Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00289

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-36 тоотод оршин суух, Зэв овгийн  Тэрбишийн Энх-Учралтын /ЦЗ:74042070/-н нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 10-7 тоотод оршин суух Урианхай овгийн Халиуны Рэнцэнпилд холбогдох 1.140.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Энх-Учралт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, гэрч Гандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Энх-Учралт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Энх-Учралт нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х.Рэнцэнпилд 1.140.000 төгрөний 5 тонн цемент зээлээр өгсөн юм. Тухайн үед 7 хоногийн дотор удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна. Х.Рэнцэнпил нь манай 100 айлд худалдаа хийдэг Гандолгор гэдэг хүнээр хэлүүлж гуйж байгаад зээлж авсан ба өөрөө биеэр ирж авсан юм. Гандолгор манай худалдагч Батаа нар нь гэрчилж хэлэх болно. Утасдаж мөнгөө нэхэхээр би удахгүй төлнө , хүлээж бай гэсээр өнөөдрийг болгосон ба энд тэнд тегдерийн ажил хийж байгаа тэрнээс мөнгө гарахаар өгнө гэдэг. Сүүлийн үед би Рэнцэнпил рүү залгахаар миний утсыг авахгүй болсон. Иймд Х.Рэнцэнпилээс 1.140.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Т.Энх-Учралт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Рэнцэнпил эгч бид нар нэг дор барилгын материалын худалдаа хийж байсан тул танина.Батзаяа гэжхүүтэй,ажилд нь туслаад явж байдаг байсан.2014 оны 4 сарын 12-ны үед хамт ажилладаг Ганболор гэж хүнээр дамжуулан Рэнцэнпил эгч манай худалдагч Дэнсмаагаас цемент асуусан байсан.5тн цемент зээлээч гэсэн байсан.Дэнсмаа надад хэлэхэд нь би зөвшөөрсөн.Машин ирээд ачаад аваад явсан байсан.2015 оны 3 сараас би мөнгөө нэхсэн өгнөө л гэдэг,сүүлдээ утсаа авахаа байсан. 1.140.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Рэнцэнпил шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Т.Энх-Учралтын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Уг материалыг манай хүү Р.Батзаяа хувийн бизнестээ хэрэглэхээр авсан. Миний бие өгөх авах үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. 2013 оноос хойш ямар нэгэн байдлаар “Зуун айл ” барилгын материалын дэлгүүрээр худалдан авалт хийж яваагүй. Миний хүү Р.Батзаяа нь тус материалыг авсан мөнгөө Энх-Учралт ахтай би өөрөө учраа олж өгнө гэж байгаад АНУ-д суралцах виз гарч мөнгөө өгч амжилгүй явсан. Өөрөө би өгнө гэдэг тайлбараа надад чатаар өгсөн.Би өөрийгөө хариуцагч болохгүй гэж үзэж байна гэжээ.                                                                                                                                                                                                                                                                      

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Лхагвасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.Хариуцагч биш гэж үзэж байна.Би цемент аваагүй,хүү Батзаяа авсан гэдэг.Хүүгээ бодоод өгье гэж байтал утсаар элдвээр дарамталсан тул Батзаяагаас ав гэж байгаа гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гэрчүүдийн мэдүүлгийг судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Т.Энх-Учралт хариуцагч Х.Рэнцэнпилээс цементний үнэ 1,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй.

        Зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5тн цемент зээлээр худалдах худалдан авах хэлцэл байгуулагдаж,хариуцагч 5тн цементийг авсан ба үнийг нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбар,гэрчүүдийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

       Хариуцагч “би цемент аваагүй,манай хүү Батзаяа авсан” гэж маргасан.

       Шүүхэд гэрч Б.Дэнсмаа мэдүүлэхдээ “Би 2008-2014 онд Энх-Учралтын лангуу дээр худалдагч хийсэн.3 жилийн өмнө байх сайн санахгүй байна нэг өдөр барилгын материалын худалдаа хийдэг Гандолгор гэдэг эгч над руу утсаар яриад “Рэнцэнпил эгчид 5тн цемент зээлээч” гэсэн.Би Энх-Учралтад хэлэхэд “за 7 хоногийн хугацаатай өгчих” гэсэн.Тэгээд протертой жолооч ирээд ачаад явсан гэж, шүүх хуралдаанд гэрч Б.Гандолгор мэдүүлэхдээ”Энх-Учралтай нэг дор ажилладаг.2014-4-12-нд Рэнцэнпил ирээд надаас дээврийн төмөр авсан.Тэгээд цемент хэрэгтэй байна олж өгөөч гэсэн.7 хоногийн дотор мөнгийг нь өгнө гэсэн тул Дэнсмаад хэлсэн.Дэнсмаа Энх-Учралт ахад хэлсэн,5тн цемент зээлээр өгөхийг зөвшөөрсөн.Рэнцэнпил эгч бид 2 нэг нутгийнх,нэг дор лангуун дээр ажиллаж байсан.Тэр өдөр бас надаас 793 000 төгрөгний бараа  материал авсан гэж тус тус мэдүүлжээ.

      Хариуцагч “ би аваагүй” гэх тайлбарын үндэслэлээ нотлох ямар нэг баримт шүүхэд гаргаагүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх,татгалзах үндэслэл, тайлбар,түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй.Гэтэл хариуцагч нотолгоо гаргаж ,гэрчүүдийн мэдүүлэг,нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж мэтгэлцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар нь үндэслэгдээгүй гэж  үзнэ.

       Дээрхи гэрчүүдийн мэдүүлгээр 5 тн цемент зээлээр худалдаж авах саналыг хариуцагч Х.Рэнцэнпил нэхэмжлэгчид гаргасаныг,нэхэмжлэгч хүлээн авч зөвшөөрсөн хариу өгсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээ байгуулагдсанд тооцно:196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн”гэж заасанд нийцсэн, 5 тн цемент зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу цементний үнийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

      Хариуцагч цементний хэмжээ,үнийн талаар маргаагүй.

     Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

     Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Рэнцэнпилээс 1,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энх-Учралтад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 31 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энх-Учралтад олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                         

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ