Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01049

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2018/01049

Хөвсгөл аймаг

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Банкинд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2018/00795/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г нь Банкны Хөвсгөл аймгийн А суман дахь тооцооны төвд теллерээр 2013.10.25-ны өдрөөс 2018 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан юм. Би теллерээр ажиллах 4 жилийн хугацаанд ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажилдаа идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн. Гэтэл Хөвсгөл салбараас А сумын тооцооны төвд 2018 оны 03 сарын 21-22-ны өдрүүдэд ирж ажилласан Ш.Х, Г.Л нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсгээс миний хийж гүйцэтгэж байгаа ажил алдаа дутагдалтай цаашид тус байгууллагад ажиллуулж болохгүй мэтээр тайлбарлаж, өөрийн нөхрийн дансанд хий орлогын гүйлгээ хийж кассыг зөрүүтэй байлгасан гэх худал дүгнэлт гарган салбарын захирлын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 089 тоот тушаалаар ажлаас буруу халсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. Иймд Г.Г намайг Банкны Хөвсгөл салбарын А сум дахь Тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны Хөвсгөл салбарын захирал нь намайг нөхөр Э-ийн данс руу 500.000 төгрөгийн хий гүйлгээ хийсэн, 39 хүний тэтгэврийн зээлийг гарын үсэггүй олгосон зөрчил гаргасан  гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Би нөхөр Эийн данс руу 500.000 төгрөгийн хий гүйлгээ хийгээгүй, харин Т.П гэсэн хүний данс руу гүйлгээ хийгдсэн байдаг. Тухайн өдөр Х, Л нар ирээд захирлын өрөөнд орсон ба тэр үед ахлах теллер байхгүй, хажуу талын дэлгүүрээс нэхэмжлэх бичүүлэх гээд гарсан байсан. Тэр өдөр бид нар дотор цэвэрлэдэг цай уусан байсан бөгөөд эдгээр хүмүүсийг захирлын өрөөнд ороход нь би бие засахаар гадагш гарсан. Энэ хооронд 4-5 минут л өнгөрсөн байх. Ийм богино хугацаанд 500.000 төгрөгийг би гаднаас олж авчирна гэж байхгүй шүү дээ. Касс тоолохоос өмнө ширээн дээр 500.000 төгрөг байсан ч гэсэн Л касс руу энэ мөнгийг хийлгээгүй. Ахлах теллер ч гэсэн энэ 500.000 төгрөгийг касс руу хийлгээч гэж хэлж байсан. 4.100 төгрөгийн тухайд банкны ажилтнаас их, бага хэмжээгээр мөнгө дутдаг тохиолдол байдаг. Тухайлбал тэтгэврийн зээлийг эхлээд хүүг нь авалгүй мартаад гаргах тохиолдол байдаг. Дотоод журамд 3 хоног дотор дутагдлаа бүртгээд хэрвээ олж чадахгүй бол өөрсдөө төлөхөөр заасан байдаг шүү дээ. Тушаалд бичсэн шиг би 39 зээлдэгчийн материалыг дутуу бүрдүүлээгүй. Надад хамааралтай 18 зөрчил байгаагаас энэ 18 зөрчлийн материал бүгд гарын үсэг бүрэн. 4 иргэний үнэмлэхийн хуулбар дутуу гэсэн байдаг боловч тэр бичиг баримтууд нь бүгд бүрэн байгаа юм. Тушаалд дурдагдсан үндэслэл буруу, дээшээ явсан материалын үндэслэл ч буруу байгаа тул намайг Банкны Хөвсгөл салбарын харьяа А тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.   

Хариуцагч Банкны Хөвсгөл салбарын захирал С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Банкны ТТХМенежер Ш.Х, ХМенежер Г.Л нар нь 2018 оны 03 сарын 21-ний өдөр А тооцооны төвд шалгалт хийж тооцооны төвийн касс үнэ бүхий зүйлсийг тоолж шалгахад 504100 төгрөг теллер Г.Гын кассаас дутсан. Шалтгааныг тодруулахад теллер Г.Г нь нөхөр Б.Эээс шилжих 500.000 төгрөгийг иргэн Т.Пын 5893125357 тоот дансанд хий орлогын гүйлгээ хийсэн байсныг тогтоож тайлбарыг бичгээр авсан. Г.Гаар 500.000 төгрөгийг кассд тушаалгаж зөрүү 4100 төгрөгийг журмын дагуу дутагдалд бүртгүүлсэн. Тухайн өдөр гүйлгээ багатай нийт 16 гүйлгээ хийсэн байсан. Ачаалал багатай байхад мөнгө дутах шалтгаан байхгүй ба касс дахь мөнгөнөөс хувьдаа авч ашигласан байсан. Ажлын хариуцлага алдаж ажилтны ёс зүйн алдаа гарган ашиглангийн шинжтэй үйлдэл хийж банкны заавар журмын заалтуудыг зөрчсөн тул газар нь дээр нь акт үйлдэн шалгалтын тайланг салбарын захирлын зөвлөлд танилцуулан ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно.

Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.12-т тооллогоор кассын илүүдэл дутагдал гаргасан, гарсан зөрүү мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ аваагүй нуун дарагдуулсан, 5.28.14-т Үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо банкны эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас, банкны тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан,

Теллерийн системийн багц журам

3.7.5 Харилцагчийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг хангах

3.7.7 Харилцагчтай байгуулсан гэрээ, хэлцэл, хүсэлтийн маягтын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид үзүүлж гүйлгээ бүрэн, үнэн зөв гүйцэтгэгдэх нөхцлийг хангаж, дансны тохиргоо, бүртгэлийг тухайн ажлын өдөрт багтаан хийх,

6.1.4-т Бэлэн орлого зарлагын гүйлгээний маягтыг харилцагчид өгч гарын үсэг зуруулж, харилцагчаас гүйлгээний төрөл, валютын төрөл, мөнгөн дүн, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, гүйлгээний утгыг лавлаж, бүртгэлийн программын зориулалтын талбарт мэдээлэл оруулах,

6.1.7-д Харилцагч тушаах мөнгөн дэвсгэртийг үйлчилгээний тавцан дээр тавьсны дараа хүлээн авах,

6.1.8-д Хүлээн авсан болон хүлээлгэн өгөх мөнгийг дэвсгэртийн жагсаалтын дагуу дараалуулан тавьж багц, боодлоор тоолж ерөнхий дүнг гарган харилцагчид мэдэгдэх

6.1.9-д Мөнгөн дэвсгэртийг тусгай зориулалтын төхөөрөмжөөр болон гараар харилцагчийг байлцуулан нэг бүрчлэн тоолох, хүчингүй хуурамч тэмдэгт байгаа эсэхийг шалгах, янзалж цэгцлэх

6.1.10-т Бичиг баримт, хадгаламжийн дэвтэр, карт, гүйлгээний баримт зөрчилгүй, бүртгэлийн программын мэдээлэлтэй зөрүүгүй тохирч, тоолж шалгасан мөнгөн двэсгэртийн гүйлгээний мөнгөн дүнтэй тохирсон бол программд санхүүгийн гүйлгээг хийж гүйцэтгэх

6.1.12-т Гүйлгээний баримтыг зориулалтын принтер ашиглан хэвлэж, дэвсгэртийн жагсаалтыг үйлдэж, харилцагчаар гарын үсэг зуруулах гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд харилцааны менежер Л бид хоёр А тооцооны төвд 12 цагийн үед очиж кассын үнэ бүхий зүйл, хадгаламжийн зээлүүдийг тулгах ажлаар захирлын тушаалаар очсон. Харилцааны менежер Л теллер Г.Гын кассыг тоолоход 504.100  төгрөг дутаж байсан. Тухайн өдөр теллерийн гүйлгээг шалгахад 10 гаруй л гүйлгээ байсан бөгөөд бүх гүйлгээ таарч байсан. Мөнгө дутах боломжгүй байсан. Л бид хоёрыг  касс тоолохоор тооцооны төвд ороход ахлах теллер байхгүй, харин Г.Г бид хоёртой зөрөөд гарч яваад 5 минут орчим болоод орж ирээд кассаа тоолуулсан бөгөөд кассаас 504.100 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн байсан. Үүнийг тодруулахад нөхөр Эийн нэрээр өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн ба энэ талаар Г.Г өөрөө бичгээр тайлбараа өгсөн. Г.Г нь 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 10 гаруй гүйлгээний дотор мөнгө дутаах, хий гүйлгээ хийх ёсгүй юм. Г.Г нь Хөдөлмөрийн дотоод журам, теллерийн журам, Ажилтны ёс зүйн журмуудыг зөрчсөн. Мөн тушаалын тухайд гарсан зөрчлийг хүн тус бүр дээр бичээгүй, нийт гарсан алдааг бичсэн байсан бөгөөд бичиг хэргийн ажилтан тушаал төлөвлөхдөө 39 алдаа гэж нийт тоогоор нь бичсэн байдаг. Би Г.Гд тэтгэврийн материалыг үзэхэд чамд нийт 19 алдаа байна. Тушаалд буруу бичсэн байна. Үүнийг залруулж өгч болно гэж хэлж байсан. Мөнгөн дүнгийн тухайд нөхрийн данс ч бай, хүний данс ч бай теллерийн болоод банкны ажилтанд байж болшгүй алдаа юм. Г.Гын яриад байгаагаар надад мөнгө байсан. Би бие засах  гээд гарсан гэдэг. Хэрвээ 00 орох гэсэн бол мөнгөө тоолуулчихаад 00 ороод ирье гээд гарах боломж байсан. Тийм байтал огт хүн байхгүй байхад касс дахь мөнгөө хаяад гарсан. Г.Г 500.000 төгрөгийг гаднаас өөрөө барьж орж ирсэн. Харилцагчийн гар дээрээс бэлэн мөнгө аваад, харилцагчийнхаа хажууд тоолж шалгаад, дэвсгэртийг хөтлөөд, гарын үсэг зуруулаад, гүйлгээ хийдэг байтал 5 минутын дараа мөнгийг нь авчирч өгсөн гэж тайлбарлаад байгаа нь өөрөө утгагүй юм. Бид нарыг касс тоолсны дараа Г.Г өөрөө гарын үсгээ зурж, тайлбар өгсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Банкны Хөвсгөл салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь Банкны Хөвсгөл салбарын харьяа А тооцооны төвд теллерээр ажиллаж байгаад тус салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Банкны Хөвсгөл салбарын харьяа А тооцооны төвийн теллерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай тушаал, 2014 оны 07 дугаар 01-ний өдөр Г.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 39-42-р тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ... өөрийн нөхрийн дансанд орлогын гүйлгээ хийгээгүй харин Эийн данснаас өөр банк буюу Хаан банкны данс руу мөнгө хийсэн байсан. Мөнгө үнэхээр байхгүй байсан бол би 4-5 минутын дотор 500.000 төгрөгийг хурдан хугацаанд олох боломж байхгүй. ...39 зээл дээр харилцагчийн гарын үсэг болон хамтран зээлдэгчийн гарын үсгийг зуруулаагүй зөрчил гаргасан гэдгийг зөвшөөрөхгүй. Үүнээс надад хамааралгүй зөрчлийг ч хамаатай болгосон, миний ажил үүрэгтэй холбоотой 18 зөрчил байгаагаас эдгээр 18 материалын гарын үсэг бүгд бүрэн. 4 иргэний үнэмлэхийн хуулбар дутуу гэсэн байдаг боловч тэр бичиг баримтууд нь бүгд зээлийнхээ материалд байгаа. Зөрчлийн нийгмийн аюулыг ихэсгэж, хуулийн газарт бодит биш тоогоор материал явуулж, ажлаас чөлөөлсөн тушаалдаа яг энэ байдлуудыг дурдаж намайг ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч тал нэхэмжлэгч Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ... Г.Г нь Хөдөлмөрийн дотоод журам, теллерийн ажиллах журам, банкны ажилтны ёс зүйн журмуудыг зөрчсөн. Гарсан зөрчлийг хүн тус бүр дээр бичээгүй, нийт гарсан алдааг бичсэн байсан бөгөөд бичиг хэргийн ажилтан тушаал төлөвлөхдөө 39 алдаа гэж нийт тоогоор нь бичсэн байдаг. Тухайн үед мөнгө байхгүй байсан байж хий орлогын гүйлгээ хийсэн нь шалгалтын явцад нотлогдсон. Кассыг барьж байсан ахлах теллер нь Г.Гыг мөнгө бариад зогсож байхыг харсан. Касс тоолсон ажилтан харсан. Өөрөө гаднаас авчирсан гэдгээр тайлбараа өгсөн. ...хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12, 5.28.14-т заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Банкны Хөвсгөл салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Г.Гыг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12, 5.28.14 дэх заалтыг зөрчиж ажлын байрны давуу байдлаа хувийн ашиг сонирхолдоо ашиглан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нөхөр Б.Эийн дансанд 500.000 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийж касс зөрүүлсэн байсан ба касс тоолох үед гаднаас мөнгө оруулж ирэн касст хийж касс тааруулсан нь газар дээрх шалгалтаар тогтоогдсон, Банкны Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.7.5, 3.7.7 дахь заалтыг зөрчиж 39 зээл дээр харилцагчийн гарын үсэг болон хамтран зээлдэгчийн гарын үсгийг зуруулаагүй зэрэг зөрчлийг тус тус гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, Банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын  5 дугаар зүйлийн 5.16.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.5.3 дахь заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Гэтэл зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дахь хэсгийн аль зөрчлийг нэхэмжлэгч Г.Г гаргасан талаар тушаалд дурдаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан  “хөдөлмөрийн дотоод журам”-д бус, харин “хөдөлмөрийн гэрээ”-нд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм.

Өөрөөр хэлбэл Банкны Хөвсгөл салбарын захирал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дугаар тушаал гаргахдаа Г.Г нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан тухай дурдаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.      

Иймд Банкны Хөвсгөл салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Г.Гыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг Банкны Хөвсгөл салбарын харьяа А тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаа буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 1-р сард 418.952 төгрөг, 2-р сард 394.000 төгрөг, 3-р сард 322.736 төгрөгийн цалин хөлс авч байсан нь түүний №0760232 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба 3 сарын цалин 1.135.688 төгрөг, нэг сард 378.562 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 17.607 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл ажлын нийт 47 хоногийн цалин 827.529 төгрөгийг Банкны Хөвсгөл салбараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 827.529 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 24.411 төгрөг, нийт 94.611 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гыг Банкны Хөвсгөл салбарын харьяа А   тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Банкны Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 827.529 /найман зуун хорин долоон мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 827.529 /найман зуун хорин долоон мянга таван зуун хорин ес/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Банкны Хөвсгөл салбарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамж 94.611 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН