Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Т-н Э-д холбогдох 1711 0075 90114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35  настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч, спортын менежер мэргэжилтэй, “3 хишиг хөх сахиусан тэнгэр” ХХК-д захирал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүн ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-5 насны 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал Таун 108 дугаар байр 00 тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж 00 тоотод бүртгэлтэй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-н Э (РД:хх000000),

            нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хонгор” зоогийн газрын автомашины зогсоол дээр Д.М-ы эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай Т.Хаммер загварын автомашины толийг хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Т.Э- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээрээ маргах зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч Т.Э- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман шарга захын орчим өөрийн 00-00 УНМ улсын дугаартай Санта пэ маркийн машинаар Мягмарсүрэнгийн хамт явж байсан. Тэгээд зогсоол дээр машинаа байрлуулах гэж байхад хар өнгийн Хаммер машин ухарч ирээд миний машины зүүн талын толийг мөргөсөн. Тэгэхээр нь машинаас буугаад харахад машины толь хагарсан байсан. Тухайн үед машиныг нэг эмэгтэй хүүхэд бариад явж байсан бөгөөд хажуу талд нь сууж байсан аав нь бололтой 50 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд чиний наад толь чинь угийн хагархай байсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь газар байсан толины хэлтэрхийг авч үзүүлээд угийн хагархай байсан бол ийм байх уу гээд асуусан. Гэтэл нөгөө аав нь гэх эрэгтэй наадахаа наагаад авахгүй юу, юун сүртэй юм бэ гээд уурлахаар нь наах байсан бол би машин унах уу гэж хэлсэн. Тэгсэн чинь чи заргалдаж яваад олоод долоогоод аваарай гэж хэлсэн. Тэгэж хэлээд суу явъя гээд охиноо хажуудаа суулгаад өөрөө жолооны хүрдэн дээр суугаад машинаа асаасан. Энэ үед би жолоочийн эсрэг талд очиж зогсоод онгорхой цонхоор нь хэрэлдээд байж байхад шууд машинаа араандаа хийгээд хөдөлсөн. Тухайн үед би явуулахгүй гээд толин дээр нь дараад зогсож байхад урагшаа явахдаа өөрөө толио хугалсан. Тэгсэн чинь машины жолооч зогсоогоод бууж ирээд байж байхад эхнэр нь гээд эмэгтэй ирээд замын цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Замын цагдаа дээр ирээд миний зөв болоод машин барьж явсан эмэгтэйн буруу болсон. Харин нөгөө талыг гомдолтой бол тусад нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж болно гэж тайлбарласан. ...Хэсэг хугацаанд байж байгаад хоёр машины үнэлгээ хийлгээд ир гэж хэлсэн. Ингээд үүдэндээ байгаа үнэлгээний газар ороод үнэлгээ хийлгэхэд миний машины хохирол 130.000 орчим төгрөг болсон. Нөгөө машины толь нь 550.000 орчим төгрөг болсон.” гэжээ.

            Хохирогч Д.М- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн охин Шинэбаяр миний машин болох 00-00 УБР улсын дугаартай Т.Хаммер-Н3 маркийн машиныг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хонгор зоогийн газрын зүүн хойд талаас гарах гэж байхад урдаас 00-00 УНМ улсын дугаартай автомашин орж ирээд тэгээд манай охин хойшоо ухарч зам тавьж өгөөд тэр машин хажуу талаар гараад явж байх шиг харагдсан. Тэгсэн манай охин хойшоо ухарч мөн хэсгээрээ мөргөсөн. Тэгсэн чинь тэр машины толины гадна хүрээ нь хагарсан байсан. Манай охин бид хоёр машинаасаа буугаад тэр машины жолооч мөн машинаасаа буусан. Тэгэхээр нь би уучлаарай аль нь мөргөсөн бэ гэсэн чинь танай машин манай машиныг ухарч байгаад мөргөчихлөө гэж тэр залуу хэлсэн. Тэр залууд ямар боломж байна, толийг чинь яах вэ гэсэн чинь тэр залуу “чаддаг юм бол шинэ толь аваад өгчих” гэсэн. Би тэгэхээр нь арай болохгүй байх наад толины хүрээг чинь нааж болох юм байна гэсэн. Тэр залуу уурлаад газраас том цемэнт шиг юм аваад охин бид хоёр руу дайрахаар нь машин дотроо ороод суучихсан. Тэр залуу адилхан болгоно гээд миний машины толийг сууриар нь хугалчихсан. Би яг яаж хугалж гэмтээж байгааг нь хараагүй сандраад байсан учир ямар ч байсан цохиод хугалсан” гэжээ.

            Гэрч М.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр аав Мэндсайханы хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хонгор зоогийн газрын ард аавын найзтай уулзах гээд өөрийн 00-00 УНР улсын дугаартай Хаммер-НЗ маркийн машиныг бариад явж байгаад түгжрээд урдаас ирж байсан машинуудыг гаргах гээд ухартал хойноос бас нэг машин ухарч байсныг мэдэлгүй толийг нь шүргэчихсэн. Би буугаад очтол 00-00 УНМ улсын дугаартай машины жолооч 30-35 орчим настай ах бууж ирээд одоо яах вэ гэтэл толио бүтнээр нь төлүүлнэ гэсэн. Манай аав бууж ирээд толийг чинь нааж болохоор юм байна гэтэл нөгөө ах юм нааж унах юм бол машин унаад яах юм гэж хэлсэн. ... Би тэр яриа болж байх хооронд машиндаа ороод суутал аав хойноос орж ирээд суусан. Тэгтэл тэр ах хойноос чулуу барьж ирээд цохилоо шүү гээд байсан. Би айсандаа машинаа асаатал тэр хүн баруун талын толийг цохиод хугалсан” гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороооны нутаг дэвсгэр “Хонгор” зоогийн газрын автомашины зогсоол дээр М.Шинэбаяр нь 00-00 УНР улсын дугаартай Т.Хаммер загварын автомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ Т.Э-гийн жолоодож явсан 00-00 УНМ улсын дугаартай Санта пе маркийн автомашиныг шүргэж толь хагалснаас маргаан үүсч, улмаар Т.Э- нь 00-00 УНР дугаарын автомашины толийг сууриар нь хугалснаас Д.М-д 550.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь

            шүүгдэгч Т.Э-гийн “ ...өөрийн 00-00 УНМ улсын дугаартай Санта пэ маркийн машинаа зогсоол дээр байрлуулах гэж байхад хар өнгийн Хаммер машин ухарч ирээд миний машины зүүн талын толийг мөргөсөн. Тэгэхээр нь машинаас буугаад харахад машины толь хагарсан байсан. Тухайн үед машиныг нэг эмэгтэй хүүхэд бариад явж байсан бөгөөд хажуу талд нь сууж байсан аав нь бололтой 50 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд ...наадахаа наагаад авахгүй юу, юун сүртэй юм бэ гээд уурлахаар нь наах байсан бол би машин унах уу гэж хэлсэн. Тухайн үед би явуулахгүй гээд толин дээр нь дараад зогсож байхад урагшаа явахдаа өөрөө толио хугалсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.М-ы “Тэгсэн манай охин хойшоо ухарч мөн хэсгээрээ мөргөсөн. ... тэр машины толины гадна хүрээ нь хагарсан байсан. Тэр залуу уурлаад газраас том цемэнт шиг юм аваад охин бид хоёр руу дайрахаар нь машин дотроо ороод суучихсан. Тэр залуу адилхан болгоно гээд миний машины толийг сууриар нь хугалчихсан” гэх мэдүүлэг, гэрч М.Шинэбаярын “ ... нэг машин ухарч байсныг мэдэлгүй толийг нь шүргэчихсэн. Манай аав бууж ирээд толийг чинь нааж болохоор юм байна гэтэл нөгөө ах юм нааж унах юм бол машин унаад яах юм гэж хэлсэн. ... Би тэр яриа болж байх хооронд машиндаа ороод суутал аав хойноос орж ирээд суусан. ... тэр хүн баруун талын толийг цохиод хугалсан” гэх мэдүүлэг,

 

 

 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Б овогт Т-н Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлуудыг харгалзан, шүүхээс түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулсан тул ялаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Т.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан ба шүүгдэгчид өөрт нь учирсан гэм хорын хохирлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Э-г Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ