Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
Хэргийн индекс | 113/2019/0006/З |
Дугаар | 113/ШШ2019/0022 |
Огноо | 2019-09-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 113/ШШ2019/0022
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Б” ХХК
“”Э " ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, уг өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Э " ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан.
Гэтэл манай түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байж “Б” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/327 дугаар захирамж гаргасныг тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш Засаг даргад хандан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дахин өргөдөл гаргасан.
Өргөдөлд: “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий өргөдөл гаргасан боловч 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тоотоор өргөдөл гаргахыг шаардсан.
Засаг дарга өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.
Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг тус тус зөрчиж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”Э” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
...Говьсүмбэр аймгийн Засаг даргад “Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан ба 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК нь мөн адил хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга хуулийн хүрээнд судалж үзээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1136 тоот албан бичгээр “Э” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал аваагүй, зөвшөөрөл олгохоос татгалзсан учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн. “Б” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/327 тоот захирамжаар тусгай зөвшөөрөл олгосон.
Нэхэмжлэлд дурдсанаар “Э” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг Засаг дарга шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байгаа гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг дарга дээр дурдсанчлан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөдлийг шийдвэрлээд хариуг өгсөн.
“Э” ХХК нь Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тус хариуг хүлээн зөвшөөрөөгүй “Б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай 2018 оны А/327 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч гаргасан захирамжаа хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Шүүхээс аймгийн Засаг даргад холбогдуулан “Э” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэх, эсхүл өөр шийдвэр гаргахыг даалгасан шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гарч давж заалдах хугацаа өнгөрсний дараа “Э” ХХК нь Засаг даргад хандан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан байдаг бөгөөд тус хүсэлтийг Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэн хүлээн авсан байдаг.
Засаг даргын зүгээс “Э” ХХК-ийн дээрх хүсэлтэд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлж “Б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгосон, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайн солбилцолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх нь нээлттэй болохыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж, хариу өгсөн байдаг.
Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан хариуг гардан авсанаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрвээ дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол шууд шүүхэд 30 хоногийн дотор хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Өмнө шүүхээр шийдвэрлүүлэхдээ уг асуудлаар нэхэмжлэл гаргаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаанд багтаан нэхэмжлэл гаргаагүй дээрх нөхцөл байдал илэрхий байхад Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, үйлдлийг таслан зогсоох, шийдвэрлэх үүрэгтэй ч нөгөө талдаа захиргааны байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож болохгүй гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлалд тодорхойлсон байдаг. Захиргаа өөрөө хуулиар олгогдсон тодорхой эрх хэмжээ, чиг үүрэгтэй бөгөөд үүнд шүүхээс зөвхөн хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэйгээс бус өдөр тутмын зохион байгуулалтын асуудалд орж зааварчилгаа өгөх эрхгүй гэж ойлгож байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ““Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” гэжээ. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой маргааныг хэлэлцдэг. Гэтэл нэхэмжлэгчийн эхний шаардлагын хүрээнд захиргааны ямар акттай маргаж байгаа нь тодорхойгүй буюу тогтоох хууль бус эсхүл хууль ёсны ямар акт байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан байна.
2.”Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох гэж тодорхойлсон. Гэвч хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сард шийдвэрлэн хариуг 2018 оны 10 дугаар сарын 04-нд хүргүүлсэн. Ийнхүү хуульд нийцүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн хариуг хүргүүлж байгаа нь эс үйлдэл гаргасанд тооцогдохгүй тул нэхэмжлэгчийн эс үйлдэхүйг тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч өргөдлөө 2018 оны 9 дүгээр сарын 13-нд гаргасан. Үүний хариуг 10 дугаар сард өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байна. Шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг шалгах үүрэгтэй. Гэвч хөөн хэлэлцэх хугацааг харгалзалгүйгээр хэрэг үүсгэсэн байгааг гуравдагч этгээдийн зүгээс ойлгохгүй байгаа тул тус нөхцөл байдлыг шалган үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөхийг хүсч байна.
3. “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан байна. Үүнд даалгах нэхэмжлэл гаргаж байгаа байгаа нөхцөлд эс үйлдэхүй байх ёстой ч хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй гэдэг нь хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн хариу албан бичгээр нотлогдож байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалыг аймгийн Засаг даргад акт гаргахыг шүүхээс даалгах боломжгүй учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхой шийдвэр гаргасны үндсэн дээр Засаг дарга шийдвэр гардаг.
Иймд дээрх нэхэмжлэлүүд нь 1-рт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2-рт ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй, хариу өгсөн байхад даалгах нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нөхцөл байддлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг шүүхээс хүсч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулж “Э” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох;
“Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М “...шүүх хуралдаанд оролцохгүй, манай өмгөөлөгч оролцох болно” гэсэн[1] байх ба түүний өмгөөлөгч А.М-д шүүх хуралдааны товыг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйг сануулсан, мөн гуравдагч этгээд “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С-д 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйг сануулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч Ж.С нар нь хүндэтгэн үзэх шалтгаан мэдүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хүсэлт гаргасан байх тул тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандаж тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газрын 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Э” ХХК урьд нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй байх тул мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга “Э” ХХК болон “Б” ХХК-иудын гаргасан хүсэлтийг шаардлага хангасан гэж бүртгэсэн тохиолдолд хамгийн түрүүлж хүсэлт гаргасан “Э” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан давхцалтай эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандаж хариу авсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх байжээ” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа;” гэж зааснаар нэхэмжлэгчийн “...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” Б/1136 дугаар албан бичигт “...“Э” ХХК-д ... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж[2],
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э” ХХК-д хандан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А/294 дүгээр албан бичгээр “...Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэж[3],
мөн тус аймгийн Засаг даргаас “Э” ХХК-д хандан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... “Э” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд аймгийн Засаг даргын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдсэн албан бичгээр хариу хүргүүлсэн. ... Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хэрэгжүүлнэ үү” гэсэн[4] албан бичгийг тус тус хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтуудыг зөрчиж тус компанийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэгэнт “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг дээрх байдлаар шийдвэрлэсэн байх тул Говьсүмбэр аймгийн Засаг даргад уг өргөдлийг шийдвэрлэхийг даалгах боломжгүй юм.
Иймд “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... “Э” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
[1] ХХ-ийн 229 дүгээр тал
[2] ХХ-ийн 47 дугаар тал
[3] ХХ-ийн 14 дүгээр тал
[4] ХХ-ийн 15 дугаар тал