Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0090

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

Нэхэмжлэгч С.О

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн С.О-г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О, өмгөөлөгч Г.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 123/2022/0422/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн С.Ог албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр:

2.1. “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Огийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн С.Ог албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх Үндэслэх хэсгийнхээ 7 дахь хэсэгт нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсноос хойш хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж байгаа мэтээр дүгнэжээ.

3.2. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бүрэн эрхийн хугацаа дууссан тул гэдэг шүүх хуралдаан болон нэхэмжлэлд огт дурьдаагүй үндэслэлийг нэхэмжлэгч гаргасан мэтээр гуйвуулан, шүүх өөрөө энэ үндэслэлийг зохиомолоор бий болгон, нэхэмжлэгчийг гаргасан мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой.

3.3. Хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/420 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн 4 дүгээрр хорооны Засаг даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгч Б.Бийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр албан бичиг, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон 4 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

3.4. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтууд болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбарыг харгалзаж үзээгүй төдийгүй, энэ байдпыг гуйвуулан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдсэн мэтээр дүгнэлт гаргаж шийдвэрээ гаргажээ.

3.5. “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ" гэж заасныг баримталж хуулийн 66.1-т заасан чөлөөлөх үйл ажиллагаа хийгдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа болно. Нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь өнөөдрийг хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх боломжгүй юм.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт Засаг даргын бүрэн эрхийн хугацаа заасан энэхүү үндэслэлийг гаргасан шинэ батлагдсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс батлагдан мөрдөгдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсгүүдийг үндэслэх атлаа хугацааг тоолохдоо хууль хэрэгжихээс өмнөх Засаг дарга болсон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр луу буцаан хэрэглэх нь ойлгомжгүй.

3.7. Нөгөөтэйгүүр маргаан бүхий хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжид Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосон талаар үг үсэг байхгүй бөгөөд гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой, Б/09 гэдэг захирамжийг хариуцагч гэнэт шүүхэд гаргаж ирсэн бөгөөд энэхүү захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, сонсгоогүй, маргаан бүхий захирамжид үндэслээгүй тул мэдээгүй, нэхэмжлэгчид гардуулаагүй, урьдах шүүхийн шийдвэрт ийм үндэслэлийг заасан мэтээр шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй болсон.

3.8. Мөн шүүх энэхүү захирамжид заасан “...бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэсэн гэх үндэслэлийг маргаан бүхий захирамжийг зөвтгөж бичсэнээрээ нэг талаас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн нөгөө талаас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үйл баримтыг 2017 оноос хойш ажилласан тул бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн байдлаар дүгнэсэн нь хууль эүйн үндэслэлгүй болсон.

3.9. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүйд шүүх дугнэлт хийгээгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой.

3.10. ...шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “С.Ог ажилд томилох тухай” Б/18 дугаар захирамжийн үйлчлэл 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр 4 дүгээр хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж шийдвэрээ гаргахдаа Үндсэн хуулийг баримтлаагүй төдийгүй уг хуулийг санаатай хэрэглэхээс зайлсхийж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасныг баримталж шийдвэрээ гаргаагүйд гомдолтой.

3.11. Шүүх 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа Б.Бийн мэргэшсэн, тогтвортой алдагдах эсэхэд шүүх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг ноцтой зөрчиж, шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаагүй эсрэгээрээ Б.Б болон хариуцагчийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа мэтээр.... төрийн алба мэргэшсэн, тогтвортой байна гэж дүгнэлт гаргаж шийдвэрээ гаргаснаараа 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй болно.

3.12. Нэхэмжлэгчийн эрх ашиг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдах хүртэл хугацаанд, мөн дараагийн Засаг дарга албан ёсоор томилогдох хүртэл хугацаанд, нэхэмжлэгч 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн С.Ог албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

3.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар С.Ог тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд томилж, мөн даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар түүнийг албан үүргээс нь чөлөөлсөн байна.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр С.Огийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

3.4. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар С.Ог Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөнд нэхэмжлэгч маргаж байна.

3.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж, 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулахаар тус тус хуульчилсан.

3.6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Ог Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар түүнийг албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоож, тус дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Засаг даргыг томилуулахаар тухайн ... иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ, 56.5.2энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн ... олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, 56.6Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга ... томилох хүртэл тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын үүргийг гүйцэтгэх учиртай.

3.7. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин албан тушаалдаа томилогдсон тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх хугацаа шүүхийн шийдвэрээр томилогдсон Засаг даргад хамаарахгүй бөгөөд хорооны Засаг даргад нийтийн хурлаас дараагийн Засаг даргыг нэр дэвшүүлэх хүртэл өмнөх Засаг дарга үүргээ албан ёсоор гүйцэтгэх хуулийн зохицуулалт үйлчилнэ.

3.8. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах журмыг хуулчилсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурал хуралдаж, хэн нэгнийг тус хорооны Засаг даргаар томилуулахаар уламжлаагүй болох нь тогтоогдож байна.

3.9. Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдсон байсан, ийнхүү томилогдсон өдрөөс хойш Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж зааснаар Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хугацааг дуусгавар болгосон байна ...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

3.10. Мөн анхан шатны шүүх “нэхэмжлэгч С.О нь 2013 оноос хойш тус хорооны нийтийн хурлаас олонхийн санал авч Засаг даргаар улиран сонгогдсон байхад хариуцагчаас хуульд заасан журмын дагуу томилогдоогүй этгээдийг зөвтгөж “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг үгүйсгэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

3.11. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон бусад дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

3.12. Нэгэнт шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ”, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг олгохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж  тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.6, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

             ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА