Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00077

 

“... Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1816 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... Капитал ББСБ” ХХК

          Хариуцагч: Х.Гд холбогдох

          37,172,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “... Капитал ББСБ” ХХК  Х.Гтай 2017-10-04-ний өдөр 30 сая төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, зээл олгожээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж,11 байр 65 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг Х.Гд удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Иймд  Х.Ггаас нэмэгдүүлсэн хүү 272 000 төгрөг, үндсэн хүү 6,9сая төгрөг,үндсэн зээл 30 сая төгрөг, нийт 37,172,000 төгрөг гаргуулж,үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч хариу тайлбартаа: “... Капитал ББСБ” ХХК-аас 30 сая төгрөгийг зээлж авсан. Засгийн газраас төслийн шугамаар зарцуулагдахад зориулагдсан зээл гэдгийг “... Капитал ББСБ” ХХК-д хэлсэн. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн гэрээнд өмчийг ямар тохиолдолд шилжүүлэх тухай тодорхой заасан байх учиртай. Нэг талдаа хохиролтой байдлыг бүрдүүлсэн. Анхнаасаа 1 жилээр зээл хүссэн . Гэрээ байгуулж зээл авсан, гэрээний хугацаа дууссан нь үнэн. Учир байдлаа хэлсээр байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг нь зөвшөөрөхгүй байгаа. Төслөөс мөнгө орж ирээгүй бөгөөд тухайн зээл төлөлт нь Х.Ггаас шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэрээр Иргэний Хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Ггаас 37 172 000 төгрөг гаргуулж “... Капитал ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Баянхошуу гудамж,11 байр 65 тоот хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1816 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.   

      Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан гэрээний стандарт нөхцөлийн талаарх зохицуулалтыг хэрэглэх байсан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 202.1-д “Стандарт нөхцөлийг тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.Иргэний хуулийн 202.2 Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна: ...202.10 санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон” гэж заасан байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.4 дэх заалтад гэрээний санал гаргагч тал буюу зээлдүүлэгчийн шаардах эрхийг зээлдэгчид илтэд хохиролтойгоор тусгасан байсан бөгөөд үүнийг талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоогоогүй болно. Иймд гэрээний дээрх хүчин төгөлдөр бус нөхцөлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “... Капитал ББСБ” ХХК 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 6,900,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,000 төгрөг нийт 37,172,000 төгрөг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр “... Капитал ББСБ” ХХК нь 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй Х.Гд зээлүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Улаанбаатар хотын, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 11 байр 65 тоот хоёр өрөө орон сууцыг барьцаалсан байна.

      Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

         Шүүх “... Капитал ББСБ” ХХК болон Х.Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

        Нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, зээлдэгч мөнгийг хүлээн авсан боловч тохирсон хугацаанд нийт 1,780,000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогджээ.

         Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

        Иймд шүүх хариуцагчаас үндсэн зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулсан нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1816 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 415.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ