Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Ций Дд холбогдох эрүүгийн 2035000000190 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 30-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Ций Д / РД:ОН80073074/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 1.053 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн морь, тэмээгээр тээвэрлэж, байгаль экологид 700.228 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д нь Увс аймгийн Түргэн сумын 1-р багийн нутаг “Хоо толгой” гэх нэртэй газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 1.053 м.куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн тэмээ, мориор тээвэрлэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-7-р хуудас/,

- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 11-12-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар хөрөө 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 14-р хуудас/,

- Эд хөрөнгө /8 настай морь, 14 настай тэмээ, 48 ширхэг шинэс мод/ битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16, 17-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын засаг дарга Л.Б, хэсгийн төлөөлөгч А.Алтансүх, сум дундын ойн ангийн инженер Б.Ц, жолооч З нарын хамтаар Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутгаар ойн хяналтаар явсан юм. Хяналт шалгалтаар явж байгаад Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Шар толгойн бөгс” гэх газарт манай сумын иргэн Цгэрэл овогтой Д буюу Шилбэ Бгийн гэрт очиход тэдний гэрт үхэр сааж байсан хоёр бага насны хүүхэд байсан юм. Тухайн үед орой 18 цаг болж байсан бөгөөд Ц.Д нь эхнэрийнхээ хамт сумын төв рүү явчихсан байсан юм. Тэдний гэрийн гадна очиход малын хашааны баруун талын зарим хэсгийг шинэ тайрсан нойтон шургааг модоор барьсан байсан. Тэгээд бид нар уг модыг тоолж үзэхэд 40 гаруй ширхэг нойтон шинэс мод байсан. Бид нар тэднийхээс хөдлөөд явж байгаад сумын Засаг дарга Буянжаргал нь байгаль хамгаалагч Хын утас руу залгаад утасны чанга яригчид шилжүүлээд “Ц.Д буюу Б, Д, М нар энэ жил мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу, хашаа хороо барих мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу” гэж асуухад Х нь “би шууд хэлж мэдэхгүй байна. Б, М нар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хуулийн дагуу арга хэмжээг нь авцгаатан, харин Д бил үү, дүү нь ч билүү тэднийхний нэг нь авсан. Жагсаалтаа харж байгаад хэлье” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд сумын төв рүү орж ирсэн. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд мод бэлтгэж болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. ...2020 оны 11 дүгээр 26-ны орой Ц.Дн гэрт цагдаа нартай хамт очиход уг модыг “Хоо толгой” гэх газраас тайрч, ганцаараа морь тэмээгээр тээвэрлэж авч ирээд малын хашаагаа янзалсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...уг модыг тоолж үзэхэд 43 ширхэг нойтон шинэс мод байсан юм. Тэгээд бид нар тэдний гэрээс хөдөлж сумын Засаг дарга Буянжаргал нь байгаль хамгаалагч Хын утас руу залгаад утасны чанга яригчид шилжүүлээд “Ц.Д буюу Б, Д, М нар энэ жил мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу, хашаа хороо барих мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу” гэж асуухад Х нь “би шууд хэлж мэдэхгүй байна. Б, М нар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, хуулийн дагуу арга хэмжээг нь авцгаатан, харин Д бил үү, дүү нь ч билүү тэднийхний нэг нь авсан. Жагсаалтаа харж байгаад хэлье” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд сумын төв рүү орж ирсэн. ...2020 онд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газраас иргэд мод бэлтгэж болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. ...2020 оны 11 дүгээр 26-ны орой Ц.Дн гэрт цагдаа нартай хамт очиход уг модыг Хоо толгой гэх газраас тайрч, ганцаараа морь тэмээгээр тээвэрлэж авч ирээд малын хашаагаа янзалсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Дн бэлтгэсэн моднууд нь нойтон шинэс мод байсан бөгөөд малын хашааныхаа 5 ширхэг хавчиг хийж янзалсан байсан юм. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг “Хоо толгой” гэх газраас иргэд мод бэлтгэж болохгүй бөгөөд уг газарт ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдээгүй юм. Мөн Ц.Д нь 2020 онд хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж байгаль хамгаалагч Х надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

- Гэрч Ж.Х /Түргэн сумын байгаль хамгаалагч/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Д нь 2020 онд Увс аймгийн Түргэн сумаас хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Ц.Д нь тухайн үед бэлдсэн модоо өөрийнхөө хонины 8 настай хээр зүсмийн давхар сартай тамгатай морь, мөн өөрийн 14 настай давхар сартай номхон ингэ ашиглаж Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газраас 25 ширхэг нойтон шургааг тайрч голоор нь хувааж ачиж авч ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

- Шүүгдэгч Ц.Дн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай малын хашаа эвдэрсэн мал хаших боломжгүй байсан учраас би малын хашааг засварлах зорилгоор Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газраас нойтон шинэс мод тайрч бэлдсэн юм. ...Би хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Д нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

 

Экологи эдийн засгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “1. Уг мод бэлтгэсэн N 49о 56о 08.9, Е 091о 17о 43.4 солбицолд орших “Хоо толгой” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын “Хоо толгой” гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. 3. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Шинэс мод байна. Мод нийтдээ 1.053 метр куб хэмжээтэй болж байна. 4. Дээрх мод нь хэрэглээний мод байна. 5. Модыг 2020 оны 11 дүгээр сард бэлтгэсэн гэж үзэж байна. 6. Уг мод нь нойтон, амьдрах чадвартай мод байжээ. 7. Уг 1.053 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 700,228 /долоон зуун мянга хоёр зуун хорин найм/ төгрөг болж байна” гэх 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/-ээр шүүгдэгч Ц.Д нь хууль бусаар 1.053 метр куб шинэс мод бэлтгэж, ойн санд 700,228 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

 

Шүүгдэгч Ц.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газраас 1.053 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн, мөн бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн тэмээ, мориор тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Ц.Д зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр 700,228 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 700,228 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,100,684 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 2,100,684 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Ц.Д нь байгаль экологид учруулсан бодит хохирол 700,228 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,400,456 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Дн хувийн зан байдлын талаар гэрч Ц.Аийн өгсөн: “...миний төрсөн ах Ц.Д нь эхээс тавуулаа, айлын том хүү бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн ба Увс аймгийн Түргэн сумын сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2002 онд О гэх хүнтэй гэрлэсэн. Одоо эхнэр, 7-16 насны 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн суманд амьдардаг. Ц.Д нь зан авирын хувьд даруу төлөв зантай, хүнтэй зөв харилцдаг, элдэв хорт муу зуршилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ц.Д нь амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн амьдралтай эд хөрөнгийн хувьд хөдөө монгол гэртэй, УАЗ-469 маркийн автомашинтай, бог, бод нийлсэн 800 гаруй тооны малтай, дутагдах гачигдах зүйлгүй айл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч У.Бын өгсөн: Ц.Дтэй 6 настайгаасаа хойш найзалж нөхөрлөж байна. Ц.Д нь зан авирын хувьд сайхан дөлгөөн зантай, нэг их илүү дутуу зангүй. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг ч агсам согтуу тавьдаггүй даруу төлөв зантай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Д нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 99-р хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Дд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзсан болно.

Шүүх хуралдааны шатанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байх тул ялын төрөл, хэмжээний дотор, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүр 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй 8 настай морь, 14 настай тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 43 ширхэг шинэс модны зах зээлийн үнэлгээ 342,000 төгрөг, 10,000 төгрөгийн үнэ бүхий хуучин хөрөө, 5,000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх 1 ширхгийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохирол 1,400,456 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хууль бусаар бэлтгэсэн 1.053 метр куб шинэс модоор малын хашаа барьсан, хураан авах боломжгүй тул уг модны зах зээлийн үнэлгээ болох 342,000 төгрөг /хх-ийн 68-р хуудас/-ийг хураах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох 8 настай морь, 14 настай тэмээ, 43 ширхэг нойтон шинэс мод зэргийг хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 15-р хуудас/-ыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х ургийн овогт Ций Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

            4. Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан бодит хохирол 700,228 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар шүүгдэгчээс ойн санд учруулсан хохиролд 1,400,456 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

            5. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 14 настай ингэн тэмээ 1, хээр зүсмийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 настай морь 1, 10,000 төгрөгийн үнэ бүхий аварга хөрөө, 5,000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, мөн 43 ширхэг шинэс модны үнэ 342,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж ойн санд учруулсан хохирол 1,400,456 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахад зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

            7. Битүүмжилсэн эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН