын алба нь “Г..” ХХК-д үүссэн итгэлийг эвдсэн, буруу шийдвэрээс болж НӨАТ-с чөлөөлөгдөх бараанд НӨАТ ногдуулахдаа хохиролгүй байх үүднээс НӨАТ-ын худалдан авалтын хасалтыг хувь тэнцүүлэхгүйгээр, НӨАТ-ын ногдох орлоготой дүйцэх хэмжээгээр НӨАТ-ыг хасаж тайлагнасан. Татварын ерөнхий хуулийн/2019 он/ 5.1.2-т заасан татвар ногдуулах, төлөх, суутган төлөх, тайлагнах нь тодорхой байх зарчим, татварын албаны удирдлага мөн хуулийн 77.7.2-т зааснаар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулснаас болж бид хохирч байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.2

дахь заалт "тодорхой байх” зарчмыг баримтлан НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг хүчингүй болгох үндэслэлтэй.

НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актаар нөхөн ногдуулсан татварт алданги ногдуулсан тухайд:

Нөхөн татварт алданги тооцох тухай хуучин Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох..” гэсэн маш тодорхой зохицуулалттай байсан. Харин одоо мөрдөж буй Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дүгээр зүйлийн 73.1-т зааснаар татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцохоор хуульчилсан. Нөхөн татварт алданги тооцох тухай хуульчилж өгөөгүй атал татварын улсын байцаагч нар нөхөн татварт алданги тооцож байгаа нь хууль бус юм. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэгт татварыг Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй байхыг ойлгодог. Үүнд:

-татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;

-тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр;

-нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр;

-татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0660 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж, НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгээс 106,447,772.23 төгрөгийн нөхөн татвар, 33,016,109.65 төгрөгийн торгууль, 20,185,508.91 төгрөгийн алданги нийт 159,649,390.79 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болох талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Хариуцагч татварын улсын байцаагч нар “Г..” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр НА-23210000201 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн, 130,373,367.38 төгрөгийн нөхөн татвар, 40,420,047.79 төгрөгийн торгууль, 24,518,108.76 төгрөгийн алданги, нийт 195,311,523.93 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 216,629,992.35 төгрөгийн зөрчилд ногдох 21,662,999.24 төгрөгийн нөхөн татвар, 6,498,899.78 төгрөгийн торгууль, 4,332,599.85 төгрөгийн алданги, нийт 32,494,498.87 төгрөгийн төлбөрийг бууруулж, 1,584,488,644.57 төгрөгийн зөрчилд 108,710,368.14 төгрөгийн нөхөн татвар, 33,921,148.01 төгрөгийн торгууль, 20,185,508.91 төгрөгийн алданги, нийт 162,817,025.06 төгрөг төлүүлэхээр өөрчилсөн.

3. “Г..” ХХК нь “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэлийн 3, 4 дэх хэсэг буюу тогтоох хэсгээс 106,447,772.23 төгрөгийн нөхөн татвар, 33,016,109,65 төгрөгийн торгууль, 20,185,508.91төгрөгийн алданги, нийт 159,649,390.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

4. Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актаар “Г..” ХХК-ийн гаргасан зөрчил тогтоогдсон боловч уг зөрчилд шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д заасныг буруу хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байна гэж дүгнэн, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Г..” ХХК шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “... актын тэмдэглэх хэсгийн 4 дэх зөрчлийн тухайд Манай компани нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээтэй болох үүргээ зөрчиж, зөрчил гаргасан боловч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлж, № 0061837 дугаар бүхий гэрчилгээтэй болсноор дээрх зөрчлийг арилгасан. ... нэгэнт зөрчлийн шинжгүй болсон байхад татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэхгүй байх нь Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцэх юм” гэжээ.

5.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж, 2019 оны 8 сард нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн байх боловч уг хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаж бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Харин бүртгүүлэх үүрэг үүссэн өдрөөс гэрчилгээ авах хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого олсон боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8  дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар татвар ногдуулж төлөөгүй” байх тул татварын улсын байцаагчийн актаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу нөхөн татвар, түүний 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй.

5.2. Учир нь татварын хууль тогтоомж бүх татвар төлөгчид адил үйлчлэх бөгөөд хуульд заасан өдрөө бүртгүүлж, гэрчилгээ авч, татвараа зохих ёсоор тайлагнаж, төлж байгаа татвар төлөгчөөс хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч компани нь давуу эрх эдэлж, бүртгүүлээгүй хугацаанд олсон орлогодоо татвар ногдуулж төлөхгүй байх үндэслэлгүй тул татварын улсын байцаагчийг “шударга ёсны зарчим” баримтлаагүй гэж үзэх үндэслэлгүй.

6. Давж заалдах гомдолд “... 3 дахь зөрчлийн тухайд Татварын алба нь 2017 оны 10/3053 дугаар албан бичгээр бидэнд хариу өгсөн. “Г..” ХХК-д үүссэн итгэлийг эвдсэн, буруу шийдвэрээс болж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахдаа ... нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тайлагнасан. ... Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т заасан “тодорхой байх” зарчмыг баримталж актын 3 дахь хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэжээ.

6.1. Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/3053 дугаар албан бичигт “... Танай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “... үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотоодод борлуулсан тураг болон шулж ангилсан мах ...” гэдэг шаардлагад нийцэх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд албан татвараас чөлөөлөгдөхөөр байна. Харин бусад аргаар төхөөрч борлуулж байгаа мах хамаарахгүй болохыг анхаарна уу” гэж дурдсаны дараа “Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “... хасаж тооцно” гэж зааснаар тайлагнах үндэслэлтэй” гэжээ.

6.2. Үүнээс үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “...  албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход хамааралгүй ... үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан тохиолдолд ... зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох татварыг хасаж тооцно” гэж зааснаас өөрөөр буюу татвараас чөлөөлөгдөх орлого олоход хамааралтай үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох татварыг хасаж тооцохыг зөвшөөрсөн агуулгагүй байна.

6.3. Иймд татварын улсын байцаагчийг “... тодорхой байх” зарчмыг зөрчиж, татвар төлөгчийн итгэлийг эвдсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Мөн гомдолд “... Нөхөн татварт алданги тооцох тухай хуульчилж өгөөгүй атал татварын улсын байцаагч нар нөхөн татварт алданги тооцож байгаа нь хууль бус юм.... Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 73 дугаар зүйлийн 73.1-д заасан ...“хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар” гэдэгт мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан татварыг ойлгодог ...” гэжээ.  

7.1. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ... алданги тооцох бөгөөд ... дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэсэн заалтын “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар” гэдэгт “татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүйг илрүүлж, хуульд заасны дагуу нөхөн ногдуулж буй татвар” хамаарах бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан “татварын өр”-ийн аль аль нь хамаарахаар байна. Иймд хуулийн дээрх заалтыг зөвхөн “татварын өр” хамаарна гэж явцууруулан тайлбарлаж буй нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

9. Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг буруу хэрэглэжээ.

9.1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хэргийн нөхцөл байдал буюу “... нэхэмжлэгч нь  нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байсан 2019 оны 9-12 дугаар сар хүртэлх хугацаанд олсон борлуулалтын орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй ...” үйл баримт нь тодорхой, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байхад дээрх хуулийн заалтын дагуу маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх шийдвэрийг шүүх гаргах үндэслэлгүй байна.

9.2. Анхан шатны шүүх уг  хуулийг хэрэглэсэн шалтгаан болох захиргааны актад хуулийг буруу тусгасан гэх үндэслэл нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлд хамаарахгүй.

9.3. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны хэргийг шийдвэрлэдэг, харин захиргааны үйл ажиллагааны бүхий л алдааг засах үүрэггүй. Уг үүрэг нь захиргааны байгууллагад өөрт нь хамааралтай.

9.4. Дээр дурдсан 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй хугацаанд олсон орлогод татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул татварын улсын байцаагчийн актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

10. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж шалгах шаардлагагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэж дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн байх тул шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0660 дугаар дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 (2019.03.22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө үйлчилж байсан), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.9, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д тус тус заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгээс 106,447,772.23 төгрөгийн нөхөн татвар, 33,016,109,65 төгрөгийн торгууль, 20,185,508.91 төгрөгийн алданги, нийт 159,649,390.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Г..” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “... үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “... үлдээсүгэй” гэж, дугаарыг нь “2” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтыг бүхэлд нь хасаж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Г..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

       ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ