Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

Б.Алтанбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Д.Эрдэнэчимэг, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтанбаатарт холбогдох эрүүгийн 1736000000068 дугаартай хэргийг өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттайгаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатар нь нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны хооронд Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн өндөр” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 560000 төгрөг хулгайлж, хохирогч М.Доржсүрэнд 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатарт сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, М.Мандалбаяр нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэж өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулж байгаад гомдолтой байна.

Мөрдөгч, прокурор, шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүй, хэтэрхий нэг талыг барьж өсвөр насны шүүгдэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нь өсвөр насны зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах “ Хүрэн өндөр” хүнсний дэлгүүрт нэвтэрч 560000 төгрөг хулгайлж,  хохирогч М.Доржсүрэнд 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч М.Доржсүрэнгийн . . .” Дарви сумын нутаг дэвсгэрт байдаг манай “ Хүрэн –Өндөр “ нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 09 сарын 23-24-нд шилжих шөнө хулгайч орж 250000 төгрөг бэлнээр хулгайлсан дараа нь 09 сарын 29-ны өдөр 14-15 цагийн хооронд манай дэлгүүрт түлхүүр тааруулж ороод 150000 төгрөг хулгайлсан дараа нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр 13-14 цагийн хооронд бас хулгайч орж 160000 төгрөг хулгайд алдсан, манай дэлгүүрт өдрийн цагаар 3 удаа 560000 төгрөг хулгайд алдсан болохоор 2017 оны 10 сарын 03-нд цайндаа явахдаа дэлгүүрээ цоожлоод дэлгүүрийн эсрэг талын цайны газар ороод дэлгүүрээ хараад сууж байтал манай сумын сургуулийн сурагч Баасанцэрэнгийн Алтанбаатар дэлгүүрийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод орохоор нь би цайны газраас гараад Б.Алтанбаатарын араас дэлгүүр рүүгээ орох үед Б.Алтанбаатар дэлгүүр дотор өлгөөстэй хувцасны цаана ороод нуугдсан байсныг барьж авах үед манай дэлгүүрийн түлхүүр Б.Алтанбаатарт байсныг авсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан . . . Миний хувьд хохирлоо бүгдийг нь төлүүлж авсан одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ” гэх мэдүүлэг / хх-н 8-9, 11 /,

            Гэрч Б.Анхтуяагийн . . . “ Нөхөр бид хоёр 13 цагийн орчим манай дэлгүүрийн яг өөдөөс харсан байрлалтай . . .цайны газарт ороод дэлгүүр лүүгээ хараад 15-20 минут орчим сууж байтал . . .Б.Алтанбаатар манай дэлгүүрийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод ганцаараа яваад орсон тэгэхээр нь миний бие Б.Алтанбаатарын араас дэлгүүр лүүгээ орсон чинь Б.Алтанбаатар лангууны ард сууж байхаар нь гараад ир гэж хэлээд барьж авсан . . .”  гэх мэдүүлэг / хх-н 12 /,

            Гэрч Г.Намсрайгийн. . . “Би цайны газартаа байж байтал манай цайны газрын өөдөөс харсан дэлгүүр ажиллуулдаг М.Доржсүрэн эхнэр Б.Анхтуяагийн хамт манай цайны газарт орж ирээд надтай ойр зуурын юм яриад сууж байтал М.Доржсүрэнгийн дэлгүүр лүү нэг бага насны хүүхэд түлхүүрээр онгойлгоод яваад орчихсон.

            Тэгтэл Б.Анхтуяа манай дэлгүүр лүү хулгайч орчихлоо гээд гүйсэн. Сүүлд сонсоход манай сумын Баасанцэрэнгийн хүү орсон байсан . . . “ гэх мэдүүлэг / хх-н 13 /,

            Насанд хүрээгүй гэрч Г.Даваадүгэрийн . . .” Тэр үед Б.Алтанбаатар надад хандан би Доржсүрэн ахын дэлгүүр лүү орчихоод ирлээ, надад түлхүүр нь байгаа гэж хэлэхэд нь би Б.Алтанбаатарыг Доржсүрэн ахын дэлгүүр лүү орсныг нь тэр үед мэдсэн . . . “ гэх мэдүүлэг / хх-н 14 /,

            Насанд хүрээгүй гэрч С.Батбаярын . . . “ Би худгаас ус авах гээд явж байтал манай ангийн Б.Алтанбаатар таараад би дэлгүүрээс идэх юм аваад ирье, хүлээж байгаарай гэхээр нь байж байтал удалгүй Б.Алтанбаатар ирээд надад чихэр өгсөн. . . Б.Алтанбаатар хоёулаа хуушуур идье гээд бид хоёр гуанзанд орж 10 хуушуур аваад Б.Алтанбаатар 6000 төгрөг өгсөн . . .Би Б.Алтанбаатартай хуушуур болон бэлэн гоймон идэхдээ хулгай хийсэн гэдгийг мэдээгүй, цагдаагийн өрөөнд очоод мэдээд их гайхсан “ гэх мэдүүлэг / хх-н15 /, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг / хх-н 29-30 / зэргүүд нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Д.Эрдэнэчимэг нар нь . . .” Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нь өсвөр насны зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү . . .” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй  байх  бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт  анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх бүх боломжийг бүрэн хэрэглэсэн байх учир ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        

 

                           ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ТУЯА

                                 ШҮҮГЧИД                                  Д.МӨНХӨӨ

                                                                                   Б.ДАМБА