Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 976

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00599 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тарант” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 678 303 204.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, П.Дэмбэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тарант” ХХК нь тус банктай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1440000661 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 554 100 ам.долларын зээлийг 360 хоногт 15.6 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай авч 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, 1 022 868 600 төгрөгийн зээлд шилжүүлсэн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ5001187092 дугаартай “Зээлийн шугамын гэрээ” байгуулан 1 166 862 138 төгрөгийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 2 104 961 838 төгрөгийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай тус тус авсан.

1440000661 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 56 036 208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 400 377 төгрөг, нийт 56 436 585 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ5001187092 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-ний тухайд зээлийн хүүгийн төлбөрт 87 304 382.20 төгрөг, нийт 87 304 382.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

ЗГ1440000661 дугаартай “Зээлийн гэрээ”-ний тухайд хариуцагч гэрээнд заасан төлбөрийн үүргээ 450 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул бидний зүгээс гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд гэрээ цуцалсан өдрийн байдлаар үндсэн зээл 2 024 835 071 төгрөг, хүүгийн төлбөрт 497 755 441.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11 971 725.14 төгрөг, нийт 2 534 562 237.53 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 104 тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай барилга /газар эзэмших эрхийн хамт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/, Да хүрээ гудамж-93 хаягт байрлах оффис, худалдааны төвийн зориулалттай барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус барьцаалан гэрээ байгуулсан.

Бидний зүгээс гэрээг цуцалж, хариуцагчид үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тогтоосон боловч хариуцагч нь топгоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч “Тарант” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 678 303 204.73 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Тарант” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Д.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 554 100 ам.долларын 1440000381 тоот “Барьцаат зээлийн гэрээ”, мөн өдрөө 288 600 ам.долларын 5000800300 тоот “Зээлийн шугаман гэрээ”-нүүдийг байгуулсан. 233 000 ам.долларыг 5000427827 гэрээ байгуулан 210 000 ам.долларыг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5000912384 тоот гэрээг тус тус байгуулан зээл авсан. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1440000637 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулахдаа 2012 оны 10 дугаар сарын 23-ны 5000800300, 5000427827, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5000912384 тоот зээлийн гэрээнүүдийг хааж 653 900 ам.долларын зээл болгон нэгтгэж гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээ 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ам.долларыг төгрөгт шилжүүлэн /1USD=1846 төгрөг/ 1 600 000 000 төгрөгийн 5000187092 тоот гэрээ болгон шинэчлэн байгуулсан. 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 144000661 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулахдаа 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1440000381 тоот зээлийн гэрээг хааж нийт 554 100 ам.долларын гэрээ болгон шинэчлэн байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээ 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1440000935 тоот зээлийн гэрээ байгуулан ам.долларыг төгрөгт шилжүүлэн /1USD=1 846 төгрөг/ нийт 1 020 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгон байгуулсан. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1440000637 тоот “Барьцаат зээлийн гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 144000661 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нүүдийг нэгтгэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1440000661 тоот “Зээлийн гэрээ” болгон нийт үнийн дүнг 2 104 961 838 төгрөг болгосон. Суурь хүүг 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь хэмжээ 19.2 хувь байна гэж ойлгомжгүйгээр хоёр өөр хүү тавьсан байдаг. Манай компанийн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүссэн төгрөгийн зээлийн оронд хариуцагч “Хас банк” төгрөгийн зээл гаргах боломжгүй, ам.долларын зээлийг хүү багатай, ханш нь тогтвортой байна, ам.доллар 1 700 төгрөгнөөс дээш ханш нь өсөхгүй гэж бидний хүсээгүй зээлийг хуурч мэхлэн өгсөн тул нэхэмжпэгчийн шаардсан 2 678 303 234 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, П.Дэмбэрэл нарт итгэмжлэл олгосон Т.Тайшир нь нэхэмжлэгч Хас банкны Хууль, хянан нийцүүлэлт хариуцсан захирал мөн гэх баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчиж байх тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар, хариуцагч “Тарант” ХХК-иас 740 277.6 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч “Тарант” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 104 тоот хаягт байрлах. үйлдвэрлэлийн зориулалттай барилга /газар эзэмших эрхийн хамт/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/, Да хүрээ гудамж-93 хаягт байрлах оффис, худалдааны төвийн зориулалттай барилгыг /газар эзэмших эрхийн хамт/ тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 740 277.6 ам.долларыг гаргуулж Хас банкинд банкинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 549 466.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж, хариуцагч “Тарант” ХХК-иас улсын тэмдмэгтийн хураамжид 9 356 491 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00599 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хавтаст хэргийн 26-29 дэх талд авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ5001187092 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-г огт дүгнэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, энэ өдөр талуудын хооронд мөн зээлийн харилцаа үүсч хариуцагч нь уг гэрээний дагуу үүрэг хүлээсэн болохыг тодорхойлолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангахгүй орхисон. Хэргийн 44-45 дахь талд авагдсан баримтаар талууд 554 100 ам.долларын зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж гэрээний мөнгөн тэмдэгтийн төрлийг өөрчилж 1 022 868 600 төгрөг болгосон үйл баримт тогтоогдоно.

Хэргийн 26-29 дэх талд авагдсан ЗГ5001187092 дугаартай зээлийн шугамын гэрээ, хэргийн 44-45 дахь талд авагдсан 1440000661 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч нь тус тус үүрэг хүлээсэн бөгөөд талууд харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай зээлийн гэрээ байгуулж эдгээр зээлийн гэрээний үүргийг нэгтгэсэн. Ийнхүү нэгтгэхдээ уг гэрээний 1.1-д хариуцагчийн авсан зээл болон зээлийн гэрээний үүргийг нэгтгэх зорилгоор байгуулж байгаа тухайгаа тодорхой заасан. /хэргийн 6-9 дэх талд авагдсан зээлийн гэрээ/. Энэ талаар хариуцагч маргадаггүй бөгөөд анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, талууд өмнө байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн шугамын гэрээний үүргийг нэгтэх талаар хэн аль нь маргаагүй байхад анхан шатны шүүх үүнийг дүгнэж үзээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Зээлийн гэрээний үүргийг нэгтэсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн 5000919495 тоот дансанд 2 104 961 838 төгрөгийн олголтыг хийсэн /хэргийн 135 дахь тал/. Өөрөөр хэлбэл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр 4 дэх хэсэгт заасны дагуу гүйлгээ хийснээр зээл олгогдсонд тооцож ЗГ1440000661 дугаартай зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн. Нөгөө талаас, мөн өдрөө хариуцагчтай тохиролцсоны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ5001187092 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж гэрээний мөнгөн тэмдэгтийн төрлийг өөрчилж 1 022 868 600 төгрөг болгосон зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг тус тус олгосон зээлийн хөрөнгөөр төлсөн.

Зээлийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэж уг гэрээнүүдийн дагуу төлөх үндсэн зээлийн төлөхөд ЗГ5001187092 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-ний дагуу бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 87 304 382.20 төгрөг, 1440000661 дугаартай зээлийн гэрээний дагуу бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 56 436 585 төгрөг тус тус хуримтлагдсан байсан бөгөөд бидний зүгээс эдгээр төлбөрийг авлагад бүртгэж энэ талаараа хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдэгдсэн /хэргийн 53-54 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үнэлж, дүгнэлгүйгээр шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхисон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх хариуцагчаас 740 277.6 ам.доллар гаргуулахаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд үүнийг тухайн өдрийн Монгол банкны ханш /2 485.16/-аар тооцвол нэхэмжлэлийн шаардлагаас 1 839 708 280 416 төгрөгийг хангаж, 838 594 924.314 төгрөгийг хангахгүй орхижээ.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00599 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн болон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 678 303 204.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тарант” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1440000131 тоот барьцаат зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, 800 000 000 төгрөгийн, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5000912384 тоот Зээлийн шугамын гэрээгээр 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, 210 000 ам.долларын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1440000637 дугаар барьцаат зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, 15.6 хувийн хүүтэй 653 900 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1440000661 тоот барьцаат зээлийн гэрээгээр 47 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй, 554 100 ам.долларын, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “2013 оны 1440000661 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн тухай гэрээгээр 554 100 ам.долларын зээлийг 1 022 868 600 төгрөгийн зээлд шилжүүлэх, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ5001187092 тоот зээлийн шугамын гэрээгээр 37 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 1 166 862 138 төгрөгийн, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1440000661 тоот зээлийн гэрээгээр 27 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2 104 961 898 төгрөгийн зээлийн гэрээнүүд тус тус авагджээ.

/хэргийн 6-10, 26-29, 37-43, 44-45, 96-101, 102-109, 110-117, 118-126 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ5001187092 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2013 оны 1440000661 дугаартай зээлийн гэрээгээр тус тус хариуцагчийн хүлээсэн үндсэн зээлийн төлбөрийг нэгтгэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1440000661 дугаартай 2 104 961 838 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, уг зээлээр нэгтэгсэн 2 гэрээний үндсэн зээлийн төлбөрийг барагдуулж, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг, сүүлийн гэрээний зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 2 678 303 204 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2014 оны ЗГ5001187092 дугаартай гэрээний талаар огт дүгнээгүй гэсэн байх ба 2012 оны 1440000381 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон уг гэрээний үүргийг шаардаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дуусгавар болсон гэрээний үүрэгт 740 277 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ төгрөгийн ам.долларт хөрвөх ханшийн хэмжээг хэрхэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хангаж, үлдэх ямар хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлгүй хариуцагчаас ам.доллараар тооцон төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үнийг тодорхойлох тухай Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дахь хэсэгт нийцээгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хэд хэдэн зээлийн гэрээний алийг нь үндэслэн нэхэмжлэгч хэдэн гэрээний хэнд хэдэн үүрэг шаардаж байгааг, сүүлийн 2015 оны зээлийн гэрээгээр өмнөх 2 гэрээ тус бүрт хамаарах ямар хэмжээний төлбөрийг нэгтгэн тооцож, суутган авсан болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч “итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүхэд хуралтай байсан. Одоо ирж явна гэж утсаар хэлсэн” гэх тайлбарыг гаргаж байхад хариуцагч ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд үргэлжлүүлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 549 466.02 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн баримтад зурсан гарын үсэг болон 5001941985 тоот данс хэний эзэмшлийн данс болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх боловч энэ талаарх шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.  

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, хэргийн үйл баримтанд дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримтыг үнэлж, шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4 421 124.06 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                             ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН                                                                                                        

                                                                                              С.ЭНХТӨР