Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаар Дээд шатны прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 1711007590114 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Т.Э, 1982 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч, спортын менежер мэргэжилтэй, “3 хишиг хөх сахиусан тэнгэр” ХХК-ийн захирал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Таун .... тоотод оршин суудаг, одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж.... тоотод бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хонгор” зоогийн газрын автомашины зогсоол дээр Д.М эзэмшлийн 87-07 УНР улсын дугаартай “Т.Хаммер” загварын автомашины толийг хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:  Т.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Эд энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлөх”-өөр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хонгор” зоогийн газрын автомашины зогсоол дээр Д.М эзэмшлийн 87-07 УНР улсын дугаартай “Т.Хаммер” загварын автомашины толийг хугалж гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Мэндсайханы: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин Шинэбаяр миний 87-07 УБР улсын дугаартай “Т.Хаммер-Н3” загварын машиныг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хонгор” зоогийн газрын зүүн хойд талаас гаргах гэж байхад урдаас 09-34 УНМ улсын дугаартай автомашин орж ирээд тэгээд манай охин хойшоо ухарч зам тавьж өгөөд тэр машин хажуу талаар гараад явж байх шиг харагдсан. Тэгсэн манай охин хойшоо ухарч мөн хэсгээрээ мөргөсөн. Тэгсэн чинь тэр машины толины гадна хүрээ нь хагарсан байсан.

Тэгэхээр нь би уучлаарай аль нь мөргөсөн бэ гэсэн чинь танай машин ухарч байгаад мөргөчихлөө гэж тэр залуу хэлсэн. Тэр залууд ямар боломж байна, толийг чинь яах вэ гэсэн чинь тэр залуу “чаддаг юм бол шинэ толь аваад өгчих” гэсэн. Би тэгэхээр нь арай болохгүй байх наад толины хүрээг чинь нааж болох юм байна гэсэн. Тэр залуу уурлаад газраас том цемэнт шиг юм аваад охин бид хоёр руу дайрахаар нь машин дотроо ороод суучихсан. Тэр залуу адилхан болгоно гээд миний машины толийг сууриар нь хугалчихсан...”  /хх-12-13/,

Шүүгдэгч Т.Эгийн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман шарга захын орчим өөрийн 09-34 УНМ улсын дугаартай “Санта пэ” маркийн машинаар Мягмарсүрэнгийн хамт явж байсан. Тэгээд зогсоол дээр машинаа байрлуулах гэж байхад хар өнгийн “Хаммер” машин ухарч ирээд миний машины зүүн талын толийг мөргөсөн. Машинаас буугаад харахад машины толь хагарсан байсан. Тухайн үед машиныг нэг эмэгтэй хүүхэд бариад явж байсан бөгөөд хажуу талд нь сууж байсан аав нь бололтой 50 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд чиний наад толь чинь угийн хагархай байсан юм биш үү гэж хэлсэн. Газар байсан толины хэлтэрхийг авч үзүүлээд угийн хагархай байсан бол ийм байх уу гээд асуусан. Гэтэл нөгөө аав нь гэх эрэгтэй наадахаа наагаад авахгүй юу, юун сүртэй юм бэ гээд уурлахаар нь наах байсан бол би машин унах уу гэж хэлсэн. Тэгсэн чинь чи заргалдаж яваад олоод долоогоод аваарай гэж хэлсэн. Тэгж хэлээд суу явъя гээд охиноо хажуудаа суулгаад өөрөө жолооны хүрдэн дээр суугаад машинаа асаасан. Энэ үед би жолоочийн эсрэг талд очиж зогсоод онгорхой цонхоор нь хэрэлдээд байж байхад шууд машинаа араандаа хийгээд хөдөлсөн. Тухайн үед би явуулахгүй гээд толин дээр нь дараад зогсож байхад урагшаа явахдаа өөрөө толио хугалсан. Тэгсэн чинь машины жолооч зогсоогоод бууж ирээд байж байхад эхнэр нь гээд эмэгтэй ирээд замын цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Замын цагдаа дээр ирээд миний зөв болоод машин барьж явсан эмэгтэйн буруу болсон. Харин нөгөө талыг гомдолтой бол тусад нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж болно гэж тайлбарласан. ...Хэсэг хугацаанд байж байгаад хоёр машины үнэлгээ хийлгээд ир гэж хэлсэн. Ингээд үүдэндээ байгаа үнэлгээний газар ороод үнэлгээ хийлгэхэд миний машины хохирол 130.000 орчим төгрөг болсон. Нөгөө машины толь нь 550.000 орчим төгрөг болсон...” /хх-28-30/,

Гэрч М.Ш: “...би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр аав Мэндсайханы хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Хонгор” зоогийн газрын ард аавын найзтай уулзах гээд өөрийн 87-07 УНР улсын дугаартай “Хаммер-Н3” маркийн машиныг бариад явж байгаад түгжирээд урдаас ирж байсан машинуудыг гаргах гээд ухартал хойноос бас нэг машин ухарч байсныг мэдэлгүй толийг нь шүргэчихсэн. Манай аав бууж ирээд толийг чинь нааж болохоор юм байна гэтэл нөгөө ах юм нааж унах юм бол машин унаад яах юм гэж хэлсэн. Тэгтэл тэр ах хойноос чулуу барьж ирээд цохилоо шүү гээд байсан. Би айсандаа машинаа асаатал тэр хүн баруун талын толийг цохиод хугалсан...” /хх-16-17/ гэх мэдүүлгүүд болон

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-32/

Эд зүйлийн үнэлгээ /хх-31/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Прокуророос Т.Эгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хонгор” зоогийн газрын автомашины зогсоол дээр Д.М эзэмшлийн 87-07 УНР улсын дугаартай “Т.Хаммер” загварын автомашины толийг хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь  зөв байна.

Харин анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тус тус тогтоожээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд Т.Эгийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд хорих ял оногдуулах заалт байхгүй, шүүх Т.Эд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.

Иймд дээрх үндэслэлд дурьдсан асуудлаар гаргасан прокурор Д.Булганцэцэгийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх  шийтгэх тогтоолдоо тусгайлан заагаагүй тохиолдолд торгох ялын гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл буюу “торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх” журмын дагуу явагддаг болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ