Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1394

 

Л.Чулуужавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Чулуужавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Чулуунжав,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Чулуужавын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Төрийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд харилцагчийн эрэлт хэрэгцээнд тохирох, үр ашигтай шинэ санаа, төслүүдийг судалж танилцуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны хөгжлийн хандлагыг судалж, шинэ санаа гаргах ажилд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. 2013 онд Төрийн банкны "Алтан соёмбо", 2014 онд Төрийн банкны "Талархлын бичиг"-ээр тус тус шагнагдаж байсан. Төрийн банкинд ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 95 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан "орон тоог цөөрүүлж, зардал бууруулах"-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас "Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох" шалгапт авсан. Гэвч шалгалт авах тухай Л.Чулуужавт урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан учраас энэхүү шалгалтыг Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй байна. Энэ шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ болон дүгнэлтийг танилцуулаагүй. Л.Чулуужавыг ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй болно.

Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын хамрах хүрээ тодорхойгүй, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажилтны хийж гүйцэтгэсэн, одоо хийж гүйцэтгэж байгаа болон цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй, тэгсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т "ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Дээрх дүгнэлт нь үүнд заасан дүгнэлт болж чадаагүй.

Нэхэмжлэгчийг харъяалах газар хэлтсийн даргын үнэлгээний хувьд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг, Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр нар үнэлсэн ба үнэлгээ нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болжээ. 9 үзүүлэлтээр үнэлсэн ба эдгээр нь ажлын байрны тодорхойлолтод огт хамааралгүй үзүүлэлт байдаг. Үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Тийм учраас Бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг, Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр нарын өгсөн үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт аваад журамд заасан даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалт аваагүй. Ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Л.Чулуужаваас авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 1,2,3,18,28 дугаар асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан, бусад нь ажил, үүрэгтэй нь огт хамааралгүй болно.

Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ гэх боловч хариуцагч энэ талаар ямар нэгэн баримт гаргаагүй, томилогдсон комиссын төлөөлөл нь оролцоо, чанарын үнэлгээг хэрхэн гүйцэтгэсэн, оролцоо, чанарын үнэлгээ гэдэгт юуг хамааруулсан нь тодорхойгүй байна. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтэд комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.4-д "Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаан нь гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэй болно" гэснийг ноцтой зөрчсөнийг анхаарах нь зүйтэй.

Иймд Л.Чулуужавыг Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Төрийн банк" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: "Төрийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн ба тушаалын 1 дүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, 2 дугаар хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн, 3 дугаар хавсралтаар хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан. Ажиллагааны дүнг ажилтнуудад танилцуулсан. Дүнтэй холбоотой ажилтнуудаас гаргасан өргөдлийг хүлээн авч, өргөдлийн дагуу хариуг хүргүүлсэн.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг баталсан. Гүйцэтгэх захирлын баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын дагуу ажилтнуудын мэргэжил ур чадварыг 3 шалгуураар шалгахаар тогтоосон бөгөөд үүнд:

A.Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ,

Б.Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ,

B.Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 шалгуурын нийлбэр дүнгээр үнэлгээг
гаргахаар заасан.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж, нийт 30 хувь, мэдлэг ур чадварын үнэлгээ гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан үзүүлэлтүүдээр үнэлж, нийт 30 хувь, оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар бүхий ажиллагаа 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төрийн банкны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Л.Чулуужав багтсан. Мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн ажилтнууд хамрагдсан. Түвшин тогтоох комисс нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээллийг хамрагдах ажилтнуудад мэдэгдэж, гарын үсэг зуруулсан.

Ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актууд, банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан. Журмын 4.2-т ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана гэж заасан ба Л.Чулуужав өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаагүй.

Л.Чулуужавт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны    үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Л.Чулуужав гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн. Энэ нь 2006 оны 33 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй. Нэхэмжлэгч Л.Чулуужав нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 12.00, мэдлэг ур чадвар сорилго 18.00, оролцоо, чанарын үнэлгээ 26.87 нийт 56.87 хувиар шалгагдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т зааснаар Төрийн банхны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 07 дугаар шийдвэр, ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч Төрийн банкны Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 дүгээр тушаалаар Л.Чулуужавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсний дараа ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцалсан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай "Төрийн банк" ХХК-д холбогдуулж гаргасан Л.Чулуужавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т "ажилтан мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг.

Ажилтан Л.Чулуужав нь мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтаар 56.87 хувийн үнэлгээ авсан тул Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох комиссын 2003120027 дугаартай дүгнэлт гарч Л.Чулуужавыг мэргэжил ур, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг доорх 3 төрлийн арга хэмжээний үнэлгээг үндэслэн гаргасан бөгөөд уг 3 төрлийн арга хэмжээ нь ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх, эсэхийг үнэн зөв, бодитой тогтоогоогүй гэж үзэх хэд хэдэн үндэслэлүүд байна. Үүнд:

Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам"-ын 1.2-т зааснаар түвшин тогтоох ажиллагаа нь харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан байдаг.

  1. Харъяалах газар хэлтсийн захирлын үнэлгээний тухай. "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ын 3.3.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлтийг харъяалах газар, хэлтсийн захирлаар гаргуулж авах ёстой ба үнэлгээгээр ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоож, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтныг ажлаас халахад баримтлах гол шалгуур үзүүлэлт байх ёстой. Гэтэл үүнийг бодитой тогтоож чадаагүй бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, бүтээгдэхүүн, хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг гэх хүмүүсийн үнэлгээний хуудас нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөгдсөн үнэлгээ байдаг ба журам батлагдахаас 2 хоногийн өмнө өгөгдсөн үнэлгээ байдаг. Гэтэл журам нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр гарч Газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар батлагдсан. Мөн ажилтны мэргэжил ур, чадварыг үнэлэх гол шалгуур үзүүлэлтийг комиссын бүрэлдэхүүнд ороогүй, бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, бүтээгдэхүүн, хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг   гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг гэх гэх хүмүүс үнэлсэн ба уг үнэлгээг комиссоос өгсөн үнэлгээ гэж үзэх боломжгүй. М.Эрхэмбаяр, Т.Хүрэлчимэг нарын өгсөн үнэлгээг шалгалтын комисс зөв, буруу гэдгийг шалгаагүй бөгөөд энэ хүмүүсийн тавьсан оноогоор Л.Чулуужавын мэдлэг ур, чадварын түвшинг тогтоосон нь үндэслэлгүй юм.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Газар, хэлтсийн даргын үнэлгээ батлагдсан загвар дээр хийгдсэн ба загвар дээрх 2016.11.01 гэснийг засварлалгүй гаргаснаас үнэлгээ 2016.11.03-ны өдөр батлагдсан журмын өмнө хийгдсэн мэт харагдаж байна гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой, нөгөө талаар энэ нь ажилтны урьдын ажил байдлыг үнэлж буй тул нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэл ач холбогдолтой үндэслэл биш байна" гэж дүгнэсэн нь журам батлагдахаас өмнө газар, хэлтсийн захирлууд үнэлгээ тавьсан бол ажилтныг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн талаар мэдээлэлгүй байж яаж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, анхнаасаа ажилтныг ажлаас хaлaxыг эрмэлзэж байсан мэтээр ойлгогдохоор байгаа. Хариуцагч энэхүү зөрчлийг техникийн алдаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч газрын захирал огноог гэдгийг бататган гараар бичсэн байгаа тул энэ нь хэрэгт чухал ач холбогдолтой юм. Иймд шүүх зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэж, тайлбар үнэн зөв эсэхийг тогтоогоогүй хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт судалгааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Хүрэлчимэг нарын өгсөн үнэлгээний хуудсан дээр хавсралтаар өгөгдсөн материал, ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг cyурь мэдээлэл болгож ашигласан гэсэн. Тэгвэл М.Эрхэмбаяр, Т.Хүрэлчимэг нарын үнэлгээ нь дээрх 3 төрлийн материалыг дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй, хэргийн материалд эдгээр 3 төрлийн баримт, үндэслэж үнэлгээ тавьсан эсэх талаар нотлох баримт байдгүй, үнэлгээ нь үндэслэлтэй бодит болоогүй байдаг.

2. Оролцоо, чанарын үнэлгээний тухай. Төрийн банкны ажилтны мэргэжил ур, чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-т комиссын дарга томилсон төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэхээр байна. Хэрэгт оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэхтэй холбоотой 2 хуудас нотлох баримт авагдсан байдаг. Үүнд үнэлгээ өгсөн этгээдийн нэр, ажил албан тушаалын тайлал байхгүй. Тэгэхээр энэ гарын үсэг нь хэний гарын үсэг гэдгийг хариуцагч байгуулга баримтаар нотолж чадаагүй. Тус гарын үсэг зурсан этгээд нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд мөн гэдгийг мөн баримтаар нотолж чадаагүй. Тийм учраас ажилтны оролцоо чанарын үнэлгээг журмын 3.3.3-д заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд орсон этгээд гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хэрэгт байгаа баримтаар эхний этгээд 10 асуулт, 2 дахь этгээд мөн 10 асуулт асуусан бөгөөд тус тус 10 асуултыг Л.Чулуужав хэрхэн хариулсан талаар баталгаажуулсан баримт байхгүй. Асуулт асуусан эсэх тодорхойгүй шалгалтын үнэлгээг үндэслэж мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үнэлэх нь өөрөө үндэслэлгүй юм.

Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалын комиссын дүгнэлтийг хууль бус үндэслэлгүй гарсан тухай. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ зэрэг нь ажилтны ажил үүрэгт хамааралгүй, үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, журмаас гадуур хийгдсэн, үнэлгээний анхан шатны баримтгүй болох тухай дээрх үндэслэлүүдээр нотлогдож байгаа. Үндэслэлгүй, нотлох баримтгүй, ажилтны ажил үүрэгт хамааралгүй, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж хийгдсэн үнэлгээг үндэслэл болгон гарсан Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийг үнэн зөв үндэслэлтэй бодитой гарсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн "Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт"-нд комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.4-т заасныг ноцтой зөрчсөн болно. Дээрх зөрчлүүдээс үзэхэд Төрийн банкны Мэргэжил ур, чадварын түвшин тогтоох шалгалын комиссын дүгнэлт нь хууль ёсны үндэслэлтэй гарсан дүгнэлт гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шийдвэр нь хуулийн дагуу, үнэн зөв үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Чулуужав нь хариуцагч "Төрийн банк" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Л.Чулуужав нь харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадвар сорилго, оролцоо, чанарын үнэлгээгээр хангалтгүй оноо авч ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан тул уг дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Л.Чулуужав нь "Төрийн банк" ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1921 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан тус банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх.5-7, 13/

 

Нэхэмжлэгч Л.Чулуужавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан "Төрийн банк" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1759 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 тоот хурлын шийдвэрийг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсгийг баримталсан үндэслэлээ Л.Чулуужав мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авах талаар Л.Чулуужавт урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд хамааралгүй шалгалтыг Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн шинэ шийдэл, судалгаа хариуцсан мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоосон шалгалт гэж үзэхгүй. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээ болон дүгнэлтийг танилцуулаагүй. Би ажил үүргээ сайн гүйцэтгэж, сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэл 95 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан” гэж тайлбарлаж байна.

 

"Төрийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг 2016 ohы 11 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдийн хооронд явуулахаар шийдвэрлэж, комисс байгуулан, "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам"-ыг баталжээ. /хх.41-45/ Уг журмаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд гэрээний үндсэн дээр ажиллах шинжээчийн багийн гишүүдийг оролцуулан, комиссын гишүүд зохион байгуулахаар заасан байна.

 

“Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан /хх.34-40/ бөгөөд уг нэрсийн жагсаалттай Л.Чулуужав танилцсан, шалгалт өгнө гэж тэмдэглэгдсэн байна./ хх.187 /

 

Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвхи санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харьяалах хэлтсийн дарга нь 15 оноо, газрын дарга нь 21 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 12 оноо авсан байна.  

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан байна. Энэ журмын 4.1-4.3-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажлын байрны онцлог, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан шинжээчийн багийн гишүүний урьдчилан боловсруулсан сорилгын хэлбэрээр авч дүгнэжээ. Сорилго 30 асуулттай, 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 18 оноо авсан байна. Үнэлгээг тухайн үед нь танилцуулж, нэхэмжлэгч баримт дээр гарын үсэг зуржээ.

 

Оролцоо, чанарын арга хэмжээг явуулахдаа ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар дээрх журмын 6 дугаар зүйлд заажээ. Үүнд ажлын байрны тодорхойлолтод эзэмшсэн мэргэжил хэр нийцэж байгаа, банкны стратеги зорилт, ажилд ороод санаачилсан зүйл, шинэ программ нэвтрүүлэхэд оролцдог эсэх, бүтээгдэхүүн хөгжлийн талаар ажилласан туршлага, шинжлэх ухааны судалгааны арга зүйн талаар, банкны бүтээгдэхүүний хөгжлийн стратеги, бүтээгдэхүүний хүү шимтгэлийн нөхцөл, судалгааны шинэ аргыг нэвтрүүлсэн байдал, цаашдын зорилт гэсэн 10 үзүүлэлтээр нэхэмжлэгчтэй ярилцаж үнэлэхэд 40 оноо авах ёстойгоос 26.87 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна.

 

Нэхэмжлэгч дээрх 3 шалгуураар нийт 56.87 оноо авч, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь Түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзнэ. /хх./

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмнөх 8 улирлын ажлын үнэлгээний талаарх баримтаас үзвэл ажлын үзүүлэлтийг 1-6 гэсэн оноогоор дүгнэдэг, нэхэмжлэгч дээрх хугацаанд 3, 4 гэсэн оноогоор үнэлэгдэж байжээ. 3 оноо нь үр дүнг харуулсан боловч чанарын хувьд стандартаас доогуур үзүүлэлт үзүүлдэг, 4 оноо нь гүйцэтгэлээс хүлээгдэж буй үр дүн, чанарыг хангасан үзүүлэлт гэж үздэг байна. Энэ нь ажилтны өмнөх ажил байдлыг тодорхойлж байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар үнэлгээний дүнг нэгтгэн, комиссын дүгнэлтийг хавсралтаар баталж, 07 тоот шийдвэр гаргажээ. Хавсралтад зөвхөн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурснаар зөвхөн дарга, нарийн бичгийн дарга дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан. Хэргийн 30 дугаар талд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Л.Чулуужав гарын үсэг зураагүй хэдий ч тэрээр ажлаас чөлөөлөх талаар мэдсэн болох нь хэргийн 174 дүгээр талд авагдсан Мэдэгдэх хуудас танилцуулсан тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийн шаардлага зэргээс харагдаж байна. Мэдэгдлийг өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажилтан Л.Чулуужавыг “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч Л.Чулуужавын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО   

 

                                              ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН  

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ