| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 138/2016/0055/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-04-14 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 096.2.5, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 92
С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалтай, С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт холбогдох эрүүгийн 21107257 дугаартай хэргийг шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Батдэлгэр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт Сумьяагийн Бүрэнжаргал нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатагин овогт Ганбаатарын Батгэрэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дүгээр захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоног хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай /сонсгол/, Хатагин овогт Энхбатын Батдэлгэр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар тус бүрд 4 жил 9 сар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 4 жил 9 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг тус бүр 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Батдэлгэрийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялын биеэр эдэлсэн 2 сар 17 хоногийн ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялд багтааж, шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч С.Бүрэнжаргалын цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нар нь шүүхийн шатанд хохирогч Б.Болд-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бүрэнжаргал, шүүгдэгч Г.Батгэрэл нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бүрэнжаргалын цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Э.Батдэлгэрийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор биечлэн эдэлсэн 2 сар 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нарын өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… хэргийг 5 жил гаран хугацаанд шалгахдаа хэрэгт гэрчээр байцаагдах ёстой С.Энхбаатар, Д.Батсайхан, Отгонбаяр нарыг гэрчээр огт асуугаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Алтанцэцэг, хохирогч Д.Болд-Эрдэнэ нар нь үнэн зөв мэдүүлж гэрчилж буй эсэх нь эргэлзээтэй, бичиг үсэг мэдэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй эргэлзээтэй байдлыг шүүх мэдсээр байж гэм буруутайд тооцож буй нь үндэслэлгүй. Гэрч Алтанцэцэг нь хэн хэн ямар оролцоотой талаар ч гэрчилж чаддаггүй. Мөн тухайн хэргийн сэдэлтийг бүр ч гэрчилж чадахгүй хүн. Харин шүүгдэгч нартай цуг явсан Отгонбаяр гэх эмэгтэй эхнээс нь дуустал энэ асуудлыг мэднэ. Анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолтонд “... хавирганы ясан хэсэгт хугаралгүй, хэмт хэсэгт / мөгөөрслөг хэсэг өөрөөр хэлбэл өвчүү, сээр нуруутай нийлэх хэсэг/ хугарал байхыг үгүйсгэхгүй, цээжний хөндийд хий шингэн хураагүй” гэсэн байдаг. Гэтэл 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авахуулсан томографиар “суганы урд шугамаар баруун 6 дугаар хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл, баруун уушиг унасан гэмтэл” учирсан гэх үзлэгийн протокол байна. Үүнээс үзэхэд хэрэг болсон процессын цаад талын хугацаа нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагт гэж бодоход тухайн оройнхоо 23 цаг 45 минут гэхэд гэмтэл аваагүй нь харагдаж байна. Хохирогч Д.Болд-Эрдэнэ архины хамааралтай этгээд ба гэмтлийг тухайн цаг хугацаанд аваагүй, түүнээс хойно авсан нь илэрхий харагдаж байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ямар заалтаар хүнд гэмтэл болж байгааг тодорхойлоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаарын 162.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтэнд шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байхыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Э.Батдэлгэр болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “... Э.Батдэлгэр нь энэ хэрэгт бусадтай бүлэглэж хохирогч Болд-Эрдэнийг зодсон асуудал байхгүй. 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн голын хойно иргэн Болд-Эрдэнийг зодсон хэрэгт дэргэд нь байсан ч оролцоогүй, согтоод унтчихсан байсан ба хүмүүс муудалцаад, зодолдоод байхад учрыг олохгүй “яасан бэ” гээд очоод нэгэнд нь цохиулаад газар унасан, арай хийж босож ирэхэд манай Бүрэнжаргал, Батгэрэл нартай л тэр залуу зууралдаад, хажууд нь нэг эмэгтэй чангаацалдаад, цаанаас бас нэг эгч ирж чангааж салгах гээд байсан, тэгэж байгаад больцгоосон. Харанхуй болж байсан учир хэн хаана байсныг ч сайн мэдэхгүй. Би болиулах гээд дийлэхгүй байсан, өөрөө ч согтуу болохоор хүн салгаж дийлэхээргүй байсан, тэгээд л гэртээ харьцгаасан. Энэ хэргийн талаар хэн ч, юу ч ярьж байгаагүй, 4 жилийн дараа би аваарын хэрэг хийчихээд хоригдож байтал энэ хэрэгт нийлж зодсон гээд шалгаж холбогдуулсан. Бүрнээ согтуу байсан болоод тэр үү намайг зодоонд оролцсон гэж мэдүүлсэн байна. Хохирогчийн эхнэр Алтанцэцэг эгч “3 залуу тал талаас нь өшиглөсөн” гэж нэг хэлээд, “намайг тэднийг салгах гээд байсан” талаар нэг яриад байсан. Шүүх хурал дээр намайг холбогдолгүй болох талаар гэрч Алтанцэцэг тодорхой хэлсэн. Бүрэнжаргал, Батгэрэл нар ч намайг зодолдсоныг хараагүй гэдгээ шүүх хурал дээр мэдүүлсэн. Бас уг асуудлыг харсан нэг гэрч эмэгтэйг асуугаагүй. Хохирогч Болд-Эрдэнэ “согтуу байсан юу болсныг сайн мэдэхгүй” гэдэг. Энэ бүхнээс үзэхэд намайг оролцоогүй байтал хилсээр хамруулан хамт явсан, гурвуулаа зодсон, холоос харсан гэдэг Алтаа эгчийн мэдүүлэг зэргээр намайг хамаатуулаад байна. Энэ бүхнийг мэргэн оюундаа тунгаан хилс хэрэгт холбогдсон миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад үнэндээ санаа зорилго нэгдэж, бүлэглэж зодсон асуудал байхгүй болохоор үнэхээр харамсалтай байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа “... тухайн хэрэг 2011 онд үйлдэгдсэн бөгөөд хэрэг гарах үед хажууд нь байсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл зэргээр нотлогдон тогтоогдсон. Тус хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь хэргийн жинхэнэ байдлыг буюу бодит үнэнийг тогтооход орших бөгөөд шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй.
Шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Тухайлбал, хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэмт хэрэг гарах үед шүүгдэгч болон хохирогч, гэрч нартай хамт явсан гэх нэр бүхий 3 этгээдийг олж тогтоогоогүй, байцаагаагүй болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогджээ.
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1-д заасан мөрдөн байцаалтыг гүйцэт биш хийсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдолд нэрлэж дурдсан Сүхээгийн Энхбаатар, Дугаржавын Батсайхан болон Отгонбаяр гэгч эмэгтэйг олж тогтоон гэрчээр байцаах замаар хэргийн үйл баримтыг нэг мөр хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна.
Учир нь тухайн хэргийн холбогдогч болон хохирогч нар согтуурсны улмаас хэргийн үйл баримтын талаар тодорхой зүйл нотолж мэдүүлээгүйн дээр тухайн хэргийг харсан цорын ганц гэрч гэх Р.Алтанцэцэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдэл, оролцооны талаар эрс зөрүүтэй мэдүүлжээ.
Үүний зэрэгцээ тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн гэх этгээдүүдийг олж тогтоох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байтал шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьж явуулсан гэх үндэслэл мөн болно.
Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл нарын өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Э.Батдэлгэр болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Бүрэнжаргал нарт холбогдох эрүүгийн 21107257 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорнод аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Бүрэнжаргал, Г.Батгэрэл, Э.Батдэлгэр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ