Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00178

 

М К ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1928 дугаар магадлалтай,

М К ХЗХ-ны нэхэмжлэлтэй

С.Гад холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэг, бусад зардал нийт 123.215.369 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 1 дүгээр сарын 04, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн С.Г 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр М К ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг нь хүлээн авч М К ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/38 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн С.Г 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хоршооноос хүлээн авч түүнтэй харилцан тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 366 дугаар зээлийн гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг олгосон. С.Г нь хоршоонд хандан 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хугацаа сунгах тухай өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 366/02 дугаар зээлийн сунгалтын гэрээ байгуулж, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Гэвч С.Г дахин 2014 оны 9 дүгээр сарын 30, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 6 дугаар сарын 30, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээний хугацаа сунгах өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн сунгалтын гэрээ байгуулан зээлийн гэрээг сунгасан. Түүнчлэн С.Гаас хоршоонд хандан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус зээлийн нэмэлт гэрээ байгуулан нэмэлт зээлүүдийг сарын 3 хувийн хүүтэйгээр олгосон. М К ХЗХ-оос гишүүн С.Гад удаа дараа хүндэтгэлтэй хандсан боловч анх зээл авсан 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрийг огт төлөхгүй хадгаламж зээлийн хоршоог хохироож байна. Өнөөдрийн байдлаар С.Г нь зээлийн үндсэн төлбөрт 73.741.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36.321.274 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.264.255 төгрөг, нийт 117.327.469 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 366 дугаар зээлийн гэрээний 12-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршоонд учирсан хохирлыг зээлдэгч хариуцахаар заасан тул зээлдэгч С.Гаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 5.867.400 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч С.Гаас нийт 123.215.369 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг хүүгийн хамт 75.557.894 төгрөг төлсөн. Үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүүд 25.557.894 төгрөг төлсөн. Ийм учраас зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөгийг нэмж зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гээд байна гээд 50.000.000 төгрөгийн хүүг нэмээд 6 сарын 2,8 хувийн хүү 8.800.000 төгрөг болгож зээлийн гэрээ хийсэн болохоос биш 8.800.000 төгрөгийг бэлнээр аваагүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн мэтээр зээлийн гэрээ бичсэн. Үүнээс 58.800.000 төгрөгийн хүү нь 1.646.400 төгрөг байгаа. Зээл хүссэн өргөдөл, зээлийн мөнгө олгосон баримтыг бэлдсэн байсан. Түүнээс биш бэлэн мөнгө аваагүй гэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...М К ХЗХ-оос 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн хугацаанд зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөрөөс ч мөн төлсөн. М К ХЗХ-ноос намайг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуудаад нэмэлт зээлийн гэрээ болон зээлийн хугацаа сунгах гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг хэрэгт авагдсан байгаа баримтууд болон гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. С.Г би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийг нэмэлт зээлийн гэрээгээр авч байгаагүй. Энэ гэрээнүүдийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод нэмэлт зээлийн гэрээ хийлгэсэн. Иймд зээлийн нэмэлт гэрээгээр надад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийн зээл олгоогүй. Дээрх гэрээнүүд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хийсэн дүр үзүүлсэн гэрээ тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож зээлийн төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Иргэн С.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хадгаламж зээлийн хоршоонд хандан тоног төхөөрөмж худалдаж авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 8.800.000 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Тус хүсэлтийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 366 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С.Гтай байгуулж, тус өдрөө нэмэлт зээл болох 8.800.000 төгрөгийг С.Г бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С.Г дахин хадгаламж зээлийн хоршоонд хандаж тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 14.941.940 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Хадгаламж зээлийн хоршооноос гишүүн С.Гын хүсэлтийг дахин хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулан 14.914.940 төгрөгийг С.Гад бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд С.Г бэлнээр хүлээн авч мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Иймд С.Гад хоршооноос зээлийг тухай бүрт нь бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн мөнгийг хүлээн аваагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хоршооноос авсан зээлээ юунд хэрхэн зориулах нь түүний бүрэн эрхийн асуудал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гаас зээлийн гэрээний үүрэгт 95.291.704.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М К хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27.923.664.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М К хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Г нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774.027 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.750 төгрөг, 232.525 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 634.409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М К хадгаламж зээлийн хоршоонд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1928 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634.409 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...М К ХЗХ-оос 2013 оны 4 сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн хугацаанд нийт 75.557.890 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлсөн. 2016 оны 12 сарын 20-ны өдөр М К ХЗХ-оос намайг дуудаж зээлийн гэрээний үүргийг хангуулж барьцаанд тавьсан орон сууцаа шилжүүлж өг гээд барьцаа хөрөнгийг менежер Н.Э-гийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Н.Э- шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгөхдөө М К ХЗХ нь энэ байрыг миний нэр дээр шилжүүлж авсан. Би худалдаж аваагүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Надаас М К ХЗХ нь барьцаанд тавьсан байрыг шилжүүлэн авч өмчлөгч болсон тул өр төлбөргүй гэсэн баримтыг өгсөн. Энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 ,40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул гомдолтой байна. Миний хувьд өр төлбөрийг дуусгаж барьцаанд тавьсан хөрөнгөө шилжүүлэн өгсөн болохоос М К ХЗХ-ны тайлбарлаад байгаа шиг барьцаанд байгаа хөрөнгөө баталгаажуулж шилжүүлэн өгсөн зүйл байхгүй. М К ХЗХ-д би анхнаасаа байраа барьцаалж үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааны гэрээг бүртгүүлсэн учир энэ барьцааг баталгаажуулж шилжүүлэн өгөх ямар ч шаардлага байхгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх М К ХЗХ-д С.Г өөрийн өмчлөлийн орон сууцаа шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх боловч хариуцагч С.Г нь 2016 оны 12 сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 396 байр 05 тоот орон сууцыг иргэн Н.Э-д шилжүүлсэн байна. Дээрх үйл баримтаар хариуцагч С.Гыг М К ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй гэж дүгнэхдээ үндэслэлээ огт дурьдаагүй. С.Г би Н.Э-д байраа шилжүүлэн өгөхдөө М К ХЗХ-ны шийдвэрээр шилжүүлэн өгсөн. Н.Э- нь М К ХЗХ-ны менежер, нягтлан хийдэг ажилтан. Тийм ч учраас зээлийн барьцааны хөрөнгийг өөрийн нягтлангын нэр дээр шилжүүлэн авч төлбөрийг дуусгасан байхад шүүх буруутай этгээдээс нэхэмжлэхээр заасан нь миний эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр болсон. М К ХЗХ-ны төлөөлөгч шүүх хуралд өгсөн тайлбартаа нягтлан Н.Э-гийн нэр дээр барьцааны хөрөнгийг шилжүүлэн авсанг мэдүүлсээр байхад үнэлээгүйд гомдолтой байна. Иймд М К ХЗХ нь 2016 оны 12 сарын 20-ны өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шилжүүлэн авч, өр төлбөргүй болсон тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М К ХЗХ, С.Гад холбогдуулан зээл 73.741.940 төгрөг, зээлийн хүү 36.321.274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.264.255 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5.867.400 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 123.215.369 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан зохигчийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 366 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч нь 3 сарын хугацаагаар, сар бүр 2.8 хувийн хүү төлөх дээрх гэрээний нөхцлийг зөвшөөрч 50.000.000 төгрөг хүлээн авсан, зээлийн гэрээг талууд тохиролцон 5 удаа сунгаснаар гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон талаар зохигч маргаагүй байна. Гэрээний хугацаанд хариуцагч С.Г нийт 65.368.390 төгрөг төлснийг, нэхэмжлэгч зээлийн хүү 61.125.770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.242.620 төгрөг тооцон авчээ.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүүгийн үлдэгдэл, гэрээний 4-т зааснаар хугацаа дуусснаас хойш төлөгдөөгүй үндсэн зээлд, сар бүрийн хүү 2.8 хувийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

2.  366 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 366/01 тоот барьцааны гэрээ байгуулж, С.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39Б байрны 5 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан боловч М К ХЗХ-ны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж гаргасан барьцааг чөлөөлөх тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 166 тоот албан бичгийн дагуу барьцааны гэрээ цуцлагджээ.

Түүнчлэн тухайн өдөр С.Г,  Н.Э- нарын хооронд  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцны өмчлөх эрх Н.Э-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Орон сууцны өмчлөх эрхийг Н.Э-д шилжүүлснийг М К ХЗХ нь барьцааны агуулгатай зээл төлөгдсөн нөхцөлд буцаан шилжүүлэх зорилгоор уг гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч С.Г нь зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн гэж өөрөөр тайлбарлажээ.

а. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заажээ.

Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж байгаа хуулийн этгээд нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас барьцаа, батлан даалт, баталгааг сонгох боломжтой байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх  гэрээ байгуулж болохыг хуульд тусгайлан заагаагүйгээс гадна хоршооны нягтлан бодох Н.Э-гийн нэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь тус хоршооны үйл ажиллагааны зорилго, хуулийн агуулгад нийцэхгүй байна.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байдаг тул хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

Нөгөө талаар барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдснээр хүчин төгөлдөр болох ба  худалдах-худалдан авах гэрээг барьцааны зорилгоор байгуулагдсан гэж үзэх хууль зүйн боломжгүй тул орон сууцыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3-т  зааснаар барьцааны зүйл гэж үзэхгүй.

б. Орон сууцаар зээлийн төлбөр төлөгдсөн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болдог байна. Зээлдүүлэгч М К ХЗХ болон зээлдэгч  С.Г нар үндсэн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлон  тохиролцож, уг төлбөрт орон сууцыг шилжүүлсэн авсан нь тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тухайн үед тодорхой болгоогүй, худалдах- худалдан авах гэрээнд үнийг 10.000.0000 төгрөг гэж тусгаснаас гадна гэрээг, гэрээний тал бус этгээд  Н.Э-тай байгуулсан байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээ барьцааны агуулгатай гэх, хариуцагчийн зээлийн үүрэгт орон сууц шилжүүлж гэрээ дуусгавар болсон гэх тайлбарууд үндэслэлгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруу биш гэж үзлээ. Иймээс “үүрэг дуусгавар болсон” тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

3. Хариуцагч нь талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийг тус бүр сарын 3 хувийн хүүтэй зээлсэн гэх “нэмэлт гэрээ“-г дүр үзүүлэн хийсэн  хүчин төгөлдөр бус гэж үзэж, сөрөг нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс энэ алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ, “...50.000.000 төгрөгийн 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөг, дараа нь дахин хүү, нэмэгдүүлсэн хүү бодож 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14.941.940 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, мөнгийг бодитоор аваагүй, Санхүүгийн зохицуулах хороонд тайлан гаргахтай холбоотой хийгдсэн гэрээ” гэж тайлбарласныг, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй “нэмэлт зээл хүссэний дагуу мөнгө олгогдсон, энэ талаар баримттай” гэжээ.

Хэрэгт хэдийгээр нэмэлт зээл хүссэн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болон 12 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон өргөдөл, нэмэлт гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан бичгийн баримт /хх-31-36-р тал/ байх боловч эдгээр нь дараах хууль зүйн үндэслэл, баримтаар үгүйсгэгдсэн байна. Хариуцагч С.Г 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүд 8.792.000 төгрөг үүрэгтэй байсныг төлүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөг нэмж зээлсэн тухай, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14.941.940 төгрөг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрхитэй адил мөнгийг зээлсэн гэх баримтууд  хэрэгт /хх-10-12, 85-86-р тал/ авагджээ.

Үүнээс гадна зээлийн үүрэг биелэгдсэн тухай тус хоршооны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон баримт, мөн өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, өмнөх зээлийг төлж чадаагүйгээс удаа дараа хугацаа сунгасан үйл баримтууд хариуцагчийг 2 удаа нэмж мөнгө зээлсэн гэх нэхэмжлэгчээс гаргасан баримт нотолгоог эргэлзээтэй болгожээ.

Нөгөө талаар Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 9 дүгээр сарын 9.1-д зааснаар хадгаламж, зээлийн хоршооны дүрэм нь түүний үйл ажиллагааг зохицуулах үндсэн баримт бичиг болдог бөгөөд түүнд, нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлтэй гишүүнд хүлээлгэх хариуцлагыг тусгахыг мөн хуулийн 9.1.15-д заасан байна.

Нэхэмжлэгч М К ХЗХ-с хоршооны дүрмийг хэрэгт гаргаж өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн авсан зээлийн хэмжээ хоршооны дүрэмд хэрхэн нийцэж байгаа нь тодорхой бус болжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэмэлт зээлийн мөнгийг бэлнээр өгсөн гэсэн нь дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймээс 2 удаагийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг харьцуулан үнэлж чадаагүй байна. Гэрээ хүчин төгөлдөр бус, уг гэрээгээр мөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нэмэлт гэрээгээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах  эрхгүй болно.

4. Зохигчийн хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 366 тоот  гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлбол, 50.000.000 төгрөгийг, гэрээний 3 сарын хугацааг 5 удаа сунгаснаар хугацаа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон, уг хугацаанд төлөгдөх хүү 72.800.000 төгрөг, /сарын хүү 1.400.000 төгрөг х 52 сар/ нийт 122.800.000 төгрөгийг хариуцагч  төлөх үүрэгтэй байна. Үүнээс төлөгдсөн 65.368.390 төгрөгийг хасч, үлдэх 57.431.610 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Түүнчлэн гэрээ дуусгавар болоход үндсэн зээлээ төлөөгүй тул гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцвол 1.960.000 төгрөг /50.000.000 төгрөг х 0.028 х 0.2 х 7 сар = 1.960.000 төгрөг/ төлөхөөр байна.

Дээрх тооцооллоор хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 59.391.610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5. Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 5.867.400 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 5.869.900 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Дээр дурдснаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

С.Энхтуяа, С.Г нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний талаархи маргаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1928 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/02306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “453.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, “95.291.704.97 /ерэн таван сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг” гэснийг “59.391.610 төгрөгийг” гэж, “27.923.664.03 /хорин долоон сая есөн зуун хорин гурван мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгт” гэснийг “63.823.759 төгрөгт” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар М К ХЗХ, С.Г нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний болон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад ”хэвээр үлдээж,” гэсний дараа ”хариуцагчаас 454.908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 388.410 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 634.409 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ