| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0385/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/389 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/389
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-т холбогдох эрүүгийн 2025003740415 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт. С.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагаас 19 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 13А-- тоот хашаанд байх Р.Э-ын монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, “Сони” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ “2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт ажил байна гээд явахаар болсон тул замын зардалгүй болоод тэр зурагтыг авсан. Тухайн зурагтыг барьцаанд тавиад эхнэр хүүхдэдээ 20 000 төгрөг өгөөд үлдсэнийг нь би аваад явсан. Намайг энд байхад эгч маань Завхан аймагт ажилсан цалинг аваад хохирлыг барагдуулсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Р.Э мэдүүлэхдээ “Гомдол санал байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/
2. Хохирогч Р.Э-ын мэдүүлсэн: “Манай хадам дүү С.Г нь манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй. Би тухайн зурагтыг 2012 онд Улаанбаатар хот руу дүүдээ захиж, 500 000 төгрөгөөр авч байсан. Энэ зурагт миний өмч юм. С.Г нь 2020 оны хавар эхнэрээсээ салаад манай гэрт 3-4 сар орчим болсон байх. Манай гэрийн түлхүүр С.Г-т байгаагүй. Гэрийн тоонын дээгүүр гялгар уут татсан байсан. Гэрийн тоонын гялгар уут урагдсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/
3. Гэрч Э.У-хын мэдүүлсэн “Манай гэрийн түлхүүр С.Г ахад байгаагүй. Гэрийн түлхүүр ганцхан байдаг, надад байдаг. Намайг гэрээс гарах үед гялгар уут бүтэн байсан. Би гэрээсээ гарахдаа өрхөө бүтээгээд гарсан. Хулгай хийсэн хүн гэрийн тооноор орсон байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
4. Гэрч О.Э-рын мэдүүлсэн “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр З-н Г гэх хүн өөрийн иргэний бичиг баримтыг үндэслэн 32 инчийн Сони зурагтыг 100 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцааны хугацаа сунгуул гэсэн боловч зар гэснийх нь дагуу үл таних хүнд 120.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 121-р хуудас/
5. Гэрч З.Г-м-ын “2020 оны 07 дугаар сард С.Г утсаар яриад хоёр хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм, нэг удаа харуулчих гээд байхаар нь 3-22-р байрны гадаа очсон. С.Г гэрээ зараад тал мөнгийг нь авсан, үлдсэн мөнгөнд нь зурагт авсан гэсэн. Зурагтаа барьцаалж мөнгө авах гэж байгаа юм гээд миний бичиг баримтыг авч үзүүлсэн. Тэгээд 100 000 төгрөг аваад хоёр хүүхэддээ 20 000 төгрөгөөр юм авч өгөөд өөрөө үлдсэн мөнгөө аваад явсан. Тэр шөнөө архи уусан байх, согтуу 2-3 цагийн хооронд залгаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/
6. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний “Сони” маркийн зурагтыг 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” /хх-ийн 27-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч С-ийн С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 13-15 тоотод байх Р.Э-ын хашаанд байх Монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 250 000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд мөн гэрч Р.Э, Э.У, З.Г, О.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгч С-ийн С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Г-т ял хариуцлага оногдуулахдаа хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Р.Э-ын “Манай хадам дүү С.Г нь манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй. Би тухайн зурагтыг 2012 онд Улаанбаатар хот руу дүүдээ захиж, 500.000 төгрөгөөр авч байсан. Энэ зурагт миний өмч юм. С.Г нь 2020 оны хавар эхнэрээсээ салаад манай гэрт 3-4 сар орчим болсон байх. Манай гэрийн түлхүүр С.Г-т байгаагүй. Гэрийн тоонын дээгүүр гялгар уут татсан байсан. Гэрийн тоонын гялгар уут урагдсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ундрахын “Манай гэрийн түлхүүр С.Г ахад байгаагүй. Гэрийн түлхүүр ганцхан байдаг, надад байдаг. Намайг гэрээс гарах үед гялгар уут бүтэн байсан. Би гэрээсээ гарахдаа өрхөө бүтээгээд гарсан. Хулгай хийсэн хүн гэрийн тооноор орсон байх” гэсэн мэдүүлэг, гэрч О.Э-рын “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр З-н Г гэх хүн өөрийн иргэний бичиг баримтыг үндэслэн 32 инчийн Сони зурагтыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцааны хугацаа сунгуул гэсэн боловч зар гэснийх нь дагуу үл таних хүнд 120.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг, гэрч З.Г-мын “2020 оны 07 дугаар сард С.Г утсаар яриад хоёр хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм, нэг удаа харуулчих гээд байхаар нь 3-22-р байрны гадаа очсон. С.Г гэрээ зараад тал мөнгийг нь авсан, үлдсэн мөнгөнд нь зурагт авсан гэсэн. Зурагтаа барьцаалж мөнгө авах гэж байгаа юм гээд миний бичиг баримтыг авч үзүүлсэн. Тэгээд 100.000 төгрөг аваад хоёр хүүхэддээ 20.000 төгрөгөөр юм авч өгөөд өөрөө үлдсэн мөнгөө аваад явсан. Тэр шөнөө архи уусан байх, согтуу 2-3 цагийн хооронд залгаад байсан” гэсэн мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210165 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Г нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагаас 19 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 13А-15 тоот хашаанд байх Р.Э-ын монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, “Сони” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
С.Г нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан 250 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасныг журамлан ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч С.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 61 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Э-ад 250 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохиролч төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А