Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0665/З |
Дугаар | 221/МА2023/0099 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0099
С.Б...ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 932 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б...
Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б...
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И..
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...,
Хэргийн индекс: 122/2022/0665/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б...аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 5,648,228.6 /таван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун хорин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх Шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч С.Б... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий эвлэлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буурч олгогдож буй цалингийн зөрүүгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах, шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 1, 2 дахь шаардлагыг хангаж, 3 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгон 932 дугаартай шийдвэр гаргасан ба үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, шүүгчийн цалингийн нэмэгдэлтэй холбоотой зохицуулалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж буй билээ. Энэ хуулиар шүүгч миний авч байсан цалингийн нэмэгдэлд өөрчлөлт орж, цалин хөлс маань сард 553,000 төгрөгөөр буурч олгогдож байгаа билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шинэ хуулийн заалтыг шууд автоматаар биш, урьд байсан нөхцөл байдалтай уялдуулж хэрэгжүүлж ажиллах байсан. Өөрөөр хэлбэл, шинэ хуулийн заалтаар цалин буурч буй шүүгчдийн цалингийн зөрүүгийн асуудлыг хуульд заасан байдлаар шийдвэрлэх арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөл авах байсан. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно”, 46.4.-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй”, 74 дүгээр зүйлийн 74.1.1-д “шүүхийн үйл ажиллагааны төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх”, 74.1.3-д “шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй” гэсэн заалтуудтай нийцэх байсан. Шүүгчээс шалтгаалахгүй цалин хөлсний хэмжээг бууруулан олгож буй нь шүүгчийн хараат бус байдалд шууд халдаж буй хэрэг мөн. Мөн шүүгчийн хараат бус байдал, зарчмуудыг тунхагласан олон улсын баримт бичгийн заалтууд байдаг. Энэ талаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн дэлгэрэнгүй бичсэн шаардлагад тодорхой тусгагдсан. Эдгээр олон улсын баримт бичгүүд нь тунхаглал, зарчим бөгөөд улс орнууд заавал нэгдэн орохыг шаарддаггүй, шүүх, шүүгчийн хараат бус байдал” ярьж буй л бол тэр ойлголтуудыг нь тодорхойлсон, мөрдөгддөг баримт бичгүүд байдаг.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4.-д “Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй”. Шүүгчээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр цалин хөлс нь буурч шүүгчийн хараат бус байдал, түүн дундаа эдийн засгийн баталгаа алдагдаж буй тухай, арга хэмжээ авч өгөхийг хүсэж миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан боловч арга хэмжээ аваагүй. Миний бие дээрх байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн эрх ашиг зөрчигдөж, хараат бус байдал алдагдаад байхад арга хэмжээ авахгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохирол арилгуулах, цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлж арга хэмжээ авч ажиллахыг даалгах тухай хоорондоо холбоотой шаардлага гаргасан байхад шүүх нэг шаардлагыг нь хангасан атлаа холбоо бүхий нөгөө шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хамгийн гол нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлж арга хэмжээ авч өгөөч гэж өөрт нь хүссэн боловч арга хэмжээ аваагүй тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Хийлгэхийг хүсэж буй ажил, авхуулахыг хүссэн арга хэмжээ нь хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа бөгөөд эрх хэмжээнээс нь давсан асуудал биш юм.
Иймд нэхэмжлэгч миний 3 дахь шаардлагыг ханган шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.И нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0932 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Б...ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 5,648,228.6 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх “шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалин хөлс бууруулахгүй байх зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэж дүгнэсэн тухайд нэхэмжлэгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалин хөлс бууруулахгүй байх зарчмыг зөрчсөн гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. Өөрөө хэлбэл энэ тохиолдол нь шинээр хууль батлагдсантай холбоотой бөгөөд хүсэлт, өргөдөл шийдвэрлээгүйтэй холбоотойгоор цалин хөлс буурсан асуудал биш юм.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.15-д шүүх хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” заасан. Гэтэл анхан шатны шүүх “...зөрчсөн гэж үзсэн бол энэ талаар хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүргээ мөн адил биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болно” гэж хууль зүйн хувьд утгагүй дүгнэлт хийсэн.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 73.2-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан бүрэн эрхийг Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсноор олгогдсон бүрэн эрх юм. Бүрэн эрх олгосон тухайн хуулийн заалтыг нь үндэслэн уг хуулийг буруутган Үндсэн хуулийн цэцэд хандах боломжтой, үүрэгтэй гэж шүүх утга агуулгын алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь Шүүхийн тухай хууль хучин төгөлдөр болсон буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш батлагдсан Улсын Их Хурлын шийдвэр (хууль тогтоомж) шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуулийн 73.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохоос уг зүйл, хэсэгтэй хамт батлагдсан хуулийн бусад заалтыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Яаж ч бодсон Монгол улсын Шүүхийн тухай хуулийг өөрийг нь өөрөө өөрийнхөө холбогдох заалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь хууль хэрэглээ болон эрх зүйн онолд ч ийм логик байдаггүй билээ. Нэхэмжлэгч шүүгчийн хараат бус байдал алдагдсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж байгаагүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч шүүгчийн хараат бус байдал алдагдсан талаар тогтоол шийдвэр гаргаагүй. Ийм нотлох баримт байхгүй байхад шүүх дээрх “ ... гэж үзсэн бол ...” гэсэн хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн.
4. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан болон хангаагүй талаар дүгнэлт хийхдээ хоорондоо зөрчилтэй буюу нэг нэгийгээ үгүйсгэсэн байна. Тухайлбал Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1, 5.2-д цалин хөлсний асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл дангаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн боловч үндэслэх хэсгийнхээ 4.1, 4.3-д эсрэгээр шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.
5. Шүүхийн тогтоох хэсэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, 73.4 дэх заалтуудыг баримталсан нь тухайн маргааны зүйлтэй хамааралгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэх ёстой байтал эдгээр хуулийн заалтыг зөрчсөн талаар нотлоогүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д 'Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн” гэсэн заалттай холбоотой буюу байгууллагын чиг үүрэг, статусын талаар талууд маргаагүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т “шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах;” 70.2.3-д “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;” 73 дугаар зүйлийн 73.1.1-д “энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах;”, 73.1.2-д “шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;” 73.4-т “Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүхийн санхүү, эдийн засгийн баталгаа алдагдсан, шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар нотлох баримт буюу эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Энэ нь хуулийн зөрчил үүсэж шүүгчийн хараат бус байдал алдагдсан, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэн шүүгчийг хамгаалах ёстой. Монгол Улс Их Хурлаас хууль батлан гаргаж шүүгчийн цалин хөлсийг тогтоосон тул нэхэмжлэгчийн шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэл байхгүй болсон асуудал нь хууль ёсны дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэх тул шүүгчийн хараат бус байдал алдагдсан, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зөрчил гэж үзэхгүй. Нэхэмжлэгч С.Б...ын хууль тогтоомжид зааснаас өөрөөр буюу түүнийг зөрчиж цалин хөлс олгосон тохиолдолд түүний хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн гэж үзнэ. Гэтэл хууль зөрчсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн зөрчил байхгүй буюу хууль тогтоомжид заасан цалин хөлсийг олгосон тул түүнийг хамгаалах тухай асуудал байхгүй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 73 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоол гаргаснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж түүний зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй буюу Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан нь захиргааны байгууллагын шийдвэр, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид шууд хохирол учирсан байхыг ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа 5,648,228.6 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийн үндэслэл, дүгнэлт нь дээр дурдсаны дагуу хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны байх зарчим зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0932 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон боловч хоорондоо хамааралтай нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол нь цаашид хэрхэх нь ойлгомжгүй үлдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б...ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан байхад уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гарган холбогдох этгээдэд хандах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 5,648,228.6 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
1.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн үеэс нэхэмжлэгч С.Б...ын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр 2 хувиар нэмэгдэж байна” гэсний дагуу авч байсан цалин хөлс буурсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
1.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-д “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн үүргийг заасан.
1.4. Үүний дагуу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн”, мөн зүйлийн 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 70.2.3-т “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 70.2.4-д “шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах” гэж тодорхой заажээ.
1.5. Харин хуульд заасан уг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх, чиг үүрэг буюу шүүгчийн цалин хөлсийг багтаасан шүүхийн төсвийг батлуулахтай холбоотой мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална”, 46.8.1-д “...Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх”, 46.8.2-д “... Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх” гэж заажээ.
1.6. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч С.Б...аас гаргасан “... цалин хөлс буурч эрх зүйн байдал нь дордож байгаатай холбоотой холбогдох арга хэмжээ авч, цалин хөлсийг бууруулахгүй олгохыг хүссэн хүсэлт”-ийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг дээрх хуулийн заалтад заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
1.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг буруу хууль буруу хэрэглэсэн, хуулиар шүүгчийн нэмэгдэл байхгүй болсон нь хууль ёсны дагуу хийгдсэн ажиллагаа тул шүүгчийн хараат бус байдал алдагдсан, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зөрчил байхгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
1.8. Учир нь хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ гүйцэтгэж байсан шүүгчийн цалин хөлс буурсан байхад эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэхгүй бөгөөд хуулийн заалт өөрчлөгдсөнтэй холбоотой үүссэн энэхүү нөхцөл байдалд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн төсөвт шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр тусгаж, холбогдох газар хүргүүлэх үүрэгтэй.
1.9. Уг хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус, бие даасан байдал, эрх ашиг нь сэргэх боломжгүй буюу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн төсвийн хүрээнд хэлэлцэж батлах үүрэг бүхий этгээдүүдийг буруутга үндэслэлгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “... Шүүхийн ерөнхий зөвлөл энэ асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага биш” эх гомдол үндэслэлгүй.
1.10. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
2. Харин анхан шатны шүүх дээр дурдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох талаар, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн атлаа “даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрээр цаашид хэрхэн хэрэгжих, цаашид нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэх нь тодорхойгүй үлджээ.
2.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн төсвийг төлөвлөн хүргүүлэхдээ хууль шинэчлэн батлагдсантай холбоотой цалин хөлс нь буурахад хүрсэн шүүгчийн цалин хөлсийг ... эрх зүйн байдлыг дортуулахгүй байх зарчимд нийцүүлж, бууруулахгүйгээр төсөвт тусгаагүй нь ... хууль, зарчмыг зөрчсөн байх тул уг хуулийн дагуу “...”-ийг даалгах нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
2.2. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “....Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн эрх ашиг зөрчигдөж, хараат бус байдал алдагдаад байхад арга хэмжээ авахгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохирол арилгуулах, цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлж арга хэмжээ авч ажиллахыг даалгах тухай хоорондоо холбоотой шаардлага гаргасан байхад шүүх нэг шаардлагыг нь хангасан атлаа холбоо бүхий нөгөө шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. ...Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээнээс нь давсан асуудал биш...” гэсэн гомдол үндэслэлтэй байна.
3. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үлдэх Шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” гэснийг “Шүүгчийн буурсан цалин хөлсний зөрүүг олгохоор /Улсын Их Хурлаас шийдвэрлүүлэх саналаа өргөн барих, олон улсын гэрээ, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцүүлж шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр төсвийг боловсруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч/ шийдвэрлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б...ын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.И нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ