Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох 201726021163 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Т, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, ял шийтгэлгүй,

 

Б.Т- нь 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9а байрны гадна “шоу хийх гэж байгаа, нөүтбүүкийг чинь тэрэндээ ашиглаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Э.А-гийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны гадна “юм хийх гэсэн юм. Түр хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Н-ийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний их сургуулийн оюутны дотуур байрны гадна “түр зуур хэрэглүүлээч, маргааш буцаагаад өгье, нөүтбүүкээ өгвөл тоглолтын тасалбар өгнө” гэж хуурч, Г.Б-гийн “Самсунг” загварын зөөврийн компьютерийг авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны гадна “хоёр хоног хэрэглээд өгнө” гэж хуурч, Э.У-гийн “Асер” загварын зөөврийн компьютерийг авч, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны гадна талд “юм шивээд өгье” гэж хуурч, З.Б-гийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14б байрны гадна “шоуны постер хийгээд өгнө” гэж хуурч, Б.О-гийн “Делл” загварын зөөврийн компьютерийг авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “шоунд 3 хоног хэрэглээд өгье” гэж хуурч, Б.Э-гийн “Делл” загварын зөөврийн компьютерийг авч, 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Т-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б..Т-г бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Т-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-гээс 800,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Н-т, 1,400,000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д, 700,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-т, 600,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-т, 510,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Э-т нарт тус тус олгож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч нарыг бүрэн хохиролгүй болгосон бөгөөд тэдгээрээс уучлалт гуйсан. Би эцэг, хойд эх, 3 дүүгийн хамт амьдардаг. Спорт, соёл урлагт идэвхтэй оролцож сагс, волейбол, ширээний теннис, боксийн шилдэг тамирчин, оны шилдэг спортлог сурагч, шилдэг оюутан зэргээр амжилттай суралцсан. Улс болон аймаг бүсийн аварга болж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “NRB” ХХК-д менежер хийж байсан. Би шоу зохиож байгаад орлого олж чадалгүй дампуурсан билээ. Ийм болчимгүй үйлдэл гаргасандаа маш ихээр харамсаж байна. Дахин ийм болчимгүй алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Залуу нас, хүсэл зорилго, амьдралыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлжээ. Б.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээсэн, хохирогч нартай танил байдаг ба энэ хугацаанд үргэлжлүүлэн хохирлыг барагдуулсаар байдаг билээ. Одоогоор бүх хохирогчид хохирлыг нь бүрэн хүлээлгэж өгсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэм хор арилсан зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн/ гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж өгнө үү. Хөнгөн гэмт хэрэгт анх удаа шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн хэргийн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа чин сэтгэлээсээ ухамсарлан ойлгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой тул энэ заалтыг миний үйлчлүүлэгчид хэрэглэж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлыг бүрэн төлж барагдуулсан баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Т-гийн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ний хугацаанд хх нарын зөөврийн компьютерийг урьдын харилцааны явцад олж авсан итгэлээ ашиглан “...Түр хугацаанд хэрэглэчихээд өгье, ...шоу хийхдээ ашиглаад өгнө...” гэх зэргээр тус тус хууран авч, уг зөөврийн компьютерүүдийг барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаанд тавьж, нийт 7 удаагийн үйлдлээр 5,510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Б /1-р хх-ийн 7 тал/, Э.У /1-р хх-ийн 11 тал/, Э.А /1-р хх-ийн 19 тал/, Б.Н /1-р хх-ийн 79-80 тал/, З.Б /1-р хх-ийн 115-116 тал/, Б.О /1-р хх-ийн 135-136 тал/, Э.Э /2-р хх-ийн 17-18 тал/, гэрч Ч.Б /1-р хх-ийн 146 тал/, Г.М /1-р хх-ийн 148 тал/, Г.Х /1-р хх-ийн 149-150 тал/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Г.Б-ийн “Самсунг” загварын зөөврийн компьютерийг 700,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 8 тал/,

хохирогч Э.У-ийн “Асер” загварын зөөврийн компьютерийг 1,400,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 12 тал/,

хохирогч Э.А-ийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг 700,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 20 тал/,

хохирогч Б.Н-ийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг 800,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 28 тал/,

хохирогч З.Б-ийн “Тошиба” загварын зөөврийн компьютерийг 800,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 117 тал/,

хохирогч Б.О-ийн “Делл ай 5” загварын зөөврийн компьютерийг 600,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 137 тал/,

хохирогч Э.Э-ийн “Делл” загварын зөөврийн компьютерийг 510,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 58-59 тал/,

хохирогч нарын зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 168 тал/, ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 185 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэмт хэргийн шинжийг шинжийг агуулжээ.

 

Б.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Т-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хохирлоо төлөөгүй нөхцөл байдалд нь тохирсон ял оногдуулж шийдвэрлэжээ.  

           

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Б.Т-гээс 800,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-т, 1,400,000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д, 700,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-т, 600,000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-т, 510,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Э-т олгох...” -оор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Т- нь давж заалдах шатны шүүх хурал болохын өмнө дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт, түүнчлэн хохирогч нарын бичгийн хэлбэрээр үйлдсэн “гомдол саналгүй” гэсэн хүсэлтүүд зэргээр нотлогдож байна.

 

            Давж заалдах шатны шүүх Б.Т-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Б.Т- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолын:

 

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жил /хоёр жил/ -ийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  хяналт тавьж байгаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд “...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа...” энэ талаараа мэдэгдэж байхыг Б.Т-д үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Т-г нэн даруй сулласугай.

 

3. Шүүгдэгч Б.Т- нь 53 хоног /тавин гурван хоног/ цагдан хоригдсон,  шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан “....800,000 төгрөгийг хохирогч Б.Н-т, 1,400,000 төгрөгийг хохирогч Э.У-д, 700,000 төгрөгийг хохирогч Г.Б-т, 600,000 төгрөгийг хохирогч Б.О-т, 510,000 төгрөгийг хохирогч Э.Э-т тус тус Б.Т-гээс гаргуулан олгох...” хохирлыг Б.Т- төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ