Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00964

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Бд холбогдох

 ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эцэг Л.Б- 2008 оны 02 сарын 13-ны өдөр нас барсан. Би аавынхаа ажил явдалд оролцсон. Д.Б 2 өрөө байрыг зараад надад хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Би 1964 оны 04 сараас 1965 оны 8 сар хүртэл аавтайгаа цуг байсан. Аав надад өөрийнхөө нэг зургийг, хэт хутга, хээтэй бүс зэргийг өгч байсан. Тухайн үед аав 2 хүүхэд өргөж авлаа шүү гэж хэлж байсан. Аав бид хоёр байнгын холбоотой байсан. Би байрны асуудлыг өмгөөлөгчөөс зөвлөлгөө авахад Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар байрны ногдох хувиа авах эрхтэй гэж хэлсэн. Би өвлөх эрхийн гэрчилгээ авдаг гэдгийг мэдээгүй. Би Л.Батсуурийн төрсөн ганц хүү нь тул ** 2 өрөө байрны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

  Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б-тай 18 настайдаа 1964 оноос хамтран амьдарч 1965 онд гэрлэлтээ батлуулсан. 1974 онд бидний дундаас хүү төрсөн боловч нас барсан. Би тухайн үед Ахуй үйлчилгээнд оёдолчин хийж цалин өндөртэй ажиллаж байсан. Бид хүү НБ-ийг 1982 онд, НЖ-ыг 1984 онд 3 сартай нялх байхад нь өргөж авсан. НБ- аавыгаа үнэхээр сайн асарсан, үүнийг ах дүү нар нь сайн мэдэж байгаа. Эхнэр Д.Б, охин НЖ-, хүү НБ- нар өвлөх эрхээ Өв залгамжлах эрхийн 2009 оны 03 сарын 25-ны өдрийн 03 дугаартай гэрчилгээгээр шилжүүлэн авсан. Б.Б- талийгаач нөхрийн маань дагавар хүүхэд мөн. Гэхдээ байрны ногдох хэсгээс өгөхийг зөвшөөрөхгүй гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Д.Бд холбогдуулан ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2 өрөө орон сууцаа хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн гэж маргажээ.

Д.Б, Л.Б- нар 1965 оны 06 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1966 оны 03 сарын 04-ний өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгожээ. Гэрлэгчид 1982 оны 02 сарын 05-ны өдөр төрсөн хүү НБ-ийг 1982 онд, 1988 оны 07 сарын 14-ний  өдөр охин НЖ-ыг 1988 онд үрчилж авсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын маргаж буй ** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 1998 оны 05 сарын 05-ны өдөр Л.Б-, Д.Б, Б.НБ-, Б.НЖ- нар бүртгэлтэй байх бөгөөд 2009 оны 03 сарын 25-ны өдрийн 135 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр Л.Б- /2008 оны 02 сарын 13 ны өдөр нас барсан/ хасагдан, өмчлөгчөөр Д.Б, Б.НБ-, Б.НЖ- нар үлдэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2009 оны 04 сарын 06-ны өдөр **тоот хаягт байрлах 2 өрөө 29 м.кв хувийн орон сууцыг Ү-22** дугаарт бүртгэж 00** тоот гэрчилгээ олгосон /хх-ийн 61 талд/ байна.   

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн  төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар заасан бөгөөд нас барагчийн эхнэр Д.Б, охин НЖ-, хүү НБ- нар өвлөх эрхээ Өв залгамжлах эрхийн 2009 оны 03 сарын 25-ны өдрийн 03 дугаартай гэрчилгээгээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д "өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилна" гэж заасныг зөрчөөгүй байна.

Нотариатч Д.Б, Б.НЖ-, Б.НБ- нарын өв хүлээн авах тухай хүсэлтийг Нотариатын тухай хуулийн 44.1, 44.4 дэх хэсэг, Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 14.5 хэсэгт заасны дагуу биеэр нь байлцуулж, нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 8.9-т заасны дагуу өв хүлээн авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч  овогт Б.Б 1952 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

 

Монголын нотариатчдын танхим “иргэн Л.Б.Б /регистрийн дугаар / нь нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэх 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 259 тоот албан бичиг ирүүлсэн /хх-ийн 41 талд/ байна.

 

 Нэхэмжлэгч Б.Б- ** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны  өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж, өв хүлээн авах хүсэлт гаргадаг болохыг 2017 онд мэдсэн гэж тайлбарлаж байгааг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт заасныг баримтлан ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НАРАНГЭРЭЛ