Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1402

 

Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00964 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн хариуцагч Д.Баалиад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 15 дугаар байр 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцнаас өвлөгдөх хэсгийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баясгалан, хариуцагч Д.Баалиа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай аав Л.Батсуурь 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Хариуцагч Д.Баалиа 2 өрөө байрыг худалдаад дараа нь надад мөнгө өгнө гэж хэлсэн. Би 1964 оны 4 сараас 1965 оны 8 cap хүртэл аавтайгаа хамт байсан. Аав надад өөрийнхөө нэг зургийг, хэт хутга, хээтэй бүс зэргийг өгсөн. Тухайн үед аав минь надад 2 хүүхэд өргөж авна гэж хэлсэн. Бид хоёр байнгын холбоотой байсан. Би байрны асуудлын хувьд өмгөөлөгчөөс зөвлөлгөө авсан. Тэрээр  надад Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар байрны ногдох хувиа авах эрхтэй гэж хэлсэн. Би өвлөх эрхийн гэрчилгээ авдаг гэдгийг мэдээгүй. Л.Батсуурийн төрсөн ганц хүү мөн тул Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байр, 1 дүгээр орц, 4 тоот 2 өрөө байрны хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Л.Батсуурьтай 18 настай байхдаа 1964 оноос эхлэн хамтран амьдарч 1965 онд гэрлэлтээ батлуулсан. 1974 онд бидний дундаас хүү төрсөн боловч нас барсан. Би тухайн үед Ахуй үйлчилгээнд цалин өндөртэй, оёдолчингоор ажиллаж байсан. Бид хүү Б.Нямбилэгийг 1982 онд, Б.Нямжаргалыг 1984 онд 3 сартай нялх байхад нь өргөж авсан. Б.Нямбилэг аавыгаа сайн асарсан, үүнийг ах дүү нар нь мэднэ. Эхнэр Д.Баалиа, охин Б.Нямжаргал, хүү Б.Нямбилэг нар өвлөх эрхээ өв залгамжлах эрхийн 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай гэрчилгээгээр шилжүүлэн авсан. Б.Баясгалан талийгаач нөхрийн дагавар хүүхэд нь мөн. Гэхдээ байрны ногдох хэсгээс өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын, 15 дугаар байр 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай Б.Баясталангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Д.Баалиа нь орон сууцны ногдох хэсгээс зохих хувийг нь өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй өнөөдрийг хүртэл намайг хохироосон. Учир нь миний эцэг Л.Батсуурь 1964 онд Д.Баалиатай суухаас өмнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 15 дугаар байшин, 1 дүгээр орц, 4 тоотыг дангаар эзэмшин амьдарч байсан. Хариуцагч Д.Баалиатай 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан боловч энэ байрыг Д.Баалиагийн мэдэлд өгөөгүй нас бартлаа эзэмшиж байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж өгсөн. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан Нэхэмжлэгч Б.Баясгалан 1952 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн ба шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өмчлөх эрхтэй, хууль ёсны өмчлөгч болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна гэж тэмдэглэсэн боловч нэхэмжлэлийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгч Б.Баясгаланг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 15-р байр, 1-20 тоот хаягт байршилтай 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээж авах хугацааг шүүх сунгаж болно. Хэрвээ хугацаа сунгасан бол өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт ногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардаж авах эрхтэй гэж зааснаар хугацааг нь сунгаж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 15 дугаар байр, 4 дүгээр орц, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг авахыг хүсэж байна гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Баясгалан нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 15 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны хэсгээс өвлөх эрхтэй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Баалиа эс зөвшөөрч охин Б.Нямжаргал, хүү Б.Нямбилэг нарын хамт “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-гээр уг хөрөнгийг шилжүүлэн авсан, уг хөрөнгийг түүнд өгөхгүй гэж маргажээ.

Маргаж буй дээрх орон сууцыг нэхэмжлэгч Б.Баясгалангийн эцэг болох нас барагч Л.Батсуурь нь үрчилсэн охин Б.Нямжаргал, хүү Б.Нямбилэг, эхнэр Д.Баалиагийн хамт өмчилж байсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчдын тайлбар, орон сууц хувьчлалын гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх.21, 25, 27, 28, 43/

2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр Л.Батсуурийн өвлөгч нь Д.Баалиа, Б.Нямбилэг, Б.Нямжаргал нар болохыг тодорхойлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газраас 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр уг орон сууцыг Ү-2202002522 дугаарт бүртгэж 000067652 тоот гэрчилгээг Д.Баалиа, Б.Нямбилэг, Б.Нямжаргал нарт олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /хх.61, 62, 63, арын нүүр/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Л.Батсуурийн эд хөрөнгийг өвлөх эрхийг түүний эхнэр Д.Баалиа, төрүүлсэн хүү Б.Баясгалан, үрчилж авсан хүү Б.Нямбилэг, охин Б.Нямжаргал нар адил тэгш өвлөх эрхтэй. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баясгалангаас бусад өвлөгч нар болох Д.Баалиа, Б.Нямжаргал, Б.Нямбилэг нар нь нас барагчийн өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар /хх.61-62/ тогтоогдож байх тул орон сууцны өмчлөгч Д.Баалиа, Б.Нямжаргал, Б.Нямбилэг нарын өвлөх эрхийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн төрсөн эцэг, хариуцагчийн нөхөр Л.Батсуурь нь 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ /хх.63/ гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.Баясгалан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг бусад өвлөгч нарын нэгэн адил тэгш эрхтэйгээр өвлөх хууль ёсны өвлөгч мөн боловч тэрээр өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмшилдээ авах зэргээр өвийг хүлээн авсан тухай баримт байхгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Баясгаланг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өвийг хуульд заасан хугацаанд хүлээн авах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул түүний өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Баясгалан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэн буюу өвлүүлэгч Л.Батсуурийг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв юм. Харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хэн өвлөгч байхыг хуульчлан тогтоосон бөгөөд нэхэмжлэлийн агуулга, маргаан бүхий орон сууцнаас өвлөгдөх хэсгийг тогтоолгох агуулгатай байгааг анхан шатны шүүх анхаараагүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Баясгалан нь өв хүлээн авахын тулд эрх бүхий байгууллагад тогтоосон хугацааны дотор хүсэлт гаргах ёстой болохыг мэдээгүй гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй, буруу ойлгосон байх нь уг хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00964 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох...” гэснийг “...орон сууцны өвлөгдөх хэсгийг тогтоолгох...” гэж найруулгын хувьд өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ