Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 111/ШШ2019/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2008 оны 8 сард анх Жинст сумын байгаль хамгаалагчийн ажилд орж түүнээс хойш тасралтгүй 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын зүгээс ямар нэг алдаа дутагдал гаргалгүй ирсэн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллаж ирсэн билээ. Манай газрын дарга 2017 онд солигдож ******* дарга томилогдож ажиллах болсон. Үүнээс хойш тэрээр ажилдаа өөрийн хувийн үзэл бодлоор хандаж ажиллахад хүндрэлтэй нөхцөлд ажиллаж ирсэн. Гэтэл 2017 оны 12 сарын 26-ны өдрийн Газрын даоргын ******* дугаартай тушаалын хуулбар хувийг 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авлаа. Энэхүү тушаалаар миний биеийг сайдын албан даалгавар хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, мэдэгдэл хүргүүлсэн биелүүлээгүй гэжээ. Урд 2018 2018 оны 8 сарын 06-ны өдөр газрын даргын 35 дугаартай тушаалаар яг ийм үндэслэлээр ажлаас халж төрийн албаны салбар зөвлөл болон шүүхээс үндэслэлгүй халсан болохыг тогтоосон билээ. Миний бие дээр дурдсан алдаа дутагдлыг гаргаж байсан, ямар нэг анхааруулга сануулга авч байсан зүйл байхгүй бөгөөд чухам ямар алдаа дутагдал гаргасныг тушаалд тодорхой дурдаагүй байгаа. Мөн үр дүнгийн гэрээнд тусгасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байгаа боловч өөрөө үр дүнгийн гэрээгээ дүгнээгүй байж ингэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Миний бие ямар алдаа дутагдлын улмаас ажлын үр дүн гэхээсээ илүү хувийн ашиг сонирхол гаргаж удаа дараа миний биеийг ажлаас үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна. Ажлаас халсан тушаалын хуулбарыг гардаж аваад төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч өргөдлийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах хугацааг 2019 ны 02 сарын 20-ны дотор хэлэлцэхээр шийдвэрлэсэн гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийг болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна. гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жинст сумын байгаль хамгаалагчаар ******* нь 2008 оноос томилогдон аииглаж байсан. Байгаль хамгаалагчдын 2016 оны жилийн эцсийн тайланг дүгнэхэд ажлын тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчны чиглэлээр хийгдэх сургалт сурталчилгаа, судалгаа мэдээлэл байхгүй байсан тул цалингийн шийтгэл ногдуулж, хамт олны хурлаар оруулж ажил сайжруулах, цаашид хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар авч амлалт өгсөн.

Гэвч 2018 оны эхний хагас жилийн ажил дүгнэхэд тайлан мэдээ хангалтгүй биелүүлсэн, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй ажлын байрны тодорхойлолт, албан тушаалаар хүлээсэн үүргээ хангалтгуй биелүүлсэн тул 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 35 тоот тушаалаар чөлөөлсөн. ******* нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд хандаж дээр харилцан эвлэрч Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хамт олны хурлаар сонсох ажиллагаа явуулж байгаль хамгаалагчийн хийж хэрэгжүүлэх ёстой мэдээ судалгааг гаргаж ирүүлэх тухай хугацаатай үүрэг даалгавар албан бичгээр өгч хийж хэрэгжүүлээгуй тохиолдолд ажлаас чөлөөлөх мэдэгдлийн хамт өгсөн боловч хугацаанд нь ирүүлээгүй, хангалтгүй гүйцэтгэсэн.

Жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэх, тайлан хамгаалах ажилд дуудсан хугацаанд бэлэн байгаагүй, тайлангаа хамгаалаагүй тул Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 9 дэх заалт зэргийг үндэслэн 2018 оны 12 дугаар 26-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас халсан. Дээрх шалтгааны улмаас *******-ын гомдлыг хүлээн авах боломжгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Байгаль орчны албаны даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тушаалаар Жинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тушаалаар *******ыг ажлаас халж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/ШШ2018/0025 дугаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаар тушаалаар *******-ыг өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилж ажиллуулж байгаад мөн тус Газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******-ыг үүрэгт ажлаас нь халжээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу тус газрын 2018 оны ******* дугаар тушаалд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.9 дэх заалт, тус газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил сайжруулах тухай 232, 9 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 237 тоот албан бичгүүдийг үндэслэсэн бөгөөд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйл 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан ба ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор Улсын дээд шүүхээс тайлбарлажээ.

Тус газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил сайжруулах тухай 232 дугаар албан бичгээр байгаль орчныг хамгаалах багц хууль болон бусад хуулийн дагуу байгаль хамгаалагчийн ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дараах ажлуудыг сүүлийн 2 жилийн үзүүлэлттэй харьцуулан гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор нийт 18 төрлийн судалгааг гаргаж, танилцуулах үүргийг *******т өгч, энэхүү үүргийг хугацаанд нь биелүүлж ажиллаагүй тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 237 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь үүнээс 14 судалгааг бичгээр гаргасан байх ба аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд нийт 18 судалгаанаас 9-ийг 0%, 9-ийг 20-100%, нийт дүн 36.1% гэж дүгнэснээс харахад *******-ыг судалгааг бүрэн, гүйцэт, хангалттай гаргасан гэж үзэх боломжгүй юм.

2.Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Жинст сумын Засаг дарга нар нь 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2018 оны үр дүнгийн гэрээг нэхэмжлэгч *******-тай байгуулж, гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүгнэж, 70,55% гэсэн үнэлгээ өгч, сумын Засаг дарга Н.Жаргалсайхан гарын үзсэг зурж, тамга дарж, ******* гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч *******-т 2018 онд сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан бичиг зэргээр нотлогдоно.

Харин хариуцагч нь ******* нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9 цагт үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэх хугацаандаа ирээгүй гэж маргаж байгаа боловч, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумаас өглөө эрт гараад явж байтал унаа саатсан, энэ тухайгаа ахлах мэргэжилтэн *******т хэлээд 21-ний өдрийн 11 цагийн үед ирж үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн, мэргэжилтнүүд надаас асуулт асуусан ... гэж тайлбар гаргасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумуудын байгаль хамгаалагч, улсын байцаагч нарын үр дүнгийн гэрээг дүгнэсэн талаарх тайлангийн хурлын тэмдэглэл гараагүй байх тул дээрх тайлбарууд баримтаар нотлогдохгүй байна. Энэ талаарх баримтуудыг шүүхээс шаардсан боловч шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч шүүх хурал дээр ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумуудын байгаль хамгаалагч, улсын байцаагч нарын үр дүнгийн гэрээг дүгнэсэн тухай тайлангийн хурлын тэмдэглэл бичгээр гараагүй нь хариуцсан мэргэжилтний буруу байна... гэсэн тайлбар өгсөн.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр *******-ыг ажлаас халж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/ШШ2018/0025 дугаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталсан байх ба энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

Ажил олгогч нь Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр хуульчилсан атал Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг зөрчсөн, мөн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагаа, тайлбар авах, захиргааны актыг гардуулах, хувийн хэрэг бүрдүүлэх зэрэг нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах ажиллагааг хэрэгжүүлээгүй байгаа нь энэ талаар баримтгүй, мөн хэргийн оролцогч нарын тайлбараас харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь удаа дараа буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны ******* дугаар тушаалыг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 5 сар 20 хоногийн олговор болох 4.134.965 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /тус газар/-аас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, *******-ыг Баянхонгор аймгийн Жинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ын ажилгүй байсан хугацааны олговор болох 4.134.965 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /тус газар/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА