Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1283

 

МАГАДЛАЛ

 

2017.05.31                                                 Дугаар 1283                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ж.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00658 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д холбогдох,

 

2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15/150 дугаартай зээлийн гэрээний 1.1-т заасан "...3 хувийн хүүтэй, 2.1-т заасан энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт...." гэсэн заалт нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж хийгдсэн ноцтой төөрөгдөлд оруулсан байх тул уг гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15/155 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчиж хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашины санхүүгийн түрээсийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Иргэний хуулийн 56.1.3, 58 дугаар зүйлийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Фидуцын гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тус тус тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж такси тээврийн үйлчилгээний автомашины жолоочоор ажилд орж, такси тээврийн үйлчилгээ үзүүлэх болсон. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ж.Бат-Эрдэнэ хүсэлт гаргаж 13-09 УНМ улсын дугаартай автомашиныг 7 800 000 төгрөгөөр худалдаж, автомашины түрээсийн гэрээ байгуулах санал гаргасныг хүлээн авч Тээврийн хэрэгсэл худалдан авах тухай 15/155 тоот гэрээ мөн автомашины санхүүгийн түрээсийн гэрээ ТТ-15-044 тоот гэрээг байгуулж Ж.Бат-Эрдэнэ санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр автомашиныг эзэмших болж гэрээнд заасны дагуу бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлвэл тодорхой хугацааны дараа автомашиныг өмчлөлд нь шилжүүлэх үүргийг бид хүлээсэн. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ж.Бат-Эрдэнэ өргөдөл гаргахдаа 13-09 УНМ улсын дугаартай машиныг гэрээгээр эзэмшдэг ба санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 4 919 514 төгрөг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус компаниас авсан зээлийн нийт үлдэгдэл 8 250 231 төгрөг болж байна. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 4 919 514 төгрөгийг бүрэн төлж санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна. Би зээлийн гэрээний 8 250 231 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулаад санхүүгийн түрээсийн гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэх 13-09 УНМ дугаарын элентра маркийн автомашиныг УБТТС      ХХК-ийн гэрээнд барьцаалж зээлийн гэрээг бүрэн биелүүлсэний дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэсний дагуу Ж.Бат-Эрдэнэтэй 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-16-020 дугаартай зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг /Фидуци/ байгуулж 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгох тухай акт үйлдсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр нийт 6 794 514 төгрөгийг зээлдэгч Ж.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байгаа. Ж.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар автомашиныг хураан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар такси транспорт сервис XXК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Бат-Эрдэнэтэй 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-16-020 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр зээлдэгчид 6 303 748 төгрөгийг, нэмэлт санхүүжилтээр 1 500 000 төгрөг нийт 8 178 748 төгрөгийн зээлийг 1 жил 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж зээлийг бэлнээр олгосон, зээлдэгч нь үлдэгдэл төлбөр болох 7 820 818 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/020 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 2016 оны 06 дугаар сарын      20-ны өдөр автомашиныг хураан авсан. Иймд Ж.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7 820 818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэгцээ гарч       7 000 000 төгрөг зээлэхээр санал гаргаж уг саналыг компани хүлээн зөвшөөрч, уг мөнгөө тус бүрдээ 3 500 000 төгрөгийг 2 хуваан авсан нь баримтаар нотлогдоно. Мөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин 1 500 000 төгрөг зээл авах хүсэлт гаргаж үүнээс 720 000 төгрөгийг орлогын өрөндөө шууд суутгуулж, бэлнээр 780 000 төгрөг авсан. Би авсан зээлээ 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүгд 7 800 000 төгрөг төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-нд холбогдох 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15/155 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Автомашины санхүүгийн түрээсийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ж.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1 энэхүү гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт төлөх" гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492,1.1-д заасныг баримтлан Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн Ж.Бат-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 6 910 818 төгрөг гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/020 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Бат-Эрдэнээс 910 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар такси транспорт сервис ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн     58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 823 төгрөгийг, хариуцагч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улаанбаатар такси транспорт сервис ХХК-иас 139 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг зээлийн гэрээ нь өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн гэх өрийг дахин тооцоолж, бодитоор зээл олгоогүй байх тул хууль зөрчиж хийгдсэн хэлцэл юм. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч уг хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үр дагаварыг орхигдуулсан байна. Учир нь хариуцагч уг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хийгдсэн фидуцийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг өөртөө шилжүүлэн авч, уг автомашиныг эзэмшиж, ашиглан үр шимийг нь хүртэх боломжгүй болгосон явдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн фидуцийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийгдсэн хэлцэл. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан "хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусд хэлцэл" гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгодог тул уг фидуцийн гэрээ нь мөн адил хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөн шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо миний төлсөн мөнгийг 267 823 төгрөг тооцож, тооцлолын алдаа гарсан. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг гомдлын хүрээнд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ нь хариуцагч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 7 820 818 төгрөг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №15/150 тоот зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15/155 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 493 дугар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогыг 1 сард 820 000 төгрөгөөр тооцон 4 сарын хугацааны олох байсан орлого 3 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаас татгалзаж, нийт 14 500 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн дээрх шаардлагын хэмжээнд нийцүүлэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчилж 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15/150 тоот зээлийн гэрээний 1.1-д “3 хувийн хүүтэй”, 2.1-д “гэрээний үнийн дүнгийн 25 хувийг нэмж тооцсон төлбөрийн хамт” гэснийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлээр, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх үндэслэлээр, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэх үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Фидуцын гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр хийгдсэн гэх үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн заримыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 910 000 төгрөг гаргуулсан нь нотлох баримтад үндэслэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Учир нь фидуцийн гэрээний зүйл болох “Hyundai Elentra” маркийн, 13-09 улсын дугаартай авто машины эзэмшлийг нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, энэ машин нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах, мөн өдөр байгуулагдсан авто машины санхүүгийн түрээсийн гэрээний зүйл гэдэгт зохигч маргаагүй.

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах фидуцын гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох авто машин эзэмшигчийн улсын бүртгэл өөрчлөгдөөгүй байх тул хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг хангуулах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123 662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА

                                   

                                         ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР                                                  

 

                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ