Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

          Иргэдийн төлөөлөгч Д.А

          Улсын яллагч Л.О

          Хохирогчийн өмгөөлөгч Д.О-Э

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б /онлайн/, Б.Д

          Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1925000000206 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Бг 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гражид Г.Гийн хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирогчоосоо дахин уучлал гуйя. Хуулийн байгууллагын ажилд хүндрэл учруулсандаа мөрдөгч прокурор, цагдаа, шүүгчдээс уучлал хүсье. Миний эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Эмч нар эрүүл эд эрхтэн бараг байхгүй байна гэсэн. Мөн бага насны 2 хүүхэдтэй, эхнэр маань халдварын мэргэжилтэй тул Ковид өвчний улмаас өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ганцаараа  гэр орноо авч яваа. Ар гэрийн минь нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгөхийг чинь сэтгэлээсээ хүсэж байна. Хохирогчид хохирлыг бүрэн төлсөн” гэв.

 Хохирогч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “шүүх хуралд оролцож амжихгүй ажилтай” гэв.

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

        1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 хуудас/,

 

        2. Хохирогч Г.Гийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19-р  хуудас/,

 

        3. Гэрч Т.Э, Н.А нарын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-30 хуудас/,

 

        4. Хохирогч Г.Г-ийн “Э.Б намайг хэдэн оных вэ? гэхээр нь би 90-ээд оных гэтэл Э.Б жоохон юм байна ш дээ гээд инээгээд байхаар нь би Э.Бг чи хэдэн оных юм гэтэл Э.Б намайг чи намайг чи гэж дуудлаа гээд Энхбаатарыг эд нарыгаа аваад яв гэхээр нь би Э.Бд хандан чамаар хөөлгөх болоогүй шүү гэж хэлээд Ариунсанаагийн хамт явах гэтэл Э.Б миний араас ална шүү гээд салаавч гаргаад над руу дайраад би ажлаас чинь халах үгүйг шийднэ гээд агсраад байсан. Тэгэхээр нь би чи яах юм гээд эргэж хараад Э.Бтэй маргалдсан чинь А, Э, Б 3 дундуур орж салгасан. Гэтэл Э.Б машин руугаа гүйгээд машиныхаа араас нэг юм авах шиг болоод над дээр ирсэн. Тухайн үед Б ах миний урд юм яриад зогсож байсан ба баруун гар талд Э, зүүн талд А нар байсан. Тэгтэл Б-нгийн хажуу талаас Э.Б орж ирээд миний хэвлий рүү юмаар дүрэх шиг болсон, миний хэвлий халуу дүүгээд хартал цус гарч байсан... Намайг эмнэлэгт хэвтэж байхад 2019 оны 05 сарын 28-ны өдөр эхнэрийн данс руу 500.000 төгрөг хийсэн байсан, дараа нь эмчилгээний зардалд 580.000 төгрөг манай эхнэрт өгсөн байна лээ. Мөн намайг Улаанбаатар хот руу явах гэж байхад 2019 оны 06 сарын 09-ний өдөр 200.000 төгрөг, үүний дараа дахин 200.000 төгрөг шилжүүлсэн нийт 1.480.000 төгрөг өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,

 

5. Гэрч Н.А-гийн “Тухайн үед Э руу Э.Б залгасан ба Э хамт Дэнжид Э.Бгийнд очъё гээд улмаар бид нар зургуулаа Э.Бгийн байрны доод талын гаражид очсон. Тухайн үед Э.Б, Б хоёр байсан ба бид нар нэг шил архитай очсон. Уг архийг задлаад ууж байтал Э.Б, Г.Г нар ажилд орсон жилээсээ болж хоорондоо маргалдаад тэр 2 босч ирээд барьцалдаад авсан. Ингээд би тэр хоёрын дундуур нь ороод салгасан. Э.Б цаашаа машин руугаа гүйж очоод эргэж ирээд Г.Гтай барьцалдах шиг болсон. Гэтэл Г.Г миний хажууд хэвтээд өгсөн. Би Г.Гийг яасан бэ? гэтэл Г.Г, Э.Б намайг хутгалчихлаа ш дээ гээд хэвтсэн. Би Г.Гийн хэвлий рүү хартал цус гарч байсан. Хажуу талд Бямбасүрэн ирээд Э.Бг яагаад хүн хутгалж байгаа юм бэ? гэхэд Э.Б наадах чинь өөрөө зодох гээд байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44 хуудас, 2-р хх-ийн 131-132 хуудас, 4-р хх-ийн 130 хуудас/,

 

6. Гэрч Т.Э-рын “Г.Г би Эрдэнэт үйлдвэрт түрүүлж орсон чи сүүлд орсон байж бусдыгаа хүндлэхгүй байна. Аархаж харьцлаа гэж хэлсэн. Тэгсэн Э.Б ахын дүү тэгж болохгүй би чамаас ах мөн олон жил улс төрөөр явж байна гэж хэлж байх шиг байсан. Хүмүүс хэсэг хэсгээрээ юм яриад байсан болохоор би нарийн сайн сонсоогүй миний сонссон зүйл энэ байгаа юм. Тэгсэн чинь Э.Б чи муу ингэхгүй шүү гээд салаавч гаргаж байсан бөгөөд Э.Б машиныхаа арыг онгойлоод багаж дээр сууж байсан бөгөөд Г.Г газар тавьсан байсан машины хуучин дугуйн дээр сууж байсан. Тэгсэн Г.Г босч ирээд хоёулаа зодолдъё чи ямар овоо юм гэж хэлээд босоод ирсэн чинь А Г.Гийг түлхээд цааш нь аваад явсан чинь Э.Б араас нь очоод чи ер нь яах гээд байгаа юм чамаас айхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Г.Г хоёулаа үзье гээд дээгүүрх хувцасаа тайлаад газар шидсэн. Тэгээд Ариунсанаа, Г.Гийг холдуулаад Батбаатар бид хоёр Э.Бг боль гээд холдуулсан. Тэгээд хэсэг зүгээр болоод Б-Э бид хоёр машины багаж дээр суугаад би ямар ядаргаатай юм, маргалдаад байх юм болиосой гээд бодоод сууж байсан. Тэгсэн машины зүүн хойд талд Э.Б, Г.Г хоёр дахиад барьцалдаад авах шиг болоод салсан бөгөөд Г.Г газар доошоо явган суугаад Э.Б чи намайг  хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ, Ариунсанаа бид гурав юу яриад байгаа юм бэ юун хутга вэ? гээд Г.Г дээр очоод Ариунсанаа түшиж аваад доошоо хэвтүүлсэн чинь Г.Г хэвлий хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 хуудас,  2-р хх-ийн 129-130 хуудас/

 

7. Гэрч Б.Б-гийн “2019 оны 05 сарын 24-ний өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад манай найз Э.Б намайг ирж аваад улмаар бид хоёр Дэнж баг Баян-Өндөр хотхоны доод талын гаражид Э.Бгийн машинд нэг шил  500 граммын Титэм нэртэй архи хувааж уусан. Ингээд ажлын газрын Эр руу залгаад дуудсан. Ингээд 23 цаг өнгөрч байхад Энхбаатар, Г.Г, Н, А, Н-рын найз нар ирсэн. Тэд нар 750 граммын архитай ирсэн. Архиа ууж байтал Э.Б, Г.Гтай ярьж байгаад пизда гээд хэлсэн чинь Г.Г чи намайг яахаараа пизда гэдэг юм гээд шууд заамдалцаад авсан. Энэ үед бид нар тэр хоёрыг болиулсан. Ингээд сууж байхад Э.Б Г.Г 2 дахин маргалдсан. Гэтэл Г.Г, Э.Бтэй зодолдъё гээд хувцасаа тайлаад газар шидсэн. Э.Б, Г.Г нар хоёр талаас босч ирээд зууралдаад эхэлсэн. Удалгүй Г.Г газар суугаад гэдэсээ дараад гараа дээш харуулсан чинь нил цус болчихсон байсан. Тухайн үед Г.Г цээж нүцгэн байсан ба очоод харахад хэвлий хэсгээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-39 хуудас, 4-р хх-ийн 129 хуудас/,

 

8. Гэрч Б.М-дын “2019 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дэнжийн 3 байр луу хүн хүргэж өгөөд 01 цаг 30 минутын орчим Город уруудах гээд явж байтал Баян-Өндөр хотхоны харалдаа 2 хүн гар өргөсөн. Тэгээд хүн авч явах гэж байгаа гээд Баян-Өндөр хотхоны баруун талын байранд очтол гражаас баахан согтуу хүмүүс гарч ирээд нэг цус нөж болчихсон хүнийг миний арын суудал дээр хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явна гэж хэлсэн. Тэр хүн нэлээн цус алдсан, гэтэл ард цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийн хамтаар эмнэлэг дээр ирсэнгэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-43 хуудас/,

 

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28 -ны өдрийн 387 дугаартайГ.Гийн биед хэвлийн урд хананд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чамархайг гэмтээсэн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн ГЗЗ-ын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь 2019 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүссэн байж болно гэсэн дүгнэлт. /хх-ийн 132-133 хуудас/

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 967 дугаартайГ.Гийн биед хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн урд хананд хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайд хатгагдсан шарх гэмтээсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Г.Гийн биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 28 -ны өдрийн 387 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Учирсан гэмтэлд тогтоосон гэмтлийн зэрэг нь эдгэрэлтээс шалтгаалж өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт. / 2-р хх-ийн 136-137 хуудас/,

 

            11. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 620 дугаартайГ.Г нь 2019 оны 05 сарын 25-наас хойш буюу хэрэг үйлдэл болсноос хойш хоолны дэглэм барих болно эмийн /цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах/ эмчилгээ хийлгэсэн байна. Г.Гт хийгдсэн эмчилгээ нь түүний биед учирсан гэмтэлтэй холбоотой. Г.Гт учирсан гэмтэл нь одоо үлдэц хор уршиггүй байна. Бүрэн эдгэрээгүй байна. Учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг нь эдгэрэлтээс шалтгаалж өөрчлөгдөхгүй. Хохирогчид учирсан хүнд зэргийн гэмтэл нь хүнд хохиролтой нэгэн адил тооцогдоно гэсэн дүгнэлт. /3 хх-ийн 66 хуудас/

 

12. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 141 дугаартай “Э.Бгийн биеэс авсан цусанд этилийн спирт 0,7 промиль процент илэрсэн болно, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 85-86 хуудас/

 

13. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн “Г.Гийн биед учирсан гэмтэл нь хэвлийн урд хананд үүссэн, хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс чацархайг гэмтээсэн зэргээс үзэхэд хурц үзүүр ирмэгтэй зүйлийн хохирогчийн нүүрэн талаас нуруу луу чиглэсэн өөрөөр хэлбэл урдаас хойш чиглэлтэй үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Иймд хутган дээр унах тохиолдолд хохирогчид учирсан гэмтэл үүсэх боломжгүй...гэсэн мэдүүлэг /хх 136-137 хуудас/, “....хэвлийн урд хана, арьс, арьсан доорх ислэг, булчин, гялтан хальс гэсэн давхаргаас бүрдэнэ. Энэ давхаргын зузаан нь тухайн хүн хир тарган туранхай булчингийн хөгжил хир зэргээс хамаарч нимгэн зузаан янз бүр байна. Өвчний түүхэнд хэвлийн урд хэсэгт хүйсний баруун дээхэн 1,5-2 см хэмжээтэй хутганы шархтай байна гэсэн бөгөөд уг шарх хэвлийг нэвтэрсэн байсан. Арьс нь агшиж, булчин агшдаг учир анх үүссэнээс багассан байдаг. Хохирогчид үүссэн шархыг надад үзүүлсэн хутганы 2,8 см хэсгээр үүссэн байх бүрэн боломжтой” гэсэн мэдүүлэг. /4 хх-ийн 59-60 хуудас/

 

14. Гэрч Н.С-гийн “Ямар ч байсан хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байна, миний харсан хутгаар үүсгэгдсэн эсэхийг би мэдэхгүй, хохирогчийн хэвлийн гадна үүссэн шархыг нүдэн баримжаагаар хэлсэн, амь нас аюултай байсан учир шууд хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг. /4 хх-ийн 57-58 хуудас/

 

15. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх-ийн 51-54 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-25-ны шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баян-Өндөр хотхоны 16 дугаар байрны авто гаржид Г.Гийн хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдэх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Үүнд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт, хохирогч Г.Гийн хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт, гэрч Э, А  нарын мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт, хохирогч Г.Гийн мэдүүлэг, гэрч А, М, Б, Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Г-гийн мэдүүлэг, гэрч С-н мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Э.Б нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжилсэн мөнгийг нь гаргаж өгсөн. Хохирогчийн өмгөөлөгч одоо нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Өнөөдрийн байдлаар Э.Бгийн цагдан хоригдсон 236 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхэг, coca cola гэх бичигтэй 0,30гр ундааны лааз 1 ширхэг, Чингис гранд хаан гэх бичигтэй архины шил 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.О-Э дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Г.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцохгүй боловч хохирол төлбөрийг бүрэн гүйцэт хүлээж авснаа илэрхийлж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд 1 480 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 7 800 000 төгрөг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр 1 200 000 төгрөгийг тус тус төлсөн тул хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан. Тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байгаа тул ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тиймээс шүүх өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх байх. Шүүгдэгчийн учруулсан гэмтлээс цаашлаад ирээдүйд гарах сөрөг үр дагавар гарах юм бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг хохирогч гаргасан” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэг Э.Бг гэм буруутайд тооцуулах яллах дүгнэлт болон саналтай санал нэг байгаа ямар нэгэн маргах зүйл байхгүй. Харин миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйл заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн үйлдэл байдал. Мөн энэ хуулийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мэдүүлсэн мөн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Улсын яллагч 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр санал гаргаж байна. Хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хэргийг хүндрүүлэх зүйл дурдаагүй мөн эрүүл мэндийн хувьд бие маань сайжирч ажлаа хийж байгаагаа илэрхийлсэн байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд 6-8 насны хоёр хүүтэй, эхнэр нь цар тахалтай холбоотойгоор хавдар судлал дээр өдөржин шөнөжин ажиллаж байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдалтай холбоотой зүйлсийг шүүхийн зүгээс харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлаар буюу 5 жилийн хорих ялыг 3.5 жилээр багасгаж өгнө үү. Улсын дээд шүүхийн тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон боловч өнөөдрийн шинээр хэлэлцүүлж байгаа хэргийн хувьд улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулж байгаа хариултаараа гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа нь харагдаж байна. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б дүгнэлтдээ “Э.Бгийн үйлдэл болон гэм буруугийн асуудалд маргадаггүй. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нь дүгнэлтээ хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд нөхцөл байдлыг хангасан байх шаардлагатай байдаг. Өнөөдөр хэдий шүүх хуралдаан хялбаршуулсан журмаар явагдаагүй боловч 17.4 дүгээр зүйлд заасан шинжүүд Э.Бгийн үйлдлээр бүрэн хангагдаж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг өөрийн сайн дураараа төлсөн зэрэг нөхцөл байдал нь уг заалтын бүрдлийг хангаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэн зүйлчлэх зүйл ангийг хангаж байна. Сая Б.Долгорсүрэн өмгөөлөгчийн ярьсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тухайн үед юу болсон талаар гэрч хохирогч нар мэдүүлсэн байдаг. Хохирогчийн шууд буруутай нөхцөл байдал гэж хэлэхгүй ч мөн хохирогчийн буруутай үйлдлээс болж уг гэмт хэрэг гарах болсныг шүүх анхааран үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь ял хөнгөрүүлэн нөхцөл байдлыг хангаж байгаа. Э.Бгийн хувьд ял хүндрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал огт байдаггүй. Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байдаг тул Э.Бгийн хувьд ял хөнгөрүүлэн үзэх 5-6 үндэслэл байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бүрэн хангагдаж байна. Харин Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шүүхийн тогтоолд гэм буруугийн хувьд зөв дүгнэлт гаргасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна гэх үндэслэлээр хүчингүй болгож байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасан зүйл заалтыг үндэслэж хэрэглэхэд болохгүй гэх зүйл байхгүй байна. Э.Бгийн эрүүл мэнд үнэхээр хүнд нөхцөлд байна. Би 407-р хорих ангийн нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь нийгмийн ажилтан болон Э.Б нартай уулзахад биеийн байдал хүн маш хүнд байсан. Цусанд нь бүлгэнд байх магадлалтай хэрэв энэ хүний цусанд нь бүлгэн байх юм бол судсанд нь хүндрэл үүсэж амь насанд нь аюул үүснэ гэж хэлж байсан. Орхон аймгийн харъя хорих ангийн удирдлага, эмнэлэг нар нь дүгнэлтээ гаргаж өгсөн байдаг. Өнөөдөр хэдий хохирогчийн эрүүл мэндийн талаар ярьж байгаа боловч Э.Б гэх хүний эрүүл мэнд мөн яригдах ёстой. Үүнийг шүүхийг анхаарч үзэхийг хүсэж байна. Монгол улс даяар корона вирусийн хүнд нөхцөл байдалтай байна. Орхон аймагт мөн корона вирус илрээд 1 сар гаруй хугацаа болсон. Энэ хүнд нөхцөлд хүн амынхаа эрүүл мэндийн төлөө өөрийгөө эрсдэлд оруулан гардан ажиллаж байгаа Э.Бгийн гэр бүлийн хүн болох эхнэр нь байгаа. Өдөржин шөнөжин нойр хоолгүй ард иргэдийнхээ төлөө хүүхдүүдээ ч харах завгүй ажиллаж байгаа нөхцөл байдал, Э.Бгийн нийгэмд оролцдог байсан оролцоо зэргийг нь харгалзан үзэж шүүхээс түүнд оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Гийн “Тэгтэл Б-нгийн хажуу талаас Э.Б орж ирээд миний хэвлий рүү юмаар дүрэх шиг болсон, миний хэвлий халуу дүүгээд хартал цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М, Б.Б, Т.Э, Н.А, Н.Сандуй нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Гийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Т.Э, Н.А нарын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28 -ны өдрийн 387 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 967 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн мэдүүлэг /хх 136-137 хуудас/,  хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гаражид архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа Г.Г-тай маргалдан, хэвлийн тус газар нь хутгалж, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, хэвлийн урд хананд хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархайд хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ бусадтай маргалдсаны улмаас шууд санаатай үйлдлээр хутга хэрэглэн, хүний хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Э.Бг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэнд сайжирч хэвийн хөдөлмөр эрхэлж байгаа байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан журмаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 248 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Г нь эмчилгээний зардал 2 991 764 төгрөг, цалингийн зөрүү 5 062 179 төгрөг, шатахууны зардал 365 743 төгрөг, замын зардал 293 400 төгрөг, цус төлжүүлэх бүтээгдэхүүн 500 000 төгрөг, шүүх эмнэлэг 8 000 төгрөг, нотариат 6 800 төгрөг, бусад өөрөө авсан эм тариа 119 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, хийдэд ном уншуулсан 600 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг нийт 21 947 782 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 280 000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхэг, коко кола гэсэн бичигтэй 0.33 граммын ундааны лааз 1 ширхэг, Чингис гранд Хаан гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширэхгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс бичлэгийн болон ярианы бичлэг бүхий 6 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Иншебү овогт Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 эх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хутганы хуй 1 ширхэг, коко кола гэсэн бичигтэй 0.33 граммын ундааны лааз 1 ширхэг, Чингис гранд Хаан гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс бичлэгийн болон ярианы бичлэг бүхий 6 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС

 

                         ШҮҮГЧИД                     Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                                              Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ