Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2306

 

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2018/02306

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “М ” хадгаламж зээлийн хоршоо -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Г /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, бусад зардалд 123,215,369 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М ” ХЗХ-д иргэн С.Г   2013 оны 04 сарын 22-ны өдөр гишүүнээр элсэх хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг нь хүлээн авч “М ” ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 03/38 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн С.Г   2013 оны 04 сарын 22-ны өдөр зээл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хоршооноос хүлээн авч түүнтэй харилцан тохиролцож 2013 оны 04 сарын 22-ны өдөр 366 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулж 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг олгосон. С.Г   нь хоршоонд хандан 2013 оны 12 сарын 09-ний өдөр зээлийн хугацаа сунгах тухай өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 12 сарын 09-ний өдөр 366/02 дугаар “Зээлийн сунгалтын гэрээ” байгуулж 2014 оны 07  сарын 22-ны өдөр хүртэл сунгасан. Гэвч С.Г   дахин 2014 оны 09 сарын 30-ны өдөр, 2014 оны 12 сарын 30-ны өдөр, 2015 оны 06 сарын 30-ны өдөр, 2016 оны 06  сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээний хугацаа сунгах өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2017 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл “Зээлийн сунгалтын гэрээ” байгуулан зээлийн гэрээг сунгасан. Түүнчлэн С.Г  аас хоршоонд хандан 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14.941.940 төгрөгийн нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан тул түүнийг нь хүлээн авч 2016 оны 01 сарын 04-ний өдөр, 2016 оны 12 сарын 20-ны өдөр тус тус “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулан нэмэлт зээлүүдийг сарын 3 хувийн хүүтэйгээр олгосон. “М ” ХЗХ-оос гишүүн С.Г  ад удаа дараа хүндэтгэлтэй хандсан боловч анх зээл авсан 2013 оны 04  сарын 22-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрийг огт төлөхгүй хадгаламж зээлийн хоршоог хохироож байна. Өнөөдрийн байдлаар С.Г   нь зээлийн үндсэн төлбөрт 73,741,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,321,274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,264,255 төгрөг, нийт 117,327,469 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна. Мөн 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаар “Зээлийн гэрээ”-ний 12-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршоонд учирсан хохирлыг зээлдэгч хариуцахаар заасан тул зээлдэгч С.Г  аас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч С.Г  аас зээлийн үндсэн төлбөрт 73,741,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,321,274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,264,255 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 123,215,369 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.Г   нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг хүүгийн хамт 75,557,894 төгрөг төлсөн. Үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүүнд 25,557,894 төгрөг төлсөн. Ийм учраас зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөгийг нэмж зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гээд байна гээд 50,000,000 төгрөгийн хүүг нэмээд 6 сарын 2,8 хувийн хүү 8,800,000 төгрөг болгож зээлийн гэрээ хийсэн болохоос биш 8,800,000 төгрөгийг бэлнээр аваагүй. 2016 оны 12 дугаар 20-ны өдөр 14,941,940 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн мэтээр зээлийн гэрээ бичсэн. Энэнээс 58,800,000 төгрөгийн хүү нь 1,646,400 төгрөг байгаа. Зээл хүссэн өргөдөл, зээлийн мөнгө олгосон баримтыг бэлдсэн байсан гэдэг. Тэрнээс биш бэлэн мөнгө аваагүй гэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Хариуцагч С.Г   шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            “С.Г   би М  ХЗХ-ноос 2013 оны 04 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн хугацаанд зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөрөөс ч мөн төлсөн. М  ХЗХ-ноос намайг 2016 оны 12 сарын 20-ны өдөр дуудаад нэмэлт зээлийн гэрээ болон зээлийн хугацаа сунгах гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг хэрэгт авагдсан байгаа баримтууд болон гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. С.Г   би 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөг, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийг нэмэлт зээлийн гэрээгээр авч байгаагүй. Энэ гэрээнүүдийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод нэмэлт зээлийн гэрээ хийлгэсэн. Иймд Зээлийн нэмэлт гэрээгээр надад 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөг ,2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийн зээл олгоогүй. Дээрхи гэрээнүүд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хийсэн дүр үзүүлсэн гэрээ тул дээрхи гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож зээлийн төлбөрөөс хасаж тооцож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“М ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, С.Г  ад холбогдох иргэний хэргийн хариуцагчаас 2016 оны 01 сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Иргэн С.Г   нь 2016 оны 01 сарын 04-ний өдөр хадгаламж зээлийн хоршоонд хандан тоног төхөөрөмж  худалдаж авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 8,800,000 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Тус хүсэлтийг нь хадгаламж зээлийн хоршооноос хүлээн авч 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 тоот зээлийн  гэрээний нэмэлт гэрээг 2016 оны 01 сарын 04-ний өдөр С.Г  тай байгуулж, тус өдрөө нэмэлт зээл болох 8,800,000 төгрөгийг С.Г   бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Түүнчлэн 2016 оны 12 сарын 20-ны өдөр С.Г   дахин хадгаламж зээлийн хоршоонд хандаж тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 6 сарын хугацаатай нэмж 14,941,940 төгрөг зээлдүүлэхийг хүсч нэмэлт зээл хүссэн өргөдөл гаргасан. Хадгаламж зээлийн хоршооноос гишүүн С.Г  ын хүсэлтийг дахин хүлээн авч 2016 оны 12 сарын 20-ны өдөр “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулан 14,914,940 төргрөгийг С.Г  ад бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд С.Г   бэлнээр хүлээн авч мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Иймд С.Г  ад хоршооноос зээлийг тухай бүрт нь бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн мөнгийг хүлээн аваагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хоршооноос авсан зээлээ юунд хэрхэн зориулах нь түүний бүрэн эрхийн асуудал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч С.Г  ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 73,741,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,321,274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,264,255 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 123,215,369 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,

хариуцагч С.Г   нь нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

1/ Хариуцагч С.Г  ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 73,741,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,321,274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,264,255 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 123,215,369 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн талаар

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Г   нарын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

  • 2013 оны 04 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366 дугаар “Зээлийн гэрээ”,
  • 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 12 сараар сунгасан 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 366/02 дугаартай “Зээлийн сунгалтын гэрээ”,
  • 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 5 сараар сунгасан 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 366/03 дугаартай “Зээлийн сунгалтын гэрээ”,
  • 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 8 сараар сунгасан 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 366/04 дугаартай “Зээлийн сунгалтын гэрээ”,
  • 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 12 сараар сунгасан 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 366/05 дугаартай “Зээлийн сунгалтын гэрээ”,
  • 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 366 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг 12 сараар сунгасан 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 366/07 дугаартай “Зээлийн сунгалтын гэрээ”,
  • 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366/06 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”,
  • 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366/08 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”.

/хх-18-36/

Нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 04 сарын 26-ны өдөр 4/100 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон байх бөгөөд энэ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ” гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

С.Г   нь “М ” хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэх өргөдлийг гаргаж, тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 03/38 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-14-17/

Хэргийн үйл баримтаар зохигчдын хооронд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан харилцаа үүссэн байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ. Хоршооны гишүүний хувьд С.Г   нь зээл хүссэн болон гэрээний хугацааг сунгах өргөдлийг гаргаж, “М ” хадгаламж зээлийн хоршоо нь тус хоршооны зээлийн хорооны хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн зээл олгох болон гэрээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч С.Г  аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

С.Г   нь 2013 оны 04 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366 дугаартай “Зээлийн гэрээ болон уг гэрээний хугацааг сунгасан гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй бөгөөд зээлж авсан 50,000,000 төгрөгийг төлбөл зохих хүү 25,557,894 төгрөг, нийт 75,557,894 төгрөгийг төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргасан. Харин 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366/06 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдүүлэх 366/08 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”-ний дагуу мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх гээд байна,  50,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод. 6 сарын 2,8 хувийн хүү 8,800,000 төгрөг болгож зээлийн гэрээ хийх шаардлагатай байна гэсний дагуу уг гэрээнд гарын үсэг зурсан, мөн 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн мэтээр зээлийн гэрээ хийх шаардлагатай гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан, эдгээр гэрээний дагуу зээл аваагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 73,741,940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 36,321,274 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,264,255 төгрөг, нийт 117,327,469 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Зохигчид зээлийн гэрээг 2013 оны 04 сарын 22-ны өдөр байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй зээлэх, гэрээний хугацааг сунгасны дагуу 2017 оны 08 сарын 22-ны өдөр дуусахаар, мөн 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгөргийг сарын 3 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 08 сарын 22-ны өдөр дуусахаар, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2017 оны 08 сарын 22-ны өдөр дуусахаар харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд нийт 73,741,940 төгрөг, хүүнд 83,326,527.48 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хүүнд нийт 61,125,770 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 4,242,620 төгрөгийг, нийт 65,368,390 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул хариуцагчийн төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож буй нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 4,242,620 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

            Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд нийт 73,741,940 төгрөг, хүүнд 83,326,527.48 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс хүү болон нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нийт 65,368,390 төгрөгийг төлбөл зохих хүүний төлбөрөөс хасч тооцоход хүүний үлдэгдэл 17,958,137.48 төгрөг байна.

            Нэхэмжлэгч нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд зээлийн хүүний үлдэгдэл 17,958,137.48 төгрөгөөс талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоход 3,591,627.49 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд шаардаж гаргуулах эрхтэй.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн зээлд 73,741,940 төгрөг, хүүний үлдэгдэл төлбөрт 17,958,137.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,591,627.49  төгрөг, нийт 95,291,704.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд түүний өмгөөлөгчид төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч этгээдээс зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн  өмгөөлөгчийн хөлс 5,867,400 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр харуцагч С.Г  аас зээлийн гэрээний үүрэгт 95,291,704.97 төгрөг /үндсэн зээлд 73,741,940 төгрөг, хүүний үлдэгдэл төлбөрт 17,958,137.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,591,627.49 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,923,664.03 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2/ Нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоонд холбогдох 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 01 сарын 04-ний өдөр 8,800,000 төгрөг, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийг нэмэлт зээлийн гэрээгээр аваагүй, эдгээр гэрээг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон хийсэн дүр үзүүлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлтэй гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний дагуу мөнгө зээлж аваагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч С.Г   нь дээр дурдсан нэмэлт зээл тус бүрийг авахдаа нэмэлт зээл хүссэн өргөдлийг гаргаж, зээлийн гэрээ, бэлэн мөнгө олгосон баримтад тус тус гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-31-36/

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хэлснээр 50,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод. 6 сарын 2,8 хувийн хүү 8,800,000 төгрөгийн,  мөн 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14,941,940 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн мэтээр зээлийн гэрээ хийх шаардлагатай гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан, эдгээр гэрээний дагуу зээл аваагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

Зохигчдын хооронд 2016 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээ болон 2016 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч С.Г  ын зохигчдын хооронд 2016 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан харуцагч С.Г  аас зээлийн гэрээний үүрэгт 95,291,704.97 /ерэн таван сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,923,664.03 /хорин долоон сая есөн зуун хорин гурван мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Г   нарын хооронд 2016 оны 01 сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 774,027 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөг, 232,525 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г  аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 634,409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР