Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        05         11                                    2021/ШЦТ/300   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Билэгт,

Улсын яллагч Д.Даваадорж /томилолтоор/,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьд, түүний өмгөөлөгч Б.Цолмонбаатар,

Гэрч Т.Мичүгсүрэн, Б.Мөнх-Оргил, Ж.Бадамжав,

Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М нарт холбогдох эрүүгийн 1709021330189 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайн 05-119а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Соёл Вэйлнес” төвд бармен ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 07-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-наас 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Мөнхтулгыг зодож их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон,

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн М.Д нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа урьд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд М.Д нь талийгаач Л.Мөнхтулгын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, Л.Мөнхтулга нь М.Дашолзвойд цохиулж газар унаад босч ирээгүй Л.Мөнхтулгыг өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлгээ үгүйсгэж “талийгаач Л.Мөнхтулгыг хэн цохиж газар унагасан болохыг хараагүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр оройн 19:00 цагийн үед бид нар лагер явчхаад гэртээ орж ирээд байж байтал Мөнх-Оргилоос талийгаачид дуудлага ирсэн. Тэгээд гарчхаад ирье гээд хувцсаа өмсөөд гарсан. Талийгаач оройтохгүй ээ ямар ч байсан 12:00 цагаас өмнө орж ирнэ гэж хэлээд гарсан. 12 цагийн үед талийгаач руу залгахад утсаа аваагүй. Тэгээд би унтсан. Өглөө үүрийн 05:00 цаг болж байхад цагдаа ирээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Даш-Олзвойгоос оршуулгын зардалд 15.000.000 төгрөгийг авсан. Гомдолтой байна. Шүүхээс хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

Гэрч Б.Мөнх-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд тэр энэтэй гэж маргалдсан зүйл байхгүй. Найзуудын дунд Даш-Олзвой, Амармэнд, талийгаач нарын хооронд маргалдсан зүйл болсон. Би эхнэртэйгээ үл ойлголцсон байсан тул тэд нарын хажууд нь суугаад талийгаачийн утсаар нь эхнэртэй мессеж бичин харилцаж байсан. Харин энэ гурвыг зодолдож байхад нь дундуур нь орж салгаж байгаад Даш-Олзвойтой маргалдаж зодолдсон. Даш-Олзвой намайг татаад цохиод миний хамрыг хугалчих шиг болсон. Тэгээд гадаа гараад цагдаа дуудсан. Би цагдаа дуудаад 10-15 минут хүлээгээд цагдаатай хамт буцаад буудлын өрөө рүү орсон. Тэр үед талийгаач наад талын орон дээр байсан. Яг ороход Амармэнд доошоо харсан, Даш-Олзвой айсан сандарсан байдалтай байсан. Харин талийгаач ямар ч амьсгаагүй байсан...” гэв.

 

Гэрч Т.Мичүгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед Ж.М Эрүүл байсан. Түүнд хууль сануулж мэдүүлэг авсан. Эрх, үүрэг танилцуулж худал мэдүүлэг өгвөл ямар хууль зүйн үр дагавартай болохыг тайлбарлаж өгсөн. 2 удаа мэдүүлэг авсан. Хэрэг болсон гэх шөнө нь мэдүүлэг аваад өглөө нь 9 цагийн үед дахин мэдүүлэг авсан. 2 удаагийн мэдүүлэг өгөхөд хэргийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн зүйл байгаагүй. Зөрүүгүй тогтвортой мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Гэрч Ж.Бадамжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Маяами гэх зочид буудалд 10:00 цаг өнгөрч байхад Ж.Мтэй хамт очсон. Очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Талийгаачийн биед 208 тоот өрөөнд байсан хүмүүсээс гар хүрсэн хүнийг хараагүй. Талийгаач орон дээр байсан. Тоглож байгаа юм болов уу гэж бодсон. Нас барсан гэж бодоогүй. Тэр үед Б.Мөнх-Оргил миний хажууд байх шиг байсан. Бусдаар яг хэн хэн байсныг сайн санахгүй байна. Миний согтолтын зэрэг 2 бүхэлтэй гарсан...” гэв.

 

Эрүүгийн 1709021330189 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48, 52 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миами зочид буудлын 208 тоот өрөөнд очсон. Бид хоёрыг очиход Мөнхтулга, Мөнх-Оргил, Даш-Олзвой, Амармэнд 4 уусан сууж байсан. Ороход Мөнх-Оргил, Амармэнд 2 их согтолттой байсан. Мөнхтулга, Даш-Олзвой 2 нь бага согтолттой байсан. Бид 6 суугаад юм яриад байж байсан ба Мөнх-Оргил Бадамтай юм яриад сууж байсан. Уугаад сууж байхад Мөнх-Оргил Мөнхтулга 2 хамаатан юм чинь гээд тулгаад архи уусан. Амармэнд, Даш-Олзвой 2 хоёулаа ч хамаатан юм чинь тулгая гээд архи тулгах гэтэл Даш-Олзвой “яах юм бэ, хамаатан биш юм чинь” гээд “өмнө нь зөндөө тэвчсэн шүү, чи их согтолттой байна” гэтэл Амармэнд муухай хараад сууж байсан. Тэр дунд нь Мөнх-Оргил “ер нь тийм шүү” гээд Даш-Олзвой уур нь хүрээд тэвчээд суугаад байсан. Тухайн байдлыг Мөнхтулга хараад “дөрвүүлээ 00 өрөө орчхоод учир зүгээ олчхоод гараад ирье” гээд 00-ын өрөө рүү хамт орцгоосон. Мөнхтулга эхлээд 00-ын өрөөнөөс гарч ирээд голд байсан сул сандал дээр суусан. Тэгээд бид 3 хоорондоо юм яриад байж байхад Мөнх-Оргил 00-ын өрөөнөөс гарч ирсэн. Мөнх-Оргилын хойноос нь удаагүй Амармэнд, Даш-Олзвой 2 гарч ирсэн. Бид нар юм яриад сууж байхад Амармэнд “явлаа” гээд хувцсаа өмссөн. Мөнхтулга “юу яриад байгаа юм болиоч чи” гэсэн... Мөнхтулга Амармэндийг явах гэж байхад нь болиулаад тэгтэл Даш-Олзвой “чи өөр яах гээд байгаа юм бэ” боссон. Тэгээд тэр 4 4-лээ босч ирсэн. Тэгтэл Мөнхтулга “чи ч гэсэн яах гээд байгаа юм болиоч” гээд Даш-Олзвойг хаалганы хажууд шахсан. Мөнх-Оргил, Амармэнд хоёрын аль нэг нь Даш-Олзвой руу шил шидсэн аяга уу архины гэдгийг нь мэдэхгүй шидэхэд хана цохиод ойгоод Даш-Олзвойгийн толгойг оноод хагалаад толгойноос нь цус гарсан. Тэгтэл Даш-Олзвой уурлаад “ёоо пизда хэн намайг цохьсон” гээд орилоод Мөнх-Оргил, Амармэнд хоёр руу дайрсан. Тэгээд тэр 4 хоорондоо хэрэлдээд Даш-Олзвой “хэн намайг цохьсон бэ” гээд Амармэндийг цохих гээд гараа далайхад нь Мөнхтулга дундуур нь ороод шанаа руугаа нэг удаа цохиулаад шууд ор хана хоёрын завсар унасан. Тэгээд унахад Бадам, Даш-Олзвой 2 очоод “андаа зүгээр үү, гайгүй юу” гээд очсон. Мөнхтулгыг босгох гэхэд босохгүй байсан. Би уурлаад доошоо буугаад явдаг юм уу гээд гарсан. Тэгтэл доор Мөнх-Оргил үүдэнд хүлээн авагчийн хажууд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-86 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр гэртээ унтаж байхад 06 цаг 30 минутын үед манай бэрийн утаснаас дуудлага ирээд болсон асуудлыг мэдсэн. Миний хүү тусдаа эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад 00 цаг өнгөрөөгөөд 2 дугаар давхарт нэлээд дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би ресепшнээс асуухад “3 залуу л орсон” гэж хэлж байсан. Тэгээд жаахан байж байгаад түжигнээд байхаар нь дээшээ шат руу гарч байхад өөдөөс нэг залуу “хамар хугалчихлаа, цагдаа дууд” гэсэн. Тэгээд би шууд буугаад текэн дээр очоод цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу цагдаа иртэл доор ресепшн дээр 10-аад минут хүлээсэн. Тэгээд цагдаа нар ирээд 208 тоот өрөө рүү орсон. Өрөөнд ороход хаалган талын орон дээр нэг залуу хэвтсэн байдалтай, түүнийг хар хувцастай охин тэврээд уйлаад байсан. Нэг залуу нь жижиг хөргөгч дээр суучихсан, 1 залуу нь цаана нь сууж байсан. Би харчихаад буцаад гараад явсан. Хамраа хугалуулсан залуу “манай найзууд хоорондоо маргалдаад дундуур нь орсон чинь намайг цохичихлоо” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Соёлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад 20 цаг өнгөрөөхөд үл таних 3 эрэгтэй орж ирээд “зочид буудлын өрөө авъя” гээд 208 тоот хоёр ортой өрөөг аваад орсон. Бусад хүмүүсийг нь хэзээ орж ирснийг мэдэхгүй. Тэгсэн 00 цаг өнгөрөөд дээд давхарт нэлээд дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь хамгаалагч Мөнхтулгыг явуулахад саарал цамцтай өндөр биетэй, туранхай залуу “хамар хугалчихлаа, цагдаа дууд” гээд бууж ирсэн. Тэгээд Мөнхтулга цагдаа дуудсан. Тэр залуу цагдаа иртэл доор байж байгаад цагдаа ирэхээр нь хамт 208 тоот өрөө рүү орсон. Тэр залуу “хоёр найз маань зодолдож байхаар нь дундуур нь ортол цохиулчихлаа” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Төмөрбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагийн хооронд тус хэлтсийн Тамир-114 дуудлагатай автомашин дээр цагдаагийн ахлах ахлагч Г.Баянбаатарын хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Жижүүрийн шуурхай албаны Тамир-10-с станцаар “СБД-ийн 4 хороо Миами зочид буудлын 208 тоот өрөөнд хүмүүс зодолдоод хамар хугалчихлаа” гэх дуудлага ирүүлснийг хүлээн авч очиж шалгасан... Тэр залууг дагуулан байрлаж байсан буюу зодсон найз нь байсан гэх 208 тоот өрөө рүү ороход 1 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Дээгүүрээ цээж нь нүцгэн 1 залуу нь орон дээр дээшээ харчихсан ухаангүй байдалтай хэвтэж байсан. 1 эмэгтэй нь тэр залуугийн хажууд орон дээр суучихсан тэр ухаангүй залуугийн гараас нь татчихсан, уйлчихсан байдалтай сууж байсан. Харин нөгөө 2 залуу нь тэр залуугийн хажууд зогсож байсан. Тэр ухаангүй залууг нь сэрээх гээд үзэхэд амьсгалахгүй байсан болохоор нь Баянбаатар өөрийнхөө 99193531 дугаараас яаралтай 103 дугаарт дуудлага өгсөн. Тэр залуу нас барчихсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тамир-10-аас станцаар 00 цаг 10 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Miami зочид буудалд зодоон болоод хамраа хугалчихлаа гэсэн дуудлага ирснийг шалгахаар 00 цаг 16 минутад очиж шалгахаар ресепшнтэй уулзахад “дээр 208 тоот өрөөнд зодоон болоод зодуулсан хүн нь хажуу талын өрөөнд байна” гэж хэлсэн. Зодуулсан гэх залуутай уулзахад Мөнх-Оргил гэж өөрийгөө хэлээд “найзуудтайгаа архи ууж байгаад манай найз Даш-Олзвой намайг цохиод миний хамрыг хугалчихлаа” гэж хэлсэн. Хохирогчийг дагуулаад дээшээ 208 тоот өрөө рүү гарахад тус өрөөнд 3 залуу 1 хүүхэн байсны 2 нь орны зүүн талын орон дээр нэг залуу цээжин бие нь орон дээр бөгсөн бие нь газар хүрсэн байдалтай байхаар нь очоод сэрээх гэж үзэхэд сэрээхгүй, ухаангүй байхаар нь яаралтай түргэж тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Бадамжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн өдөр талийгаач Мөнхтулга над руу залгаад “ажлын чинь хажууд байна, Мөнхдэлгэртэй хамт хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь Мөнхдэлгэр рүү ярьж дуудаад 22 цаг өнгөрч байхад Мөнхдэлгэрийн хамт Миами зочид буудалд очиход Даш-Олзвой, талийгаач, Мөнх-Оргил, Амармэнд нар нэлээн халамцуу сууж байсан… Би өдөр ажил дээрээ хоолонд орж чадаагүй байсан ба архи уугаад маш амархан согтсон байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санадаггүй, найзууд хоорондоо маазрах байдалтай байсан. Намайг очиход талийгаач дээгүүрээ хувцастай байсан, ямар ч байсан санаж байгаагаар тэр 4 сууж байсан. Яг ямар байдалтай сууж байсныг нь санахгүй байна. Буудалд очиход тэд нарын дунд маргалдсан, зодолдсон зүйл байгаагүй. Мөнхдэлгэрийг хэр зэргийн согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Намайг цагдаа дээр байж байхад 40 орчим насны хүн өөрийнхөө нэрийг Баяраа гэж хэлсэн. Эрэгтэй хүн дуудаад “Ахын дүү хоёулаа машинд ороод уулзъя, нөгөө найзтай чинь бас уулзъя” гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй хүний хамт хар өнгийн жийп машинд суугаад Мөнхдэлгэрийн ажил руу явах замд “Чи угаасаа юу ч санахгүй байгаа юм чинь найзынхаа мэдэж байгаа юмтай адилхан ярь” гэж хэлсэн. Тэгээд Мөнхдэлгэрийн ажил дээр очоод уулзахад “Мөнх-Оргил биш шүү, нэгийг нь шоронд явуулаад нэгийг нь шороонд булаад” гэж хэлэхээр нь Мөнхдэлгэр бид хоёр тэр хүнээс салаад цагдаа дээр ирж байцаагчтай уулзаад энэ асуудлын талаар хэлсэн. Зодоон болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-74, 4 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ёндонпунцаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...цагдаа ахлах ахлагч Өлзийдэлгэрийн хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Ажиллах хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнийн 00 цагийн үед байх Тамир-10-аас өгсөн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд очиход нэг залуу орон дээр биеийн талаараа хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан. Хажууд нь нэг эмэгтэй суучихсан, өрөөний буланд хамраа цохиулсан гэх залуу зогсчихсон, ухаангүй байсан залуугийн орны хажууд бас нэг махлаг залуу, нэг туранхай өндөр нуруутай залуу нар зогсож байсан. Ухаангүй залуугийн судсыг барьж үзэхэд цохилохгүй, амьсгалыг нь чагнаж үзэхэд зүрх нь цохилохгүй байсан. Мөн гарын алгаараа зүрхэн дээр нь дарж, хурууны өндгөөрөө гүрээний судсан дээр нь дарж үзэхэд хүүхэн хараагүй, ямар нэгэн нөлөөгүй болсон байсан. 103-ийн эмчид дуудлага өгч үзүүлэхэд нас барсан байна гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Дэлгэрдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...10 цагийн үед Даш-Олзвой өөрөө над руу залгаад “ирж байна уу, хаана явж байна” гэж асуухаар нь “болоогүй байна, одоо очлоо яасан бэ” гэж асуутал “Тулгаа сэрэхгүй байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлээд утас нь тасарсан. Би буцаагаад залгахад Даш-Олзвой “хурдал Тулгаа сэрэхгүй байна, цагдаа нар ирчихсэн байна” гэж хэлсэн. Би тухайн буудал дээр 10 дугаар хорооллоос гараад шууд яваад очсон. Намайг очиход тухайн буудлын үүдэнд цагдаагийн машин зогсчихсон яваад ортол цагдаа нар ирчихсэн дотогшоо оруулахгүй байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Амармэнд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-нд би 100 айлд тавилга хийж байгаад Мөнх-Оргил руу утсаар “хаана байна уулзах уу” гээд ярьсан. Тэр өдрийнхөө орой 16 цагийн үед Мөнх-Оргилын гэрийн хажууханд буюу хүнсний 4-р дэлгүүрийн тэр хавьд уулзаад нэг пабад орсон. Тэр пабад 2, 2 шил пиво уугаад сууж байгаад талийгаач Мөнхтулга руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд пабасаа 17 цаг өнгөрч байхад гараад Мөнх-Оргилын гэр рүү нь орсон. Орохдоо дэлгүүр ороод 2.5 литрийн пиво авч орсон. Тэрийгээ гэрт нь ууж дуусгаад дахиад нэгийг Мөнх-Оргил гарч дэлгүүрээс авчирсан. Орж ирэхдээ талийгаачтай утсаар яриад орж ирсэн. Тэр авчирсан пиво ууж дуусгачхаад байж байхад орой 19 цагийн үед талийгаач Мөнх-Оргилын гэрийн гадаа такситай ирээд бид 3 уулзаад Мөнх-Оргилын гэрээс гараад Мөнх-Оргилын машинд суухад авдартай архи байсан. Тэрнээс нь 2 шил архи аваад буудал руу явсан. Явж байх замдаа Даш-Олзвой руу утсаар ярьсан. Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах “Мияами” зочид буудалд очиж 208 дугаартай өрөө авсан. Тэгээд бид 3 байж байхад Даш-Олзвой 21 цагийн үед ирсэн. Тэгээд дөрвүүлээ нөгөө авсан архиа ууж сууж байгаад Бадам, Мөөгий гээд 2 охин руу талийгаач ярьсан байсан. Тэр хоёр 21 цаг өнгөрч байхад эхний шил архиа задлаад талдаа орж байхад ирсэн. Би тухайн үед нэлээд согтуу байсан бөгөөд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Гэнэт өглөө Даш-Олзвойтой хамт эрүүлжүүлэх байрны өрөөнд сэрсэн. Даш-Олзвойгоос “өчигдөр юу болсон бэ, би юм санахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд Даш-Олзвой “талийгаач Мөнхтулга, Мөнх-Оргилтой маргалдсан, Мөнх-Оргил орон дээр талийгаачийн цээж рүү нь 2-3 удаа цохисон, тэгэхэд нь Даш-Олзвой Мөнх-Оргилын үснээс хойшоо татаад арагшаа унагасан. Тэгээд Мөнх-Оргил босож ирээд 2 орны голд байсан шаазан аягыг аваад Даш-Олзвойгийн толгой руу цохиж хагалсан, Даш-Олзвой Мөнх-Оргилын нүүр рүү  2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд Мөнх-Оргил цохиулаад шууд гараад гүйсэн” гэж надад хэлсэн. Даш-Олзвой “талийгаачийг харахад орны хажуугаар буюу ор хана 2-ын хажуугаар доошоо хараад унасан байсан, бие нь их сонин байхаар нь түргэн дуудсан. Тэгсэн чинь Мөнх-Оргил гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн, ийм л юм болсон” гэж Даш-Олзвой надад хэлсэн. Би юм санахгүй байсан болохоороо Даш-Олзвойгийн хэлснээр өмнөх мэдүүлгээ өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 207-208, 4 дүгээр хх-ийн 120-123 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Мичүгсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 208 дугаартай өрөөнд Мөнхтулга нь нас барсан хэрэгт шөнө 02 цагт дуудагдан ирж ажилласан юм. Тухайн үед тус буудалд хамт байсан гэх эмэгтэй Ж.М нь хэргийн газраас ирээгүй. Гэртээ очсон байхад нь дуудагдан ирүүлж тухайн цаг хугацаанд мэдүүлэг авсан. Намайг мэдүүлэг авах хугацаанд Мөнхдэлгэр нь мэдүүлэг өгөх чадвартай байсан бөгөөд болсон асуудлын талаар мэдүүлсэн, мөн тухайн үед Мөнхдэлгэрийг гэртээ унтаж байхад нь дуудан ирүүлсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртэх төдий байсан. Гэрчээс мэдүүлэг авахад согтуурлын зэргийг шалгах шаардлагагүй байсан. Гэрчийн мэдүүлгийг хуульд заасны дагуу биеийн байцаалт, гэрчид хууль сануулж, болсон хэргийн талаар яриулж ярьсан зүйлээс нь нэмж асууж тодруулсан ба мэдүүлэг дууссаны дараа гэрчид мэдүүлгийг өгч уншуулж танилцуулж гарын үсэг зуруулсан. Мэдүүлэг уншиж танилцах цаг хугацаагаар хангах буюу Ж.М мэдүүлгээ уншиж танилцаад гарын үсэг зурсан. Гэрч Ж.М нь мэдүүлэгтэйгээ танилцаад мэдүүлээгүй зүйлийг мэдүүлэгт бичсэн байна гэж санал, хүсэлт гаргаагүй ба өөрийн өгсөн мэдүүлгийг уншиж танилцаж гарын үсэг зурсан. Гэрч Ж.М нь болсон хэргийн талаар болсон дарааллаар ярьж байсан. Мэдүүлэг өгөхдөө таамаглаж, эргэлзээгүй. Мөрдөн байцаалтын шатанд түүнээс 2 удаа мэдүүлэг авахад болсон асуудлын талаар тодорхой ярьсан. Хоёр дахь мэдүүлэгт гэрч нь манай найзууд яах бол гэсэн эргэлзсэн сэтгэл зүйн байдалтай байсан. Гэрчээс мэдүүлэг авахдаа ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн асуудал байхгүй. М.Д талийгаач О.Мөнхтулгыг цохиж газар унагасан гэх мэдүүлэг нь өөрөө л мэдүүлсэн зүйлс...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Мөнх-Оргил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...зургуулаа болоод конъякаа уугаад сууж байсан. Юм ярьж байгаад би Мөнхтулгатай арван гурван модны покер машины хучлаганы бооцоотой тоглоод суусан. Би хожигдоод байж байхад Даш-Олзвой “та 2 худлаа эрүүлдээ тогло, согтуу тоглоно гэж юу байдаг юм” гээд бид 2 хөзрөө хаясан. Буцаад ууж эхэлсэн ууж байх явцад би согтоод 00-ын өрөөнд орж тамхи татаад орж гараад явсан. Сууж байхад Бадмаагаас болж бид дөрвийн дунд үл ойлголцол болсон. Мөнхтулга бид гурвыг Бадмаатай хардах шинжтэй юм ярьсан. Тэр дундаас Даш-Олзвой бид маргалдсан ба яг юунаас болсныг нь санахгүй байна. Даш-Олзвой намайг хаалга талын орон дээр хоолой боож байгаад 3-4 удаа миний хамар руу цохисон. Тэгээд сүүлийн цохилтыг нь би хажуу тийш нь гарахад миний зүүн чих рүү цохьсон. Тэгээд би босч ирээд 2 орны голд байсан тумбочик дээр байсан шаазан цагаан өнгийн аягыг аваад Даш-Олзвойгийн толгой руу шидсэн тэгэхэд Даш-Олзвой орны хөл хэсэгт зогсож байсан ба толгойг нь онож хагалаад аяга нь хагараад газар унасан. Тэгээд Даш-Олзвой намайг “яаж байна” гээд боогоод цохисон юм байна. Амармэнд, Мөнхтулга 2 салгасан. Тэгээд би 00-ын өрөө орж хамраа хартал хавдсан байсан. Би “өө намайг яасан гэж ингэж цохиж байгаа юм, би гомдолтой цагдаа дуудна” гэсэн. Тэгэхэд надад Мөнхтулга “яах гээд байгаа юм бэ, найзуудын хооронд иймэрхүү юм байдаг шүү дээ цагдаагаар яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “үгүй, та нар өөрсдөө учраа ол би явлаа” гээд доошоо буусан. Буудлын ажилтнаар цагдаа дуудуулаад үүдэнд хүлээж байсан. Тэгээд цагдаа нь 10-11 минутын хооронд ирээд би цагдаатай хамт дээшээ гарсан. Амармэнд үүдэнд зогссон байдалтай, талийгаач наад талын орон дээр толгой нь цонх руу харсан байдалтай хэвтсэн, толгойноос нь Бадмаа тэвэрчихсэн “сэрээч ээ Тулгаа” гээд уйлж байхад Даш-Олзвой хажууд нь “наадах чинь амьсгалахгүй байгаа юм биш үү, та амьсгааг нь үз дээ” гээд цагдаад Даш-Олзвой хэлсэн. Би цагдаа болон Даш-Олзвой хоёрын голоор ороод “хөөш Тулгаа яагаад сэрэхгүй байгаа юм бэ, тасарчихсан юм уу” гээд цээжин дээр нь 2 удаа дарсан. Тэгэхэд цагдаа намайг “цаашаа холд цаанаа бай” гэхэд нь би буланд цонхны доор очиж суусан. Би талийгаачтай зодолдсон зүйл байхгүй. Бид 4 хоорондоо цохилцож, зодолдоогүй, бие биенээ зуурах, салгах гэж ноцолдсон. Талийгаачийг хэн хэн зодож цохисон болохыг мэдэхгүй. Гарчхаад ороод ирэхэд талийгаач болсон байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 106-107, 124-128 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...талийгаачийн биед их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалгад зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд учирсан байсан. Энэ нь бүгд шинэ гэмтэл. Их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл бол амь насанд аюултай хүнд гэмтэл, уг гэмтлийн улмаас нас барсан. Дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн чамархайд учирсан гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалгад зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл бол амь насанд аюултай, хүнд гэмтэл, уг гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь толгой, нүүрэн тус газарт нэг ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохигдох үед үүсэх боломжтой. Хүний гараар цохигдох болон мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Зулгаралт гэмтлүүд нь мохоо гадаргуутай зүйл дээр шүргэлцэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой. Цус хуралт гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох болон тухайн хэсэг газраараа унах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 82-83, 208-209 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 21-нд “4 замын Миами гээд буудалд очоод байж байя очихоороо хэдэн тоотод орсноо хэлье” гэсэн. Тэгээд орой 21 цагийн үед над руу Мөнхтулга залгаад “2 давхарт 208 тоотод орсон байгаа шүү” гэж байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөд би гэрээсээ гараад таксинд суугаад Миамигийн гадаа очиж Мөнхтулга руу залгаад “таксины мөнгө буулгаад ирээ” гэсэн. Амармэнд гарч ирж таксины мөнгө өгөөд бид хоёр цуг орсон. Ороход авчирсан коньяакаа задалсан Мөнх-Оргил, Мөнхтулга хоёр сууж байсан. Тэгээд би гадуур хувцсаа тайлж суугаад надад нэг архи өгсөн ба тойруулаад уугаад сууж байсан. Ороод 20 минутын дараа Мөнхтулга “Бадамыг дуудсан юм залгаад үзээдхэе” гээд өөрийнхөө утаснаас залгасан. Тэгээд утсаа авахгүй болохоор нь өөрийнхөө утаснаас Мөнхдэлгэр рүү залгасан. Тэгэхэд “яг Улаанбаатар их дэлгүүрийн урд зам гарах гээд байж байна гэсэн ба удалгүй Бадмаа, Мөнхдэлгэр хоёр орж ирээд зургуулаа ууж эхэлсэн. Тэгээд Мөнхтулга, Амармэнд бид гурав 00-н өрөөнд цуг орсон. Тамхи татангаа урд нь Амармэнд, Мөнхтулга хоёр маргалдсан байсан ба нэг нэгнээсээ уучлалт гуйгаад гараад коньяакаа тойруулж байгаад би буцаад 00-н өрөө рүү орсон. 00-ын өрөө орж бие засаж байхад юм түчигнээд эхлэхээр нь гараад очсон. Тэгэхэд Мөнхтулга, Мөнх-Оргил хоёр үүдний хажуу талын орны хөлний хэсэгт зодолдож байсан. Мөнх-Оргил Мөнхтулгыг бодвол мөч урттай учраас цохилцож явж байгаад ор хана хоёрын завсар Мөнхтулга унаад Мөнх-Оргил дээр нь гараад гараараа цээж хэсэг рүү нь цохиж байсан. Тэр үед би Мөнх-Оргилыг гараараа боож хойшоо татаад толгой нь гарнаас мултрахаар нь үсдээд босгосон. Надад Мөнх-Оргил уурлаад бид хоёр хэрэлдээд байж байхад Мөнх-Оргил миний толгой руу шаазан юмаар цохисон ба яг намайг цохичихоод Мөнх-Оргил, Мөнхтулгын шилбэ хавьд суусан байсан. Мөнхтулга дээшээ харж хэвтээд хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд би Мөнх-Оргил руу очиж “яагаад намайг цохиж байгаа юм” гээд би хамар руу нь цохисон. Тэгээд Мөнх-Оргил “яасан овоо юм бэ” гээд гараад явсан. Би яг гарч явсан хойгуур нь Мөнхтулгыг “ор руу гаргая” гээд очсон. Тэгээд амьсгалахгүй байхаар нь би Амармэндийг дуудаад Мөнхтулга амьсгалахгүй байх шиг байна гээд бид хоёр цуг өргөөд орон дээр гаргаж тавьсан. Тэгээд “амьсгалахгүй байна” гэхэд Бадамжав уйлж ирээд Мөнхтулгын цээжин дээр уйлж хэвтээд байж байхад Мөнх-Оргил хоёр цагдаатай орж ирсэн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Ж.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тэр үед согтолттой мөн айж сандарсан байсан учир мэдүүлгийг уншаагүй шууд гарын үсэг зурсан. Мэдүүлэг өгөхдөө би мэдэхгүй байна гэдгээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 129-130, 103-105, 183-184, 226-229 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 15-22 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 23-30 дугаар хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 31-35 дугаар хуудас/,

 

Схем зураглал /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Эд зүйл бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1071 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. М.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. М.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. М.Д нь гэмт хэрэг үйлдэх үед болон одоо хэрэг хариуцах чадвартай байна.
  4. М.Д нь урьд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шинжээчийн 2281 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаач Л.Мөнхтулгын цогцост их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Талийгаач нь архаг ходоодны архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.
  3. Талийгаачийн цусанд 1.7 промилли, ходоодны шингэнд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.  
  4. Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийг авсан даруйдаа ухаангүй болох, хурхирах, таталт өгөх, амьсгал зүрх судас үйл ажиллагаа доголдох зэрэг шинжүүд илэрч болох ба хэдий хугацааны дараа нас барахыг нарийвчлан тогтоох боломжгүй юм.
  5. Дээрх гэмтлийг хүн өөрөө өөртөө учруулах боломжгүй.
  6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл гэмтэл их тархины хоёр талын чамархайн суурь, бага, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
  7. Талийгаачийн цус нь 0 /I/ бүлгийн харьяалалтай байна.
  8. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 цаг 30 минутад цогцосны анхны үзлэгээр нас бараад 4-6 цаг орчим болсон байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 146-148 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 242-250, 3 дугаар хх-ийн 1-4 дүгээр хуудас/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын №465 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ж.М нь хэрэг учрал болсон гэх 2017.11.21-ны өдрөөс 2017.11.22-нд шилжих цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ж.М нь тухайн үед болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч ойлгох чадвартай байсан байна.
  2. Ж.М нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ж.М тухайн болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч ойлгон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай байна.
  4. Ж.М нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.
  5. Ж.М нь хэрэг учрал болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь бодит явдлыг үнэн зөвөөр тусган авахад нөлөөлөхгүй болно...” гэжээ /4 дүгээр хх-ийн 206-207 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №10979 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 151 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №10980 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 152 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №456 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 165-166 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №6272 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 152 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 188 дугаар хуудас/, гэрч П.Гансүхийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 189 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хх-ийн 179-186 дугаар хуудас/, гэрч Д.Баяржаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч М.Чимэдцэрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч Б.Солонгын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/, баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн 1709021330189 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Дг 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Мөнхтулгыг зодож их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

Шүүгдэгч Ж.Мийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн М.Д нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа урьд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд М.Д нь талийгаач Л.Мөнхтулгын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон, Л.Мөнхтулга нь М.Дашолзвойд цохиулж газар унаад босч ирээгүй Л.Мөнхтулгыг өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлгээ үгүйсгэж “талийгаач Л.Мөнхтулгыг хэн цохиж газар унагасан болохыг хараагүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т заасан үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэв.

Учир нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”  гэж заасан байсан.

 Тус хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь заалтад “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй...” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №12 дугаар дүгнэлтээр “Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал....хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дахь хэсгийн “ Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дахь хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дахь хэсгийн “Үндсэн хуульд хууль ....бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн, уг хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. 

Шүүгдэгч Ж.Мийн холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;”  буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн хуулийн заалт, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтууд үйлчлэх эсэх нь маргаантай байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т “..шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ...” гэж заасан байх тул Ж.Мт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Мт холбогдох хэргийг түдгэлзүүлснээр шүүгдэгч М.Дд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй, саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос М.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

Тодруулбал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч Ж.Мийн “...Мөнх-Оргил, Амармэнд хоёрын аль нэг нь Даш-Олзвой руу шил шидсэн аяга уу архины гэдгийг нь мэдэхгүй шидэхэд хана цохиод ойгоод Даш-Олзвойгийн толгойг оноод хагалаад толгойноос нь цус гарсан. Тэгтэл Даш-Олзвой уурлаад “ёоо пизда хэн намайг цохьсон” гээд орилоод Мөнх-Оргил, Амармэнд хоёр руу дайрсан. Тэгээд тэр 4 хоорондоо хэрэлдээд Даш-Олзвой “хэн намайг цохьсон бэ” гээд Амармэндийг цохих гээд гараа далайхад нь Мөнхтулга дундуур нь ороод шанаа руугаа нэг удаа цохиулаад шууд ор хана хоёрын завсар унасан...Амармэнд, Даш-Олзвой хоёр л хоорондоо маргалдаад байсан. Мөнхтулга хооронд нь эвлэрүүлэх гээд байсан...” гэж /1хх-ийн 84-85/, гэрч Б.Мөнх-Оргилын “...Даш-Олзвой бид маргалдсан. Даш-Олзвой намайг хаалга талын орон дээр хоолой боож байгаад 3-4 удаа миний хамар руу цохисон. Тэгээд би босч ирээд 2 орны голд байсан тумбочик дээр байсан шаазан цагаан өнгийн аягыг аваад Даш-Олзвойгийн толгой руу шидсэн...” гэж /4 хх-ийн 125/ мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч М.Д нь хэрэг болох үед хамт байсан найз Г.Амармэнд, Б.Мөнх-Оргил нартай хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнээс шүүгдэгч М.Д болон амь хохирогч Л.Мөнхтулга нарын хооронд тодорхой маргаан үүсээгүй, тэдгээр нь маргаж тухайлан бие бие рүүгээ зүй зохисгүй харьцсан идэвхтэй үйлдэл хийсэн нөхцөл байдал бий болоогүй байсан.

Ийнхүү шүүгдэгч М.Дгоос Л.Мөнхтулгын амь насыг хохироох гэсэн зорилго, сэдэлт, санааны чиглэмж, хандлага үүсээгүй нь шүүгдэгчийг амь хохирогчийн санаатай алах гэсэн гэм буруугийн хэлбэр үгүйсгэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” санаатай гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

Харин шүүгдэгч М.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маяами” зочид буудлын 208 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт байсан Г.Амармэнд, Б.Мөнх-Оргил нартай маргалдаж улмаар Г.Амармэндийг цохих үйлдэл хийхдээ Л.Мөнхтулгын нүүрэн тус газарт нь цохиж унагасны улмаас түүний бие махбодид “их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий гэмтэл учруулж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдийн мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Мийн “...Амармэндийг цохих гээд гараа далайхад нь Мөнхтулга дундуур нь ороод шанаа руугаа нэг удаа цохиулаад шууд ор хана хоёрын завсар унасан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч О.Мөнхтулгын “...Өрөөнд ороход хаалган талын орон дээр нэг залуу хэвтсэн байдалтай, түүнийг хар хувцастай охин тэврээд уйлаад байсан. Нэг залуу нь жижиг хөргөгч дээр суучихсан, 1 залуу нь цаана нь сууж байсан. Би харчихаад буцаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Б.Соёлмаагийн “...хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь хамгаалагч Мөнхтулгыг явуулахад саарал цамцтай өндөр биетэй, туранхай залуу “хамар хугалчихлаа, цагдаа дууд” гээд бууж ирсэн. Тэгээд Мөнхтулга цагдаа дуудсан. Тэр залуу цагдаа иртэл доор байж байгаад цагдаа ирэхээр нь хамт 208 тоот өрөө рүү орсон. Тэр залуу “хоёр найз маань зодолдож байхаар нь дундуур нь ортол цохиулчихлаа” гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Т.Төмөрбатын “...208 тоот өрөө рүү ороход 1 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Дээгүүрээ цээж нь нүцгэн 1 залуу нь орон дээр дээшээ харчихсан ухаангүй байдалтай хэвтэж байсан. 1 эмэгтэй нь тэр залуугийн хажууд орон дээр суучихсан тэр ухаангүй залуугийн гараас нь татчихсан, уйлчихсан байдалтай сууж байсан. Харин нөгөө 2 залуу нь тэр залуугийн хажууд зогсож байсан. Тэр ухаангүй залууг нь сэрээх гээд үзэхэд амьсгалахгүй байсан болохоор нь Баянбаатар өөрийнхөө 99193531 дугаараас яаралтай 103 дугаарт дуудлага өгсөн. Тэр залуу нас барчихсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Г.Баянбаатарын “...208 тоот өрөө рүү гарахад тус өрөөнд 3 залуу 1 хүүхэн байсны 2 нь орны зүүн талын орон дээр нэг залуу цээжин бие нь орон дээр бөгсөн бие нь газар хүрсэн байдалтай байхаар нь очоод сэрээх гэж үзэхэд сэрээхгүй, ухаангүй байхаар нь яаралтай түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Ж.Бадамжавын “...Намайг очиход талийгаач дээгүүрээ хувцастай байсан, ямар ч байсан санаж байгаагаар тэр 4 сууж байсан. Яг ямар байдалтай сууж байсныг нь санахгүй байна. Буудалд очиход тэд нарын дунд маргалдсан, зодолдсон зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Б.Ёндонпунцагын “...“Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд очиход нэг залуу орон дээр биеийн талаараа хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан. Хажууд нь нэг эмэгтэй суучихсан, өрөөний буланд хамраа цохиулсан гэх залуу зогсчихсон, ухаангүй байсан залуугийн орны хажууд бас нэг махлаг залуу, нэг туранхай өндөр нуруутай залуу нар зогсож байсан. Ухаангүй залуугийн судсыг барьж үзэхэд цохилохгүй, амьсгалыг нь чагнаж үзэхэд зүрх нь цохилохгүй байсан. Мөн гарын алгаараа зүрхэн дээр нь дарж, хурууны өндгөөрөө гүрээний судсан дээр нь дарж үзэхэд хүүхэн хараагүй, ямар нэгэн нөлөөгүй болсон байсан. 103-ийн эмчид дуудлага өгч үзүүлэхэд нас барсан байна гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Д.Дэлгэрдаваагийн “...10 цагийн үед Даш-Олзвой өөрөө над руу залгаад “ирж байна уу, хаана явж байна” гэж асуухаар нь “болоогүй байна, одоо очлоо яасан бэ” гэж асуутал “Тулгаа сэрэхгүй байна, чи хурдан хүрээд ир” гэж хэлээд утас нь тасарсан....” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Б.Мөнх-Оргилын “...Буудлын ажилтнаар цагдаа дуудуулаад үүдэнд хүлээж байсан. Тэгээд цагдаа нь 10-11 минутын хооронд ирээд би цагдаатай хамт дээшээ гарсан. Амармэнд үүдэнд зогссон байдалтай, талийгаач наад талын орон дээр толгой нь цонх руу харсан байдалтай хэвтсэн, толгойноос нь Бадмаа тэвэрчихсэн “сэрээч ээ Тулгаа” гээд уйлж байхад Даш-Олзвой хажууд нь “наадах чинь амьсгалахгүй байгаа юм биш үү, та амьсгааг нь үз дээ” гээд цагдаад Даш-Олзвой хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шинжээчийн №2281 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Талийгаач Л.Мөнхтулгын цогцост их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.... 6.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл гэмтэл их тархины хоёр талын чамархайн суурь, бага, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №1071 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

- Шинжээч эмч Ц.Бадралын “...Энэ их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь толгой, нүүрэн тус газарт нэг ба түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн цохигдох үед үүсэх боломжтой. Хүний гараар цохигдох болон мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Зулгаралт гэмтлүүд нь мохоо гадаргуутай зүйл дээр шүргэлцэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой. Цус хуралт гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох болон тухайн хэсэг газраараа унах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтууд зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д, амь хохирогч Л.Мөнхтулга, Б.Мөнх-Оргил, Г.Амармэнд, Ж.Бадамжав, Ж.М нар зочид буудлын өрөөнд архидан согтуурч улмаар М.Д нь Б.Мөнх-Оргил, Г.Амармэнд нартай зүй зохисгүй харилцаа үүсгэн маргалдаж, тэдгээрийн биед халдах үйлдэл хийхдээ маргааныг таслан зогсоохоор очсон буюу М.Дтой маргаантай харилцаа үүсээгүй амь хохирогч Л.Мөнхтулгын нүүрэн тус газар нь тэрээр цохиж газар унагаан амь насыг нь хохироосон үйл баримт  тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Д, амь хохирогч Л.Мөнхтулга нарын хооронд тодорхой маргаан бүхий харилцаа үүсээгүй, хоорондын харилцаа хандлага хэвийн, шүүгдэгчээс түүнийг гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

Тодруулбал М.Д нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас Л.Мөнхтулгын амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Амь хохирогч Л.Мөнхтулгын үхлийн шалтгаан болсон гэмтлээс бусад гэмтлүүд болох уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь шүүгдэгчээс Л.Мөнхтулгыг цохиж хүч үйлчилснээс гадна, газар хүчтэй унаж байгаа үйлдлээс дахин хүч үйлчилж түүний биед дээрх гэмтлүүд үүссэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    

Шүүгдэгч М.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож мэдүүлэг өгөх чадвартай, хийсэн үйлдлийн үр дагаварт хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх Сэтгэц эмгэг судлалын №1071 дугаар дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон иргэдийн төлөөлөгч нараас “М.Дг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан байх ба шүүх үүнд дээр тусгаснаар дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч М.Дг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэрэгт Г.Амармэнд, М.Д нарын мэдүүлгийг мухарлан шалгах шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах нь зүйтэй...” гэсэн санал гаргасан байх ба шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж нотлох баримтуудыг үнэлэхдээ Г.Амармэнд, М.Д нарын мэдүүлгийг үндэслэл болгоогүйгээс гадна шүүгдэгчийн гэмт үйлдлийг шууд харсан гэрч Ж.Мийн мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь нотлогдсон гэж үзсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Мийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн хоёр удаагийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, түүний мэдүүлгийг хууль зөрчиж авсан болохыг ямарваа нэг баримтаар тогтоогоогүй, мэдүүлгийн эх сурвалжыг тодорхой дэлгэрэнгүй байдлаар мэдүүлж, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж үзсэн болохыг тэмдэглэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдаас “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Даш-Олзвойгоос оршуулгын зардалд 15.000.000 төгрөгийг авсан. Гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Дг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилсэн байх ба энэ талаар тодорхой баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Дгоос жич нэхэмжлэх эрхтэй болох дурдаж шийдвэрлэлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байдлыг харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан М.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 181 хоног, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 259 хоног нийт 440 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан, биеэ зөв авч явах дадал хэвшээгүй, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Прокуророос Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсүгэй.

2. Прокуророос М.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч М.Дг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгийн цагдан хоригдсон 440 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс хэлэлцэхгүй орхисон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдын хүүхдүүдийн тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмаар шүүгдэгч М.Дгоос жич  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

            ШҮҮГЧИД                               Д.АЗЖАРГАЛ

        Д.ДАРЬСҮРЭН