Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/00853

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

    Дугаар 182/ШШ2017/00853

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Л.Ч

Хариуцагч: “ТБ” ХХК

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Л.Чнь ТБнд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд харилцагчийн эрэлт хэрэгцээнд тохирох, үр ашигтай шинэ санаа, төслүүдийг судалж танилцуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны хөгжлийн хандлагыг судалж, шинэ санаа гаргах ажилд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. 2013 онд ТБны “Алтан соёмбо”, 2014 онд ТБны “Талархлын бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан. ТБнд ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ТБны Хөдөлмөрийн дотоод журам, ТБтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 95 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан.ТБны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан “орон тоог цөөрүүлж, зардал бууруулах”-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай Л.Ч-турьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан учраас энэхүү шалгалтыг Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ болон Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг танилцуулаагүй.  Л.Ч-ыг ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй болно.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажилтны хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй, тэгсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын гаргасан “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Дээрх дүгнэлт нь үүнд заасан дүгнэлт болж чадаагүй.

Нэхэмжлэгчийг харъяалах газар, хэлтсийн даргын үнэлгээний хувьд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Х, Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Э нар үнэлсэн ба үнэлгээ нь “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болжээ. 9 үзүүлэлтээр үнэлсэн ба эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод огт хамааралгүй үзүүлэлт байдаг.

Үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Тийм учраас Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Х, Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Э нарын өгсөн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт аваад журамд заасан даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалт аваагүй. Ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжпэгч Л.Ч-аас авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 1,2,3,18,28 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан, бусад нь ажил, үүрэгтэй нь огт хамааралгүй болно.

 “Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ” гэх боловч хариуцагч энэ талаар ямар нэгэн баримт гаргаагүй, томилогдсон комиссын төлөөлөл нь оролцоо, чанарын үнэлгээг хэрхэн гүйцэтгэсэн, оролцоо, чанарын үнэлгээ гэдэгт юуг хамааруулсан нь тодорхойгүй байна.

 “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт”-ийг үнэн зөв, үндэслэлтэй, бодитой гарсан гэж үзэх боломжгүй, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэхгүй байна.

 “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт”-д комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 2.4-д “Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаан нь гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэй болно” гэснийг ноцтой зөрчсөнийг анхаарах шаардлагатай байна.

Иймд Л.Ч-ыг ТБны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ТБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар ТБны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн ба тушаалын 1 дүгээр хавсралтаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан. Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг баталсан. Гүйцэтгэх захирлын баталсан “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил ур чадварыг 3 шалгуураар шалгахаар тогтоосон бөгөөд үүнд:

А. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ

Б.  Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ

В. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 шалгуурын нийлбэр дүнгээр үнэлгээг гаргахаар заасан.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж, нийт 30 хувь, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан үзүүлэлтүүдээр үнэлж, нийт 30 хувь, Оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар бүхий ажиллагаа 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ТБны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Л.Ч багтсан. Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн ажилтнууд хамрагдсан. Түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээллийг хамрагдах ажилтнуудад мэдэгдэж, гарын үсэг зуруулсан.

Ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актууд, банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг. Тухайлбал, Л.Ч-ын ажлын байрны чиг үүрэгт хамаарагдах асуудал- бүтээгдэхүүний борлуулалт, шинэ бүтээгдэхүүн бий болгох, маркетингийн үзэл баримтлал, түүний урамшуулалын систем, судалгааны аргууд, идэвхжүүлэх хандлага зэргийг тусгасан байдаг. Мөн оролцоо чанарын үнэлгээнд хамаарах асуулт нь ТБны стратегийн Бүтээгдэхүүн хөгжлийн газрын тавьж буй зорилт, бүтээгдэхүүний хүү шимтгэлийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн бий болгох нөхцөл шаардлага зэргийг хамарч, харилцан ярилцаж үнэлсэн байдаг. Журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана гэж заасан ба Л.Ч өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаагүй.

Л.Ч-т 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Л.Ч гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 2006 оны 33 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй юм.

Банк дээрх байдлаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно. Нэхэмжлэгч Л.Ч нь Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 12.00, Мэдлэг ур чадвар сорилго 18.00, Оролцоо, чанарын үнэлгээ 26.87 нийт 56.87 хувиар шалгагдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 2003120027 дугаар ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч ТБны Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 дүгээр тушаалаар Л.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх захиралын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсний дараа Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцласан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан.

Иймд Л.Ч-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, ажил хүлээлцсэн акт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам, удирдамж, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам, түүнд харгалзах үзүүлэлтүүд, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалт, ажилтны мэдлэг, ур чадварын түвшинг үнэлсэн баримтууд, комиссын шийдвэр, комиссын дүгнэлт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр, компанийн дүрэм, Л.Чулуужавыг ажлаас чөлөөлөхөөс өмнөх 8 улирлын ажлын үнэлгээний талаар “ТБ” ХХК-ийн компьютерийн программд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Л.Ч нь ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Л.Ч нь ТБ ХХК-д Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

“ТБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар ТБны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 оны 11 сарын 10-наас 15-ны өдрийн хугацаанд явуулахаар шийдвэрлэж, комиссыг байгуулж, “ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ыг баталжээ. Уг журмаар ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд гэрээний үндсэн дээр ажиллах шинжээчийн багийн гишүүдийг оролцуулан, комиссын гишүүд зохион байгуулахаар заасан байна.

ТБ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалттай  Л.Ч танилцсан, шалгалт өгнө гэж тэмдэглэгдсэн байна.

Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах , “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ.

Журмын 3.3.2-т комисс мэдлэг ур чадварын үнэлгээг шинжээчийн багийн оролцоотой зохион байгуулна, 3.3.3-т комиссын даргын томилсон комиссын төлөөлөгч оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэнэ, 3.4.4-т комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтанд хамруулах /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно гэж заажээ.

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэгбүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтонд заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлах үүрэг өгөгдөж байсан нь албан бичгээс харагдаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харъяалах хэлтсийн дарга нь 15 оноо, газрын дарга нь 21 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 12 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэснээс харагдаж байна.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан байна. Энэ журмын 4.1-4.3-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажлын байрны онцлог, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан шинжээчийн багийн гишүүний урьдчилан боловсруулсан сорилгын хэлбэрээр авч дүгнэжээ. Сорилго 30 асуулттай, хариултыг өгөгдсөн хувилбаруудаас сонгох байдлаар хийгдсэн байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны зорилго нь харилцагчийн эрэлт хэрэгцээнд тохирох, үр ашиг авчрахуйц шинэ санаа, төслүүдийг судалж танилцуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны хөгжлийн хандлагыг судалж, шинэ санааг гаргах асуудал байна. Сорилго нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн өсөлтийн үе шатууд, үе шатуудад компаний барих стратеги, шинэ бүтээгдэхүүн бий болох процесс, бүтээгдэхүүний үнэ, үнийн стратеги, хэрэгцээний шатлал, эрэлтийн төрлүүд, судалгаа, түүний аргууд гэх мэтчилэн банкны бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтэс, түүний мэргэжилтний ажил үүрэгтэй холбоотой асуудлыг хамарсан байна.  Энэ шалгуураар 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 18 оноо авсан байна. Үнэлгээг тэр дор нь танилцуулж, нэхэмжлэгч баримт дээр гарын үсэг зурсан байна.

Оролцоо, чанарын арга хэмжээг явуулахдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна, ингэхдээ ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар журмын 6 дугаар зүйлд заажээ. Энд ажлын байрны тодорхойлолтод эзэмшсэн мэргэжил хэр нийцэж байгаа, банкны стратеги зорилт, ажилд ороод санаачилсан зүйл, шинэ программ нэвтрүүлэхэд оролцдог эсэх, бүтээгдэхүүн хөгжлийн талаар ажилласан туршлага, шинжлэх ухааны судалгааны арга зүйн талаар, банкны бүтээгдэхүүний хөгжлийн стратеги, бүтээгдэхүүний хүү шимтгэлийн нөхцөл, судалгааны шинэ аргыг нэвтрүүлсэн байдал, цаашдын зорилт гэсэн 10 үзүүлэлтээр нэхэмжлэгчтэй ярилцаж үнэлэхэд 40 оноо  авах ёстойгоос 26.87 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна. Нэхэмжлэгч нийт 56.87 хувийн оноотойгоор үнэлэгдэн, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж түвшин тогтоох комиссын дүгнэлт гарчээ.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр банкны Удирдлагын хороо, Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлж, дээрх комиссын дүгнэлт, хурлын шийдвэрийг Гүйцэтгэх захирал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үндэслэжээ.

Нэхэмжлэгч урьд ажил сайн дүгнэгддэг байсан байхад газар, хэлтсийн даргын үнэлгээ оновчтой болоогүй, “Бизнес хөгжлийн газар”, “Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтэс” байхад Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газар, бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирал, дарга нар үнэлгээг өгсөн,мөн журам батлагдахаас өмнө үнэлгээг хийсэн, сорилгоос гадна даалгаврын гүйцэтгэл, ажлын байрны үзлэг хийх байсан, оролцоо, чанарын ярилцлагын үнэлгээг гүйцэтгэсэн комиссын төлөөллийг томилсон эсэх нь тодорхойгүй, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөнгүүтээ ажлыг хүлээн авсан, комиссын дүгнэлтэд зөвхөн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан нь асуудлыг олонхиор шийдвэрлэсэнд эргэлзүүлж байна  гэж тайлбарлаж байна.

Банкны “Бизнес хөгжлийн газар”, “Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтэс” нь байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газар, бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтэс нэртэй болсон байх ба тэр газар, хэлтсийн дарга нар 1 дэх арга хэмжээний үнэлгээг өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 8 улирлын ажлын үнэлгээний талаарх баримт хэрэгт авагдсан ба ажлын үзүүлэлтийг 1-6 гэсэн оноогоор дүгнэдэг, нэхэмжлэгч дээрх хугацаанд 3, 4 гэсэн оноогоор үнэлэгдэж байжээ. 3 оноо нь үр дүнг харуулсан боловч чанарын хувьд стандартаас доогуур үзүүлэлт үзүүлдэг, 4 оноо нь гүйцэтгэлээс хүлээгдэж буй үр дүн, чанарыг хангасан үзүүлэлт гэж үздэг байна. Газар, хэлтсийн даргын үнэлгээ зөвхөн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хамрахгүй ба зөвхөн хамаатай хэсэгт оноо нэмлээ гэхэд энэ нь нийт оноо 60-аас дээш хувьтай болж, “ажилд тэнцэх”-эд хүрэхгүй байна. Газар, хэлтсийн даргын үнэлгээ батлагдсан загвар дээр хийгдсэн ба загвар дээрх 2016-11-01 гэснийг засварлалгүй гаргаснаас үнэлгээ 2016-11-03-ны өдөр батлагдсан журмын өмнө хийгдсэн мэт харагдаж байна гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой, нөгөө талаар энэ нь ажилтны урьдын ажил байдлыг үнэлж буй тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэл ач холбогдолтой үндэслэл биш байна.

 

Журамд ажлын байрны онцлогоос шалтгаалж ажилтнаас сорилго авах, эсхүл даалгавар гүйцэтгүүлэх, эсхүл ажлын байрны үзлэг хийхээр зохицуулсан ба нэхэмжлэгчийг сорилгын арга хэмжээнд хамруулжээ. Даалгавар гүйцэтгүүлэх, ажлын байрны үзлэг хийх нь жолооч, үйлчлэгч зэрэг ажлын байранд ажиллаж буй ажилтанд хамааралтай байна.

 

Нэхэмжлэгчийн оролцоо, чанарын арга хэмжээний үнэлгээн дээр Н.Б /комиссын гишүүн/, Г.Х, Я.О нар томилогдон ажилласан нь түвшин тогтоох комиссын даргын баталсан хуваариас харагдаж байна.

 

ТБны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар үнэлгээний дүнг нэгтгэн, комиссын дүгнэлтийг хавсралтаар баталж 07 тоот шийдвэр гаргажээ. Хавсралт нь дарга, нарийн бичгийн даргын гарын үсэгтэй байснаар зөвхөн дарга, нарийн бичгийн дарга дүгнэлт гаргажээ гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Мөн ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгмөгц ажлыг хүлээн авсан боловч ажлаас чөлөөлөгдөхөө 1 сарын өмнө мэдсэн байх ёстой нэхэмжлэгчийн эрхийг хангаж, мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, уг хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн “ТБ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай “ТБ” ХХК-д холбогдуулж гаргасан Л.Ч-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД