Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1063

 

О.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00679 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Золбоод холбогдох

 

Тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хорын хохиролд 60 636 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Золбоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Эрдэнэцэцэг нь 7 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй ба нөхөр С.Гантулга нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хайер төвийн барилга дээрээс Ц.Золбоогийн ажлыг хийж байгаад унаж нас барсан. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Г.Анунгоо төрсөн. Нөхрийгөө нас барахад 3 сартай жирэмсэн хоцорч, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Мөнхтулга төрсөн. Тэр үед Ц.Золбоо хувиараа ажил хийлгэж байсан учир надтай тохиролцож Асран тэтгэх гэрээг 2 жилийн хугацаанд cap бүр 500 000 төгрөг өгөхөөр, мөн уг мөнгийг хугацаанаас өмнө төлж болно гэсэн учир 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Г.Анунгоо одоо 3 нас 3 сартай, хүү Э.Мөнхтулга 1 нас 5 сартай, бага насны 2 хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2016 оны хүн амын амьжиргааны төвийн бүс 163 000 төгрөг, нийт 60 636 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын Хайер центрт байрлах талбайг түрээслэн хоолны газрын хаяг тогтоолгохоор зар тавьсны дагуу 5 хүн ирж ажлаа эхэлсэн. Ажлын явцад ажлын үр дүн багатай ажлаа хийхгүй бүгд алга болж тэр 5 хүнээс 1 нь үлдэж ажлаа эхлүүлсэн. Надад хаяг тогтоож байсан хүн унаад эмнэлэгт хүргэгдсэн, өөд болсон гэж хэлсэн. Үүний дагуу байцаалт явагдаж, түүний үр дүнд хэрэг үүсгэх үндэслэлгүй золгүй явдал байна гэсэн. Миний зүгээс өөрийн дотоод сэтгэлээрээ нөхөн олговор өгнө гэж амласан. Энэ нөхөн олговрыг өгөх үүрэгтэй гэж үзэж тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр үед миний бие чин сэтгэлээсээ өөрийн хүслээр О.Эрдэнэцэцэгт cap бүр 500 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд өгнө гэж амласан ба одоогоор энэ амлалтандаа хүрч дуусгаагүй байгаа нь миний буруу. Одоо 12 000 000 төгрөгөөс 2 000 000 гаруй төгрөгийг өгсөн. Цаашид энэ мөнгийг төлж дуусгана, надад хугацаа хэрэгтэй байна. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөхийг хүлээн зөвшөөрхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Золбоогоос 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгт олгож, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50 636 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыгдурдаж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00679 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “Учруулсан хохирлыг арилгуулах мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтй гэж хуульчилсаны үндсэн дээр эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорын хохирол болох бага насны 2 хүүхдийн асран тэтгэх тэтгэлгийн мөнгийг нэхэмжилснийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч талуудын хоорондох маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Тэжээгчээ алдсаны тэтгэмж, гэм хорын хохиролд 60 636 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 10 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг 2011 оны 5 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Гантулгатай хамтын амьдралтай байж, тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин Г.Анунгоо, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Мөнхтулга нар төрж, хариуцагч Ц.Золбоогийн талбай түрээслэж байсан Баянгол дүүрэг, 3 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Hair” төвийн барилгын хананд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.Гантулга нь хаяг тогтоох ажлыг хийж гүйцэтгэж байхдаа унаж, ослын улмаас нас барсан болон нэхэмжлэгчийн охин Г.Анунгоог асран тэтгэх зорилгоор 2 жилийн хугацаанд сар бүр 500 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр талууд тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Асран тэтгэх гэрээ байгуулсан гэх үйл баримт нь тус гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5121 дүгээр шийдвэр, төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. Дээрх гэрээгээр тохиролцсон 12 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нас барагч С.Гантулгын насанд хүрээгүй хүүхэд Г.Анунгоо, Э.Мөнхтулга нар нь тэжээгчээ алдсан гэх тайлбараас үзвэл, хариуцагчаас гэм хорын хохирол, төлбөр гаргуулах шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч Ц.Золбоогийн гэм буруутай санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж С.Гантулга нас барж, нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, барилгын хананд хаяг тогтоох ажлыг гүйцэтгэж байсан С.Гантулга нь унаж нас барсанд хариуцагчийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан болох нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар хэргийн нотлох баримт болох тул нэхэмжлэгчийн охин Г.Анунгоог тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх 50 636 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч, нас барагчийн асрамжид байсан хүүхдэд хохирол төлбөр төлөх харилцаа, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсгийг хэрэглээгүй, шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “С.Галцацрах”-ын нэрийг “С.Галбадрах” гэж буруу бичсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулан өөрчлөх боломжтой юм.

 

Нас барагч С.Гантулгын цалин хөлс, орлогын хэмжээ тодорхойгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүйгээс гадна хариуцагч Ц.Золбоо, нас барсан С.Гантулга нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэх баримт байхгүй тул амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцон хариуцагчаас хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00679 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “С.Галбадрах” гэснийг “С.Галцацрах” гэж, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Золбоогоос 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан үндэслэлгүй тул 50 636 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах шатны журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 101/ШЗ2017/05811 дүгээр захирамжаар чөлөөлсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                               С.ЭНХТӨР