Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00140

 

Г.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэр,

     Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Г

          Хариуцагч: “... банк” ХХК-ийн Хөвсгөл салбарт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

          Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би ... банкны Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суман дахь тооцооны төвд теллерээр 2013-10-25 –ны өдрөөс 2018-04-02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Би теллерээр ажиллах 4 жилийн хугацаанд зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Хөвсгөл салбараас Алаг-Эрдэнэ сумын тооцооны төвд 2018-03-21-22-ны өдрүүдэд шалгалтаар ирж ажилласан Ш.Хүрэлбаатар, Г.Лувсандаш нар өөрийн нөхрийн дансанд хий орлогын гүйлгээ хийж кассыг зөрүүтэй байлгасан гэх худал дүгнэлт гарган салбарын захирлын 2018-04-02-ны өдрийн 089 тоот тушаалаар ажлаас халсан. Иймд Г.Г намайг ... банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ сум дахь Тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: “Ш.Хүрэлбаатар, Г.Лувсандаш нар 2018-03-21-ний өдөр Алаг-Эрдэнэ тооцооны төвд шалгалт хийж тооцооны төвийн касс үнэ бүхий зүйлсийг тоолж шалгахад 504,100 төгрөг теллер Г.Гын кассаас дутсан. Шалтгааныг тодруулахад теллер Г.Г нь нөхөр Б.Энэбишээс шилжих 500,000 төгрөгийг Т.Пүрэвжавын 5893125357 тоот дансанд хий орлогын гүйлгээ хийсэн байсныг тогтоож тайлбарыг бичгээр авсан. Г.Гаар 500,000 төгрөгийг  тушаалгаж зөрүү 4100 төгрөгийг журмын дагуу дутагдалд бүртгүүлсэн. Тухайн өдөр гүйлгээ багатай нийт 16 гүйлгээ хийсэн байсан. Ачаалал багатай байхад мөнгө дутах шалтгаан байхгүй ба касс дахь мөнгөнөөс хувьдаа авч ашигласан байсан. Ажлын хариуцлага алдаж ажилтны ёс зүйн алдаа гарган ашиглангийн шинжтэй үйлдэл хийж банкны заавар журмын заалтуудыг зөрчсөн.Иймд газар дээр нь акт үйлдэн шалгалтын тайланг салбарын захирлын зөвлөлд танилцуулан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

         Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Гыг ... банкны Хөвсгөл салбарын харьяа Алаг-Эрдэнэ тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар олговор 827,529 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан олговороос нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдөхийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагчаас 94,611 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

         Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар магадлалаар хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалдаа ажилтны гаргасан зөрчлийг дурдсан байх боловч эдгээр нь хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн болох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй./ гэжээ. Дээд шүүхээс 33 дугаар тогтоол гарган Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолын 15.4.2 /Хуулийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна./ дахь заалтыг анхааралтайгаар уншиж ойлговол хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нь “Ноцтой зөрчил”-ийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байх талаарх ойлголтуудыг заасан байна. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “Ноцтой зөрчил”-ийг нэрлэн заасан байх нь хуулийн гол тавигдах шаардлага юм. Гэтэл ... банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.28.12 /Тооллогоор кассын илүүдэл, дутагдал гаргасан, гарсан зөрүүг мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан/ дахь заалт болон 5.28.14 /Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо Банкны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, Банкны тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан,/ дэх заалтад заасан үндэслэлийг нэхэмжлэгч Г.Г болон ажил олгогч “... банк” ХХК-ийн хооронд 2014-07-01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.13 болон 7.4.15 дахь заалтаар “Ноцтой зөрчил”-д хамааруулан ойлгоно гэж харилцан тохиролцсон байдаг. Шүүхийн хавтаст хэрэгт ... банкны “Хөдөлмөрийн дотоод журам” болон нэхэмжлэгч Г.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байдаг боловч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн уг нотлох баримтыг анхаарч үзэлгүй зөвхөн Хөвсгөл салбарын захирал 2018-04-02-ны өдрийн 089 дүгээр тушаал гаргахдаа Г.Г нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан тухай дурдаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж хуульд байхгүй үндэслэлээр шийдвэр гаргасан байгаа нь ИХШХШТХ-н 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ дахь хэсэгтэй нийцээгүй байна. Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний заалтыг тухайлан дурдаагүй боловч тушаалын бичвэрийн хэсэгт дотоод журмын холбогдох заалтыг тодорхой заасан. ... банкны хувьд дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний загварыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, ажилтан бүртэй нэг загварын хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. ... банкны Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийн заалт нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилтэй яг тохирдог. Иймд тушаалын төсөлд Хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчлийн заалтын 5.28-ыг тодорхой бичсэн байгааг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтыг нэрлэн заан бичсэн гэж үзэж болохоор байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.Г “... банк” ХХК-д холбогдуулан 2018-04-05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ... банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ сум дахь тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        ... банкны Хөвсгөл салбарын захирал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  089 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, ... банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3, 13.5.3, Салбарын захирлын зөвлөлийн 2018-03-23-ны өдрийн хурлын 21 тоот шийдвэрийг үндэслэл болгож, “...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, хөдөлмөрийн дотоод журмын 5.28.12, 5.28.14–г зөрчиж ажлын байрны давуу байдлаа хувийн ашиг сонирхолдоо ашиглан хий гүйлгээ хийж касс зөрүүлсэн... гаднаас мөнгө оруулж ирсэн нь тогтоогдсон... теллерийн системийн багц журмын 3.7.5, 3.7.7-г зөрчиж 39 зээл дээр харилцагчийн гарын үсэг болон хамтран зээлдэгчийн гарын үсгийг зуруулаагүй зэрэг зөрчил гаргасан...” гэж Г.Гыг Алаг-Эрдэнэ тооцооны төвийн теллерийн ажлаас чөлөөлсөн байна. 

         Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.  

         2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил ажилтан гаргасан талаар нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаалд дурдагдаагүй байх тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд  заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

         Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 94,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ