Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 108

 

МАГАДЛАЛ

 

2017.01.04                                                    Дугаар 108                                   Улаанбаатар хот

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01021 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8484 шийдвэрээр Л.Болормаагаас 63 744 847 төгрөгийг гаргуулж "Прогресс капитал ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгийг 42 560 000 төгрөгөөр үнэ бууруулж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан талаар нэхэмжлэл гаргаж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13 дугаар байрны 32 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003020 дугаарт бүртгэлтэй 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 60 800 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж 70 хувь бууруулж 42 560 000 төгрөгөөр үнэлж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах нь хууль зөрчиж байна гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь үнэлгээний мэдэгдэл, болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15 цагт хүлээлгэж өгсөн. Л.Болормаа би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3 хоногийн дотор хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцтгэгч гаргасан гомдлын талаар хариуг өгөхдөө хуулийн хугацаа хэтэрсэн байна гэж учир битүүлгээр гомдлын хариуг өгсөн байна. Тус албанаас зохион байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дээрх орон сууцыг 42 560 000 төгрөгөөр үнэ бууруулж оруулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 159/05 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Болормаагаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/17867 дугаартай албан бичгээр үнийн саналыг авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч “Прогресс капитал ББСБ”-гын зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Лэндс ХХК-иар тогтоолгоход 60 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Болормаад 2016 оны 5 дугаар сарын    23-ны өдрийн 3/19474 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн 91911510 дугаартай утсаар үнэлгээг танилцуулж нөхөр Ж.Жанчивдоржид мэдэгдлийг үлдээх талаар төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэдэгдлийн 1 хувийг үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 42 560 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг Л.Болормаад 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20565 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн 91911510 дугаарын утсанд холбогдож эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч Л.Болормаад 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19474 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгийг 42 560 000 төгрөгөөр үнэ бууруулан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол 13 дугаар байр 32 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү 2204003020 дугаарт бүртгэлтэй 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 60 800 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж 70 хувь бууруулан 42 560 000 төгрөгөөр үнэлж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах хууль зөрчиж байх тул нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181\ШШ2016\01021 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8484 тоот захирамжаар “Прогресс капитал ББСБ” ХХК болон Л.Болормаа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба       нэхэмжлэгч нь 63 472 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөр авагчид төлөхөөр эвлэрсэн баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх захирамжинд үндэслэн Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар Л.Болормаа санал гаргаагүй, төлбөр авагч нь шинжээчээр үнэлгээ хийлгэх санал гаргаснаар хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд барьцааны зүйлийг 60 800 000 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэгчид 2016 оны 5 дугаар сарын    29-ний өдөр, анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнэ 42 560 000 төгрөг болохыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй зэрэг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан хугацаанд Л.Болормаа гомдол гаргаагүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                     ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ