Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй 

 

Нарийн бичгийн дарга Б.Номин

Иргэдийн төлөөлөгч М.Ганбаяр

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн, С.Батмөнх-Очир, Д.Оюунчимэг, Э.Ганбат

Хохирогч Т.Болормаа

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат

Шүүгдэгч Д.Галбадрах, Н.Батболд, Б.Тулга нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нянгар овгийн Нямсүрэнгийн Батболд, Мончгон овогт Баяраагийн Тулга, Боржгон овогт Дашбямбын Галбадрах нарт холбогдох 201414000597 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Боржгон овгийн Дашбямбын Галбадрах, Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2, төрсөн ээж Дашбямбын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23-124 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай РД:ФБ89032131

2. Мончгон овгийн Баяраагийн Тулга, Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 1-12-05 тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:ФА87042436/

3. Нянгар овгийн Нямсүрэнгийн Батболд, Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стандарчлал хэмжил зүйч мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д чанар хяналтын хэлтэст шалгалт тохируулгын ажилтай, ам бүл-3, аав дүүгийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчи баг 3-08-56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФА90030234/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч Д.Галбадрах нь 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 9 дүгээр байрны урд талд Д.Ганболдтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Б.Ганболд нь 2014 оны 11 сарын 25-ны өдрийн 13:50 цагт БОЭТ-д яаралтай тусламжийн төвд хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 12 сарын 01-ний өдөр амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар,

 

2. Шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нар нь 2014 оны 11 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 9 дүгээр байрны урд талд талийгаач Б.Ганболдыг Д.Галбадрахад цохиулан гэмтэл авсны улмаас үг хэлэх, үйлдэл хийх чадваргүй болсон буюу амь биед нь аюултай нөхцөлд байсныг мэдсэн түүнд туслах бололцоо байсан боловч тусламж үзүүлээгүй, энэ талаар зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Т.Болормаагийн “Талийгаач нөхөр маань 2014 оны 11 сарын 24 өдөр жижүүртэй гэж ярьж байсан. Би орой хичээлээ тараад 21 цагийн орчим утсаар ярьсан чинь ажил дээрээ байна ажил гайгүй байна гэж ярьсан. Энэ үедээ хэл ярианы байдлаас нь сонсоход жаахан юм уучихсан юм болов уу гэмээр сонсогдож байсан. 22 цаг өнгөрч байхад залгасан чинь утас нь холбогдох боломжгүй гэсэн. 2014 оны 11 сарын 25-ны өглөө хичээлдээ явах гэж байсан чинь 09 цагийн орчим Маргад сургуулийн захирал Нараагаас ярьсан билүү мессеж ирсэн билүү санахгүй байна танай нөхөр чинь өчигдөр ажлаа хаяад явсан байна. Сургуулийн түлхүүрийг аваад явсан байна. Ганболд хаана байна гэхээр нь би хотод сургалтанд байна гэрлүүгээ яриад асуугаад хэлье гээд хүү Гантулга руу яриад аав нь орой ажил дээрээсээ гараад буцаж очоогүй хаяад түлхүүрээ аваад явсан байна гэртээ байна уу урьд шөнө ирсэн үү гэж асуусан чинь аав гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн. Хүү маань 2014 оны 11 сарын 27 өдөр аав ерөөсөө гэртээ ирээгүй таньтай холбоо барьсан уу гэж ярьсан. Тэгээд сураг нь гарахгүй байсан бөгөөд хүү маань надруу залгаад байхаар нь автал аавын талаар ухаангүй олдсон эмнэлэгт хүргэгдсэн гэж зурагтаар гарч байна гэж хэлсэн. “Нөхрийнхөө байдлыг харахад нүүрний зүүн тал нилдээ хөхөрч хар хүрэнтээд хавдсан, зүүн чихний ар хэсэг, хүзүүний хэсэг бас хөхөрч хүрэнтсэн байдалтай байсан. Жижүүрт гарч байхдаа утсаар яриад хоол цай авах уу гэж асуугаад авна гэвэл хүү маань аваачиж өгдөг, ажил гайгүй үедээ өөрөө ирж хоолоо идчихээд буцаад ажилруугаа явчихдаг байсан. Явахдаа бүхэл 10 000 төгрөг үлдээсэн мөнгө байвал халаасандаа аваад явж байдаг юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан амь насыг нь аврах боломжтой байсан байна. Тулга, Батболд нар нь тухайн үед талийгаач нөхөр Ганболдод тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан атал эмнэлэгт хүргэж өгөөгүйд гомдолтой байна. Мөн үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан Галбадрахад ч гэсэн гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-57-р, 869-870-р хуудас/

 

2. Гэрч О.Мөнхбатын “Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт их эмч ажилтай. Уг ажлыг хийгээд 1 жил 3 cap болж байна. Би өглөөний 08 цагаас маргааш өдрийн 08 цаг хүртэл буюу 24 цагаар гарч үүрэг гүйцэтгэдэг юм. 2014 оны 11 сарын 25-ны өдөр өглөө 08 цагаас ажлаа аваад гарч байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд түргэн тусламжийн тасгаар манайд нэр нь тодорхойгүй 50 гаран насны ухаангүй байдалтай эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн. Уурхайчин баг 3-8 билүү 3-9 дүгээр байрны орцны үүднээс олдсон гэж байсан санаж байна. Тухайн хүнийг анх хүлээж авахад нүүрний зүүн талын хэсэг буюу хацар, шанаа нэлээн хавдаж хөхөрсөн, ухаангүй, орчиндоо харьцаагүй, байрлал идэвхигүй, гэрлийн урвал сул илэрсэн, хүүхэн хараа өргөссөн, хэвлийн давсаг орчимд нэлээн овойсон байдалтай хүн ирсэн. Хүлээж аваад эхний ээлжинд катетр буюу шээсийг гаргах зорилгоор гуурс тавьж давсгыг сулласан. Тэр үед давсны орчим овойсон хэсэг буусан бөгөөд шээсэндээ овойсон байсан юм шиг байна лээ. Хүлээж аваад үзэхэд даралт 70/40 пульс 78 байсан бөгөөд даралт ихэсгэх зорилгоор диксаметозон гэж тариаг 8 мл-аар натритай хольж дуслаар хийсэн. Мөн дахин 500 граммтай 2 натри тариаг дуслаар хийсэн нийтдээ 1,5 литр натри шингэн сэлбэх эмчилгээ хийсэн. Тэгээд мэргэжлийн эмч болох сэхээний болон гэмтлийн эмч нарт үзүүлж улмаар тухайн хүнийг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Баярхүү гэж эмч хүлээж авч байсан. Эмчлэгч эмч нь Эрдэнэзаяа гэж эмч байсан. Эмчилгээ хийгдээд эм тариа хийж, тусламж үзүүлсний дараагаар цагдаагийн байгууллагаас ирж цуснаас нь дээж авахуулсан. Нэлээн их шингэн тариа сэлбэсний дараагаар цуснаас дээж авсан учир цусан дахь этил багассан байж болох юм. Ямар ч байсан тэр хүн нүүрний зүүн талын хэсэгт нэлээн хавдаж хөхөрсөн байдалтай, ар дагзанд язарсан шархтай байсан санаж байна. Өөр бусад гэмтлийг нарийн сайн санахгүй байна. Ухаангүй байдалтай байсан. Орчиндоо ямарч харьцаагүй байсан. Ямар нэг үг хэлээгүй. Нэр усыг нь мэдээгүй өвчний түүх нээхдээ зөвхөн шарх гэмтэл буюу тархины гэмтэлтэй гэсэн онош тавиад холбогдох сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /222-223-р хуудас/

3. Гэрч Р.Эрдэнэзаяагийн “Би Б.Ганболд гэж ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн хүнийг үзэж эмчилгээ хийж байсан. Уг хүн нь 2014 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн тасгаас манай тасагт шилжиж ирж хэвтсэн хүн байсан. Анх бол нэр ус нь тодорхойгүй, ар гэр нь байхгүй олдоогүй гэсэн нэр хаяггүй хүн байсан. Намайг 2014-11-26-ны өдөр өглөө 08 цагт ажил авахад тэр хүн манай тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан урд өдрийн жижүүр эмч Баярхүү хүлээн авсан байсан. Би уг хүнийг үзэхэд өвчтөн ухаангүй, гүн комын байдалтай, биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратаар бүрэн зохиомол дэгээр /өөрийн амьсгал бүрэн зогссон тул/ явагдаж байсан. Артерын даралтыг үзэхэд 79/52 гэсэн заалттай байсан даралт бага байсан учир даралт зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж байсан. Өвчтөнийг хүлээж аваад биеийн байдлыг үнэлж яаралтай журмаар гэмтлийн эмчид давтан үзлэг хийлгэн толгойн компьютер томографик зураг хийлгэх шаардлагатай байсныг шийдвэрлэн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим компьютер томографикийн шинжилгээ хийлгэхээр зөөвөрлөн авч явах үед өвчтний зүрх зогсож сэхээн амьдруулах эмчилгээ хийгдэж зүрх, амьсгалыг тогтворжуулан шинжилгээг хийлгэж тасагт буцаан авч ирж хэвтүүлсэн. Гавал тархины компьютор томографикийн хариуг бичүүлж өвчний түүхт хавсаргасан. Мэдрэл, гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэг хийгдээд өвчтөнийг төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалтай тул мэс засал хийгдэх боломжгүй, үр дүнгүй гэж шийдвэрлэн  эмийн  эмчилгээг үргэлжлүүлэн  хийсэн. Энэ хугацаанд өвчтний амьсгал аппаратаар бүрэн өгөгдөж зүрх судас байнгын дэмжлэгтэй байсан. Тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах өвдөлт намдаах, антибиоток эмчилгээ, ходоод хамгаалах зэрэг эмчилгээнүүд хийгдэж байсан. Амьсгалын аппаратанд байгаа байдал /өөрийн амьсгалгүй байгаа байдал/ зүрх судас дэмжигдэж байгаа  байдал, тархины зөөлөн эд болон ясны гэмтэл зэргээс үндэслэн хагалгаа хийгдэх боломжгүй хийгдээд үр дүнгүй байсан учраас хагалгаа хийгдээгүй холбогдох эмийн эмчилгээ хийгдэж байгаад нас барсан. Нэр хаяг нь тодорхой бус байсан. Ар гэр нь олдоогүй байсан бөгөөд холбогдох шинжилгээнүүд бүгд хийгдсэн байсан. Ар гэр нь олдох үед бүх л арга хэмжээ авагдсан байсан. Ар гэрт нь энэ нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Тархины цахилгаан бичлэг болон томографик шинжилгээгээр тархины эд хүнд зэргийн няцралтай байсан. Байрлал болон хэлбэр хэмжээ том, суурь ясны хугаралтай учраас хагалгаа хийх боломжгүй байсан. Шинжилгээний дүгнэлтүүдээр амь нас аврагдах боломжгүй байсан. Ар гэр нь олдох үед энэ талаар эмч нарын дүгнэлт гарсан байсан ба энэ болгоныг өөрсдөд нь хэлсэн. Гэмтэл аваад ямар хугацаа өнгөрсөн байсныг хэлж мэдэхгүй байна. Нүүрний зүүн талын хэсэг нилэнхүйдээ хавдаж овойсон байдалтай байснаас үзэхэд гэмтэл аваад удаагүй шинж тэмдэг харагдаж байсан. Дээрх хүний хувьд тархины суурь ясны хугаралтай, няцрал ихтэй байсан учраас амь нас аврагдах боломжгүй юм. Хүчтэй цохих, цохиулах үедээ хүчтэй савж унах зэргээс л шалтгаалж үүсэх байх гэж эмч хүний хувьд үзэж байна. Ямар ч байсан одоо миний санаж байгаагаар нүүрний зүүн тал буюу зүүн хацар, чих, шанаа, чихний дэлбээ, хүзүү зүүн хэсэгт хавдсан хөхөрсөн овойсон шарх гэмтэл байсан. Дагзны хэсэгт шалбарсан шархтай байсан. Хөл гарны байдлыг одоо санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 215-216-р хуудас/

 

4. Гэрч Н.Сандуйгийн “Би тухайн хүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн   эмчилгээ хийлгэж байхад нь үзэж байсан. Анх ирэхдээ ухаангүй гэмтлийн гаралтай комын байдалтай ирсэн хүн байсан. Онош нь гавлын суурь ясны хугарал, тархин доторх цус хуралт, тархины хүнд няцрал, тархины ком, амьсгал зүрх судасны төвийн гаралтай хурц дутагдал оноштой эмчилгээ хийлгэж байсан. Үзэхэд   өвчтөний амьсгал төвийн гаралтай зогсож амьсгал зохиомол амьсгалын аппаратаар удирдаж, зүрх, судсыг тариагаар дэмжиж ажиллуулж байсан. Биеийн байдал туйлын хүнд байсан тул сэхээний, мэдрэл, гэмтлийн эмч нарын хамтарсан үзлэг хийхэд тархи үхэжсэн, тархи хагалгаа хийгээд бүрэн сэргэх боломжгүй гэж үзэж эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Өвчтөн эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ амь насыг аврах боломжгүй байдалтай ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 194-р хуудас/,

 

5. Гэрч Ц.Эрдэнэ-Очирын “Намайг 102 тоот өрөөнд дүүжин тааз хийж байхад 15 цагийн үед доод подволд ус алдаад байна гээд Ганболд ах Нацагаа ах, Амгалан ах, бид дөрөв орж ирж үзсэн чинь паарны жийргэвчнээс халуун ус алдаж байхаар нь бид нар усыг хаагаад боолтыг нь тайлж аваад жийргэвч буцааж боосон. Нацагаа ах ганц юм уухуу гэсэн чинь тэгье гээд надад 6000 төгрөг байсан болохоор Нацагаа ахаас мөнгө асууж 200 төгрөг аваад би ганцаараа гарч яваад Далай ээж худалдааны төвд байрлах хүнсний дэлгүүрээс 1 шил 500 граммын ерөөл архи авсан. Архийг Ганболд ах, Нацагаа ах, Амгалан ах бид дөрөв хувааж уусан. Паар янзалж дуусахад 18 цаг өнгөрч байхад Амгалан ах, Нацагаа ах хоёр хувцасаа солиод харилаа гээд явсан. Ганболд ахад би өдөр архи уучихсан халамцуу байсан болохоор дахиж ганц юм уухуу дүүгийнх нь мөнгө хүрэхгүй байна танд мөнгө байна уу гэсэн чинь архи уухыг зөвшөөрөөд надад 3000 төгрөг гаргаж өгөөд архинд яваад ир гэхээр нь гараад 750 граммын Стандарт нэртэй архи 1 шилийг аваад буцаж манаачийн байранд ороод гоймонгоо идээд архиа хувааж уусан. Архи ууж байхад манаачийн байр цахилгаан дулаан байхгүй байсан учир даараад сургууль руу ороод үргэлжлүүлэн архинаас ганц хоёр татсан. Энэ үед цаг 21 цаг болсон байсан. Миний утасны цэнэг дууссан байсан учраас би Ганболд ахын утаснаас Уранчимэг гэж таньдаг хүнтэйгээ утсаар ярьсан. Миний утасны цэнэг дууссан байсан учир надад мессэж ирсэн байж магадгүй гээд Ганболд ахын утсыг аваад сим картаа хийсэн оронд нь өөрийнхээ утсанд Ганболд ахын сим картыг хийгээд утсаа цэнэглээд орхисон. Ганболд ахад би жаахан унтаж байгаад буугаад ирье та наад үлдсэн архиа далд хийчих гээд далд хийлгэсэн. Би сургуулийн 3 дугаар давхарт хуучин оюутны байрны өрөөнд орж орон дээр хэвтэж байгаад унтчихсан. Ямар хугацаанд унтсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Хэсэг унтаж байгаад архи ууснаас болж дотор муухай оргиод бөөлжис хүрээд сэрсэн. Тэгээд бөөлжих санаатай доошоо буусан чинь Ганболд ах ганцаараа жижүүрийн сандал дээр сууж байсан. Цаг хартал 00 цаг 23  минут болж байсан. Би 00 өрөөнд орж нүүр гараа угаагаад ус уугаад буцаж гарч ирээд Ганболд ах дээр очсон чинь ганц хоёр татах уу гэхээр нь тэгье гэсэн чинь Ганболд ах нөгөө архийг гаргаж иртэл үлдээсэн байдлаас арай доогуур болсон ганцаараа ганц хоёр татсан байдалтай сууж байсан. Бид хоёр үргэлжлүүлэн юм ярьж сууж байгаад нөгөө үлдсэн архийг ууж дуусгасан. Тэгээд Ганболд ах би энэ архины шилийг шуудайтай хогны хамт хаяад ирье гэж хэлээд архины шилээ аваад гарсан. Ганболд ахыг гараад явахад цаг харсан чинь 01 цаг 17 минут болж байсан. Манай сургуулийн цаг электрон цаг байдаг юм. Ганболд ахыг гарсаны дараа ширээ дэрлээд хэсэг унтсан байсан. Нэг сэрсэн чинь би ганцаараа ширээ дэрлээд унтсан байсан бөгөөд аяганд үлдсэн байсан архийг уугаад Ганболд ахыг ирээгүй юм болов уу гэж хэсэг хүлээж байгаад коридорт байдаг сандал дээр хэвтэж байгаад унтсан байсан. Өглөө 07 цаг 30 минутанд оюутны байрны каминдат эгч Эрдэнэцэцэг цэвэрлэгээ хийх гэж орж ирээд сэрээсэн. Өдөр дөрвүүлээ 500 граммын архи хувааж уусан, орой хоёулаа 750 граммын архи уусан болохоор нэлээн согтолттой байсан. Би бол нэлээн муудсан, хэвтээд өөрийн мэдэлгүй унтсан байсан. Сургуулийн зарим өрөөнүүдийн түлхүүр миний багаж хийсэн манаачийн байрны түлхүүр бүгд Ганболд ахад байсан болохоор түлхүүр авах гэж очсон юм. Ганболд ах шөнө 01:17 минутанд хог хаяна гэж гарч яваад эргэж ирээгүй болохоор нь цаашаагаа гэрлүүгээ хариад унтаж амарсан юм болов уу гэж бодсон. Бид хоёрт ямар ч маргалдах шалтгаан байхгүй. Урд өмнө ч гэсэн ах дүү шиг л  харьцаатай  байсан. Маргалдаж муудалцаж байгаагүй. Өөрийнхөө хүү Гантулгатай намайг дотно найзалж нөхөрлүүлэх гээд манай хүүтэй ойр дотно байгаарай гэж их захиж хэлдэг ярьдаг байсан. Бид хоёр сургууль дотор маргалдаж муудалцах ямар ч асуудал байхгүй   учир нь дотуур байранд коминдат Эрдэнэцэцэг, оюутнууд байрлаж байсан. Мөн сургууль дотор болохоор 3 давхарт захирлууд амьдарч байсан болохоор бид хоёр архи ууснаа мэдэгдэхгүй гээд чимээ гаргахгүй архиа хувааж уусан. Аль болох чимээ гаргаагүй ямар нэг чимээ гарвал захирлууд   мэдчих   байх   гэж   бодож   байсан. Сургуулийн   гадаа   маргалдаж муудалцвал байрны оюутнууд болон каминдат мэдчих байсан учраас бид хоёр ямap нэг чимээ гаргаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-63-р хуудас/

 

6. Гэрч Э.Амгаланбаярын “Бид нар дуудлагыг гомдол мэдээллийн бүртгэл дээр бүртгэж давхар компьютер дээр бүртгэж оруулдаг юм. Манай цагдаагийн газар нь 2014 оны 11 сарын 24, 25-ны өдрийн байдлаар жижүүрийн шуурхай албаны өрөөнд засвар үйлчилгээ орсон учраас тухайн үед компьютер ажиллахгүй зөвхөн гомдол мэдээлэл хүлээн авах бүртгэлийн дэвтэр дээр ирсэн дуудлага мэдээллийг бүртгэж авч байсан. Дэвтэрээс үзэхэд 2014 оны 11 сарын 25-ны өдөр 02 цаг 04 минутанд би 99003762 гэсэн дугаарын утаснаас ирсэн мэдээллийг бүртгэсэн байна. Уг дуудлага өгсөн хүн нь одоо санаж байгаагаар эрэгтэй хүн байсан бөгөөд согтуу хүн хэвтэж байна гэсэн утгатай мэдээлэл ирүүлсэн бөгөөд тухайн хүнээс яг хаана ямар хүн хэвтэж байгаа талаар лавлаж асуухад тэр хүний утас тасалдаад хаана гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй согтуу байгаа бололтой байсан. Утсаар нэлээн лавлаж асуусан боловч тэр хүн дуудлага өгч байгаа газрын хаяг байршилыг тодорхой хэлээгүй утас нь тасарсан. Эргэж тэр утаснаас ямар нэг дуудлага мэдээлэл ирээгүй. Зарим тохиолдол хүмүүс утсаар янз бүрээр тоглож ярих асуудал зөндөө гардаг, тэр хүн дахиж манай цагдаагийн газарт дуудлага мэдээлл өгч хандаагүй учраас худлаа дуудлага юм болов уу гэж бодсон, мөн согтуу хүн хэвтэж байгаа газрын хаяг байршилын талаар хэлээгүй учраас уг дуудлагыг зохицуулах боломжгүй байсан. Тэр хүний утас паржигнаад тасалдаад яриа нь сонсогдохгүй байсан. Дуудлага өгсөн хүний хоолой ямар ч байсан эрэгтэй хүн байсан согтуу байгаа бололтой байсан нэр усаа хэлээгүй утасны дугаар нь 99003762 гэсэн дугаар байсан юмаа. Би гомдол мэдээлэлийн бүртгэлийн дэвтэр дээр дуудлага өгсөн утасны дугаар, цаг минут, утга, хэрхэн шийдвэрлэсэн талаар бичилт хийсэн байна. №-7 гэж бичсэн нь согтуугийн дуудлага гэж тэмдэглэсэн байна, утга дээр нь согтуу хүн хэвтэж байна гэж бичсэн, тэр хүн хаана гэдгийг байршилын талаар хэлээгүй учраас шийдвэрлэлтийг хаяг тодорхойгүй учраас худлаа дуудлага байсан гэж хаасан. Би тэр утас руу дахин өөрийнхөө болон албаны утсаар холбогдож асууж лавлаагүй. Хэрвээ үнэхээр согтуу хүн хэвтэж байсан бол тэр хүн дахиж холбогдож дуудлага өгөх ёстой байсан байх гэж бодож байна. Согтуугийн дуудлага мэдээлэл их байдаг ихэнх нь дандаа тоглосон худлаа дуудлага байдаг учраас сайн лавлаж байгаад дуудлагын дагуу очиж шийдвэрлэдэг бөгөөд уг дуудлага өгсөн хүн өөрөө нэрээ хэлээгүй хаана ямар хүн согтуу хэвтэж байгаа талаар тодорхой хэлээгүй учраас худлаа дуудлага гэж бодсон. Дуудлага өгсөн утас болгон руу утасдаж дахиж лавлах боломж байдаггүй. Утас нь клипээр гараад ирдэг бөгөөд тэр хүнээс нэрийг нь асуусан нь нэрээ хэлээгүй, согтуу хүн хэвтэж байна гээд байсан хаана юм бэ өөрөө хэн гэж хүн бэ гэхэд утас нь тасалдаад яриа нь сонсогдохгүй байсан. Нэлээн сайн лавлаж асуусан боловч тэр хүн дуудлаганы байршил хаягыг тодорхой хэлээгүй. Тэгээд тэр хүн утсаа өөрөө салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67-68-р хуудас/

 

7. Гэрч Г.Зоригтын “Би 2014.11.25-ны өдөр 12 цагийн үед цайндаа явах гэж байхад манай Их өрөө СӨХ-д цэвэрлэгч ажилтай Одноо хүрч ирээд 3-9-р байрны 1-р дүгээр орцон дотор согтуу хүн унтаад байна би орцыг нь цэвэрлэх гэсэн юм та очоод тэр согтуу хүнийг босгоод өгөөч гэхээр нь би Одноотой хамт 3-9-р байрны 1-р орцонд очсон чинь яг нэг давхарын шатны доод талд дээгүүрээ бараан өнгийн куртиктэй, доогуураа эрээн өнгийн өмдтэй эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байхаар нь би очоод нөгөө хүнийг хөөе босоорой гээд хувцаснаас нь татсан чинь ямар ч ухаангүй зүүн талын шанаа нь хавдсан байдалтай хүн байсан бөгөөд тэр хүний байгаа газрын толгойн хэсэгт нь шалан дээр цус болсон байхаар нь би шууд цагдаагийн газрын 7035102 дугаарын утас руу дуудлага өгсөн. Тэгээд удаагүй хоёр цагдаа ирсэн бөгөөд тэр хоёр цагдаагийн араас нь түргэн тусламжиийн машинтай эмч ирээд нөгөө хүнийг түргэн тусламж аваад явсан. Намайг тэр хүн дээр очиход 3-9-р байрны 1-р орцонд ямар ч хүн байгаагүй. Тэр хүн надтай юу ч яриагүй. Би бусад гэмтэл шархыг нь сайн анзаарч хараагүй ямар ч байсан зүүн талын шанаа нь хавдсан байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 224-р хуудас/,

 

8. Гэрч Б.Ганцэцэгийн “2014 оны 11 сарын 25-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад гаднаас 20 орчим насны 2 залуу орж ирээд нэг залуу нь над дээр ирээд гар утас худалдаж авах уу хоол идэх гэсэн юмаа гэхээр нь манайх утас авдаггүй гэж хэлээд явуулсан чинь зааланд үйлчлүүлж байсан нэг залууд утсаа үзүүлээд уулзаад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-82-р хуудас/

 

9. Гэрч С.Баярбатын “Чандмань худалдааны төвд байрлах Хаан бууз кафе руу 03 цагийн орчим орсон байх би цагийг нарийн хэлж мэдэхгүй байна. Намайг Хаан бууз кафед ороход хөдөлгөөн багатай бараг хүнгүй шахуу байсан. Би кассны баруун талд байрлалтай ширээн дээр суугаад 5 бууз цайтай авч идээд сууж байсан чинь гаднаас 25-26 орчим насны танихгүй 2 залуу орж ирээд касс дээр очиж гар утас барьцаанд тавьж хоол идье гээд гуйсан чинь нөгөө хүн нь үгүй гээд уурласан чинь тэгвэл 10 000 төгрөгөөр зарья та авах уу гэсэн чинь нөгөө кассны хүн утас авахгүй гэж хэлсэн. Нөгөө хоёр залуу над руу ирээд ахаа та энэ утсыг 10 000 төгрөгөөр худалдаад авчих хоёр дүү нь хоол идэх гэсэн юм гэхээр нь ах нь утас авахгүй ээ гэсэн чинь дотроо 1400 нэгжтэй дугаартай нь өгье мобиком дээр энэ дугаар бүртгэлгүй байгаа та өөрийнхөө нэр дээр дугаарыг нь бүртгээлээд авчихгүй юу өлсөөд байна хоол авч идэх гэсэн юм гэхээр нь би тэр хоёрыг дүү шигээ бодож өрөвдөөд 10 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёр залууг урд өмнө харж байгаагүй. Гэхдээ харвал танина. Таньж олуулах ажиллагаагаар би тэр хоёр залууг таньсан. Надад өөрийнхөө гар утас гэж хэлээд зарсан, хүний нэр дээр байхгүй бүртгэлгүй дугаар байгаа та маргааш Мобиком дээр очоод өөрийнхөө нэр дээр болгоод авчих нэгжтэй утас байгаа гэж хэлж байсан. Одоо нэгж нь хэд байсныг санахгүй байна. Урд өгсөн мэдүүлэгт өөрийнхөө мэдэх зүйлүүдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Нэг нь тод өнгийн хувцастай нөгөө нь бараандуу өнгийн хувцастай хоёр залуу байсан. Гаднаас нь харахад цэвэрхэн хувцасласан байсан. Бага зэрэг архи үнэртүүлсэн байсан бөгөөд өөрсдийгөө оюутан хоол идэх гэсэн юм гээд гуйгаад байсан. Би дүү нартайгаа ялгаа юу байхав гэж бодоод авсан. Хувцас нь цэвэрхэн ямар нэг цус болж бохирлогдсон зүйл бол байхгүй байсан. Хэрвээ хувцас хунар нь цус болсон байсан бол би ямар нэг асуудалтай залуучууд байна гэж бодоод сэжиглээд авахгүй байх байсан. Цэвэрхэн хувцастай залуучууд байсан. Цус болж бохирлогдсон ямар нэг зүйл бол байгаагүй. Утас нь 95354737 гэсэн дугаар байсан. Зодоон хийсэн шинж тэмдэг болон айж сандарсан зүйл ажиглагдаагүй. Анх удаа уулзаж байгаа болохоор тэр хүмүүсийн ямархуу байдалтай явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Би 2014-11-25-ны өдрийн өглөө 07 билүү 08 цагийн орчим эхнэрийнхээ утас руу залгаж дугаарыг нь харж байсан  юм. Сүүлд нь Мобиком дээр очиж өөрийнхөө нэр дээр дугаарыг шилжүүлж байгаад эхнэрийнхээ дүүд бариулья гэж бодож байсан юм. Одоо утас нь манай эхнэр барьж байгаа. Сим карт нь гэрт хадгалчихсан байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 114-116-р хуудас/

 

10. Гэрч Ш.Бэхбатын “Би тэр өдөр энэ дугаарыг эзэмшиж байсан бөгөөд 2014 оны 11 сарын 25-ны өдөр манай нөхөр Баярбат үүрээр 04 цагийн орчим гэртээ ирсэн. Өглөө 07 цаг  гэж боссон бөгөөд тэгэхдээ нэг саарал өнгийн Нокиа  маркын гар утас байхаар нь би нөхрөөсөө асуусан чинь манай нөхөр өчигдөр шөнө Хаан бууз кафед хоол идээд сууж байсан чинь хоёр халамцуу согтуу залуу надад нэгжтэй, мобиком дээр бүртгэлгүй дугаартай утас авах уу гэдэс өлсөөд байна хоол идэх гэсэн мөнгөгүй болчихоод байна 10 000 төгрөгөөр авчих тэгэх үү гээд  гуйгаад байхаар нь манай нөхөр дүү нар шигээ бодоод авчихсан гэсэн. Тэгээд өглөө нь миний утасруу залгаж нөгөө мобикомын дугаарыг ямар дугаар байна гэж шалгаж үзсэн юм байна лээ. Тэгж шалгаж үзэхэд 95354737 гэсэн дугаартай утас байсан. Утас нь саарал коноптой гэртэй хар өнгийн тагтай  Нокиа 6070 маркын утас байсан тэр үед миний гар утас гацаад байсан болохоор би тэр утсыг нь нөхрөөсөө түр барьж байх уу гэсэн чинь тэг тэг гэхээр нь би тэр утсанд нь өөрийнхөө Юнителийн дугаарыг хийж барьж байгаа юм. Манай нөхөр сим картыг аваад Мобиком орж өөрийнхөө нэр дээр болгоод манай дүүд өгч бариулна гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 117-118-р хуудас/

 

11. Гэрч Э.Бат-Оргилын “2014 оны 11 сарын 24-ний өдөр Уртцагаан дээрээс таксинд явах гээд зогсож байсан чинь 00 цаг 40 минутын үед Тулга ах хоёр найзынхаа хамт ирээд Тулга ах миний хажууд буюу урд талын суудал дээр суусан. Хамт явсан хоёр залуу нь арын суудал дээр суугаад 3-24 дүгээр байр руу хүргээд өгөөч тэндээсээ хөдлөөд 2-23 дугаар байрны урд талын дэлгүүрийн гадаа ирж зогссон чинь дэлгүүр хаалттай байна гээд арын суудал дээр суусан хоёр ах буугаад явсан. Тулгаа ах надтай үлдээд ойр зуурын юм ярьж байхад нэг ах нь Тулга ахыг дуудаад тэгээд Тулга ах гарч яваад нөгөө хоёр залуутайгаа уулзаад зогсоод байхаар нь би цонхоо онгойлгоод Тулгаа ахаа дүү нь явлаа шүү гэсэн чинь за яв яв гэсэн. Би 2-23 дугаар байрны гаднаас тэд нараас салаад явсан цаг 01 цаг дөнгөж өнгөрч байсан байх. Маргааш нь машинаа асаасан чинь манай найз Тэмүүлэнгийн урд өдөр нь миний машинд үлдээгээд явсан байсан 2 литрийн савтай Боргио пиво байхгүй болсон байсан. Манай найз Тэмүүлэн урд өдөр нь миний машинд 3 том савтай пиво оруулж ирээд нэг пивийг нь уугаад хоёр нь үлдсэн байсан чинь нэгийг нь Тулга ахын найз нар аваад буусан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 169-170-р хуудас/

12. Гэрч С.Уранчимэгийн “2014 оны 11 сарын 24-ний орой гэртээ ороход гадаа орцонд ямар нэгэн хүн байгаагүй харин өглөө гэрээсээ 07 цаг 40 минутанд гарахад орцны 1 давхарын шатны доор ногоон эрээн өмдтэй эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед согтуу хүн унтаж байна даа гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг. /229-230-р хуудас/

 

13. Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “Би өглөө 7 цагт босоод сургуулийн 1 давхарыг цэвэрлэж багш нарын цагийг бүртгэдэг юм. Өглөө 07 цагт сургуулийн байр руу орсон чинь Очир-Эрдэнэ сандал дээр хэвтээд унтаж байхаар нь сэрээсэн. Ганболд ах хаачсан юм бэ гэсэн чинь Ганболд ахыг хоноогүй ажлаа хаяад явсан талаар хэлсэн. Надад Очир-Эрдэнэ Ганболд ахыг яг хэдэн цагт явсан талаар хэлээгүй шөнө хоолоо иднэ гээд явсан гэж хэлсэн. Ганболд ах эрүүлдээ бол юм ярихгүй дуугай хүн байдаг. Архи уучихаараа хараалын үг хэлж хүн доромжлоод байдаг юм. Ганболд ахын хэлдэг хараалын үгнүүд гэвэл “янхан банзал, гичий пизда нараа ална” гэсэн үгнүүд хэлдэг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 238-р хуудас/

                                  

14. Криминалистикийн шинжилгээний “Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Ганболдын өмсөж явсан гэх гадуур хүрмэнд 105 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай. Харин яллагдагч Д.Галбадрахын өмсөж явсан гэж хаягласан уутанд байх хоолойтой хар цамцны ард 8 мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон уранхай, улаан сахиус татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Тулгын өмсөж явсан хувцас гэж хаягласан Nomin гэсэн бичиглэлтэй цагаан уутанд байх хувцас, сэжигтэн Н.Батболдын хувцас гэж хаяглан ирүүлсэн цагаан ууттай хувцаснуудад ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна. Хохирогчийн хувцсанд гарсан уранхай  нь эсэргүүцэл үзүүлсэний улмаас болон зөөвөрлөж авч явах үед үүсгэгдсэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 333-334-р хуудас/

15. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-9 дүгээр байрны 1 дүгээр орц байх бөгөөд цэнхэр өнгийн төмөр хаалга байна. Орцны төмөр хаалгыг татан орж орцны нэг давхарт цагийн зүүний дагуу үзлэгийг явуулахад нэг давхарын шатны урд талын хананд таван хэсгээс бүрдсэн цэнхэр өнгийн хөндлөн турба паар байх бөгөөд нэг давхарын шатны хойд талын хананаас 2,1 см зүүн талын хананаас 1,2 см газарт хүрэн өнгийн плитан шалан дээр ар талын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн эрэгтэй хүний саравчтай малгай байх бөгөөд түүний доод хэсэгт 23х8 см хэмжээтэй газарт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч шаргал өнгийн эрэгтэй хүний малгайг хэргийн газрын үзлэгээр хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 4-5-р хуудас/

16. Талийгаач Б.Ганболдын хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл “Урдаа цахилгаантай дотор талдаа англи үсгээр “BOYCOTT” гэсэн нэртэй эрэгтэй хүний хар өнгийн богино куртик байх бөгөөд тус куртикны 2 талын ханцуйны ард урд хэсэг, хоёр талын энгэр болон ар талын хэсэг нь тоос шороогоор бохирлогдсон байх ба тус куртикны зүүн талын ханцуйны суга нь 13 см урагдсан байна. Куртикны дотор захны баруун дээд талд 8х6 хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд захны гол хэсэгт 5х6 хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Шар өнгийн эрэгтэй хүний богино саравчтай малгай байх бөгөөд уг малгайны зүүн талын хэсэгт 22х8 см хэмжээтэй газарт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд малгайны зүүн талын дээд хэсэгт 22х8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 8 ширхэг. /хх-ийн 18-22-р хуудас/

17. Шүүх шинжилгээний албаны 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 1090 дугаартай “Ганболдын биед тархины эд дундах цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, суурь ба хүнхрээ ясны хугарал, нүүр, хүзүү, гар хөлд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Дээрхи гэмтлүүд нь 2014 оны 11 сарын 25-ны өдөр олдоход үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлийн тархины эд дундах цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, суурь ба хүнхрээ ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 243-р хуудас/

 

18. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 2014 оны 12 сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “Талийгаачийн биед суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа зөөлөн бүрхүүл доорхи их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, хуйхны дотор тал, баруун чамархайн булчин, зүүн завьж хацар, шанаа чихний дэлбээ, чихний ар хэсэг хүзүүний зүүн тал, 2 гар 2 хөлийн өвдөг, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд үүсчээ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаанд шууд нөлөөлнө. Дээрхи гэмтлүүдийн суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал дагз ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Үүссэн гэмтлүүд нь шалтгаант холбоотой байна. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу юман дээр унах үед үүссэнийг үгүйсгэхгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн талийгаачийг амьд байх үед биенээс нь авсан цусанд 0.9 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. Үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал болно. Эмнэлэгийн тусламж үзүүлээд амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нь суурь ясны баруун нүдний дээд хана руу шилжсэн хугарал, дагзны ясны баруун хонхорын нугасны суваг хүрсэн салаалсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 285-293-р хуудас/

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн давтан шинжилгээний 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтэд “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан №1090 тоот дүгнэлтэд үхлийн шалтгааны зөв тогтоосон байна. Дүгнэлтийн 4-р заалтанд бичсэн хатуу юман дээр унасан гэдгийг батлах боломжгүй байна. Ганболдыг тухайн гэмтэл авсны дараа яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байжээ. Цаг хугацааг удаасан нь гэмтэл улам хүндрэх нөхцөл болжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан даруй эмч нар эмчилгээ үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Тухайн гэмтлийн үед тархины хагалгаа хийгдэх боломжгүй. хийгдсэн тохиолдолд эмчилгээний үр дүн муутай байжээ. Б.Ганболдын биед зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан цус хуралт, суурь ясны гавлын урд дээд хана руу үргэлжилсэн хугарал, дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хацар завьж шанаа, чихний дэлбэн хүзүүний зүүн тал, зүүн гарын бугалга, шуу, өвдөг, зүүн гуянд цус хуралтууд гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд тухайн 2014-11-25-нд үүссэн байх боломжтой байна. Гавлын ясны хугарал, тархины хатуу хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зэрэг гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Биеийн ил хэсгийн цус хуралт гэмтлүүд нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрхи гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг удаагийн цохилтын үед аль ч гэмтлийг учруулж болох тул нарийн ялгах боломжгүй. Шороон газар цохиулаад унасан тохиолдолд ямар гэмтэл учирсныг нарийн тогтоох боломжгүй байна. Дээрхи тархины гэмтлийг авсан даруй ямар нэг идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй шууд ухаан алдана. Биеийн ил хэсгийн цус хуралт гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, Үхлийн шалтгаан болсон тархины гэмтлийг авсан нь үхэлд хүрэх шалтгаан болжээ. Тархины гэмтлийг гараар цохих болон өшиглөх үед авах боломжтой. Дагзны хэсэгт хоёр шарх байгаа нь тэр хэсэгт ямар нэг хүч үйлчилсэн гэдгийг илтгэх шинж бөгөөд зөвхөн унах үед үүсэх боломжгүй болно. Тархины дээрхи гэмтлийг дамжилж өргөх үед унаснаас үүсэх боломжгүй. Гэмтлийн шинж байдлаас үзэхэд зөвхөн дамжилж өргөх, унагах зэрэг үед үүсэх боломжгүй хүчтэй хүч үйлчилсэн байна. Хоёр хөлд үүссэн шалбаралт аль ч үед үүсэх боломжтой учир нарийн тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 701-705-р хуудас/

           20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 1256 дугаартай дүгнэлтийн “Шинжээчид дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. Орхон аймаг дахь ШША-ны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон 1090 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Орхон аймаг дахь ШША-ны шинжээч эмч Ч.Буянзаяагийн ШЭ-ийн задлан шинжилгээний 76 тоот дүгнэлтийн 8-рт эмнэлгийн тусламж үзүүлээд амь насыг аврах боломжгүй гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2015 оны 03 сарын 16-ны өдөр гаргасан Шүүх эмнэлгийн дахин шинжилгээний 249 тоот дүгнэлтийн 2,12-р заалтаас бусад заалт үндэслэлтэй байна. Өвчний түүхэнд талийгаач Б.Ганболдын толгойн ар дагзны хэсэгт шалбарсан шархтай гэсэн байх ба шарханд оёдол тавьсан гэсэн тэмдэглэлгүй, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шарх тогтоогдоогүй байх тул энэ нь зулгаралт гэмтэл байсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Б.Ганболдын толгойн ар дагзны хэсэг дэх гэмтэл нь дагзны хэсгийг хамарсан цус хуралт, суурь яс, дагз ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхуүл доорх цус харвалт гэмтлүүдтэй нэгэн зэрэг үүссэн байх боломжтой бөгөөд гавлын хугарал нь дагзны баруун хэсгээс эхэлсэн байх учир энэ хэсэгт хүч үйлчилсэн байх боломжтой. Дагзны баруун хэсгийн хуйхны гэмтэл, дагз, суурь ясны хугарал нь цохих болон гутлаар өшиглөх үед үүсэх боломжгүй. Уг гэмтлүүд нь дагзны хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйл үйлчилснээс, өөрөөр хэлбэл энэ хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр цохих, цохигдох, савагдах, унах, ойчих зэргээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн даруй цус гарах боломжтой ба ямар хэмжээний цус гарахыг тогтоох боломжгүй. Цусны нөжөрсөн байдлаар хугацааг тогтоох боломжгүй ба харин тав тогтсон байдал эдгэрэлт зэргээр хугацааг баримжаалан тогтоох боломжтой болно.

Шинжээч эмч Ч.Буянзаяа нь эмнэлэгт хэвтснээс хойш 6 хоногийн дараа задлан  шинжилгээг хийсэн байх ба энэ хугацаанд өнгөц зулгаралт эдгэрэх боломжтой юм. Шарилыг дахин шинжлэх явцад талийгаачийн дагзны баруун хэсгийн хуйхны арьс ялзарч хэсэг газар үгүй болсон байх тул энэ хэсэгт шарх байсан эсэхийг тогтоох боломжгүй болсон байна.    Дагз, суурь ясанд үүссэн хугарал нь 2 удаагийн үйлчиллээр үусгэгдсэн байх тул талийгаач эхний гэмтлийг авсан даруйд ямар нэг идэвхитэй хөдөлгөөн /хүнтэй маргалдаж зодолдох, архи уух, гүйх, алхаж явах гэх мэт/ хийх боломжтой. Гэмтэл авсан даруйд эмнэлэгт хүргэн, нарийн мэргэжлийн эмнэлгийн       тусламж үзүүлсэн бол хүндрэлээс сэргийлж, амь насыг аврах боломжтой байсан. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээгээр хамрын зүүн хэсэг, хацарт хугарлын шугам тогтоогдсон ба дээрх гэмтлийн улмаас            талийгаачийн хамраас цусгарах боломжтой. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй журмын дагуу үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой, эмчлэгч эмч нар нь зохих журмын дагуу тусламж үйлчилгээг үзүүлсэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 888-891-р хуудас/

 

            21. Яллагдагч Д.Галбадрахын “Орцноос гараад 3 дугаар микрын 8 дугаар байрны баруун талаар тойроод чигээр явтал тэр хүнийг аль зүгээс ирснийг санахгүй байна, ямар ч байсан 3-8 дугаар байрны зүүн хойд талд бараан өнгийн хувцастай малгай өмссөн согтуу хүн явж байгаад миний хөлийн чимээнээр намайг хараад намайг чиглэн ирээд “гуйлагчин хүүхэд, янхны үүр минь” гэж хэлээд миний куртикны энгэрээс хоёр гараараа заамдаад авсан. Би тавиулах гэсэн боловч тэр хүн заамдсан барьцаа тавихгүй надтай зууралдаж байгаад миний куртикны энгэрийг урсан. Мөн хүзүүнд зүүсэн байсан сахиусыг тасалсан. Зууралдаж байгаад нөгөө хүн баруун гараараа намайг цохих гээд далайхаар нь би баруун гараараа тэр хүний зүүн талын эрүүн тус газар нэг удаа цохьсон чинь тэр хүн гулжигнаад баруун талаараа унахаар нь би тоолгүй гэрийнхээ зүг явж байгаад эргээд харахад тэр хүн босохгүй байхаар нь буцаж яваад Батболдын орцонд ортол тэр хоёр гэрийнхээ үүдэнд байж байсан. Би тэр хоёрт сая гадаа явж байгаад нэг хүнтэй муудалцаад цохьсон чинь босохгүй байна, хамт очъё гэж хэлээд бид гурав нөгөө хүн дээр очсон. Хоёр найзыгаа дагуулаад очиход миний цохиж унагаасан хүн нөгөө газраа хэвтэж байсан бөгөөд дээшээ хараад хэвтэж байсан. Тулга эхэлж очоод хоолойн дээр нь гараа тавьж үзээд энэ хүн чинь зүгээр л байна шүү дээ гэхээр нь би гэрлүүгээ харилаа гээд явсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 500-502-р хуудас/

            22. Яллагдагч Д.Галбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 503-510-р хуудас/

            23. Яллагдагч Н.Батболдын “Галбадрах сандарчихсан байдалтай гүйж орж ирээд “би хүн цохьчихлоо, унаад босож ирэхгүй байна. Та хоёр хамт гараад туслаад өгөөч” гэхээр нь бид гурав хамт гарсан. Эхлээд Тулга очоод хүзүүн дээр нь дарж үзээд “амьсгал байна, зүгээр байна” гэж хэлсэн. Би жаахан зайдуу зогсож байгаад хальт ойртоод харахад тэр хүний зүүн талын хацар нилээд хавдсан байдалтай, 3-9 дүгээр байрны урд талд шороон хэсэг дээр дээшээ хараад унасан байдалтай хэвтэж байсан. Тулга зүгээр байна гээд орц руу оруулъя гэсэн чинь Галбадрах би явлаа гээд цаашаагаа гэрийн зүг явсан. Араас нь Тулга очоод энэ хүнийг чинь яах юм бэ гээд муудалцаад барьцалдаад авсан. Би очиж салгасан. Галбадрах тоохгүй гэрлүүгээ явчихсан. Бид хоёр буцаад манайх руу явах замд Тулга цагдаа руу утасдаад байсан. Надаас Эрдэнэтийн цагдаа хэд билээ гэхээр нь 0152 юм уу 7035102 байх гэж хэлсэн. Цагдаад мэдэгдээд шууд явья гэхэд Тулга өргөөд орц руу оруулья гэхээр нь цагдаа дуудчихсан юм чинь ирээд асууж шалгаагаад ядаргаа болно, өглөө ажилтай гайгүй байх гэсэн. Тэгсэн Тулга хөлдөөд үхчих байх гээд ганцаараа суганаас нь өргөөд чирч яваад надаас хамт өргөөд оруулья гэхээр нь би хөлнөөс нь өргөж 3-9-р байрны нэгдүгээр орцны шатны хажуу талын налуу хэсэгт дээш нь харуулаад хэвтүүлээд гарахдаа би амийг нь аварсан юм чинь халаасыг ухаж үзэе гээд халаасанд нь байсан гар утсыг нь авсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 521-523-р хуудас/

            24. Яллагдагч Н.Батболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /х/х-н 524-529-р хуудас/

 

            25. Яллагдагч Б.Тулгын “Галбадрах сандарчихсан байдалтай гүйж орж ирээд “би хүн цохьчихлоо, үхчих шиг боллоо, босохгүй байна” гэсэн. Батболд бид хоёр сандарч гарч гүйгээд очисон чинь 3-9 дүгээр байрны нэгдгээр орцны зүүн талд шороон дээр бараан хувцастай эрэгтэй хүн толгой нь урагшаа харсан байрлалтай дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод амьд байна уу гээд хүзүүн дээр нь дарж үзсэн чинь судасьн цохилж байсан. Тэгэхээр нь би Галбадрахад гайгүй амьсгаатай байна, нааш ир гээд дуудсан чинь Галбадрах наадахаа хаячих, би лав явлаа шүү гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод энэ хүн чинь хөлдөөд үхчихвэл яах юм бэ ядаж орцонд өргөж оруулья дулаахан шүү дээ гэсэн чинь хаячих гэсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаад Батболд ирж салгаад Галбадрах гэрлүүгээ яваад өгсөн. Батболд бид 2 буцаж яваад тэр ах дээр очих гэж байхдаа би өөрийнхөө 99003762 дугаараас 102 гэсэн дугаарт залгасан чинь аль дүүрэг юм бэ гээд асуугаад байх шиг байсан. Тэгэхээр нь андуураад өөр газарлуу залгасан юм байна гэж бодоод салгаж Эрдэнэтийн цагдаа буюу 7035102 дугаарлуу залгаад “энд согтуу хүн хэвтэж байна, бие нь муу байна, 3-9 дүгээр байрны 1 дүгээр орцруу оруулж орхилоо” гэж хэлсэн чинь өөдөөс хэн бэ гээд байсан. Тулга гээд нэрээ хэлж байтал миний утас салчихсан. Тэгээд нөгөө ахын нуруунаас нь би өргөөд Батболд хөлнөөс нь өргөөд бид хоёр 3-9 дүгээр байрны 1 дүгээр орцны шатны хажуу талд хана налуулаад хагас суугаа байдалтай орхиод гарсан” гэсэн мэдүүлэг. х/х/-н 540-542-р хуудас/

            26. Яллагдагч Б.Тулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /х/х-н 543-549-р хуудас/ болон шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, Орхон аймгийн Цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гар утасны ярианы лавлагаа, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нар мэтгэлцэхдээ “Шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтүүдээр хохирогчид эмнэлгийн туслалцаа цаг алдалгүй үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан талаар дурьдсан байгаа. Иймд шүүгдэгч Д.Галбадрахад сонсгож ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирохгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй” гэв.

            Шүүгдэгч Б.Тулгын өмгөөлөгч Р.Нямцэрэн мэтгэлцэхдээ “Тулга нь хохирогчийн судасыг дарж үзээд амьд байна. Согтуу унтаж байгаа юм байна гэж үзээд хөлдөхөөс сэргийлж орц руу оруулсан. Мөн Цагдаагийн газарт 3 дугаар микрын 9 дүгээр байранд согтуу хүн байгаа талаар утсаар мэдэгдсэн болох нь баримтаар нотлогдсон зүйл. Б.Тулгыг хохирогчийг амь насанд нь аюултай байдалд байхад тусламж үзүүлээгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй гэж яллаж байгаа нь үндэсгүй байна. Иймд Тулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Н.Батболдын өмгөөлөгч С.Батмөнх-Очир мэтгэлцэхдээ “Н.Батболд Б.Тулга нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Болормаа мэдүүлэхдээ “Нөхөрт маань тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгөөгүй Б.Тулга, Н.Батболд нарт болон амь насыг нь хохироосон Д.Галбадрах нарт гомдолтой байна. Оршуулгын зардал 10 сая төгрөгийг Галбадрахын гэр бүлээс бүрэн төлсөн. Б.Тулгын аав 100 000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хувцас эд зүйлд шинжилгээ хийсэн дүгнэлтүүд, гэрч О.Мөнхбат, Р.Эрдэнэзаяа, Н.Сандуй, Ц.Эрдэнэ-Очир, Г.Зоригт нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэгийн болон задлан шинжилгээний дүгнэлт, давтан дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Галбадрахын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Галбадрах нь амь хохирогч Д.Ганболдтой 2014 оны 11 дүгээр сарын сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг 3 дугаар хорооллын 9 дүгээр байрны орчим тааралдаж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж унаган бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан. Д.Ганболд нь хүнд гэмтлийн улмаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад нас барсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Галбадрахыг 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 9 дүгээр байрны урд талд Д.Ганболдтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. Шүүгдэгч Д.Галбадрахад Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Амь хохирогчид учирсан амь насанд аюултай хүнд гэмтлүүд нь учирсан даруйд хохирогч үйлдлээ хянах чадваргүй байдалд орох бөгөөд өргөх зөөвөрлөх үед учирах боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, шинжээчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хохирогчид учирсан гэмтэл нь Д.Галбадрахын үйлдлээс өөр бусад байдлаар учирсан гэж үзэх үндэсгүй байна. Д.Галбадрахын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэг авагдсан гэрч Э.Амгаланбаярын мэдүүлэг, Цагдаагийн газрын бүртгэлийн хуулбар, Б.Тулгын гар утасны ярианы лавлагаа, шүүгдэгч Д.Галбадрах, Б.Тулга, Н.Батболд нарын мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нар нь Д.Галбадрахыг амь хохирогчтой маргалдаж цохих үед байгаагүй бөгөөд Д.Галбадрахын дуудснаар хэргийн газарт очиж, шүүгдэгч Б.Тулга нь амь хохирогч Д.Ганболдын судасыг дарж үзээд амьд байна, согтуу унтаж байна гэж гадаа хүйтэн байсан тул Н.Батболдтой хамт орц руу оруулж цагдаагийн газарт дуудлага өгч, амь хохирогчийн гар утсыг авч явсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх Б.Тулга, Н.Батболд нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзлээ.      Бусдын амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн бүрэлдэхүүн нь санаатай гэм буруугийн хэлбэртэй, шууд санаатай эс үйлдэхүй байх бөгөөд шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нар нь амь хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтэл авсан гэдгийг мэдээгүй, согтуу байна гэж үзээд орцонд оруулж, цагдаагийн газарт дуудлага өгөөд гар утсыг нь авч явснаас үзэхэд тусламж үзүүлэхгүй байх гэсэн шууд санаатай эс үйлдэхүй хангалттай тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тулга, Н.Батболд нарт Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Галбадрахад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Галбадрах нь 329 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Тулга, Н.Батболд нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсныг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8997, 6991, 2049, 0429, 009 кодтой мобикомын сим карт, Нокио 60-70 маркын гар утас, гэрч О.Очирбатаас хураан авсан Нокио 63-00 маркын гар утас, талийгаач Ганболдын өмсөж явсан хар өнгийн богино синтефон материал бүхий куртик, дисантын ногоон эрээн өмд, шаргал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1, хөх өнгийн дотуур өмд 1, цагаан төмөр арал бүхий ширэн тэлээ 1, шаргал өнгийн пүүзэн хэлбэртэй гутал 1 хос, сэжигтэн Д.Галбадрахын өмсөж явсан синтефон материал бүхий цэнхэр өнгийн аляска загварын урт куртик, хоолойтой саарал өнгийн цамц, цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, Адидас фирмийн пүүз, цагаан өнгийн шар ултай гутал, улаан өнгийн уяа бүхий хүзүүний тасарсан сахиус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Улаанбаатар хотын 102 дугаарын утсанд бичигдсэн яриа бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 288, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299, 300 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Нянгар овгийн Нямсүрэнгийн Батболд, Мончгон овгийн Баяраагийн Тулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Батболд, Б.Тулга нарыг цагаатгасугай.

            2. Шүүгдэгч Боржгон овгийн Дашбямбын Галбадрахыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахыг 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Галбадрахын цагдан хоригдсон 329 /гурван зуун хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8997, 6991, 2049, 0429, 009 кодтой мобикомын сим карт, Нокио 60-70 маркын гар утас, гэрч О.Очирбатаас хураан авсан Нокио 63-00 маркын гар утас, талийгаач Ганболдын өмсөж явсан хар өнгийн богино синтфон материал бүхий куртик, дисантын ногоон эрээн өмд, шаргал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1, хөх өнгийн дотуур өмд 1, цагаан төмөр арал бүхий ширэн тэлээ 1, шаргал өнгийн пүүзэн хэлбэртэй гутал 1 хос, сэжигтэн Д.Галбадрахын өмсөж явсан синтфон материал бүхий цэнхэр өнгийн аляска загварын урт куртик, хоолойтой саарал өнгийн цамц, цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, Адидас фирмийн пүүз, цагаан өнгийн шар ултай гутал, улаан өнгийн уяа бүхий хүзүүний тасарсан сахиус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Улаанбаатар хотын 102 дугаарын утсанд бичигдсэн яриа бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Батболд, Б.Тулга нар нь 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Н.Батболд, Б.Тулга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Галбадрахад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                      Ж.БАЙГАЛМАА

 

                                                                        Ц.АЛТАНГАДАС