Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 123/2022/0036/З |
Дугаар | 221/МА2023/0093 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0093
Х.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Н
Нэхэмжлэгч Х.О
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 123/2022/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.О нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр:
2.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н б, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Оийн Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46 м2 2 өрөө орон сууцыг Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэн зохион байгуулахыг хариуцагч Төв аймгийн Засаг даргад даалгаж…” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шаардлагад “өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож” гэжээ. Төлбөрөө төлөөд тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах боломжтой гэсэн эрх бүхий байгууллагын хариуг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул төлбөрийг хуваан төлөх боломжтой тухай саналаа бичгээр гаргаж байсан.
3.2. Нэхэмжлэгч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо өөрөө тодорхойлох шаардлагатай ба захиргааны буруутай үйл ажиллагаа байгаа бол эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь шүүх сэргээх ба уг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь анхнаасаа хууль ёсны дагуу бий болсон байх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь зөрчигдсөн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоо үндэслэл бүхий байдлаар өөрөө тодорхойлоогүй буюу бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл гаргасан байхад шүүх түүнийг нь хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Нөгөөтэйгүүр энэ орон сууцыг надад бэлэглэсэн тул энэ миний өмч байх ёстой хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа ч нийтийн өмчийг бэлэглэх эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд аль ч хуулиар зөвшөөрөөгүй тул бэлэглэлийн асуудал огт яригдах боломжгүй юм.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” хэмээн заасан байх бөгөөд энэ хамгаалалтын асуудал болохоос бэлэглэлийн асуудлыг зохицуулахгүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “6”-г эш татсан байна. Гэвч нэхэмжлэл гаргах үед уг хууль хүчингүй болчихсон байсан тул хүчингүй хуулийг шүүх хэрэглэсэн нь буруу юм.
3.4. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6-г шүүх эш татсан байх бөгөөд уг заалтад “... аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулан шийдвэрлүүлэх” хэмээн заасан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “төлбөрөө төлөөд ав аа” гэсэн шийдвэр гарсан байхад ахин ямар шийдвэр гаргуулахаар Засаг дарга Хуралд хандах ёстой нь ойлгомжгүй байна.
3.5. Нийтийн өмчийг буюу орон нутгийн өмчийг бусдад бэлэглэх эрх Засаг даргад аль ч хуулиар олгогдоогүй байх тул орон нутгийн өмчид бүртгэлтэй аливаа өмчийг бусдад бэлэглэсэн Засаг даргын бүхий л үйлдэл хууль бус болно. Тэгэхээр бэлэглэсэн орон сууцныхаа өмчлөх эрхийг шилжүүлэхээр Хуралд хандаж, тогтоол гаргуулах үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гэсэн дүгнэлт нь хууль бус үйлдэл хийхийг тулган шаардсан агуулгатай байна.
3.6. Шийдвэрт “... Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээдийн хувьд эрх хэмжээний хүрээнд асуудлыг үйл баримтаар нь судлан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй, "...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хуралдахаар шийдвэрлэсэн хөрөнгийн үнийг үндэслэлгүй бууруулах боломжгүй ..." гэсэн хариу өгч, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ. Үнийг бууруулахгүй буюу хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай хариуг өгөөд байхад эс үйлдэхүй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.7. Орон сууцыг Засаг дарга бэлэглэсэн учраас уг бэлгээ өгөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн хуульд нийцээгүй дүгнэлтийг зөвтгөж болохгүй. Учир нь дараагийн удаад аль нэг Засаг дарга эсхүл эрх бүхий албан тушаалтан нийтийн өмчийг шүүхийн энэхүү шийдвэрийг үндэслэл болгон бусдад бэлэглээд, түүнээс улбаатай маргаануудын үүд хаалга нээгдэх болно.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Х.О нь Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар маргаж байна.
2.2. Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргасан этгээдийг “нэхэмжлэгч” гэж ойлгох ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.
2.3. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.
2.4. Анхан шатны шүүх “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д аймгийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх буюу төрийн захиргааны эрх залгамжлах эрх үүргийн хүрээнд одоо шийдвэрлэх үүрэгтэй буюу нөгөө талаас шийдэхгүй байгаа эс үйлдэхүй байна гэж” дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
2.5. Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.3-т “хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр”, 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална”, 9.4.3-т “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно”, 12.1.1-т “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Х.От бэлэглэсэн гэх Төв аймгийн Засаг даргын үйлдэлтэй холбогдуулан маргаж буй уг маргаан нь эдийн баялагтай холбогдуулан зөрчигдсөн эрхийг сэргээлгэхтэй холбоотой маргаан байх тул иргэний журмаар шийдвэрлэнэ гэж үзнэ.
2.6. Нэхэмжлэгчээс ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.М, аймгийн Засаг дарга Д.Б болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Бнар ашиглалтад ороогүй байсан орон сууцыг бэлэглэж, түлхүүрийг гардуулсан учир уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж маргаж байгаа энэ тохиолдолд эдийн баялагтай холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
2.7. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх эсэх маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Оийн “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оийн Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоотын 47.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА