Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1185

 

МАГАДЛАЛ

 

2017.05.19                                                Дугаар 1185                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ч.Долгормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00400 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Долгормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Суруга Монгол” ХХК, “Монгол Корпорэйшн” ХХК нарт холбогдох,

 

Хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай,

“Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох тус компанийн 2013 оны 8 дугаар сарын  21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Долгормаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч :Б.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :Б.Баасанцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт:  Ч.Долгормаа “Суруга Монгол” ХХК-тай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг Жапан таун хотхоны /Одоогийн Дөрвөн улирал цэцэрлэг/ С-1 байрны 311 тоот 139,94 м.кв байрыг 119,190 ам.доллараар худалдаж авсан байна. Тухайн үед уг байрны урд ямар ч барилга баригдаагүй, эзгүй шахуу газар байсан. “Монгол Корпорейшн” ХХК болон С-1 байрны оршин суугчдыг төлөөлүүлэн тус компаниас 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Санамж бичиг” байгуулсан. Уг санамж бичигт дурдснаар батлагдсан төлөвлөлтийн дагуу 2 давхар хаусууд С-1 байрны урд барина, өндөр байшин барихгүй гэсэн байдаг байна. Гэтэл үүргээ зөрчиж 2015 оноос манай С-1 байрны урд талд 370 айлын 6 давхар байрууд багцаагаар 50 орчим метрийн зайтай газарт баригдаж эхэлсэн. Одоо барилга угсралтын ажил нь 2 давхартаа ороод явж байна. Хэрэв дээрх өндөр барилгууд баригдвал тухайн үед зах зээлийн үнээс илүү үнэ төлж байрыг худалдан авсны хэрэг гарахгүй болох нөхцөл үүсээд байна. Мөн С-1 байрны урдуур автозам төлөвлөлтөд байхгүй атлаа тавигдсан нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчиж орон сууцны байртай хэт ойртуулж барьснаас дуу чимээ ихтэй, цонх онгойлгох боломжгүй их шуугиантай болж байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж..., холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц..., барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.4, 12 дугаар зүйлийн 12.6, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг ноцтой зөрчиж 2005 оноос барьж байсан төлөвлөлтийг оршин суугчдын саналыг авахгүйгээр өөрчилсөн. “Санамж бичиг”-ийг хүчингүй болгохоор 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна. Энэ тухай надад өмнө нь огт мэдэгдэж байгаагүй ба нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдлээ. Иймд тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож, анх танилцуулж байсан төлөвлөлтийн дагуу 2 давхраас өндөргүй барилга барихыг “Суруга Монгол” ХХК болон барилга угсралтыг гүйцэтгэж байгаа “Монгол Корпорейшн” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Суруга Монгол” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлд дурдсан 6 давхар барилга нь манай компанийн захиалан бариулж буй барилга биш бөгөөд уг барилгыг “Монгол Корпорейшн” ХХК захиалан бариулж байгаа. Иймд нэхэмжлэлийг “Монгол Корпорейшн” ХХК-д хандан гаргах нь зүйтэй болов уу гэжээ.

Хариуцагч “Монгол Корпорейшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн ярьж буй тухайн гэрээний дагуу “Суруга Монгол” ХХК нь орон сууцыг гэрээний дагуу барьж гүйцэтгэн хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. “Монгол Корпорейшн” ХХК нь “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшил газар дээр гэрээний дагуу барилга угсралтын ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2015/535 дугаар Архитекторын төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 278/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг үндэслэн тухайн газар дээр барилгын ажлыг эхлүүлсэн. Нийтийн эзэмшлийн авто замын урд талд нэхэмжлэгчийн байрнаас 100 орчим метрийн зайтай баригдаж буй болно. Хот байгуулалтын тухай хуульд эрх бүхий байгууллага төлөвлөх, төлөвлөлтийг өөрчлөхөд оршин суугчдын саналыг заавал тусгахаар заагаагүй. Иймд оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр барилга барихаар төлөвлөсөн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Санамж бичиг” нь “Дөрвөн улирлын цэцэрлэг” төслийн авто замын урд талд шинээр барьж буй орон сууцны хорооллыг барих явцад нэг талаар С-1, С-2, С-3 байрны урд зүг рүү харсан орон сууцанд амьдрах сууц өмчлөгчдийн амьдрах эрхийг зөрчихгүй байх, нөгөө талаар хорооллын барилгын үйл ажиллагаанд сууц өмчлөгчдийн зүгээс саад учруулахгүй байх зорилго бүхий санамж бичиг байдаг. Энэхүү санамж бичгийг тухайн үеийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн бөгөөд өөртэй нь байгуулсан Контрактын гэрээний 6е-д заасан “Хэлцэл байгуулах хүсэлтийг хувьцаа эзэмшигчээр хэлэлцүүлж зөвшөөрөл авна” гэснийг зөрчсөн. Нөгөө талаас Ч.Долгормаа нь нийт оршин суугчдаас нэр бүхий 5 нь оршин суугчтай хэлцэл хийх зөвшөөрөл олгосон атал ганцаараа хэлцэл байгуулж өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн тул дээрх санамж бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах ба хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгө шаардах эрхгүй юм. 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 186 дугаар зүйлийн 186.1, зааснаар “Суруга Монгол” ХХК, “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Долгормаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Санамж бичгийг өвөрмөц агуулга бүхий гэрээ гэж дүгнэсэн байна. Хэрэв шүүх Ч.Долгормаа болон “Монгол Корпорэйшн” хооронд хийгдсэн санамж бичгийг гэрээ гэж дүгнэсэн бол уг гэрээгээр зохицуулагдаагүй харилцаанууд Иргэний хуулиар зохицуулагдах ёстой. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт "...Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ." гэж ззаснаар бол зохигчид үүргээ биелүүлэх ёстой. Мөн “Суруга Монгол” ХХК-иас оршин суугчдад илгээсэн 2013 оны 05 дугаар сарын 22-ны албан     бичиг нь С.Долгормаагийн нэхэмжлэлд дурдсан Жапан таун хороололын төлөвлөлтийн талаар гэдэг нь ойлгомжтой бөгөөд үүнийг баталгаажуулан “Монгол Корпорэйшн” ХХК Ч.Долгормаа нарын хооронд санамж бичиг үйлдэгдсэн гэж ойлгохоор байна. Иймээс энэ “Суруга Монгол” ХХК албан бичиг болон “Монгол Корпорэйшн” ХХК-ийн санамж бичгүүд нь нэг зүйлийн тухай буюу хороололын төлөвлөлт анх төлөвлөсөн байдлаар үргэлжилнэ гэдгийг баталгаажуулсан баримтууд юм. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц гэрийг;" хэлнэ гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл нийтийн зориулалтай биш дангаар амьдрах зориулалт бүхий байшин гэдэг нь үүнээс ойлгогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар арилжааны банкууд амины орон сууц гэдгийг "...Амины орон сууц гэж хотын зураг төсөлд орсон. 400 м.кв-иас дээш талбай бүхий өөрийн эдлэн газартай төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, холбогдоогүй боловч мэргэжлийн байгууллагын баталсан тусгай технологи, стандарт бүхий дулаан, бохирын шугам сүлжээтэй, нэгээс дээш давхар бапна." гэж тодорхойлжээ. Эдгээр тодорхойлолтоос үзвэл амины орон сууц гэдэг нь 1-3 давхар өндөртэй өөрийн эдлэн газартай байшинг ойлгохоор байна. Яг энэ шаардлагыг хангасан амины орон сууцнууд анх Жапан таун хотхоны төлөвлөлтөнд туссан бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Тэгэхээр “Монгол Корпорэйшн” ХХК нарын хооронд байгуулсан санамж бичигт амины орон сууц гэдэг нь хэвшсэн ойлголтоор 1-3 давхар хувийн эдлэн газартай байшинг ойлгохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь хариуцагч “Суруга Монгол” ХХК, “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдуулан хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгах, Монгол Корпорэйшн ХХК-ийн    2013 оны 8 дугаар сарын  21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Суруга Монгол” ХХК-тай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулан орон сууц худалдан авч байх үед манай байрны өмнө төлөвлөлтийн дагуу хаусууд баригдах ёстой байтал 2015 оноос эхлэн 370 айлын, 6 давхар байрууд баригдаж байгаа, төлөвлөлтөд байхгүй авто зам тавьж байгаа нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна, 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Корпорэйшн” ХХК-тай байгуулсан “Санамж” бичигт тохиролцсонооор тус компани нь С1, С2, С3 байрны шууд урд талд зөвхөн амины орон сууц барих үүргээ зөрчсөн, энэ санамж бичгийг хүчин төгөлдөр бус гэх 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хурлын тэмдэглэл үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...2 компани хамтран ажиллах гэрээний дагуу “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Монгол Корпорэйшн” ХХК орон сууц барьж байгаа нь хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөөний дагуу хийгдэж байгаа ажил...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Долгормаа нь хариуцагч “Суруга Монгол” ХХК-тай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Дөрвөн улирлын цэцэрлэг хороолол, С-1 орон сууцны 311 тоотыг худалдан авсан, 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ч.Долгормаа болон “Монгол Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нарын хооронд байгуулагдсан “Санамж” бичигт зааснаар тус компани нь С1, С2, С3 байрнуудын шууд урд талд зөвхөн амины орон сууц барина гэсэн байна.

Дээрх бичгийг “компанийн хувь нийлүүлэгчдэд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны /С1-С3/ урд талд 7 давхар орон сууцны барилга баригдаж байгаа нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу, зохих этгээдийн зөвшөөрөлтэй тул хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй юм.

Иймд “2 давхраас өндөргүй барилга барихыг хариуцагчид даалга” гэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны урд талд 7 давхар барилга баригдаж байгаа нь түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэх байдал баримтаар тогтоогдоогүй, хариуцагч “Монгол Корпорэйшн” ХХК-тай байгуулсан “Санамж” бичгийг хүчингүй болгосон тухай тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хэлцэл гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь өөрийн эрх зөрчигдсөн талаар, өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

              ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ