| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 142/2016/0195/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2017-04-10 |
| Зүйл хэсэг | 091.1., 107.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 83
Д.Галбадрах, Б.Тулга, Н.Батболд нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болормаа,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол,
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Д.Галбадрах, Б.Тулга, Н.Батболд нарт холбогдох эрүүгийн 201414000597 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Дашбямбын Галбадрах нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мончгон овогт Баяраагийн Тулга нь Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан “Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нянгар овогт Нямсүрэнгийн Батболд нь Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан “Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Н.Батболд, Б.Тулга нарт Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Батболд, Б.Тулга нарыг цагаатгаж, шүүгдэгч Д.Галбадрахыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 329 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэргийн эд мөрийн баримтыг устгах, Д.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, Н.Батболд, Б.Тулга нар нь 14 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Галбадрах, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбат нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр хохирогчийн амь насыг аврах бүрэн боломжтой байсан ч хугацаа алдсан байна гэдэг нь нотлогдсон. Шүүгдэгч Н.Батболд, Б.Тулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн гол шинж нь амь нас аврах боломжтой байсан боловч тусламж үзүүлээгүй үйлдлээр илэрдэг. Энэ тохиолдолд Галбадрах хохирогчид гэмтэл учруулсан гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Галбадрахын зүйл ангийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар зөвтгөн өөрчилж, мөн Н.Батболд, Б.Тулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа “... энэ хэрэг нь шүүхээс 3 удаа буцаж, шүүх эмнэлгийн 5 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд 3 дахь шинжээчийн дүгнэлтээс амь насыг нь аврах боломжтой байсан эсэхтэй холбогдуулан 2 шинжээч эмчийг сэжигтнээр тооцож шалгасан. Хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхээр Б.Тулга Н.Батболд нарыг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд зааснаар буруутгаж болдоггүй, мөн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нарт ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй. Н.Батболд, Б.Тулга нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх субьектив санаа зорилго тогтоогдоогүй нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Орцонд үлдээснээр амь хохирсон, хэрвээ гадаа орхисон бол амь хохирохгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч хэрэг гарснаас хойш 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийгээгүй. Учир нь эмч нар ар гэрийхэнд нь тайлбарлахдаа “хохирогчийн тархи нь тараг шиг болсон байна” гэж хэлсэн. Үүгээрээ эмч нар хохирогчийн тархи нь няцарсан байна шүү гэдгийг ар гэрийхэнд нь тайлбарлаж байгаа юм. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бэ гэдгээ тодорхой тусгаж өгсөн” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Д.Галбадрах нь 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 9 дүгээр байрын урд хохирогч Д.Ганболдын нүүр рүү цохиж бие махбодид нь “тархины эдийн хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Галбадрахын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Н.Батболд, Б.Тулга нар нь Д.Галбадрахын “би хүн цохьчихлоо, унаад босч ирэхгүй байна” гэж хэлсний дагуу байрны гадаа газар хэвтэж байсан хохирогчийн амьд эсэхийг шалгаж, улмаар осгож хөлдчихөж магадгүй хэмээн орцонд оруулж Улаанбаатар, Эрдэнэт хотын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв рүү утасдаж мэдэгдсэн боловч Орхон аймгийн цагдаагийн газрын дуудлага хүлээн авагчийн хэт хайхрамжгүй байдлын улмаас уг дуудлагыг хуурамч хэмээн бүртгэж шалгахгүй орхисон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүх Н.Батболд, Б.Тулга нарыг “... илтэд биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэлгүй зориуд орхисон” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Харин шүүгдэгч Н.Батболд, Б.Тулга нар нь гэмтлийн улмаас ухаан алдсан хохирогчийн гар утас, 3.500 төгрөгийг авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй боловч тухайн үйлдлийн улмаас учирсан хохирол болох 53.500 төгрөг нь тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар зөв ойлгож хэрэглэсэн байна.
Амь хохирогч нь хэдийгээр 6 хоног эмчлүүлсэн боловч ухаан орохгүй байсаар нас барсан нь Н.Батболд, Б.Тулга нарын орцонд оруулж орхисон үйлдлээс бус шүүгдэгч Д.Галбадрахад толгой руугаа цохиулж унах үедээ авсан гэмтлийн улмаас үүдэлтэй болох нь хохирогчийн биед задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэлтэй зөв гаргасан болохыг баталсан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 4 удаагийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд “... Батболд, Тулга нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байтал шүүх ганцхан Галбадрахын үйлдлийн улмаас гэмтэл учирсан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ