Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ............. регистрийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багийн 21 дүгээр 12 тоотод оршин суух ............ нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн .............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 4 дүгээр гудамж 3 тоотод оршин суух ............... холбогдох,

Гэм хорын хохиролд 60.636.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь 7 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр ******* нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах XAIR төвийн барилга дээрээс *******гийн ажлыг хийж байгаад унаж нас барсан. Нөхөр *******ас 2 хүүхэд төрсөн. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* төрсөн. Нөхрийгөө нас барахад 3 сартай жирэмсэн хоцорсон. Энэ хүүхэд маань 2015 оны 6 дугаар сарын 27-ний өдөр төрсөн, 1 нас 4 сартай. Ингэж 2 хүүхэд маань өнчин хоцорсон. Тэр үед ******* хувиараа ажил хийлгэж байсан учир надтай тохиролцож миний буруу хүүхдийг чинь би асран тэтгэнэ гэж Асран тэтгэх гэрээг 2 жилийн хугацаанд сар бүр 500.00 төгрөг өгөхөөр мөн уг мөнгө нь 12.000.000 төгрөг болж байгаа учир хугацаанаас өмнө төлж болно гэсэн учир 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн миний бие охин Анунгоо одоо 3 нас 3 сартай, Хүү ******* 1 нас 5 сартай, бага насны 2 хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлэг болох 2016 оны хүн амын амьжиргааны төвийн бүс 163.000 төгрөг, нийт 60.636.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1 жил гарангын өмнө Баянгол дүүргийн 3 дугаар хороололын Хайер центрт байрлах талбайг түрээслэн хоолны газрын ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг эхлүүлээд засварын ажилдаа орж хаягаа тогтоох болсон.  Хаяг тогтоолгохоор зар тавьж зарын дагуу 5 хүн ирж ажлаа эхэлсэн. Ажлын явцад ажлын үр дүн багатай ажлаа хийхгүй бүгд алга болж тэр 5 хүнээс 1 нь үлдэж ажлаа эхлүүлсэн. Би гадуур ажил хөөцөлдөж явж байтал гэнэт ажлаас залгаад хаяг тогтоож байсан хүн унаад эмнэлэгт хүргэгдсэн, өөд болсон гэж хэлсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн мөрдөн байцаагч ирж байцаалт авсан. Байцаалтын үр дүнд хохирогчийн эхнэрийн хамт байж байхад энэ дагуу хэрэг үүсгэх үндэслэлгүй золгүй явдал байна гэж хэлсэн. Миний зүгээс өөрийн дотоод сэтгэлээрээ нөхөн олговор өгнө гэж амласан. Энэ нөхөн олговорыг өгөх үүрэгтэй гэж үзэж тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг нөхцөл байдал үүссэнээс хойш Баянгол дүүргийн мөрдөн байцаах газраас намайг дуудан байцаалт авсан. Байцаалтын үр дүнд нэхэмжлэгч Эрдэнэцэцэгт байцаагч энэ хүнд хэрэг үүсгэх үндэс алга гэж хэлэн байцаалтийг зогсоосон.  Тэр үед ******* миний бие чин сэтгэлээсээ өөрийн хүслээр Эрдэнэцэцэг эгчид сар бүр 500.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд өгнө гэж амласан. Одоогоор энэ амлалтандаа хүрч дуусгаагүй байгаа нь миний буруу. Миний ажил одоогоор маш хүнд өр зээлэндээ баригдаж орох оронгоо хүртэл алдаж маш хэцүү байгаа. Одоо 12.000.000 төгрөгөөс 2.000.000 гаруй төгрөгийг өгсөн байгаа. Цаашид энэ мөнгийг төлж дуусгана, надад хугацаа хэрэгтэй байна. Харин нэмэгдүүлсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүлээн зөвшөөрхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 60.636.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, 10 000 000 төгрөг төлөх үүргийн хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2011 оны 5 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *******тай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр охин *******, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5121 дугаар шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна./х.х-ийн 7-10 дугаар тал/

******* нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороололын нутаг дэвсгэрт байрлах “Hair” төвийн барилгын хананд хаяг тогтоох ажлыг хийж гүйцэтгэж байгаад тус барилгын 4 давхраас унаж, уг ослын улмаас нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 5295 дугаартай нас барсны гэрчилгээ /х.х-ийн 13 дугаар тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд хаяг тогтоох ажлыг хариуцагч *******той харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэж байсан болон осол болсон үйл явдлын талаар талууд маргахгүй байна.

 

            Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Асран тэтгэх гэрээ” байгуулж, асран тэтгэгч ******* нь асруулагч *******г асран тэтгэх зорилгоор 2014 оны 11 дүгээр сараас 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг асруулагчийн асран хамгаалагч *******ийн дансанд сар бүрийн 30-нд шилжүүлсэн байхаар харилцан тохиролцсон байна./х.х-ийн 6 дугаар тал/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч нь хаяг тогтоох ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, аюулгүйн бүс, бэхэлгээ гаргаж өгөөгүй улмаас осол болсон тул охин *******, хүү Э.******* нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлнэ” гэж тодорхойлсон.

            Харин Асран тэтгэх гэрээ байгуулсны улмаас төлөх үүргийн 12 000 000 төгрөгийн шаардлага нь хохиролд тооцон 60.636.000 төгрөгийн шаардлагад хамаарч байгаа талаар хариуцагч тайлбарлах бөгөөд асран тэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор, гэрээний үүргийн үндэслэлээр хохирол гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдгээ шүүх хуралдааны үед тайлбарлаж байна. Иймд гэрээний талаарх тохиролцоо, холбогдох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.  

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын  эрх, амь нас, эрүүл мэнд ...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хуулийн уг зохицуулалтаар гэм хорыг учруулсан гэм буруутай этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг арилгуулах гэж тодорхойлсон.

Тодруулбал, хэргийн тухайд хариуцагч ******* нь барилгын хананд хаяг тогтоох ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан талаар нэхэмжлэгч тодорхой үндэслэлээр тайлбарлахгүй байх боловч, хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн асран тэтгэх гэрээг /х.х-ийн 6 дугаар тал/-ээр амлалт өгсөн хэмжээгээр  гэм хорын учруулсан хохирлыг хариуцан арилгана гэсэн хариуцагчийн тайлбар, зөвшөөрлийн хэмжээ болох 10.000.000 төгрөгийн хэмжээгээр төлбөр гаргуулах үндэслэлтэй байна.

Учир нь, шууд гэм хор учруулсан гэм буруу байхгүй боловч, тодорхой ажил хийлгүүлэх санал тавьсан, нас барахад хүргэсэн үйлдэл хийлгүүлэх нөхцөл байдал бий болгосон шууд бус нөхцөл байдлаас хамаарч хүүхдийн эрх, ашиг сонихрол хөндөгдөж байгаа тул хүүхдэд зориулан тодорхой мөнгөн төлбөр төлөхийг зөвшөөрнө гэсэн  хариуцагчийн зөвшөөрөл, тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагчаас 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.636.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.636.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 174.950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ 

 

                        ШҮҮГЧИД                                                               Г.АМАРЖАРГАЛАН

 

                                                                                                Э.ЭНЭБИШ