Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2019/0014/З |
Дугаар | 050 |
Огноо | 2018-07-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 050
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “С” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдох,
“Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “С” ХХК-ийн захирал Х.Х, хариуцагч аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчид Д.Н, Х.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “С” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо:
“С” ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Тус компанийн захирлаар Б.Харшынбай би ажиллаж ирсэн. Компанийг үүсгэн байгуулснаас хойш ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, үйл ажиллагааны буюу ААНОАТ-ын тайланг цаг тухайд нь гаргаж, илгээж байсан болно. Сүүлийн 1 жилийн хугацаанд дорвитой үйл ажиллагаа явуулаагүй.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдаас манай компанийг ААНОАТатвар ногдох орлогыг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд тусгасан боловч дутуу тайлагнан 8,200,400 төгрөг, НӨАТ ногдох орлого болох 11,288,000 төгрөгийг тайланд огт тусгаагүй, ҮХЭХАТатвар ногдох 28,305,000 төгрөгийн тайлан гаргаж өгөөгүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчлийг илрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн байна. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа “С” ХХК нь 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.
Уг хуулийн зүйл заалтаас үзвэл НӨАТ-ын татвар төлөх үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд байх ёстойг тусгажээ. Гэтэл манай “С” ХХК-ийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байх тул энэхүү заалт нь манай компанид хамааралгүй байх тул татварын улсын байцаагчид хуулийг буруу хэрэглэн тайлбарласан болох нь харагдаж байна.
Манай компани ААНОНТ-ын тайланг улирал тутам гаргадаг байх ба 5 жилийн дараа хяналт шалгалт гэх нэрийдлээр үндэслэлгүй торгууль, алданги төлүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь улирал тутам тайлангаа тайлагнаж байсан бөгөөд татварын хэлтсээс манай илгээсэн тайланг хүлээн авч, хянадаг. Иймд, улирал болгон илгээсэн тайланг хянаж баталгаажуулж, шалгаж хүлээн авдаг байсны хувьд 5 жилийн дараа яагаад ялгаатай гэж үзсэнийг ойлгохгүй байна. Хэрэв тухайн үед манай компанийн илгээсэн тайлан зөрчилтэй, алдаатай, борлуулалтаа үнэн зөв тайлагнаагүй гэж үзсэн бол тухай бүрд нь яагаад шаардлага тавьж, зөвлөмж хүргүүлж зөвлөөгүй ирсэн нь Татварын хэлтсийн тайлан хүлээн авч, баталгаажуулж хянадаг албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсье.
Иймд, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гомдол гаргагч “С” ХХК-ийн захирал Х.Хгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 онд Ногооннуур сумд шатахуун түгээх станц байгуулсан. 2010 онд “С” нэртэй компани байгуулаад хуулийн этгээдийн гэрчилгээ авсан. Энэ компани нь Өлгийгөөс шатахуун аваад Ногооннуур сумын иргэд, байгууллагуудад шатахуун түгээх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бусад үйл ажиллагаа явуулахгүй. 2014-2015 онуудад аймгийн Татварын хэлтсийн Ногооннуур сум дахь татварын байцаагчид зохих хэмжээний татвар төлж байсан. Харин 2015 оноос хойш миний шатахуун түгээх станцын түгээгүүр нь эвдэрсэн учраас тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй. Гэтэл манай компани 2015 онд үйл ажиллагаа явуулсан нэрийдлээр эдгээр татварын улсын байцаагчид 2015 оноос хойших татварыг төлөхийг утсаар мэдэгдсэн боловч төлөөгүй гэсэн үндэслэлээр энэ жилийн 12 дугаар сард манай компанид акт бичсэн
Би гаднаас шатахуун оруулдаггүй, эндээс шатахуун аваад 20-30 төгрөгийг нэмж борлуулдаг. Үүнд ямар үндэслэлээр их хэмжээний татвар ногдуулсныг би ерөөсөө ойлгохгүй байна. Би өөрөө 3 хүүхэд сургаж байгаа эцэг юм. Эдгээр улсын байцаагчид манай дарга танд заавал татвар ногдуулаарай гэж хэлсэн гэж хэлээд манай компанид шийтгэвэр бичсэн.
Гэхдээ миний бие татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч 2019 оны 01 дүгээр сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компанитай адилхан Ногооннуур сумд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн нэртэй 5-6 шатахуун түгээх станц байдаг. Гэтэл зөвхөн миний компанийн шатахуун түгээх станцад татвар ногдуулсанд гайхаж байна. Тийм учраас энэ асуудлыг анхаарч үзээд хэргийг хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Ногооннуур сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 0201100316001 тоот улсын бүртгэлийн, 3065472 тоот регистрийн дугаартай, Б.Харшынбай захиралтай “С” ХХК-ны 2013.01.01-2017.12.31-нийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлт, тайлагнах үүргийн биелэлтийг 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 02180600063 дугаар томилолтыг үндэслэн татварын хяналт шалгалт явуулан 2019 оны 01-р сарын 7-ны өдөр дуусган илэрсэн зөрчилд 0175151 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулан хариуцлага тооцсон болно. Уг шийтгэлийн хуудсыг хариуцагч “С" ХХК нь зөвшөөрөөгүй болно.
1.“С" ХХК-ни нь НӨАТ төлөгчөөр 2014 оны 09-р сарын 01-нд бүртгүүлэн 0041476 тоот гэрчилгээ авч, 2017 оны 03-р сарын 31-нд НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдсан байна. Иймд 2015, 2016 онд НӨАТ төлөгч байсан нь нотлогдож байна. Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй“ гэсэн заалтыг баримтлан НӨАТ, торгууль, алданги тооцсон болно.
2. 2015 онд 5687650 төгрөгийн бензиний борлуулалт хийсэн нь “С” ХХК-ны ХААН банкны 5187117850 тоот дансны депозит хуулгаар батлагдаж байна. Мөн татвар төлөгч өөрөө 2016 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 5.600.000 төгрөгийн борлуулалт хийснээр тайлагнасан боловч НӨАТ-ын тайланд огт тусгаагүй “X” тайлан өгч байсан нь цахимаар илгээсэн тайлангуудаар нотлогдож байна.
3. 2017 онд “Өлгий Ойл” ХХК-иас 48 тоот падаанаар 8710000 төгрөгийн шаатахуун авсан ба уг барааны үлдэгдэл 2017 оны 4-р улирлын санхүүгийн байдлын тайланд огт байхгүй байгаа нь борлуулалт хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Татвар төлөгч шалгалтын хугацаанд удаа дараа дуудсан боловч нэг ч удаа биелэн ирж уулзаагүй бензиний үлдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар бичгээр болон утсаар мэдэгдэж байгаагүй болно. 2017 оны ХААН банкны дансны хуулгаар 509600 төгрөгийн борлуулалт хийсэн болох нь нотлогдож байгаа.
4. 2013-2017 онуудыг санхүүгийн байдлын тайланд 28305000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэж тайлагнасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэл болж байна.
Иймд татвар төлөгч “С” ХХК-ин захирал Х.Хн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “С” ХХК-д шийтгэлийн хуудас бичсэн үндэслэлээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан тус шүүхэд гаргасан тайлбарт тодорхой бичсэн. Татварын Ерөнхий газраас татварын төлөвлөгөөт шалгалтын графикийг жил бүрийн эхэнд ирүүлдэг. 2017 оны хагас жилд шалгагдах ёстой аж ахуйн нэгжийн жагсаалтын дотор “С” ХХК орсон тул бид нар энэ компанийн санхүүгийн болон татвар төлөлтийн үйл ажиллагаанд шалгалт хийхээ мэдэгдэж зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, 2017 оны 06 дугаар сарын 20-нд “С” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах томилолт ирсэн бөгөөд тэр томилолтын дагуу шалгалтыг явуулсан. “С” ХХК-ийн захирал Б.Харшынбайд шалгалт хийх талаар утсаар мэдэгдэж, холбогдох материалыг шаардсаны дагуу тус компанийн захирал өөрт нь байгаа материалуудыг бидэнд ирүүлсэн ба тэр материалуудыг үндэслэн бид хяналт шалгалт хийсэн болно.
Хоёрдугаарт, “С” ХХК нь 2014 оны 07 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр татварын байгууллагад бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2014 онд “С” ХХК нь 2013 оны жилийн эцсийн тайлангаар борлуулалтын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн байсан. 2014 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэрчилгээг хэрэгт хавсаргасан байгаа. 2017 оны 04 дүгээр сард энэ компани өөрийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасагдсан байх бөгөөд 2014-2016 онуудад энэ компани нэмэгдсэн өртгийн албан татвар огт төлж байгаагүй болох нь тогтоогдсон.
Тэгэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаанд багтааж нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлөх акт тавьсан болно. Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн дагуу “С” ХХК нь үйл ажиллагааг том жижгээс хамаарахгүйгээр борлуулалтын орлогын хийгдсэн үндсэн баримтаар нь татварын тайланг гаргасан байх ёстой. Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө олсон орлогыг тайлагнаж, татвар төлөх үүрэг хүлээдэг. Тийм учраас нэхэмжлэгч байгууллага тайлангаа зөв гаргаагүй гэж үзсэн.
Тодруулбал, 2017 онд “С” ХХК нь “Өлгий Ойл” компаниас 40 тоот орлогын баримтаар 8,710,000 төгрөгийн шатахуун худалдаж авсан боловч үүнийг тайланд тусгаагүй, энэ бүтээгдэхүүний үлдэгдлийг надаас тоолж үзээгүй гэсэн тайлбар ирүүлсэн байсан. 2017 оны санхүүгийн байдлын тайланд барааны эцсийн үлдэгдэл тусгагдсан байх бөгөөд тухайн жилийн тайлангаас ямар нэгэн барааны үлдэгдэл харагдаагүй. Тиймээс 8,710,000 төгрөгийн шатахуунаас өөрийнхөө тайланд харуулсан 509,000 төгрөгийг хасаад 8,200,000 төгрөгт аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн ногдуулах ёстой гэж үзэж шийтгэлийн хуудас бичсэн бөгөөд шийтгэлийн хуудас бичсэн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байгаа.
Гуравдугаарт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу тус компани нь өөрийнхөө санхүүгийн байдлын тайланд 11,000,000 төгрөгийн эд хөрөнгөтэй гэж тусгасан боловч 2013 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлж байгаагүй тул энэ татварыг Татварын ерөнхий хуулийн дагуу нөхөж төлөхийг үүрэг болгосон байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагад 5 жилд 169,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нөхөн төлөх хариуцлага тооцсон байгаа. Бид нарын гаргасан тооцоо, баримтуудтай ирж танилцахыг “С” ХХК-ийн захирал Б.Харшынбайд удаа дараа хэлсэн. Холбогдох нотлох баримтуудыг илтгэх хуудаст он, сар, өдрөөр нь тодорхой тэмдэглэж тусгасан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд гомдол гаргагч “С” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Н, Х.С нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай “ шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагчид нь маргаан бүхий захиргааны актаар “С” ХХК нь 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлох, тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй, тодруулбал, Аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогыг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд дутуу тусгасан 8.200.400 төгрөгийн зөрчил, Нэмэгдсэн орлогын албан татварын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцсон 11.288.000 төгрөгийн зөрчил, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөөгүй 28.305.000 төгрөгийн зөрчлийг тус тус гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 635.601 төгрөгөөр торгож, хохирол 2.118.670 төгрөг, нөхөн төлөх татварын алдангид 745.227 төгрөг, нийт 3.499.498 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч тал гомдлын шаардлагын үндэслэлээ “ Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татвар төлөгч биш, 2016 онд “Рысжан” болон “Өлгий-Ойл” ХХК-иас 11,288,000 төгрөгийн бензин, шатахуун худалдан авсан боловч 11,288,000 төгрөгийн бензин шатахууны борлуулалтыг станцын түгээгүүр эвдэрсэн тул өнөөдрийг хүртэл хийгээгүй, татварын улсын байцаагчид Ногооннуур сумд байрлалтай шатахуун түгээх станцад байгаа бензиний үлдэгдлийг шалгаагүй, газар дээр нь үзлэг хийгээгүй, манай компаниас дээрх төгрөгийн бензин шатахууныг борлуулсан эсэхийг тогтоогоогүй, ААНОАТ-ын тайланд 399,600 төгрөгөөр тусгагдсан, харин 5 600,000 төгрөгийн борлуулалтыг хаанаас гаргаж ирсэн нь тодорхой бус” гэж тайлбарлан маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсний дагуу хэргийн оролцогчдын зөвхөн маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.
1. “С” ХХК нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/66 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох тухай” тушаалаар[2] нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/20 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай” тушаалаар[3] нэмэгдсэн өртгийн албан албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн гомдол гаргагч тал нь 2016 оны 1, 2016 оны 9, 2016 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг тус тус аймгийн Татварын хэлтэст цахим бичиг баримтаар ирүүлсэн нь хэрэгт авагдсан “С” ХХК-ийн тайлангуудаар[4] тогтоогдож байх тул гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан “Нэмэгдсэн өртгийн суутган төлөгчөөр бүртгүүлж байгаагүй, энэ талаар мэдэхгүй” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байгаа ба “С” ХХК-ийг 2015, 2016 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байсан гэж шүүхээс дүгнэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн этгээдийг нэмэгдсэн өртгийн суутган төлөгч гэж, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 7.3-т “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна”, 7.3.1-т “тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх; 7.3.2.борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-т “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж тус тус заажээ.
“С” ХХК-д 2015 онд бензин, шатахууны борлуулалтаар нийт 5.687.650 төгрөгийн орлого, 2016 онд нийт 5.600.000 төгрөгийн орлоготой үйл ажиллагаагаа явуулсан нь хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[5], аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан[6] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул гомдол гаргагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн хувьд 2015, 2016 онуудад НӨАТ борлуулсан барааны нийт үнэ 11.287.650 төгрөгт ногдох 10 хувь болох 1.128.800 төгрөгийн албан татвар төлөх үүрэгтэй байна.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно”, 7.3 дах хэсэгт “”үйл ажиллагааны орлого”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “”Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж”, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3,0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар ... албан татвар ногдуулна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна”, 16.2 дах хэсэгт “ Энэ хуулийн 8.1.1, ... албан татвар ногдох орлогын нийт дүнгээс ... албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж тус тус хуульчилсан.
Гомдол гаргагч тал 2017 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг[7] татварын хэлтэст цахим баримт бичгээр ирүүлсэн, энэхүү тайлангийн “Орлогын дүн” хэсэгт 390.000 төгрөг гэж тусгагдсан байна.
Гэтэл “С” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ”Өлгий Ойл” ХХК-иас 8.710.000 төгрөгийн үнээр А-80 бензин шатахууныг худалдаж авсан нь санхүүгийн анхан шатны баримт болох гомдол гаргагч талаас хариуцагч нарт хүргүүлсэн 48 дугаартай зарлагын падаанаар[8] батлагдаж байгаа бөгөөд гомдол гаргагчаас бензин шатахуун нь станцын түгээгүүр эвдэрснээс борлогдоогүй гэж тайлбарласан боловч 2017 оны жилийн эцсийн тайланд энэхүү бензин шатахууны борлогдоогүй үнийн хэмжээг зөв тайлагнаагүй, тодруулбал, хариуцагчаас 8.710.000 төгрөгөөс 2017 онд бензин борлуулалтаар олсон орлого 509.600 төгрөгийг /депозит хуулгад тусгагдсан/ хасаж, үлдэх 8.200.400 төгрөгийн үлдэгдлийн талаар тайланд үнэн зөвөөр тусгаагүй гэх үндэслэлээр зөрчил гэж үзэн, энэ зөрчилд ногдох 820.400 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
3.”С” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1- дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч мөн бөгөөд 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад гаргасан санхүүгийн байдлын тайланд[9] үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн хөрөнгийн нийт үнийг 28.305.000 төгрөгөөр тусгасан байна.
Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулна” гэсний дагуу нэхэмжлэгч нь дээрх санхүүгийн тайланд тусгасан үндсэн хөрөнгийн үнийн дүнгийн 0,6 хувиар татвар төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй, албан татварын тайлан гаргаагүй тул тайланд тусгасан үнийг дүнгээс тооцон 169.830 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцжээ.
Дээрх байдлаар “С” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ... , эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 4 дэх хэсэгт заасан “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй...”, зэрэг зөрчлүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн 1.4, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нөхөн төлүүлэх татвар болох 2.118.670 төгрөгийн 30 хувьтай тэнцэх хэмжээ буюу 635.601 төгрөгөөр торгосон нь хуулийн үндэслэлтэй байна.
Мөн Татварын Ерөнхий хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт “Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоосон тул 2015, 2016, 2017 онуудын нөхөн төлөх татварт ногдох алдангид 745227 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 17 дугаар зүйлийн 17.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0175151 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 8 дугаар хуудас
[2] Хэргийн 35 дугаар хуудас
[3] Хэргийн 36 дугаар хуудас
[4] Хэргийн 55-58 дугаар хуудас
[5] Хэргийн 38-39 дүгээр хуудас
[6] Хэргийн 59 дүгээр хуудас
[7] Хэргийн 82 дугаар хуудас
[8] Хэргийн 41 дүгээр хуудас
[9] Хэргийн 51-54 дүгээр хуудас