Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00156

 

Япон улсын иргэн И Р-гийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1827 дугаар магадлалтай,

 Япон улсын иргэн И Р-гийн нэхэмжлэлтэй

Т.Э-д холбогдох, 

Хувьдаа ашигласан 552.510.873 төгрөг болон Ф Х ББСБ ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, Ф Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөх, компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23.987.336 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-, өмгөөлөгч Б.Н-, хариуцагч Т.Э-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Япон улсын иргэн И Р- нь тус компанийг үүсгэн байгуулагч, 89,53 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Т.Э- нь 10,47 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан. Т.Э- нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014-2016 онд их хэмжээний мөнгийг залилан мэхэлж хувьдаа завшсан гэж үзэж учруулсан хохирлыг төлүүлэх, зээлийн гэрээний үндсэн дээр авсан зээлээ төлөхгүй байгаа тул төлүүлэх, Компанийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байгаа тул тамга, гэрчилгээг гаргуулан компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Ф Х ББСБ ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Акбар аудит ХХК-иас санхүүгийн материалд тулгуурлан шалгалт хийж, зөрчил илрүүлсэн. Тайланд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Э- нь Монгол Улсын Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, компанийн үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552.510.873 төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн дүгнэлт гарсан. Иймд Т.Э-ы хувьдаа авч ашигласан 552.510.873 төгрөгийг төлүүлж өгнө үү. Мөн И Р- нь Т.Э-тай 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 107.851.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28 ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд жилийн 5 хувийн хүү төлөх, зээлийг төлөөгүй тохиолдолд "Ф Х ББСБ" ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгөх, нөхцөлүүдийг тусгасан ба Т.Э- нь зээлийг хүлээн авсан. Т.Э- нь зээлийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн төлбөрийн хэмжээ гэрээний хугацааны 5 жилд үндсэн зээлийн 107.851.000 төгрөг, 5 жилийн хүүгийн 26.962.750 төгрөгийн, бүгд 134.813.750 төгрөг, гэрээний хугацаа дуусаад 2 жил өнгөрсөн тул адил нөхцөлөөр тооцвол, 10.785.100 төгрөг, нийтдээ 145.598.850 төгрөг болж байгаа. Иймд Т.Э-ы зээлсэн 145.598.850 төгрөгийг төлүүлэхээр шаардсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, "Ф Х ББСБ" ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь И Р- болон Т.Э- нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буцаан төлөөгүй тохиолдолд Ф Х ББСБ ХХК-ийн Т.Э- нь эзэмшиж буй 10,47 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Ишибаши Рёосүкэд шилжүүлнэ гэж тохиролцсон. Компани нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн холбогдох заалтуудыг баримтлан ТУЗ-ийн дарга И Р-гээс ТУЗ-ийн хурлыг хуралдуулахаар шаардсаны дагуу хурал 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдаж товлогдсон ба ТУЗ-ийн гишүүн Т.Э-д албан бичгээр мэдэгдсэн. Т.Э- нь товлосон өдөр хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин явуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Т.Э- хуралдаанд дахин шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг бусад ТУЗ-ийн гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр явуулж, компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чанцалмааг томилж, Т.Э-ыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Хуралдааны шийдвэр гарсны дараа Т.Э- нь компанийн гүйцэтгэх захирлын ажил, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрх зүйн үр дагавар бүхий үйл явдал болох компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т.Э-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...2010 оны 01 дүгээр сараас эхэлж И Р-тай хамтран Ф Х ББСБ ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшин хамтран ажилласан. Компанийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлж байсан удаагүй тул И Р-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Акбар аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд 2009 онд 107.851.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 4 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний эзэмшлийн хувьцаагаар хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Хэрэв зээлийн гэрээг байгуулахад хувьцаагаа барьцаалсан бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр гэрээ байгуулна. Мөн үнэт цаасаар гэрчлүүлэхийн тулд урьдчилан тэмдэглүүлэх ёстой. Иймд зээлийн гэрээний шаардлагыг хувьцаагаар хангах үндэслэлгүй. Хариуцагчаас шаардаж буй 107.851.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ нь холбогдох баримтаар хангалттай тогтоогдоно. Уг шаардлага нь компанид учирсан хохирол гэвэл хувьцаа эзэмшигч И Р- нэхэмжлэх боломжгүй, нэхэмжлэх эрх нь компанид байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад хувьдаа ашигласан, завшсан гэж байгаа нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна. 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад хандан, хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр гомдол гарган шалгуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Акбар аудит ХХК-ийн дүгнэлтийг 100 хувь үндэслээд 552.510.873 төгрөгийг нэхэмжилсэн нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлд аудитын байгууллага аудитын өөрийн баталгаажуулсан тайлангийн талаар эцсийн дүгнэлтээ тухайн ББСБ болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ гэснийг зөрчсөн. Мөн Акбар аудит ХХК-ийн тусгай зөвшөөрөл нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй, аудитын дүгнэлт хийлгэхээр байгуулсан гэрээнд үйлчлүүлэгч, захиалагчийг төлөөлөөд гарын үсэг байхгүй, дугаар байхгүй, ямар зарчмаар яаж хийгдсэн нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтнуудтай нэг ч удаа уулзаагүй, холбогдох бичиг баримтыг үзээгүй, захиалагч нь зөрчил гэж тооц гэсний дагуу тооцсон тайлан гаргасан. Нэхэмжлэгч талаас Ф Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Т.Э-ыг чөлөөлж, С.Чанцалмааг томилсон гэж маргадаг. Тус компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал нь жил бүрийн эхний 4 сард хуралдаж, тухайн жилийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох үүрэгтэй, сонгоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигчид хуралдах эрх нь үлддэг. Гэтэл ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэр гаргасан ТУЗ-ийн гишүүд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн гишүүдийн эрхийн хугацааг сунгасан, шинээр томилсон талаар нотлох баримт байхгүй. Хууль бус ТУЗ-ийн шийдвэрээр шаардлага хүргүүлж байна. Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргавал хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч болон хуралд оролцоод эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нар гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргана. Санхүүгийн зохицуулах хороо хянаад энэ хурал хуулийн дагуу эсэх гэдэг дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Т.Э-ы маргах эрхийг хааж шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Т.Э- нь Ф Х ББСБ ХХК-ийн хувь нийлүүлэгч, 2010 оноос хойш 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэлх ногдол ашиг болох нийт 88 468 865 төгрөгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас гаргуулж өгнө үү гэж шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зохигчдын хооронд 2009 онд 107.851.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсаныг хариуцагч Т.Э- төлснөөс гадна илүү 23.987.336 төгрөгийг төлсөн. Иймд Ишибашитай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23.987.336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: И Р- нь Т.Э-д хамтран ажиллах хугацаандаа 2012-2014 онд 278 сая төгрөгийн орон сууц, 100 сая төгрөгийн машин зэргийг цалин хөлсөнд үл тооцон олгосон. Зохигчид 2009 онд 107.851.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлд хэдийг төлсөн нь тодорхойгүй, илүү төлбөр гарсан уу гэдгийг бодитоор гаргаж чадаагүй. Зохигчийн хооронд хэд хэдэн зээлийн гэрээ байгуулагдсан. Уг 107.851.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хариуцагч хийгээгүй. Харин бусад зээлийн гэрээний төлбөрөөс үе үе төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Япон улсын иргэн И Р-гийн хувьдаа ашигласан 552.510.873 төгрөг болон Ф Х ББСБ ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, Ф Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгуулахыг хүссэн үндсэн болон хариуцагч Т.Э-ы зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23.987.336 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3.720.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 322.614 төгрөг гаргуулж хариуцагч Т.Э-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1827 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 84 дүгээр зүйлийн 84.7, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1,9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ф Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоосугай, тус компанийн тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгч, компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг хариуцагч Т.Э-д даалгасугай, 552.510.873 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталж 117.557.590 төгрөгийг хариуцагч Т.Э-аас гаргуулж нэхэмжлэгч И Р-д олгосугай, Ф Х ББСБ ХХК-ийн 10,47 хувийн, Т.Э-ы эзэмшлийн хувьцааг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Э-ы 23.987.336 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтийн олгосугай гэснийг олгож, хариуцагч Т.Э-аас 815.937 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И Р-д олгосугай өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.720.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-, өмгөөлөгч Б.Н- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ф Х ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2016 оноос эхлэн компанийн удирдлага, өмч хөрөнгийн захиран зарцуулалттай холбогдсон асуудал гарсны улмаас үл ойлголцол үүсч, компанийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, улмаар хувьцаа эзэмшигч И Р-гийн хувьд компанийн үүсгэн байгуулагч, хууль ёсны шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд бий болсон асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төлүүлэх зэрэг бодит шаардлага бий болсон юм. Ф Х ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч И Р- нь, өөрийн үүсгэн байгуулсан, хувийнхаа 1 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэх их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дүрмийн санг нь бүрдүүлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон компанийн хэвийн үйл ажиллагааг хадгалан цаашид үргэлжлүүлэн явуулах зорилготой байдаг тул компанийхаа үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай холбоогүй зөвхөн гүйцэтгэх захирлаар итгэн ажиллуулж, эд хөрөнгөө хариуцуулж байсан Т.Э-д холбогдуулан түүнийг хувь хүнийхээ хувьд, компанийн гүйцэтгэх удирдлагын үүргийг хэрэгжүүлж байхдаа хууль бус бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших зэрэг гэмт хэргийн шинжтэй эрүүгийн журмаар шалгагдах магадлалтай үйлдлүүдийг удаа дараа хийж, бусдын өөрт нь итгэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа хэдий ч түүний дээрх үйлдлүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаас түдгэлзэж, асуудлыг хэлэлцээний аргаар, эсвэл шүүхэд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэтэл Т.Э- нь, И Р-гийн санал, шаардлагыг хүлээн аваагүйгээр үл барам гүйцэтгэх захирлын ажлыг хүлээпгэн өгөхийн оронд элдвээр маргаж, компанийн тогтвортой ажиллагааг зориуд алдагдуулан компанийн үйл ажиллагаа явуулж байсан түрээсийн байраас нууцаар гарч, компанийн зохион байгуулалтын болон санхүүгийн холбогдолтой бүх баримт бичиг, тамга, тэмдэг зэргийг авсан байдлаа ашиглаж, компанийн нэрээр, компанийн хөрөнгөөр хувийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байсан юм. Япон Улсын иргэн И Р- нь, шүүхэд хандахдаа энэхүү хэрэг маргааны бодит нөхцөл байдлын талаар, компанийг үүсгэн байгуулсан талаар, дүрмийн санг бүхэлд нь бүрдүүлсэн талаар, гадаадын хөрөнгө оруулагч хүний хувьд Монгол Улсын санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцож, Монгол улсын тодорхой тооны иргэдийг ажлын байраар хангаж байгаа талаар, компанийн эд хөрөнгийн өмчлөгч атлаа компанийн үйл ажиллагааг удирдуулахын тулд компанийн хувьцааны зарим хэсгийг зээл хэлбэрээр олгон эзэмшигч болгож, итгэл үзүүлсэн хүндээ мэхлүүлж байгаа талаар, компанидаа орох ч эрхгүй байгаа талаар, компанийн хувьцааг зээлийн гэрээг үндэслэн эзэмшиж, олон жилийн хугацаанд компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа хүний үйл ажиллагааг шалгасан хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тэрхүү хүн нь компанийн буюу нэхэмжлэгчийн хөрөнгийг завшиж, үрэн таран хийж байгаа талаар, өөрөө бодитойгоор их хэмжээний хохирол хүлээж байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахыг хүссэн болно.

Нэхэмжлэгч нь, дээр зориуд давтан дурдаж, шүүхийн анхааралд толилуулсанчлан Т.Э- нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, бүх үйл ажиллагааг хариуцаж, тамга тэмдгийг эзэмшиж, баримт бичгийг хадгалж байсан ба компанийн ТУЗ-ийн хуралд оролцохыг удаа дараа мэдэгдсээр атал оролцолгүйгээр зориуд хойшлуулах, тасалдуулах арга саам хийж, нэхэмжлэгч талаас нотлох баримт бичиг, нэхэмжлэл зэргийг өөрийн болон компанийн нэрийн өмнөөс бүрдүүлэх боломжгүй болгосон тул компанийн үйл ажиллагаанд хууль ёсоор оролцох, шийдвэр гаргах эрхээ тогтоолгох бодит шаардлагын үүднээс анхан шатны шүүхэд боломжтой гэж үзсэн хувилбараар нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлж гаргасан юм. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хяналтын журмаар гаргасан гомдолд давтан танилцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас санхүү, төлбөр тооцоотой холбоотой нэмэлт баримтуудыг шүүхэд удаа дараалан гаргасан, холбогдох банкнаас төлбөрийн баримтуудыг гаргуулан авсан, эдгээр баримтуудыг хэргийн материалд хавсаргасан, талууд танилцсаны үндсэн дээр  нэхэмжлэлийн шаардлагуудтай холбогдуулан нэмэлт нотлох баримтыг хавсаргасан ба анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гарсан алдааны зарим хэсгийг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлт оруулж, компанийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, тамга тэмдэгийг хүлээлгэн өгөхийг Т.Э-д даалгахыг хүсэх тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн боловч мөн эд шаардлагуудтай холбоотой хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын үүднээс анхаарлаа хандуулахыг хяналтын шатны шүүхээс хүсч байна. Үүнд Ф Х ББСБ ХХК-ийн хувьцааны 10.47 хувийг гаргуулах шаардлагатай холбоотой нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг, давж заалдах шатны шүүхээс, иргэд хооронд байгуулагдсан, зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд 10.41 хувийн хувьцааг зээлдүүлэгчид буцаан шилжүүлэн өгөх тухай 4 дүгээр зүйл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох бөгөөд бусад зүйлүүд нь хуульд нийцсэн гэрээ гэж дүгнээд, зээлийн гэрээний хугацаагаар тооцож, 117.557.590 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээн тус тус шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч тал, энэхүү шаардлагатай холбогдуулан хийсэн давж заалдах шатны шүүхийн үнэлэлт дүгнэлт нь, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний заалтуудын хэрэглэгдэх хүрээ, зээлдэгчийн гэрээний дагуу хүлээх хариу үүргийн талаар журамласан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж байна. Магадлалын заалтыг агуулгаар нь авч үзвэл, зээлдэгч Т.Э- нь, зээлдүүлэгч И Р-гээс 2009 онд жилийн 1 хувийн хүү буюу хариу үүрэгтэй зээл авсан боловч 2014 онд төлж дуусгах ёстой хугацаандаа огт төлбөр хийгээгүй тул үндсэн зээлийг зөвхөн гэрээнд заасан хугацааны хүүтэй хамт буюу зээлсэн 107.5 сая төгрөг, зээлийн хүү буюу хариу үүрэгт 8.5 сая төгрөг, нийт 117.5 сая төгрөг төлж, компанийн 10.47 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэхээр болжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа эхлээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээл, зээлийн хүү гаргуулахаар тодорхойлогдсон ба хариуцагч энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзсан төдийгүй зээлийг бүрэн төлсөн гэж маргасан тул хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад өөрчилж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хуульд зааснаар үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, зээлсэн мөнгөтэй дүйцэх зээлээр шилжүүлсэн хувьцаагаа буцаан гаргуулахаар өөрчилж тодорхойлсон болно. Шүүхийн магадлалд Иргэний хууль тогтоомжийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийж үзвэл, энэхүү шаардлагатай холбоотой маргааныг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн давхардсан дүгнэлт хийж, хэлцлийн үр дагаврыг гэрээний 4 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой уялдуулан хувьцааг биетээр бус харин мөнгөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь, бодит нөхцөл байдал дээрээ Ф Х ББСБ ХХК-ийн хувьцааны 10.47 хувийг 107.5 сая төгрөгөөр тохиролцож үнэлэн хариуцагчид шилжүүлсэн хэлцлийг зохицуулсан гэрээ юм. Иймээс хариуцагч талаас зээлийн гэрээнд зориуд оруулсан гэрээний 4 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцож, шилжүүлэн авсан хувьцааг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариу үүрэг тохирсон 2 талын гэрээ гэж тооцвол, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэг хүлээх тул хариуцагч нь гэрээний хугацаанд гэрээнд заасан хүү, гэрээний хугацаа хэтэрснээс хойшхи хугацаанд Монгол Улсын арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүтэй тэнцэх хэмжээний хүү төлөх ёстой гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн магадлалын заалтад хууль зүйн үндэслэл бүхий нэмэлт өөрчлөлт оруулж, Ф Х ББСБ ХХК-ийн 10.47 хувьтай тэнцэх хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх буюу нэхэмжлэл гаргасан өдрөөр хязгаарлан тооцсон зээлийн 107.851.000 төгрөгт тооцсон хүүгийн 37.747.850 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 28.412.600 төгрөгийг нэмж гаргуулан үндэслэлтэй. Т.Э-ы хувьдаа ашигласан төлбөрийг гаргуулах талаар Ф Х ББСБ ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Акбар аудит” ХХК-иас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбогдсон нөхцөл байдлыг анхан шатны санхүүгийн бүх баримт, гэрээ, орлого зарлага, бэлэн мөнгөний үлдэгдэл зэрэг материалд тулгуурлан хийж, нэг бүрчлэн шалгасны эцэст тодорхой зөрчил дутагдлыг илрүүлэн тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна. Энэхүү аудитын тайланд туссанаар, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Э- нь Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, компанийн үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552.510.873 төгрөгийг эрх мэдлээ ашиглан хувьдаа ямар ч зөвшөөрөлгүй, гэрээгүй, тохиролцоогүй авсан байна. Акбар аудит ХХК нь, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, хөндлөнгийн хараат бус байгууллага бөгөөд тус компанийн 89.53 хувийн хувьцаа эзэмшигчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажилласан болно. Гэтэл энэхүү шаардлагатай холбогдуулан шүүхүүд дор дурдсан дүгнэлт хийж, шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайлбал, анхан шатны шүүх, Акбар аудит ХХК нь, Сангийн яамнаас олгосон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд Ф Х ББСБ ХХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн, компанийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөн, гүйцэтгэх захирал Т.Э- нийтдээ 347.500.000 төгрөг касснаас хувьдаа бэлнээр авсан, бэлэн авсан мөнгөө кассанд үлдэгдлээр байгаа мэтээр тайлагнаж, нэр бүхий хүмүүст 102 сая 10873 төгрөг зохих зохих дүрэм, журмыг зөрчин олгосон, 88 сая төгрөгийг компанийн дүрэм зөрчиж бусдад хүүгүй, барьцаагүй олгосон болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж бий болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн зүгээс гаргасан ямар ч нотолгоогүй тайлбарт үндэслэн хариуцагчийг хувьдаа завшсан гэх үндэслэлгүй гэж дүгнээд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас хувьдаа ашигласан гэх 552.5 сая төгрөг гаргуулах буюу нөхөн төлүүлэх шаардлага нь үндэслэлтэй, Акбар аудит ХХК-ийн дүгнэлтээр 552.5 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, гэхдээ Акбар аудит ХХК-тай аудитын хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээгээ зохих ёсоор батлуулаагүй, гүйцэтгэх захирлын хүлээх санхүүгийн хариуцлагын хэмжээг тогтоосон гэрээг хавсаргаагүй, Т.Э-ы гаргасан зөрчил нь санхүүгийн зөрчил, хувьдаа хөрөнгө завшсаны аль нь болохыг тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд, хэрэгт авагдсан нотлох баримт бичиг, нөхцөл байдалд хийсэн үнэлэлт дүгнэлт үзвэл, аудитын шалгалтаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Э-д шууд холбогдох 552.5 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрч тогтоогдсон. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч Т.Э- нь, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч үгүйсгэж чадаагүй, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ. Гэтэл хуульд заавал дагаж мөрдөхөөр журамласан дээрх заалт байсаар байтал, анхан болон давж заалдах шатны шүүхүүд, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй төдийгүй хариуцагчийн хөрөнгө мөнгө завшсан, хууль бус үйлдлийг шууд хамааралгүй элдэв шалтгааныг хариуцагчийн өмнөөс гарган нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү төлбөр гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлд заасан санхүүгийн, мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагын албан ёсны дүгнэлт байгаа түүний дүгнэлт буруу буюу алдаатай болсон эсэх талаар эрх бүхий байгууллага, этгээдийн ямар ч дүгнэлт, шийдвэр байхгүй, хариуцагч өөрийн буруугүй талаар үндэслэл бүхий нотолгоо гаргаж чадаагүй тул энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрээр хариуцагч Т.Э-аас 552.5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд Япон Улсын иргэн И Р-гийн нэхэмжлэлтэй, Т.Э-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 580.552.133 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцээгүй үйл баримтыг дүгнэн магадлал гаргасан. Магадлалд “....Талууд компанийн 89,53 хувийн хувьцаа эзэмшигч И Р-гийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж улмаар компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн тогтоол гаргасан нь хуульд нийцсэн эсэх асуудлаар маргажээ.” гэжээ. Гэтэл талууд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан аргаар зарлан хуралдуулсан эсэх дээр маргаагүй ба Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуульд заасан аргаар зарлан хуралдуулаагүй гэсэн үндэслэлээр маргасан байтал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх дээр хэлэлцээгүй хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулсан мэтээр дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бүрэн эрхийг тодорхой заасан ба ямар тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болохыг мөн тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хууль зөрчин гаргасан гэдэг үндэслэлээр хариуцагч татгалзлаа тайлбарлан анхан шатны шүүх дээр маргасан байтал уг үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс хууль буруу тайлбарлан нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулсан мэтээр дүгнэсэн. Хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулсан бол тухайн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Т.Э-ыг оролцох нөхцлөөр хангасан талаар хэрэгт нэг ч баримт байхгүй байтал давж заалдах шатны шүүхээс “...Компаний 10-аас дээш хувийн буюу 89,53 хувийн хувьцаа эзэмшигч Ишибаши нь компаний гүйцэтгэх удирдлага санхүүгийн жил дууссанаас хойш тайлан тавиагүй хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэж ТУЗ-ийн гишүүд гэх 3 этгээдүүдийн өмнөөс гарын үсэг зурж хэрэгт хавсаргасан баримтыг Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бол Компанийн тухай хуульд заасан аргаар зарлах, хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргах байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гаргасан болохыг анхан шатны шүүх дээр тайлбарлан маргасан атлаа давж заалдах шатны шүүх дээр хувьцаа эзэмшигчийн зүгээс шийдвэр гаргасан мэтээр тайлбарласныг шүүх ямар нэг нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Компанийн тухай хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээ харилцан адилгүй тэдгээрээс гарах шийдвэр тогтоолын эрх зүйн үр дагавар нь мөн харилцан адилгүй байдаг. Нэхэмжлэгч өөрийгөө ТУЗ-ийн гишүүн гэж тодорхойлон 2016 оны 10 сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал хуралдуулах шаардлага гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх дээр тайлбарлан маргасан. Мөн нэхэмжлэгчийг ТУЗ-ийн гишүүн мөн эсэх талаар талууд маргаагүй байдаг. Хариуцагчийн зүгээс ТУЗ-ийн хурлыг хуульд заасан аргаар зарлаагүй гэж маргасан нь хариуцагчийн тайлбар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байдлаар тогтоогдсоор байтал давж заалдах шатны шүүх “...Хэргийн 6 дугаар хуудасны баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд 89,53 хувийн хувьцаа эзэмшигч И Р- нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай санал шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэгтэй, уг санал шаардлагыг хүлээж аваагүй гэж хариуцагч няцаагаагүй. Тодруулбал хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах шийдвэрийг 10 хувиас дээш хувьцаа эзэмшигч дангаар гаргах эрхтэй боловч бусад хувьцаа эзэмшигчийн тухайн хуралд оролцох эрхээр нь хангаж, хуульд заасан аргаар зарлах үүрэг хүлээдэг. Мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д зааснаар хэрвээ нэхэмжлэгч хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шаардлага гаргасныг хүлээн аваагүй бол энэ талаараа шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ба нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулаагүй учраас ямар нэг гомдол гаргаагүй байсан. Хэрвээ нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг гаргасан гэж анхнаасаа маргасан бол хариуцагчид Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтыг үл харгалзан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргасан нэхэмжлэл гэж үзэн дүгнэсэн нь хууль бус байна. Талуудын хооронд байгуулсан 107.851.000 төгрөгийг нэг жилийн 1 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээнд маргаан гарсан тохиолдолд Япон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохирсон болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо нотлох зорилгоор хилийн чанадад нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй. Учир нь нэхэмжлэгчийн Япон улсын банкуудад эзэмшдэг хувийн данс руу нь зээлийн төлбөрийг гүйцэтгэж байсан боловч энэ талаараа нотлох боломжийг шүүхээс олгоогүй. Япон улсын шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд дээрх нөхцөл байдлыг тогтоох бүрэн боломжтой болсон учраас хариуцагчийн зүгээс энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй нөхцөл байдлыг шүүхээс буруу үнэлж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордууллаа. Мөн магадлалд “...дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь компаний болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компаний дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэсэн журамд нийцээгүй. Нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн атлаа “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж 117.557.590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав" гэж дүгнэсэн нь хууль бус байна. Хэдийгээр хариуцагч энэ давж заалдах гомдол гаргаагүй боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохоо нотлосон баримтыг хангалттай өгсөн байтал шүүхээс энэ тал дээр дүгнэлт хийхгүйгээр хэргийг бүхэлд нь бус зөвхөн хариуцагчийн гомдлын хүрээнд хянаж, харьяаллын бус шийдвэр гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй,  зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааны талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх анхаараагүй, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчжээ.

1. Нэхэмжлэгч И Р- нь “Ф Х ББСБ” ХХК-ийн удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагч Т.Э-аас гаргуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг даалгах шаардлагын үндэслэлдээ, тус компанийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг  заасан байна.

Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Монгол улсын хуулийн этгээд “Ф Х ББСБ” ХХК-ийн хувьцааны 89.53 хувийг нэхэмжлэгч Япон улсын иргэн И Р-, 10.47 хувийг Монгол улсын иргэн Т.Э- нар эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.Э- ажиллаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн гаргасан шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2017/08609 дугаар захирамжийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Ф Х ББСБ” ХХК-ийн шинэчилсэн дүрэмд компанийн дүрэмд гүйцэтгэх захирлыг томилох эрхийг Хувь нийлүүлэгчдийн хурал эдэлнэ, түүний чөлөөт цагт компанийг Төлөөлөн удирдах зөвлөл удирдана гэж заасан байна. 

Анхан шатны шүүх дээрх дүрмийг баримталж “Ф Х ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл сонгох эрхгүйгээс гадна тус Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуульд заасан журмаар хуралдаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх тус компанид Төлөөлөн удирдах зөвлөл байдаг эсэх нь тодорхой бус гэж үзсэний зэрэгцээ нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хурлын тогтоолыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр хэмээн дүгнэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд  учир дутагдалтай байна.

“Ф Х ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нь сонгох эрхтэйг хоёр шатны шүүх өөрөөр дүгнэж, ТУЗ-ын тогтоолыг Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэртэй адилтгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Компанийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл  компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бол тухайн зөвлөл, зөвлөлгүй бол Хувь нийлүүлэгчдийн хурал гүйцэтгэх удирдлагыг сонгох, гэрээ байгуулж бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, цалин хөлс, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох эрхийг хэрэгжүүлдэг байна.

Компанийн дүрэм компанийн үндсэн баримт бичиг болдог бөгөөд уг дүрэм улсын бүртгэлд бүртгэгдснээр хүчин төгөлдөр болно.

“Ф Х ББСБ” ХХК-ийн дүрэмд тус компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, тухайн зөвлөлд 5 гишүүн байхаар тусгагджээ. /1-хх-160-167-р тал/

Түүнчлэн хувь нийлүүлэгчийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар протоколд зааснаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Э.Э-ыг чөлөөлж, Б.Э-ыг шинээр томилохоор шийдвэрлэсэн байна. /1-хх-157-158-р тал/

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй “Ф Х ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр томилох тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолд хуралд зөвлөлийн дарга И Р-, гишүүн И Т, Х Ж нар  оролцсон  гэжээ. 

 “Ф Х ББСБ” ХХК-ийн дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөл байна гэж заасан хэдий ч тухайн Төлөөлөн удирдах  зөвлөлийн гишүүд хэд болох, хэн, хэрхэн  сонгогдсон, төлөөлөн удирдах зөвлөл компанийн үйл ажиллагаанд оролцож байсан  эсэх нь тодорхой бус байна. Иймд энэ талаархи хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэх тул хоёр шатны шүүх Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хариуцагчаас 552.510.873 төгрөг гаргуулах шаардлагыг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Компанийн гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл Хувь нийлүүлэгчийн хуралтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэхийг Компанийн тухай хууль болон дүрэмд заасан байна.

Хариуцагч Т.Э- хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн эсхүл контрактын гэрээний үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч хохирлыг хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой учруулсан гэж үзэж байгаа эсхүл өөр үндэслэл заасан аль нь болохыг шүүх тодруулах байжээ.

Нөгөө талаар нэхэмжлэлийн үндэслэл болгож буй “Акбар аудит” ХХК-ийн дүгнэлтийг хоёр шатны шүүх бүхэлд нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

3. Т.Э-ы эзэмшиж байгаа 10.47 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх “ хэргийн харъяалал зөрчсөн” гэж үзжээ. Ийнхүү дүгнэлт хийхдээ зээлийн гэрээний 5-д заасан “гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд  Ишабиши Рёосүкегийн харъяаллын буюу Япон улсын  шүүх байгууллагын анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон” гэсэн  нь үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх гэрээний дээрх заалтыг “А талын буюу /И Р-/ харъяаллын анхан шатны шүүх” гэснийг түүний харъяаллын бус, харин Монгол улсад ирж очиж, түр болон бүр оршин сууж, ажиллаж амьдардаг газрын буюу Монгол улсын анхан шатны шүүх гэж ойлговол зохих юм” гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах зарчимтай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Гэрээний агуулгыг гэрээний талууд өөрсдөө тодорхойлдог бөгөөд гэрээний аль ч тал гэрээг дээрх утгаар тайлбарлаагүй атал давж заалдах шатны шүүх илтэд буруу тайлбарласан байна.

Харин хариуцагч, нэхэмжлэлийг хүлээн авч хариу тайлбар гаргахдаа хэргийн нутаг дэвсгэрийн харъяаллын талаар маргаагүй байх бөгөөд Монгол улсын шүүхээр маргааныг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчих эсэхийг хоёр шатны шүүх дүгнэх байжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх 10.47 хувийн хувьцаа гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийлгүй, зээлийн мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчжээ. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга гэж үзэн хувьцаа нэхэмжилсэн эсхүл  өөр үндэслэл зааж буй аль нь болохыг шүүх тодруулж, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг оновчтой зөв тогтоох шаардлагатай.

Талуудын хооронд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулагдсан нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэх эсэх, бусад гэрээний төлбөрөөс хэрхэн ялгаж байгаад эрх зүйн бүрэн дүгнэлтийг хоёр шатны шүүх хийгээгүй байна.

Дээр дурдснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1827 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 3.060.750 төгрөг, хариуцагч 747.000 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамж гарган тус тус буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ