Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2018/00602/И |
Дугаар | 001/ХТ2019/00067 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2019/00067
С.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1645 дугаар магадлалтай,
С.Г-гийн нэхэмжлэлтэй
ДАС ХХК-д холбогдох,
Хохирол 5.131.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч С.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие охин Г.Э хүргэн Г.Т нарын худалдаж авсан лексус RX 450 Н 57-56 УБП дугаартай машиныг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Доктор авто сервист оношилгоонд оруулсан ба ажилтан н.Ганбилэг тос масло солих шаардлагатай гэж 620.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 6 цагт замд гаран 130 км яваад Багануур дүүрэгт очиход машин эвгүй болон зогсож Доктор авто сервист дуудлага өгөхөд тос масло сольсон ажилтан н.Ганбилэг ирж үзээд, сольсон тос ихэдсэн байна 400 гр тос аваад одоо зүгээр, цаашаа асуудалгүй явж болно гэсэн. Замд явсаар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очиход кропны дуу эвгүй болж Доктор авто сервисын ажилтан руу ярьсан. Дорнод аймгийн төв орж, үзүүлэх газар олдоогүй. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Доктор авто сервист гомдол гаргахад Баянгол дүүрэг, 10 дугаар хорооллын салбарт машиныг хүргүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр засварчид задлахад ихээхэн засвар хийх шаардлагатай болж Доктор авто сервисын ажилтнууд засаж чадахгүй, наад машиныг чинь Шар хаданд сайн засдаг хүн бий гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэр хүнтэй ярьтал 4.000.000 төгрөгөөр засна гэсэн. Бид өөрсдөөсөө болж авто машинаа эвдээгүй учир, шалтгааныг нь олох засах гээд Доктор авто сервист 2 сарын засах хугацаа өгөн хүлээцтэй хандсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл авто машин маань Доктор авто сервисын 10 дугаар хорооллын салбарт байсан ба 2016 оны 10 дугаар сарын 26-нд арга буюу Шар хадны засварчнаар засуулахаар болж хүргэлтийн машинаар хүргүүлсэн. Засварчин н.Энхтайван 7 хоногийн дотор машиныг засаж дууссан ба 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн бүтэн болгож хүлээлгэн өгсөн. Машиныг засуулахад дараах зардал хохирол гарсан. Үүнд бүтэн кропны үнэ 2.500.000 төгрөг, кропны гол 600.000 төгрөг, кропны задаргаа, угсаргаа хөлс 500.000 төгрөг, кропны тос, масло шинэ 150.000 төгрөг, антрессар-10 л, 40.000 төгрөг, перой 2 ш*18.000 төгрөг=36.000 төгрөг, анх тос, масло солиулахад 620.000 төгрөг, рулын уян 523.450 төгрөг, таван бул, 1 дүгээр сальник, 162.450 төгрөг, нийт 5.131.900 төгрөг болсон. Иймд лексус RX 450 Н 57-56 УБП дугаартай авто машины засварын хохиролд 5.131.900 төгрөгийг ДАС ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компанийн Баянзүрх дүүрэгт байрлах Нарны Зам салбарт 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр лексус RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай, JTJBC 1BA2В2422528 арлын дугаартай авто машины мотор, кропны тосны бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тосыг бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тос тус бүрийг солигдвол зохих хэмжээний дагуу сольсон. Нэхэмжлэгч тал болсон зүйлийн талаар манай компанид гомдол гаргасны дагуу бид үйлчлүүлэгчээ хүндэтгэн үзэх үүднээс Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол дахь салбар дээр механик инженер Д.Дагийрагчааг нэхэмжлэгч талтай байлцуулан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авто машины кропны хэсгийг задлан юунаас болж авто машинд нь эвдрэл үүссэн талаар нэхэмжлэгч талд үзүүлсэн. Тухайн кропны гадна хэсгийн үйлдвэрийн наалт байхгүй, орлуулан наалт хэрэглэсэн байсан. Энэ нь уг авто машинд өмнө нь задаргаа орсон гэсэн үг. Задаргаа ороогүй бол үйлдвэрийн наалт наалттай хэвээрээ байх байсан. Мөн кропны дотор талд арааны хэсгийн хэд, хэдэн шүд хугаралтай, арааг хөдөлгөгч гол нь элэгдэлтэй байсныг танилцуулсан. Нэхэмжлэгчид таны авто машинд элэгдэлтэй хуучин кроп суурилуулсан байна гэж хэлсэн. Кропны тос шингэн төлөвтэй учир металл зүйлийг эвдэх ямар ч тохиолдол байхгүй гэдгийг мөн тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч талд авто машиныг хүлээлгэн өгөх гэтэл нэгэнт задалсан учир эвдэрсэн сэлбэгийг бид аваад ирье, үнэ төлбөргүй суурилуулж өгөөч гэсэн тул бид зөвшөөрөн 2 сар хүлээсэн бөгөөд манай дээр авто машин нь 2 сар байсанд бид маргахгүй. Гэтэл нэхэмжлэгч тал нь зөвхөн кропны арааны хэсгийг авч ирсэн байдаг бөгөөд элэгдэлтэй голыг хэвээр үлдээгээд өөр газарт очиж засуулна гэсний дагуу нэхэмжлэгч талын авч ирсэн сэлбэгийг авто машинд нь суурилуулан хүлээлгэн өгсөн. RX 450 Н загварын, 57-56 УБП дугаартай, JTJBC 1BA2В2422528 арлын дугаартай авто машин нь нэхэмжлэгч С.Ггийн эзэмшил, өмчлөлийнх болох нь тогтоогдохгүй байна. Мөн уг авто машин нь манай байгууллагын буруугаас болж эвдэрсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд уг авто машины үзлэг, оношлогооны түүх болон шүүхийн хэлэлцүүлгээс үзэхэд нэхэмжлэгч тал анхнаасаа эвдрэлтэй машин худалдан авсан байна. Иймд С.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ДАС ХХК-д холбогдох 5.131.900 төгрөг гаргуулах тухай С.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1645 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...ДАС ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан зардал хохирлыг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, хэвээр үлдээсэн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрт нь холбогдолгүй шүүхийн захирамжуудыг дурдан “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй” гэсэн нь буруу болжээ. Бид автомашины өмчлөлийн асуудлыг яриагүй, харин хууль ёсны эрхийнхээ дагуу өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл С.Г нь өмчлөгч биш учраас хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлийг дэлгэрэнгүй ярих болно. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Г ДАС ХХК-с хохиролд 5.131.900 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ, “...автомашинд тос солиулах үйлчилгээ хийлгэснээс автомашин эвдэрч хохирсон” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “тос солиулснаас автомашинд эвдрэл үүсэх боломжгүй, бусдаас доголдолтой автомашин худалдан авсан” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Шийдвэр, магадлалд дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч С.Г-г автомашинтай холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
С.Г нь Г.Т-с олгосон итгэмжлэлийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Г-гийн хүргэн Г.Т нь “Юниверсал трейдинг корпорэйшн” ХХК-с 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Lexus RX 450 маркийн 57-56 УБП улсын дугаартай автомашиныг 57.00.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 10.000.000 төгрөг, мөн өдрөө эхнэр Г.Эрдэнэчимэгийн хамт “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-с 47.000.000 төгрөг зээлж, үлдэгдэл төлбөрийг тус тус төлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашины эзэмших эрхийн улсын бүртгэлийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлсэн үедээ ДАС ХХК-с үйлчилгээ авчээ.
Иймд Г.Т тухайн автомашины засвар үйлчилгээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй бөгөөд түүнийг төлөөлж С.Г нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамааруулсан нь эрх зүйн хувьд алдаатай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Г.Төрболд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр автомашиныг ДАС ХХК-д аваачин оношилгоонд оруулж, тухайн байгууллагын зөвлөснөөр хөдөлгүүрийн тос, шүүр солих, автомат хурдын хайрцагны шингэн солих үйлчилгээг хийлгэж, ажлын хөлсөнд нийт 625.000 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул Г.Төрболд, ДАС ХХК-ийн хооронд үүссэн дээрх тохиролцоо нь энэхүү гэрээний шинжийг агуулжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс автомашинд эвдрэл үүссэн гэж үзэн эвдрэлийг засахад шинээр сэлбэг, хэрэгсэл худалдан авсны болон угсрах, засварлахад гарсан зардлыг шаардсан атал шүүх гэрээний бус үүргийн харилцаагаар шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
3. Хоёр шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлаас шалтгаалж автомашин эвдэрч, хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
а. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчжээ.
Хоёр шатны шүүхийн дараах дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.
Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК-ийн Г.Төрболд, Г.Эрдэнэчимэг нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч худалдан авсан автомашиныг буцаан өгч, урьдчилгаанд төлсөн мөнгөний тал хувь болох 5.000.000 төгрөг буцаан авснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсныг, Г.Төрболдын Юниверсал трейдинг корпорэйшн ХХК, Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК-с автомашин худалдан авахдаа урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК нь нэхэмжлэгчид 5.000.000 төгрөг төлөхөөр зохигч эвлэрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарчээ.
Шийдвэр, магадлалд, дээрх шүүгчийн захирамжууд болон ДАС ХХК-ийн механик инженер Д.Дагийрагчаагийн мэдүүлэг, тухайн автомашины үзлэг, оношилгооны түүх зэргийг үндэслэж нэхэмжлэгчийн автомашин эвдэрсэнд хариуцагчийн гэм буруу нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан болон зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар “автомашин анхнаасаа худалдан авах үед эвдрэл гэмтэлтэй байсан” болохыг тогтоогоогүй, тогтоох боломжгүйг шүүх анхаараагүй нь буруу болжээ.
Г.Төрболд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй, худалдан авсан автомашин эвдэрснээс засвар хийлгэж их хэмжээний хохирол учирсан, энэ байдлаас автомашиныг засуулсны дараа буцаан өгөх хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч авсан үйл баримт зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд ач холбогдолтой нь тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгавар болгох эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг шүүх баталгаажуулснаас бус маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт өгч үр дагаварыг шийдвэрлээгүй болно.
Иймээс эдгээр захирамжийг үндэслэж автомашин худалдан авахад кропт доголдол байсан гэх дүгнэлт хийж, улмаар шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцээгүй байна.
Нөгөөтэйгүүр тухайн худалдсан автомашины үзлэг, оношилгооны түүхт бичигдсэн автомашин өмнө нь осолд орсон болон кропийг задлахад үйлдвэрийн бус наалттай урьд нь кроп сольж байсан явдал, гэрч Д.Дагийрагчаагийн мэдүүлэг тухайн автомашиныг ДАС ХХК-д оношилгоо хийлгэж, үйлчилгээ авахаас өмнө доголдолтой байсныг нотлоогүй байна.
б. Нэхэмжлэгч, хариуцагч ДАС ХХК-иар ажил гүйцэтгүүлсний маргааш буюу 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Манжуур орохоор явах замд Багануур орчимд автомашинд эвдрэл үүссэний улмаас хариуцагч компанид дуудлага өгсөн, дуудлагын засварчин очиж солиулсан тос ихэдснээс автомашин доголдсон гэж үзэн 400 мл тосыг юүлж авсан боловч, эвдрэл засагдаагүй ба Улаанбаатар хотод буцаж ирж хариуцагчийн засварын газар очиж задлуулахад кропны дотор талд, арааны хэсгийн хэд хэдэн шүд хугаралтай, арааг хөдөлгөгч гол нь элэгдсэн байсан нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч, автомашины тосыг солих шаардлагагүй байсан, соливол хуучин болон шинэ тос холилдож улмаар автомашин явах боломжгүй кропт нөлөөлдөгийг урьдчилан мэдэгдээгүй, мөн тосыг ихдүүлснээс 400 мл юүлж авсан, кропийг задлахад байлцуулаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг ба хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Г нь автомашиныг оношлуулахаар мэргэжлийн байгууллага болох ДАС ХХК-д хандсан, тухайн байгууллагаас хөдөлгүүрийн тос, шүүр солих, автомат хурдын хайрцагны шингэн солих үйлчилгээ хийлгэх шаардлагатайг зөвлөсний дагуу үйлчилгээ авсан нь тогтоогдсон. Ажил гүйцэтгэгчийн үүрэг зөвхөн ажлын үр дүн буюу зохих үйлчилгээ үзүүлснээр хязгаарлагдахгүй, мэргэжлийн байгууллагын хувьд хувьд захиалагчид үнэн зөв, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, түүнийг аливаа хохирлоос хамгаалах нэмэлт үүрэг хүлээнэ.
ДАС ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхдээ, тухайлбал, үзлэг оношилгоог бүрэн хийж, мэргэжлийн зөвлөгөөг зөв өгөх буюу автомашины тос ихээр бохирдсон бол тосыг дангаар солих шаардлагагүй, кроптой нь хамт солих шаардлагатайг мэдээлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн тосыг ихдүүлснээс бусад эд ангиудад нөлөөлж хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэмэлт зардлаа шаардах эрхтэй.
Дээр дурдсныг үндэслэн нэхэмжлэгч хохиролд нийт 5.131.900 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу кроп шинээр худалдан авсан болон угсруулсны ажлын хөлс 3.600.000 төгрөг, кропны тос, масло 150.000 төгрөг, антрессар-10 литр буюу 40.000 төгрөг, перой 2 ш буюу 36.000 төгрөг, анх тос, масло солиулсан болон ажлын хөлсөнд төлсөн 620.000 төгрөг, нийт 4.446.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1645 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/01238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ДАС ХХК-с 4.446.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685.900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагчаас 86.086 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 97.100 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ