Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0649/З |
Дугаар | 221/МА2023/0081 |
Огноо | 2023-01-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2023/0081
“И... в...” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Л.Б, Э.Ц
Нэхэмжлэгч “И... в...” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар Нөхөн ногдуулалтын актын 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 842 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Ч.Ц, О.М
Хариуцагч Л.Б, Э.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0649/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И... в...” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар Нөхөн ногдуулалтын актын 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 842 дугаар шийдвэрээр:
2.1. “Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг баримтлан “И... в...” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох дээрх актын Тэмдэглэх нь хэсгийн 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх үлдэгдэл баталгаажуулах, бусад татварын өрд суутган тооцуулах тухай татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдэж буй хяналт шалгалтад татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд “И...в...” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/424 тоот хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс хойших хугацаанд олгогдсон томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг явуулсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 356,971,993.99 төгрөгийн илүү төлөлт нь 2014-2020 онуудын хооронд буюу 7 жилийн хугацааны татвар ногдуулалт, төлөлт, тайлагналаас үүссэн. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тасалж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийхгүйгээр 2014-2020 он буюу илүү үлдэгдэл үүссэн харилцаатай холбоотой 7 жилийн хугацааг хамруулж хяналт шалгалтыг явуулсан.
3.2. Шалгалтын явцад “И... в...” ХХК нь “О...” ХХК-тай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг 2013 онд байгуулсан бөгөөд “О...” ХХК-аас тус компанид төлөх нийт төлбөрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас ногдуулсан 1,820,930,113.00 төгрөгийн торгуулийг суутган авч төлбөрийг шилжүүлсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, анхан шатны баримтаар нотлогддог.
3.3. Дээрх төлбөрийг татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон. Энэхүү торгуульд төлсөн төлбөр нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал биш бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад төлсөн төлбөр байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу 182,093,011.30 төгрөгөөр улсын төсвөөс буцаан авах илүү үлдэгдлийг бууруулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдлийг баталгаажуулах, буцаан авах, бусад татварын өрд суутган тооцуулах нь нэг харилцаа бөгөөд татвар төлөгчийн хүсэлтгүйгээр хяналт шалгалт хийгдэх боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр татвар төлөгчийн хүсэлтийнх нь дагуу буцаан олгохтой холбогдсон харилцаа гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.5. Татвар төлөгч илүү төлсөн татвараа буцаан авах, баталгаажуулах, бусад татварын өрд суутган тооцуулах эрхтэй бөгөөд татварын хууль тогтоомжийн дагуу илүү үлдэгдэл үүссэн эсэхийг татварын алба нягтлан шалгах эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд нягтлан шалгах явцад татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчиж дээр дурдсан 182,093,011.30 төгрөгийн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө торгуульд төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон байх тул дээрх зөрчилтэй холбоотой үүссэн илүү үлдэгдлийг буцаан олгох боломжгүй гэж үзэн нөхөн ногдуулалтаар илүү үлдэгдлийг бууруулсан бөгөөд татвар төлөгчид нэмж төлбөр ногдуулж хариуцлага тооцоогүй. Татвар төлөгчийн төсвөөс буцаан авах илүү үлдэгдлийн дүнг залруулсан болно.
3.6. Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох процесс ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 15.7 “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”-ээр хуульчилсны дагуу “И... в...” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн татвараа баталгаажуулах, бусад татварын өрд суутган тооцуулах тухай хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/424 тоот албан бичгээр татварын албанд ирүүлсэн.
3.7. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.1-д “Албан татвар суутган төлөгч нь албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах албан хүсэлтийг харьяа татварын албанд цаасан болон цахим хэлбэрээр гаргана”, 5.4-д Том татвар төлөгчийн хяналтын нэгж нь татвар төлөгчийн хүсэлт, харьяа албадын саналыг нягтлан Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж, эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ гэж заасны дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсон.
3.8. Хяналт шалгалтыг татвар төлөгчийн хүсэлтгүйгээр хийх боломжгүй бөгөөд татвар төлөгчийн хүсэлтийнх нь дагуу буцаан олгохтой холбогдсон харилцаа гэж үзэхгүй Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 “...торгуулийн өр төлөх болон ...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж, нөхөн татварт 182,093,011.30 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг мөрдөөгүй, үндэслэлгүй байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 128/ШШ2022/0842 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг бууруулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нар нь “И... в...” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалт хийгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” ногдуулсан бөгөөд нэхэмжлэгч “И... в...” ХХК-иас тус актын 3-т заасан “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй, бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс /торгуульд/ төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон 2014 оны 182,093,011.3 төгрөгийн зөрчил”, 6-д заасан “Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэх болон бусад үйлчилгээнд зориулж 2019 онд 1,445,587.81 ам.доллар буюу 3,874,664,292.02 төгрөг, 2020 онд 200,000.0 ам.доллар буюу 549,722,000.00 төгрөг нийт 1,645,587.81 ам.доллар буюу 4,424,386,292.02 төгрөгийг Англи улсын S... II (C) AVIATION LIMITED компанид шилжүүлэхдээ оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил”-д акт ногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.
2.2. Харин Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр баталсан.
2.3. Анхан шатны шүүхээс “...Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нараас давж заалдах гомдол гаргасан байна.
2.4. “И... в...” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө баталгаажуулах, бусад татварын өрд суутган тооцуулах тухай хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/424 тоот албан бичгээр татварын албанд ирүүлсний дагуу татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын даргын баталсан ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 21201203829 дүгээр томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 15.7 “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасантай нийцэж байна.
2.5. Учир нь татварын 2014 оны зөрчилд тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан ... хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэсэн заалтуудыг баримталж акт ногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд нэгэнт татварын зөрчил гаргасан байгаа энэ тохиолдолд “И... в...” ХХК-иас татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тухайн зөрчилд нь татварын нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь зөв байна.
2.6. Энэ тохиолдолд хугацааны хувьд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан “...торгуулийн өр төлөх болон ...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэсэн хуулийн зохицуулалт үйлчилнэ.
2.7. Гэтэл анхан шатны шүүхээс “...татварын 2014 оны зөрчил нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан ... хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж заасныг зөрчсөн” нь “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан ... хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт ... дагаж мөрдөнө гэж заасныг удирдлага болгон 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “...торгуулийн өр төлөх болон ...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж, нөхөн татварт 182,093,011.30 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг мөрдөөгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” тохиолдолд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох хуулийн зохицуулалттай байхад “И... в...” ХХК-аас “О...” ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн CW1941515 гэрээний үүргийн зөрчилдөө төлсөн 182,093,011.3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй учир Татварын улсын байцаагч нараас тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй, бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс буюу торгуульд төлсөн төлбөрийг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон 1,820,930,113,0 төгрөгт ногдох 182,093,011.3 төгрөгийн зөрчлийг илрүүлж, “И... в...” ХХК-д нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй.
2.9. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан боловч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу анхан шатны шүүхээс актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэл муутай.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... манай зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт авах хүсэлт огт гаргаагүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байхад хуулийг буруу хэрэглэсэн, мөн татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад акт ногдуулсан” гэж маргаж байгаа боловч татварын буцаалтыг авах, бусад татварын өрд суутган тооцуулах эрх нь хүсэлт гаргагчид хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд татварын улсын байцаагч нараас илүү төлсөн татварыг хүсэлтийн дагуу шууд баталгаажуулах биш, хянан шалгаж, хууль тогтоомжийн дагуу илүү үлдэгдэл үүссэн эсэхийг нягталсны дүнд төлвөл зохих татвараас нэхэмжлэгчийн 2014 оны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс торгуульд төлсөн 1,820,930,113.0 төгрөгт ногдох 182,093,011.3 төгрөгийн зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлд хамаарахгүй гэж үзэж нөхөн татварын акт ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасантай нийцэж байна.
2.10. Өөрөөр хэлбэл хариуцагч татварын улсын байцаагч нараас “И... в...” ХХК-ийн хүсэлтээр тус компанийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ерөнхий удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн, дээрх хугацаанд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд холбогдох зөрчилд нөхөн ногдуулалтын акт ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 842 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг тус тус баримтлан “И... в...” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарт холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА