Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:122/2019/0005/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э-,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Б/109 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э-, хариуцагч Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1984 онд хуулийн сургуулийг төгсөөд 34 жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан. Төрийн жинхэнэ албан тушаалтны удирдах албан тушаалтан.

 Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Б26 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон ба 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж 2018 онд үр дүнгийн гэрээг 91,99%-иар дүгнүүлж байсан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байхдаа сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй юм. Миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сард хууль бусаар ажлаас халагдсан. Энэ талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэ шийдвэр биелэгдээгүй, намайг 2018 оны 08 дугаар сард хууль бусаар ажлаас халагдсанаас хойш аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 3 удаа өөрчлөгдсөн. Одоогийн томилогдон ажиллаж байгаа дарга нь төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй хуулийн шаардлага хангаагүй хүн ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 03 тоот  мэдэгдэл бичсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан ба мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхжаргал надруу утасдаж таныг ажлаас халсан цахим шийдвэрээ гардаж ав гэсэн. Би ажлаас халсан шийдвэрийг Мөнхжаргалын амнаас анх мэдсэн. Мөн Оюунчимэг надад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/101, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дугаартай захирамжуудыг хүлээлгэж өгсөн. Ажилд томилогдсоноо мэдээгүй байсан учраас ажлаас халагдсанаа мэдэх боломжгүй байсан. Надтай ажил хүлээлцээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлсэн. Ажлаас халахдаа хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй юм. Гэрч Ган-Очир, Оюунчимэг нарын мэдүүлгээр Энхцэцэгтэй ярьсан, ярьсан боловч өөрөө ажлаас халах гэж байгаа үндэслэл шалтгааныг мэдэж байсан учраас хэлээгүй гэх мэдүүлэг өгсөн байдаг. Ган-Очирын гарын үсэгтэй албан бичгийг аймгийн Засаг даргын захирамжийг гардаж авахдаа хүлээж авсан. Утсаар ярих, ажилд томилогдсоныг мэдэгдэх, утсаар ярихаар залгах, тэр хүнтэй харьцаагүй нь хоёр өөр ойлголт юм. Гэтэл өөрсдөө ярьсан гэх зүйлийг хэлдэг. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай захирамжаар томилдог. Ингэж томилохдоо шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 33.3 дахь хэсгийг үндэслэсэн байдаг.  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.3 дахь заалтад өөрчлөлт орсон. Гэхдээ энэ өөрчлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байдаг. Өөрчилсөн заалтад Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг зохицуулсан бол өмнөх заалтад томилох асуудал байгаад чөлөөлөх асуудал байхгүй байсан. Энэ заалтыг Засаг дарга захирамждаа буруу хэрэглэсэн учраас захирамжийн үндэслэх хэсэг буруу байгаа юм. Хуучин төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг үндэслэл болгосон. Шинэ, хуучин Төрийн албаны тухай хуулийн заалтууд зөрүүтэй байдаг.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэдэг боловч намайг ажилд томилсон талаар мэдэгдээгүй, сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хохироосон. Хууль бус ажиллагааг нууцаар хийсэн учраас сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.2 дахь хэсэгт /Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй/ гэж заасан байдаг. Иймд намайг дахин ажилд томилсон халсан асуудлыг энэ хуулийн заалтыг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Засаг даргын захирамжид Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэсэн байдаг. Энэ тогтоолтой би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцсан. Уг тогтоол нь хууль зөрчиж гарсан гэж үзэж тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаан буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийх хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг тогтоосон. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж тогтоолоо танилцуулсан. Энэ хуралдаанаар миний талаарх асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн урьдчилсан материал тараагаагүй байсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23, 24, 25 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ тогтоол гарснаар намайг хууль бусаар ажлаас дахин халах эрх зүйн үндэслэл бий болсон. Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоох, ажилгүй байсан үеийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулах мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан үүнийгээ дэмжиж байна. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтээ дэмжиж байна” гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Энхцэцэгийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож улмаар нэр бүхий ажилчдыг ажлаас чөлөөлж оронд нь гаднаас өөр ажилчдыг томилсон ингээд ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх маргаан эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан төрд учирсан хохирлын асуудлууд улсын байцаагчийн акт тавигдсанаар эхэлсэн. Мөн Энхцэцэг нь 2017 оны 12 дугаар сараас хойш тухайн ажлаас үндэслэлгүй халагдсан албан хаагчдыг шүүхийн шийдвэрийн дагуу хуучин ажил албан тушаалд нь эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 оны 03 дугаар сараас эхэлж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хариуцлага тооцуулах албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан. Энэ албан шаардлагыг биелүүлэхгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйг гаргаж байсан. Шүүхийн шийдвэрээр тухайн хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэг төлбөрүүд төлөгдөхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэх асуудлыг тухайн үеийн хохирогч нар удаа дараа өргөдөл, гомдол явуулж нэлээн шахалт үзүүлсний үр дүнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Засаг дарга нарт шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хариуцлага тооц, захиргааны арга хэмжээ авах албан шаардлагуудыг нийт 3 удаагийн байдлаар хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа 2018 оны Б/51 дүгээр захирамжаар Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүх дээр маргаан үүссэн. Маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүхийн шийдвэр гарахаас өмнө аймгийн Засаг дарга өөрийн шийдвэрээ хянаж үзээд утга агуулгын илэрхий алдаатай, аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим ажилчид энэ асуудалд оролцож санаатайгаар алдаатай шийдвэр гаргасан учраас энэ талаар зарим холбогдох хүмүүст сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон. Энэ цаг мөчөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Энхцэцэг нь үүрэгт ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Харамсалтай нь Энхцэцэг Б/69 дүгээр захирамжийг хүлээж аваагүй юм. Би Улаанбаатар хот явж Энхцэцэг даргатай уулзах гэж их хөөцөлдсөн. Өөртэй нь 2-3 удаа утсаар ярьж уулзах хүсэлт тавьж, захирамжийг гардуулж өгөх талаар ярьсан боловч ажилтай байна, хуралтай байна, төв аймагт явж байна гэсэн хариултыг өгч надтай уулзаагүй юм. 2018 оны 10 дугаар сард санхүү аудитын албаны улсын байцаагчийн хэд хэдэн актууд тавигдаад Энхцэцэгтэй холбоотой анхны шийдвэр гарсан. Ингээд 12 дугаар сард аймгийн Засаг даргын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж аймгийн Засаг даргад үүрэг өгсөн. Энэ шийдвэрийг захиргааны биш улс төрийн шийдвэр гэж ойлгосон.

Мөн 2018 оны 11 сард гарсан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  хариуцагч утга агуулгын илэрхий алдаатай захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс үүрэг гүйцэтгэж байсан Мөнхжаргалыг ажлаас нь чөлөөлсөн. Үүний өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан Түвшинжаргалыг ажлаас нь чөлөөлсөн юм. 2018 оны 10 дугаар сараас эхэлж Энхцэцэг дарга ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байсан ч өөрөө ирээгүй, Улаанбаатар хотод “Эрхэм элч” хууль зүйн фирмд гэрээгээр ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газартай холбогдохгүй зугтаж байсан. Түвшинжаргал даргыг чөлөөлсний дараа Энхцэцэг ажилдаа орохгүй байсан учраас яах ч аргагүй Мөнхжаргалыг дахин үүрэг гүйцэтгэгчээр томилсон боловч төд удалгүй 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/100 дугаар захирамжаар Мөнхжаргалыг ажлаас нь чөлөөлсөн.

 Шүүхийн шийдвэрийг үндэслэж Энхцэцэг даргыг дахин томилсон асуудал байдаг. Томилсон шийдвэрийг мэдэгдэх гэхээр Засаг даргын Тамгын газрын ажилчдыг хэл амаар доромжилж энэ асуудлыг хүлээж авахгүй утсаа салгаад алга болсон. Үүний дараа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч Засаг дарга үүрэг болгосны дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр захирамж гарч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж Энхцэцэгт сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан. Өмнө нь ажлаас халсан гэж нэхэмжлэгч ярьдаг. Өмнө нь Энхцэцэг даргыг ажлаас нь халаагүй төрийн албанаас чөлөөлсөн юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэсэн. Үүнтэй холбоотой, акт, дүгнэлт, шүүхийн шийдвэрүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгч байсан албан даалгавруудыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 105 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 142 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэсэн. Одоогийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Энхцэцэгийн хувьд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 105 сая гаран төгрөгийн хохирлыг учруулсан. Дээр нь төрийн албанаас үндэслэлгүй халагдсан нэр бүхий хүмүүсийг төрийн албанд эгүүлэн томилох үүргээ хэрэгжүүлээгүй юм. Ийм учраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Бидний зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх Энхцэцэгийг ажилд нь эгүүлэн томилох бүх талын арга хэмжээг авсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж бодож байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэртэй холбоотой гомдлоо тусад нь шүүхийн журмаар гаргаад биелүүлэх хуулийн зохицуулалттай юм. Энэ асуудал дээр би шүүхийг дүгнэлт хийхгүй байх гэж бодож байна. Харин нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх болон нөхөн олговортой холбоотой асуудлууд биелэгдээгүй, үүн дээр хариуцагчийн зүгээс маргаан байхгүй байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэр дээр ажлаас халсан үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдөр аймгийн санхүү хяналт аудитын алба болон аймгийн төрийн албаны дүгнэлт, Энхцэцэгт холбогдох зөрчлийн дүгнэлт, төрийн санхүү хяналт аудитын албаны 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтүүд байдаг. Үүнээс хойш 2019 оны 06 сар хүртэл аудитын байгууллагын шалгалтын дүгнэлтээр Энхцэцэгийн төрд учруулсан хохирлын талаарх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй явж байна. Ийм хүн аймгийн удирдлагад ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд орж ажиллаж болохгүй талаар шийдвэрлэсэн.

...Нэхэмжлэлд дурдагдаж байгаа аймгийн Засаг даргын 2018 оны 109 дүгээр захирамжийн зорилго нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан шийдвэр гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр тогтоолоор Энхцэцэгийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийг биелүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан байдаг. Тус эрх зүйн актын үндэслэл нь Засаг даргад чиглэгдсэн бөгөөд Хууль тогтоомжийн хүрээнд Энхцэцэгтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх эрх нь аймгийн Засаг даргад хадгалагдаж байгаа юм. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн хэлэлцүүлэх асуудал нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар тусгасан. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын болон улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Энэ тогтоолын хүрээнд Засаг даргад үүрэг чиглэл өгсөн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийгэм эдийн засгийн асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй юм. Энэ эрхийнхээ хүрээнд 09 дүгээр тогтоолыг гаргасан. 09 дүгээр тогтоол гарснаар Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас 09 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халж орон нутгийн төсөвт үлэмж их хэмжээний хохирол учруулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Э-т холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, учруулсан хохирлыг нь барагдуулахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.14-д “хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ.

            Гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд нэхэмжлэгч Ч.Э-тэй холбоотой асуудал тусгагдаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “хуралдаанд тэргүүлэгч нараас санал оруулсан, хэлэлцэх асуудлын дараалал болон шийдвэрийн төсөлд байгаагүй” гэх мэдүүлэг болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны тэмдэглэл[1] зэргээр нотлогдож байна.

            Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хурлаас нэхэмжлэгч Ч.Э-тэй холбоотой улсын төрийн шийдвэр гаргасан, уг асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан бүрэн эрхэд хамаарна” гэж тайлбарлаж байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага тооцох, түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг гагцхүү түүнийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан эдлэх бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах эрхгүй бөгөөд хуульд нийцээгүй дээрх шийдвэрийг аймгийн Засаг дарга биелүүлэх үүрэггүй.

            Иймд Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  1. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Б/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № Б/101 дүгээр захирамжаар[2] нэхэмжлэгчийг тус аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Б/109 дугаар захирамжаар[3] төрийн албанд нэг жил эргэн орох эрхгүйгээр халжээ.

            Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “төрийн албан хаагчийг олноор нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, төсөвт их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн” гэж тайлбарлажээ.

            Төрийн албаны тухай хуулийн /2002оны/  25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №  08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай”  тогтоолын 7 дахь хэсэгт “ Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ.

            Гэтэл нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны акт гарахаас 6 /зургаа/ хоногийн өмнө тухайн албан тушаалд томилж, түүний ажлыг хүлээлцээгүй атлаа Төрийн албаны тухай хуулийн /2002оны/  25 дугаар зүйлийн 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

            Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан бичгүүд, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актууд, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага зэрэг нотлох баримтууд авагдсан хэдий ч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг тус аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн № Б/51 дүгээр захирамжаар[4] ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч уг захиргааны акттай маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № Б/69 дүгээр захирамжаар[5] бүхэлд нь хүчингүй болгожээ.

            Улмаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №28 дугаар шийдвэрээр[6] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийг олноор нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, төсөвт их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж маргаж буй атлаа маргаан бүхий захиргааны актаа өөрөө хүчингүй болгож, дээрх үндэслэлээр шүүхэд мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, мөн уг шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № Б/101 дүгээр захирамжаар ажилд томилсон зэргээс дүгнэхэд хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар маргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №28 дугаар шийдвэрээр тус аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тус шүүх уг шүүхийн шийдвэрээс өмнөх үйл баримтыг дүгнэх боломжгүй, хэргийн оролцогч маргах эрхгүй болно.

             Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Э-ийн ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 15,563,227 /тооцооллыг хүснэгтээр хавсаргав/ төгрөгийг Ч.Э-т олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Төрийн албаны тухай хуулийн  /2002 оны / 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 09 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн № Б/109 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, Ч.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 2002 оны 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Э-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 15,563,227 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгохын хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 231-237 дугаар хуудас